Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 138/ШШ2016/00952

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн ******* сумын ******* ******* багт орших, ******* регистрийн дугаартай,  ******* овогт ******* *******д холбогдох,

 Зээлийн гэрээний үүрэг 3.749.397 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг 2016 оны 8 сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь сум хөгжүүлэх сангаас тохижилт үйлчилгээний зориулалтаар “Тохижилт” төслийг ирүүлж, сумын Засаг даргын 2013 оны А/81 тоот захирамжаар 3000000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг авсан. Уг зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хугацаа 2016 оны 05 сарын 10-ны өдөр дууссан. Зээлийн үлдэгдэл 3.150.753 төгрөг, зээлийг төлөөгүй хугацааны алданги 598.643 төгрөг нийт 3.749.397 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлийг хугацаандаа төлж барагдуулах тухай албан мэдэгдлийг 2015 оны 04 сарын 17-ны өдөр, 2015 оны 10 сарын 22-ны өдөр, 2016 оны 06 сарын 03-ны өдрүүдэд тус тус хүргүүлж, сар бүр утсаар холбогдон мэдэгдэж байсан боловч 2016 оны 07 сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулаагүй байна.  

Иймд уг зээлийн эргэн төлөлтийн хугацаа дууссан өдрөөс эхлэн сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний 2.4-т заасны дагуу алдаги тооцон тус сумын сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл нийт 3.749.397 төгрөгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* сумын ЗДТГазрын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие нь 2013 онд Сум хөгжүүлэх сангаас 3.000.000 төгрөгийг “Тохижилт” төслөөр тохижилт үйлчилгээний зориулалтаар авсан.  Уг зээлийн үлдэгдэл 3.749.397 төгрөг болсон. Уг мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Миний бие нь одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, нөхөр болох Очирсүрэн нь улирлын чанартай ажил хийдэг тул уг зээлийг шууд төлөх боломжгүй байна. Нөхөр Очирсүрэн нь 5 сараас хойш ажил хийгээгүй. Иймд бидний зүгээс уг зээлийг 2016 оны 12 сараас эхлэн графикийн дагуу сар бүр 150.000 төгрөгөөр төлж барагдуулах болно гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Б.*******гаас зээлийн гэрээний үүрэг 3.749.397  төгрөг нэхэмжилжээ.  

Хариуцагч Б.******* нь ******* сумын Засаг даргын 2013 оны А/81 тоот захирамжаар сум хөгжүүлэх сангаас тохижилт үйлчилгээний зориулалтаар 3000000 төгрөгийг зээлж аваад гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зээлийн гэрээний хуулбар, төлбөрийн хүсэлтийн хуулбар, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүрэг 3.749.397 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч  Б.******* нь зээлийн гэрээний үүрэг 3.749.397  /гурван сая долоон зуун дөчин есөн мянга гурван зуун ерэн долоон/ төгрөгийг нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 37470 төгрөгийг гаргуулж төсвийн орлого болгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              С.ГАНЧИМЭГ