Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/528

 

2020        6         03                                       2020/ШЦТ/528

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2019/0804/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч: П.Эрдэнэбаатар,

хохирогч Г.Хишигт, түүний өмгөөлөгч Х.Шинэцэцэг,

шүүгдэгч: Ц.А., түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А.д холбогдох эрүүгийн 1809037760413 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1964 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хороолол 31-р байрны 46 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ц.А., /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ц.А. нь 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтын 53 тоотод оршин суух хохирогч Г.Хишигтийн эзэмшлийн хашаанд грашийн өрлөг хийж 2 машины граш барихаар тохиролцож буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж ажлын урьдчилгаа хөлс 840.000 төгрөг авсан боловч өөрийн танил Д.Пүрэвдоржид 200.000 төгрөг өгч өмнө нь суурь ухсан, апалка зангидсан байсан сууринд арматур төмөр зангидуулж, анкар суурилуулан хэмжээ тавьж шавар зуурч суурь цутгаснаас өөр ажил хийлгүй хуурч, залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А.гийн өгсөн: “Энэ барилгын суурийг цутгасан, түвшинг нь тогтоосон. Тухайн үед бэхэлгээ ханын зургийн тооцоог нь гаргаж өгсөн. Үдээс хойш голдуу ирж байсан. Надад гачигдал гараад холбогдож чадалгүй хөдөө уул руу явсан. Технологийн хувьд энэ барилга хоёр давхар байшингийн даацтай тооцоо гаргаж, хийж өгч байсан. Арматур зангидалт, бетон цутгаад, түвшинг нь тавьж өгөөд хажууд талын барилгатай амперлаж бэхэлгээ хийх бүх юмыг нь хийгээд заримдаа би өөрөө хийлцээд явж байсан. Америкаас ирсэн гэх хүүтэй нь бид хоёр 3 сая төгрөг гэж ярьж байгаад 2.5 сая төгрөгөөр өртгөө тохирсон. Д.Пүрэвдорж надтай яриад хэдэн төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн. Би эд нарт мөнгө хэрэгтэй болох нь байна гэж хэлсэн. Над руу нэг хоногийн дараа хүү нь яриад эхлээд 30 хувь гээд 800.000 төгрөг өгсөн. Намайг ээжтэйгээ ярилцаад ажлаа хийгээрэй гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Хишигтийн өгсөн: “8 дугаар сарын 05-ны үед манай хүү намайг яаруулаад бороо орох гэж байна гээд байхаар нь би ажил хийлгэх хүн хайж байсан. Манай нөхөр барилгын зөвлөх инженер ажил хийж байгаад өвчний улмаас нас барсан. Аав нь байж байсан бол гээд бид нар ярилцаж байсан. Нөхрийн ажиллаж байсан байгууллагын барилгын ерөнхий инженер Бат-Эрдэнэ рүү залгасан, надад боломж бололцоо муу байна гээд 2 Хятад ажилтан өгсөн. Би дэвтрээ эргүүлж байтал Ц.А.гийн дугаар гарч ирсэн. Өмнө нь би Ц.А.тай таарахад барилгын ажил хийдэг гэж байсан. Би Ц.А.тай 8 сарын 05-ны өдөр холбогдоход надад одоо нэг ажилтантайгаа очлоо, та гэрээсээ битгий гар гэж байснаа орой болчихлоо гэх мэт тайлбар хэлж байсан. Маргааш нь ажил эхэлнэ гэхээр би арматур тооцоо  хийгээд бэлдсэн байсан. 8 сарын 06-ны өдөр Ц.А. манайд ирсэн. Би арматураа тооцоо хийгээд авсан байсан. Бат-Эрдэнэ ерөнхийдөө эхлэл суурийг нь хийлгэж өгсөн байсан. Ц.А. тооцоо хийгээгүй. 8 сарын 07-ны өдөр Пүрэвдорж түрүүлж ирээд, арматураа зангидаад өөр ажил хийгээгүй байж байтал араас нь 17 цагийн үед Ц.А. ирсэн. Маргааш нь бетон цутгахаар тохиролцсон байсан. Маргааш нь зуураад манай хүргэн, ач, хүү, дүү, дүүгийн охин гээд олон хүн байсан. Бид нар цементээ цутгасан. 2 хүн ирж хийнэ гэсэн чинь ганцхан Пүрэвдорж ирсэн. Би байн байн Ц.А. руу залгаж байсан. Орой 17 цагийн үед Ц.А. руу ярьтал би машин засуулаад ирж байна гэж хэлсэн. 18 цагт ажлаа зогсоосон. Би гэртээ хоол хийх гээд байж байтал Ц.А. орж ирээд та надад 40.000 төгрөг өгчих, Пүрэвдоржийн хөгшин ээж хоолны мөнгөгүй гэж байна хоол авч өгье гэнэ гэхээр нь би шууд 40.000 төгрөг авч өгсөн. Ажилд 2 удаа 17 цагт ирсэн. Маргааш нь ажилдаа ирэх юм байх гэтэл мөн ирээгүй. Нөгөөдөр нь манай 10 жилийн ой болно яаж мөнгөгүй байх вэ. Пүрэвдорж бас яаж хоосон очих бэ гэж манай хүүд хэлсэн байсан. Надад бол тийм юм хэлээгүй. Надаас 800.000 төгрөг аваад гарын үсэг зурж өгсөн бөгөөд түүний биеийн байдал сайнгүй гар хөл нь салганаад, юм бичиж чадахгүй байсан. Манай ач, зээ хоёр 18 нас хүрсэн хүүхдүүд хажууд нь Ц.А.г хараад байж байсан. Мөнгөө авчихаад 2 хоног ирээгүй. 12-ны өдөр ирэхгүй байхаар нь утсаар залгатал би голын зах дээр загас бариад зугаалж байна гээд согтуу ярьсан. Би Ц.А.г сар  хүлээсэн огт холбоо бариагүй бөгөөд би авсан материалаа хаясан. Би нэхэмжилж байгаа дүндээ материалын зардал оруулаагүй. Д.Пүрэвдорж ч мөн холбоо барихгүй байсан. Би 840.000 төгрөгөөс одоо 600.000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Г.Хишигт, Ц.А. нарын "... 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр грашийн урьдчилгаанд 840.000 төгрөг өгөв, хүлээлгэн өгсөн Г.Хишигт, хүлээн авсан Ц.А. ...” гэх гарын үсэг бүхий баримт /хх-ийн 13 тал/,

Хохирогч Г.Хишигтээс гаргасан граш барьж гүйцэтгэсэн ажилчдын мэдээлэл, хийж гүйцэтгэсэн хугацааны гар тэмдэглэл /хх-ийн 14-15 тал/,

Хохирогч Г.Хишигтийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтын 53 тоот хашаандаа өрлөг хийлгэхээр Ц.А.д 840.000 төгрөг өгсөн. Би хашаандаа 2 машины граш бариулахаар дуудсан юм. Ц.А. барилгын ажил хийдэг гээд байдаг болохоор утсаар яриад ажил хийх үү гэхэд “хийж чадна, та өөр хүн битгий хай, өөрийн хоёр ажилтан авчраад хурдан хугацаанд хийнэ, маргааш гэрээ авчраад гарын үсэг зурна” гэж хэлсэн. Би Ц.А.д итгээд граш бариулах хөлсөнд 840.000 төгрөг өгөхөд Ц.А. гэрээгээ авчрах гэсэн чинь амжсангүй, гэрээ байгаа гэж хэлээд нэг өдөр хагас ажиллаад юу ч хийлгүй алга болсон. ...Худлаа ярьсаар байгаад мөнгө авсан өдрөөс хойш утсаа таслаад алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 тал/,

Хохирогч Г.Хишигтийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...Би Ц.А.д бэлнээр 800.000 төгрөг, урьд өдөр нь хоолны мөнгө гэхээр нь 40.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,

