Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 44

 

-

 

 

 

 

 

 

 

 

Б.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Н.Гэрэлмаа,

          нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 1551 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаартай эсэргүүцлээр яллагдагч Б.Э-д холбогдох эрүүгийн 1706 00546 0169 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Мовгийн Б-ын Эн, 1992 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Ээрмэлийн 13 дугаар байрны 39 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /,

 

Б.Э нь иргэн Ц.А, П.П нарт “Мобикомын 9911 тэй дугаар 3 ширхэгийг 20.000.000 төгрөгөнд зарна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, Ц.А нь 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 9.330.000 төгрөгийг П.П-ийн данснаас Б.Э-ын өгсөн данс руу шилжүүлсэн буюу Б.Э нь зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын 9.330.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед яллагдагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллагдагч Б.Э-ыг “... зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын 9.330.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж түүнд холбогдох эрүүгийн хэргийг тус шүүхэд шилжүүлжээ. Яллагдагчийн өмгөөлөгч урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтдээ Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж 201725020790 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, мөн Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан, Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн гэмт хэрэгт тооцохоор байх тул дээрх шалгагдаж байгаа хэргүүдтэй нэгтгэн хэргийг эцэслэн шийдвэрлэх нь яллагдагчийн эрх зүйн байдал дордохгүй гэж үзлээ.

 

Б.Э-д холбогдох эрүүгийн хэргүүдийг нэгтгүүлэн шалгуулахын тулд “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” тухай өмгөөлөгч М.А-ын хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “... Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэн дор дурдсан үндэслэлүүдээр эсэргүүцэж байна.

Эрүүгийн хуулийн үйлчлэх цаг хугацааг уг хуулийн 1.8 дугаар зүйлийн 2-т “... энэ хуульд заасан гэмт үйлдэл төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.” гэж заасан. Мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж заасан.

Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд гэмт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг тооцохоор, өөрөөр хэлбэл нэг гэмт үйлдлийг нэг гэмт хэрэгт тооцохоор заасан нь харагдаж байна.

Мөн Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэг гэмт хэрэгт нэг удаа, мөн хуулийн 6.8 дугаар зүйлд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж, нэмж нэгтгэн ял шийтгэл оногдуулахаар тус тус заасан байх тул яллагдагч Б.Эд гэмт хэрэг тус бүрт нь ял оногдуулж, нэмж нэгтгэн ял шийтгэл оногдуулахаар байхад шүүхээс Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож улмаар ял шийтгэл оногдуулахад шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй гэж дүгнэн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь буруу байна.

Шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нэг гэмт хэрэг гэдэг нь нэг гэмт үйлдэл, эс үйлдэхүй гэж ойлгогдохоор байхад шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйлд заасан гэмт хэргийг хэд хэдэн удаа үйлдсэн буюу хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байхад үргэлжилсэн үйлдэл мэтээр ойлгож, ял шийтгэл оногдуулна гэж ойлгосон байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар яллагдагчийн өөр өөр цаг хугацаанд, өөр өөр нутаг дэвсгэрт, нэр бүхий иргэдийн өмчлөх эрхэд халдан түүний үйлдэл бүр нь гэмт хэрэг болж, тэдгээр хохирогч нарт тус тусад нь материаллаг хохирол учирсан байна. Үүнээс үзэхэд яллагдагчийн үйлдэл тус бүр нь гэмт хэргийн бүрдэл хангасан байгаагаас үйлдэл тус бүр нь нийлж нэг гэмт хэргийн бүрдлийг хангаагүй байна.

Иймд шүүхийн шийдвэр нь хэргийн байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэлээ гэж үзэн анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн ...” гэжээ.

 

Прокурор Н.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн үйлчлэх цаг хугацааг уг хуулийн 1.8 дугаар зүйлийн 2-т “... энэ хуульд заасан гэмт үйлдэл төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.” гэж заасан. Мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж заасан.

Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд гэмт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг тооцохоор, өөрөөр хэлбэл нэг гэмт үйлдлийг нэг гэмт хэрэгт тооцохоор заасан нь харагдаж байна.

Мөн Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэг гэмт хэрэгт нэг удаа, мөн хуулийн 6.8 дугаар зүйлд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж, нэмж нэгтгэн ял шийтгэл оногдуулахаар тус тус заасан байх тул яллагдагч Б.Эд гэмт хэрэг тус бүрт нь ял оногдуулж, нэмж нэгтгэн ял шийтгэл оногдуулахаар байхад шүүхээс Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож улмаар ял шийтгэл оногдуулахад шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй гэж дүгнэн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь буруу байна.

Шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нэг гэмт хэрэг гэдэг нь нэг гэмт үйлдэл, эс үйлдэхүй гэж ойлгогдохоор байхад шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйлд заасан гэмт хэргийг хэд хэдэн удаа үйлдсэн буюу хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байхад үргэлжилсэн үйлдэл мэтээр ойлгож, ял шийтгэл оногдуулна гэж ойлгосон байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар яллагдагчийн өөр өөр цаг хугацаанд, өөр өөр нутаг дэвсгэрт, нэр бүхий иргэдийн өмчлөх эрхэд халдан түүний үйлдэл бүр нь гэмт хэрэг болж, тэдгээр хохирогч нарт тус тусад нь материаллаг хохирол учирсан байна. Үүнээс үзэхэд яллагдагчийн үйлдэл тус бүр нь гэмт хэргийн бүрдэл хангасан байгаагаас үйлдэл тус бүр нь нийлж нэг гэмт хэргийн бүрдлийг хангаагүй байна гэж үзсэн.

Иймд шүүхийн захирамжийг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүх яллагдагч Б.Э-д холбогдох хэргийг өмгөөлөгч, яллагдагч нарын гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг зарлаж хэргийг хянан хэлэлцээд, Сүхбаатар, Баянгол дүүргийн Прокурорын газруудаас Б.Эыг залилах гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хэргийг Сүхбаатар, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд шилжүүлсэн зэргийг үндэслэн яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулахүй байх үндэслэлээр хэргийг нэгтгэж шийдвэрлүүлэхээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай гэж үзэж прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн Б.Э-ын холбогдсон нэг төрлийн дээрх хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нэгтгэх боломжгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, яллагдагч Б.Э-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзвэл түүний хувьд хэд хэдэн шийтгэх тогтоолоор эсхүл хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулах нөхцөл байдал үүсэх бөгөөд холбогдох хэргүүдийг тус тусад нь хянан шийдвэрлэсэн тохиолдолд аль нэг шүүхээр шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр мэдэгдэхгүй байх, эсхүл нэг шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болоогүй байхад өөр анхан шатны шүүхээр хэрэг шийдвэрлэгдэх зэрэг байдлаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд заасан заалт биелэгдэхгүй орхигдож хууль зүйн үр дагавар үүсэж болзошгүй байх тул Б.Э-д холбогдох хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Б.Э-ын үйлдлийг үргэлжилсэн гэмт хэрэг гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Үргэлжилсэн гэмт хэрэг гэдэг нь хоёр буюу түүнээс дээш удаагийн үйлдэл буюу эс үйлдэл байж болох боловч сувъектив талын шинжээрээ нэг зорилготой, объектив талын шинжээрээ нэг удаагийн бүрдэл төгсгөлтэй байхыг ойлгоно. 

 

Харин хэргийн материалыг судлан үзэхэд яллагдагч Б.Э нь нэг төрлийн буюу залилах гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа тус тусдаа бүрдэл төгсгөлтэй үйлдсэн, түүний өмгөөлөгч М.А анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар тайлбарлаж, хэргийг нэгтгэн шалгуулах хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд Б.Э-ын гэмт үйлдлүүдийг залилах гэмт хэргийн хүндрүүлэн үзэх шинжээр зүйлчилэх үндэслэлтэй байна.  

 

Иймд дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаартай эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, Б.Эд холбогдох хэргийг бусад хэргүүдтэй нь нэгтгэн шалгуулахаар прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 1551 дүгээр шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн гэмт хэрэгт тооцохоор байх тул...” гэж дүгнэсэн хэсгийг хүчингүй болгож, захирамжийг хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн прокурорын бичсэн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийн “...яллагдагчийн үйлдэл тус бүр нь гэмт хэргийн бүрдэл хангасан байгаагаас үйлдэл тус бүр нь нийлж нэг гэмт хэргийн бүрдлийг хангаагүй байна...” гэсэн хэсгийг хангаж, “хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.ОЧ

ШҮҮГЧИД                                                                   Д.ОЮУНЧУЛУУН

                                                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