Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 138/ШШ2016/00989

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн ******* сумын ******* ******* багт орших, *******  регистрийн дугаартай,  ******* овогт ******* *******д холбогдох,

 Зээлийн гэрээний үүрэг 6.394.545 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг 2016 оны 8 сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.******* нь сум хөгжүүлэх сангаас цайны газар ажиллуулах зориулалтаар “Нүүдэл” төслийг ирүүлж, сумын Засаг даргын 2013 оны А/34 тоот захирамжаар 5.100.000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг авсан. Уг зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хугацаа 2016 оны 03 сарын 28-ны өдөр дууссан. Зээлийн үлдэгдэл 5.328.787 төгрөг, зээлийг төлөөгүй хугацааны алданги 1.065.757 төгрөг нийт 6.394.545 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлийг хугацаандаа төлж барагдуулах тухай албан мэдэгдлийг 2015 оны 04 сарын 17-ны өдөр, 2015 оны 10 сарын 22-ны өдөр, 2016 оны 06 сарын 03-ны өдрүүдэд тус тус хүргүүлж, сар бүр утсаар холбогдон мэдэгдэж байсан боловч 2016 оны 07 сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулаагүй байна.   

Иймд уг зээлийн эргэн төлөлтийн хугацаа дууссан өдрөөс эхлэн сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний 2.4-т заасны дагуу алдаги тооцон тус сумын сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл нийт 6.394.545 төгрөгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* сумын ЗДТГазрын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл  6.394.545 төгрөгийг 4 хувааж төлж барагдуулна. Төлөлтийг 2016 оны 10 сарын 15-нд 1.500.000 төгрөг, 2016 оны 11 сарын 15-нд 1.500.000 төгрөг, 2016 оны 11 сарын 25-нд 1.500.000 төгрөг, 2016 оны 12 сарын 20-нд 1.894.545 төгрөгийг тус тус төлж барагдуулах болно гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч М.*******ээс зээлийн гэрээний үүрэг 6.394.545 төгрөг нэхэмжилжээ.  

Хариуцагч М.******* нь ******* сумын Засаг даргын 2013 оны А/34 тоот захирамжаар сум хөгжүүлэх сангаас цайны газар ажиллуулах зориулалтаар  5.100.000 төгрөгийг зээлж аваад гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зээлийн гэрээний хуулбар, төлбөрийн хүсэлтийн хуулбар, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.******* нь зээлийн гэрээний үүрэг 6.394.545 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч  М.******* нь зээлийн гэрээний үүрэг 6.394.545 /зургаан сая гурван зуун ерэн дөрвөн мянга таван зуун дөчин тав/ төгрөгийг нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч М.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 58632 төгрөгийг гаргуулж төсвийн орлого болгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              С.ГАНЧИМЭГ