Гэрч Ш.Жүгдэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сард манай хамаатны Г.Хишигт дуудаад Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтын 53 тоотод ирж грашийн суурийг хийгээд өгөөч гэхээр нь очоод трактораар ухуулаад би апалк зангидаад зутгалт хийхэд бэлэн болгосон. Маргааш нь Ц.А., Пүүжээ гэх Г.Хишигтийн таньдаг хоёр хүн ирээд арматур зангидаж төмрөөр боогоод зуурмагаа хүүхдүүдээр зууруулж цутгалт хийгээд явсан байсан. Ц.А., Пүүжээ гэх хоёр хүн өөр ажил хийгээгүй мөртлөө Г.Хишигтээс ажлын хөлс гэж 800.000 төгрөг авсан юм шиг байна лээ. Суурин дээр нь Г.Хишигт өөрөө хоёр өрлөгчнөөр өрүүлсэн гэсэн. Ц.А., Пүүжээ гэх 2 хүн өөр юу ч хийгээгүй гэсэн. Намайг анх очиход Ц.А., Пүүжээ хоёр газраа үзээд өнөөдөр 2 дахь өдөр барилгын ажил эхэлж болохгүй гээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/,

Гэрч Б.Бат-Итгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 8 дугаар сард манай танил эгч Г.Хишигт надруу яриад эгч нь хоёр хүнд граш өрүүлэх гэж мөнгө өгөөд ажил хийлгэх гэсэн чинь урьдчилгаа аваад ажлаа хийхгүй алга боллоо чи ирээд туслаад өгөөч гэж хэлсэн. Маргааш өглөө нь очиход грашийн байшин талын хана хэсгийг хоёр хятад хүнээр өрүүллээ гэж Г.Хишигт хэлж байсан. Би өөрийн хоёр ажилчнаа авч очоод үлдсэн хоёр хана хэсгийг Г.Хишигт эгчийн хүү, хүргэн хоёртой хамтарч өрж дуусгасан. Би Г.Хишигт эгчээс ямар нэг хөлс аваагүй хийж дуусгасан. Ажлыг нь хийж өгнө гэсэн хоёр хүн нь алга болоод 10 гаруй хонож байна гээд Г.Хишигт эгч ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/,

Гэрч Д.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...маргааш өглөө очиход бэлэн суурь ухсан байсан. Апалка зангидсан байсанд арматур төмөр, анкар суурилуулан хэмжээ тавьсан. Орой 15 цагийн орчим Ц.А. ирээд явсан. Би маргааш өглөө ирээд Г.Хишигтийн хүү, хүргэн хоёр надад тусалж шавар зуураад сууриа зутгаад 16 цагт дууссан. Ц.А. тэр өдөр 12 цагт ирээд жаахан тус болж өнгөлгөө хийсэн. Би Г.Хишигтэд “маргааш ирээд апалка хуулаад салхи авахуулаад 1 дэх өдөр нь өрлөгөө эхлээд дуусгачих уу” гэж хэлсэн. Маргааш нь би хойшоо явах гэж байтал Ц.А. над руу утсаар яриад “гэр чинь хаана вэ, ах нь Г.Хишигтээс мөнгө авчихлаа” гэхэд нь гэрээ зааж өгсөн. Ц.А. ирээд 200,000 төгрөг өгөхөөр нь ...та 1 дэх өдөр ирэхдээ туслах хоёр хүнээ олоод өгөөрэй гэхэд за гээд явсан. 1 дэх өдөр Санзайн автобусанд суугаад явж байтал Ц.А. өнөөдөр очоод яахав дээ гээд утас нь тасарсан. Би бодохдоо туслах хүн бүтээгүй юм байна гэж бодоод гэр рүүгээ буцаад явсан. Тэр үеэс хойш Ц.А. ах утас нь холбогдохгүй алга болсон ба би Г.Хишигт гэх хүний гэрт очоогүй. ...Г.Хишигтээс хэдэн төгрөг авсан талаар надад хэлээгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 тал/,

Гэрч Д.Дайриймаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Ц.А. гэх хүнийг сайн танихгүй. Манай хүү Д.Пүрэвдоржид 2018 оны 7, 8 дугаар сарын аль нэг өдөр гэрт ирээд 200.000 төгрөг өгөөд явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 тал/,

Шүүгдэгч Ц.А., гэрч Д.Пүрэвдорж нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 83-85 дугаар тал/,

Ц.А.гийн гэрчээр өгсөн: “...тухайн үед миний зээ дүү нас бараад би Чойрт сар гаран болсон. Тэгээд хотод ирээд байж байтал Хишигт багш над руу яриад Пүрэвдорж алга болоод ирэхгүй байна гэсэн. Тухайн үед би Пүрэвдорж руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Дараа нь би Төв аймагт ажлаар явж байхдаа Пүрэвдоржтой тааралдахад “Би удахгүй ажлыг нь дуусгана” гэж хэлж байсан. Хишигт гэдэг хүний ааш зангаас болж Пүрэвдорж ажлаа орхисон байж магадгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/,

Ц.А.гийн яллагдагчаар өгсөн: “...надад хөдөө ажил гараад явсан. Би өөрийнхөө хувьд 840.000 төгрөгийн ажил хийсэн гэж бодож байна. Би Пүрэвдоржид найдсан юм. Намайг хөдөө 1 сар гаруй яваад ирсэн чинь Пүрэвдорж ажлаа хаясан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56 тал/,

Ц.А.гийн шүүгдэгчээр өгсөн: “...тухайн ажлыг хийхэд би өөрийн толгойгоороо хариуцаж, удирдан зохион байгуулж, заавар өгч байсан. Хөдөө мал малладаг дүү маань сураггүй алга болсон учраас гэр бүлийн нөхцөл байдал хүнд болж түүнийг эрж хайхаар хөдөө яваад утас холбогдохгүй байсан нь үнэн. Надад залилах гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй. Хишигтийн өгсөн мөнгийг буцааж төлнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 115 тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Шүүгдэгч Ц.А. нь 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтын 53 тоотод оршин суух хохирогч Г.Хишигтийн эзэмшлийн хашаанд грашийн өрлөг хийж 2 машины граш барихаар тохиролцож буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж ажлын урьдчилгаа хөлс 840.000 төгрөг авсан боловч өөрийн танил Д.Пүрэвдоржид 200.000 төгрөг өгч өмнө нь суурь ухсан, апалка зангидсан байсан сууринд арматур төмөр зангидуулж, анкар суурилуулан хэмжээ тавьж шавар зуурч суурь цутгаснаас өөр ажил хийлгүй хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Ц.А., хохирогч Г.Хишигт нар нь урьд багш шавийн харилцаатай байсан гэх бөгөөд Г.Хишигт өөрийн эзэмшлийн хашаандаа 2 автомашины гараж бариулах ажлын саналыг Ц.А.д тавьсны дагуу талууд нөхцлөө харилцан тохиролцож аман хэлцэл хийжээ. Харин шүүгдэгч Ц.А. нь хохирогчийн эд хөрөнгийг авахдаа гэрээ байгуулахаас санаатайгаар зайлсхийн хүлээсэн үүргийн дагуу ажлаа бүрэн хийж дуусгалгүйгээр орхиж, өдийг хүртэл мөнгөө буцааж өгөөгүй байна.

Шүүгдэгч Ц.А.гийн хувьд мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлэхдээ “зээ дүү нас бараад Чойрт сар гаруй болсон, хөдөө мал малладаг дүү сураггүй алга болсон тул түүнийг эрж хайхаар хөдөө явсан” гэх зэргээр олон янзаар зөрүүтэй мэдүүлдэг бөгөөд шүүгдэгч Ц.А.гаас шууд хамаарахгүй нөхцөл байдлын улмаас тохирсон ажлаа хийж чадаагүй тохиолдлын шинжтэй эрсдэл, түүнтэй дүйцэх хэмжээний үйл явдал үүссэн эсэх нь тодорхойгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Ц.А.гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ц.А.гийн хувьд амар хялбар аргаар бусдаас мөнгө төгрөг олж амьдрах, хувьдаа ашиг хонжоо олох гэсэн шунахай зан байдал нөлөөлжээ.

Хохирол төлбөрийн хувьд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Хишигт нь 600.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн бөгөөд уг хохирлыг гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгч Ц.А.гаас гаргуулах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.А.д 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч Ц.А.гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, бусдад учруулсан хохирол, төлбөртэй байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ц.А.г хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А.д 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А.д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.                    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А. нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.      

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А.гаас 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Г.Хишигтэд /СБД, 19-р хороо, Хандгайтын 53 тоотод оршин суух, РД: / олгосугай.

6. Шүүгдэгч Ц.А. нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш       14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Ц.А.д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

                        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР