| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0569/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/569 |
| Огноо | 2020-06-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШЦТ/569
2020 6 16 2020/ШЦТ/569
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2020/0569/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Г.Цогтгэрэл
шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 1809048660813 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскеваторын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Монлаа 14-01 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн №675 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №30-ө дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 21 хоногийн баривчлах ялаас өршөөн хэлтрүүлж байсан Б.Э /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Залуучууд” зочид буудлын орчимд насанд хүрээгүй хохирогч Э.Охиноогийн халааснаас түүний өмчлөлийн “Ай фоне 7 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э: “...Би хохирогчийн халааснаас гар утсыг нь хулгайлсан нь үнэн. Би хохирлоо нөхөн төлсөн. Дахин ийм хэрэг хийхгүй. Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэв.
Хавтаст хэргээс:
Насанд хүрээгүй хохирогч Э.Охиноогийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 17 цаг 15 минутын үед СБД-ийн 6-р хороо, Залуучууд зочид буудлын хажууд найз Отгонцэцэгийн хамт сугадалцаад явж байсан юм. Тэгээд дэлгүүрт орсон чинь миний хар пальтоны зүүн талын гадна халаасанд байсан Ай Фоне-7 Плас тагварын гар утас алга болсон байсан. ...би алдсан гар утсаа 2018 оны 8 сарын эхээр хувь хүнээс 1.600.000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 тал/,
Гэрч Э.Хатанбаатарын өгсөн: “...Тэгсэн чинь маргааш нь цагдаагаас залгаад ирж уулз гээд уулзсан чинь LG class, Iphone-7 гээд хоёр гар утас асуугаад байсан. Тэгэхээр нь би LG class утсыг нь Уянгабаатар хулгайлсан гэдгийг нь хэлсэн. ...Тэгээд би Уянгабаатар руу яриад дуудаж байна гээд хэлсэн чинь Уянгабаатар иж чадахгүй гээд байсан. Би Уянгабаатарт дахиад нэг Iphone-7 Plus гээд гар утас яриад байна гэж хэлсэн чинь Уянгабаатар Iphone-7 Plus гар утсыг нь Энкүлэ авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,
Б.Э-н яллагдагчаар өгсөн: “...Уянгабаатар, Хатанбаатар нар намайг “Iphone-7 plus” гар утас хулгайлсныг хараагүй ээ мэдээчгүй. Уянгабаатар бол намайг хулгай хийхээс өмнө түрүүлээд гэнэт алга болчихсон байсан. Хатанбаатар намайг хүлээгээд үлдсэн. Би хулгай хийлээ гэж хэлээгүй, хажууд явж байгаад нэг мэдсэн алга болчихсон байсан. Би өөрөө гар утас хулгайлахаар явахдаа юу ч хэлээгүй явчихсан. Тэгээд л хулгайлсан утсаа зарчихаад архи авч уухдаа дуудсан. ...Тэгээд 2 өндөр охин явж байхаар нь хажууд нь нэг охиных нь гадуур хүрэмнийх нь халааснаас гар утас нь цухуйгаад харагдаад байхаар нь гар утсыг нь хулгайлж аваад шууд Монтел руу явсан. Зүс мэдэх, нэрийг нь мэдэхгүй нэг хүнд 300.000 төгрөгөөр зарчихсан. Зарсан мөнгөөрөө архи авч уусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27, 64 тал/,
Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26-27 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд шүүгдэгч Б.Э нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Залуучууд” зочид буудлын орчимд насанд хүрээгүй хохирогч Э.Охиноогийн халааснаас түүний өмчлөлийн “Ай фоне 7 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд бусдын эд зүйлийг хулгайлж, амар хялбар аргаар амьдрах шунахай зан байдал шууд нөлөөлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Э-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Э.Охиноод хохиролд 1.050.000 төгрөг төлж барагдуулан, гомдол саналгүй болсон нь хавтаст хэргийн 74 дүгээр талд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Э-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол, төлбөргүй, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Б.Э. нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Э-г бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР