Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/557

 

  2020        6           11                                     2020/ШЦТ/557                                       

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2020/0566/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

улсын яллагч Ц.Амгаланбаатар,

шүүгдэгч Б.Ө. /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар                                                          

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Ө-д холбогдох эрүүгийн 2009005290780 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, Төв аймгийн Заамар суман дахь “Нөхөрлөл” ТББ-д оператор ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 22 дугаар байрны 22 тоотод оршин суух хаягтай, 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн №159 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 cap 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан, Б.Ө. /РД: /

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Ө нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг 22 дугаар байрны 22 тоотод Э.Марал-Эрдэнэтэй маргалдаж үснээс нь зулгааж толгойн баруун хэсгээр шал мөргүүлж, хоолойг боож зүүн чихний гадар хэсгийг маажиж биед нь баруун нүдний доод зовхины доор, баруун чамархайн хэсэгт зулгаралт, хүзүүний зүүн хэсэгт, зүүн чихний гадар хэсэгт зулгаралт, зүүн гарын шууны дотор, гадар хэсэгт, баруун гарын доод хэсэгт цус хуралт, зүүн гарын тохойн ар гадаргуунд зулгаралт, баруун гарын доод хэсэгт баруун гуяны доод дотор хэсэгт, нурууны баруун доод гадар хэсэгт цус хуралт, зүүн хөлний өвдөгний доод урд хэсэгт зулгаралт буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө.: “...Намайг орой гэртээ ажлаасаа тараад ороод ирэхэд манай эхнэр, Марал-Эрдэнэ хоёр архи уучихсан, согтуу байж байсан. Би хүүхэд унтаж байна, аяархан бай гэж хэлэхэд согтуу учраас үгэнд орохгүй байсан. Тэгээд амгалан тайван байдал алдагдуулаад байсан болохоор нь газар дараад уначихсан юм. Надаас өөр хүн Марал-Эрдэнэд гэмтэл учруулаагүй. Би хохирогчид 450.000 төгрөг төлсөн. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Дахин ийм зүйл хийхгүй...” гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Э.Марал-Эрдэнийн өгсөн: "...Б.Ө ...над руу заагаад энэ хоёр өнчин шээстэй гэхээр нь би уйлаад миний хүүхдийг битгий ийм ярианд оруул гэж хэлээд боссон. ...Б.Ө. ширээ цохиод босч ирээд шууд над дээр хүрч ирээд үснээс зулгаагаад толгойн баруун хэсгээр шал мөргүүлсэн. Тэр үед Мандах ирээд Б.Ө-г аваад нөгөө өрөө рүү явсан. ...хүзүүний зүүн хэсэгт цус хуралт гэмтлийг Б.Ө 2 удаагийн боолтоор учруулсан биеэ хамгаалж боолтыг тавиулах гээд гарыг нь хазсан. Б.Ө. хоолой боохдоо зүүн чихний газар хэсэгт маажсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/,

Гэрч Ч.Үрлээгийн өгсөн: "... Марал-Эрдэнэ Б.Ө-н баруун гараас хазаад тавихгүй байхаар нь үснээс нь зулгаагаад доош нь дарж тавиулсан гэж нөхөр
дараа нь ярьж байсан. Би согтолт ихтэй байсан учир юу болсон талаар санахгүй
байгаа" гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2030 дугаартай: “...Э.Марал-Эрдэнийн биед баруун нүдний доод зовхины доор, баруун чамархайн  хэсэгт зулгаралт, хүзүүний зүүн хэсэгт, зүүн чихний гадар хэсэгт зулгаралт, зүүн гарын шууны дотор, гадар хэсэгт, баруун гарын доод хэсэгт цус хуралт, зүүн гарын тохойн ар гадаргуунд зулгаралт, баруун гарын доод хэсэгт баруун гуяны доод дотор хэсэгт, нурууны баруун доод гадар хэсэгт цус хуралт, зүүн хөлний өвдөгний доод урд хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 21-23 тал/,

Б.Ө-н яллагдагчаар өгсөн: “...Марал-Эрдэнэ гартаа хутга бариад зогсож байснаа унтаж байсан хүүхэд рүү ойртоод байхаар нь согтуу юм чинь хүүхдийн дээрээс уначих байх гэж бодоод би хутгыг нь булааж авах санаатай гараас нь угз татаад биеэр нь доош дарсан чинь миний баруун гарын бугалганаас хазаад
тавихгүй байхаар нь булааж аваад гараа татаж аваад цээж хэсэг рүү нь түлхсэн
чинь зурагт тавьдаг ширээ рүү хажуу талаараа унасан. Намайг гараас нь татаад
доош дарахад Марал-Эрдэнэ хоёр хөлөөрөө өвдөглөсөн байсан. ...Тэгээд босож
ирснээ ёо гэж орилж байснаа цонхны тавцан дээр байсан бурхны эд зүйлийг
гараараа хамж татаад унагаачихаар нь миний уур хүрээд Марал-Эрдэнэ рүү
дөхөөд очсон чинь Үрлээ намайг араас тэврээд авсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 70 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

Шүүгдэгч Б.Ө. нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг 22 дугаар байрны 22 тоотод Э.Марал-Эрдэнэтэй маргалдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд бусдыг илтэд үл хүндэтгэсэн, хүлээцтэй зан дутагдаж бусдыг зодож танхайрсан дээрэнгүй зан байдал шууд нөлөөлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Өлзийбадрханы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Э.Марал-Эрдэнэ нь хавтаст хэргийн 90 дүгээр талд “...миний бие  Б.Ө-с 445.000 төгрөг авсан, гомдол саналгүй болсон. Б.Ө.тай сайн дураар эвлэрсэн, шүүх хуралдаанд оролцохгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч Б.Ө.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол, төлбөргүй, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан шүүгдэгч Б.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Б.Ө. нь цагдан хоригдсон хоноггүй, түүний  бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Ө-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Б.Ө-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө. нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу       15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш       14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР