| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0581/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/573 |
| Огноо | 2020-06-17 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/573
2020 6 17 2020/ШЦТ/573
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2020/0581/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,
улсын яллагч Э.Намуун,
шүүгдэгч Б.М /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн 2003000000202 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1989 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Хишиг Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Атибус” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 8-303 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.М /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 14 цаг 00 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улсын Багшийн дээд сургуулийн уулзварын замд “Атибус” ХХК-ийн эзэмшлийн “Daewoo” маркийн “BS-106” загварын 23-48 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа “Sshou” загварын унадаг дугуй унаж явсан 23 настай, эрэгтэй Б.Билгүүнийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, түүний эзэмшлийн “Sshou” загварын унадаг дугуйны эвдрэлд нийт 78.500 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М: “...Тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа гарцаар гарч байсан дугуйтай хүүхдийг мөргөсөн. Өөрийн үйлдсэн хэрэгт гэм буруутайгаа ойлгож байгаа. Осол болдог уулзвар нь явган хүний гарцны ногоон гэрэл болон баруун гар тийш эргэх туслах замын ногоон гэрэл хамт асдаг юм. Би гарцаар гарч байсан хүмүүсийг өнгөрөөгөөд хөдөлгөөн харж байгаад ногоон гэрлээр эргэтэл тухайн хохирогч гэнэт гарч ирэн мөргүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу дээр маргаж байгаа зүйл байхгүй. Хохирогчид 1.600.000 төгрөг төлсөн.” гэв.
Хавтаст хэргээс:
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-10 тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16 тал/,
Хохирогч Б.Билгүүний өгсөн: “2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн орчим Сүхбаатарын талбай орохоор Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багшийн дээдийн баруун талын уулзварын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш зам хөндлөн гарах үед явган зорчигч нарын хөдөлгөөнийг зөвшөөрсөн ногоон гэрэл дохио асчихсан явган зорчигч нар замын тусгаарлах зурвас буюу замын голоос цаашаа гарчихсан алхаж байхад нь би унадаг дугуйгаа унаад явган хүний гарцаар зам хөндлөн гарах үед ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд буюу уулзвараар хойшоогоо эргэх гэж байсан шар өнгийн автобус баруун эргээд миний зүүн талаас орж ирээд автобусны баруун урд дугуй миний унаж явсан унадаг дугуйны урд дугуй мөн зүүн хөлний тавхайн хэсгийг хамт дайраад дээр нь гарч зогсоод хөдлөхгүй ойролцоогоор 10 орчим секунд болоход ойр орчимд байсан танихгүй хүмүүс автобусны жолоочийг нааш цаашаа хөдөл гээд сандаргаад байх шиг байсан. Тэгээд удалгүй урагшаа хөдөлж миний зүүн хөлийг чөлөөлсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №5346 дугаартай: “...Б.Билгүүний биед зүүн хөлийн 2-р хурууны тавхайн шивнүүрийн далд хугарал, зүүн тавхайн бэлбэрхий ясны далд хугарал, зүүн тавхайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун ташааны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 33-34 тал/,
“Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 38-39 тал/,
Мөрдөгчийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 46 дугаартай: “Жолооч Б.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө гэснийг зөрчсөн байх үндэстэй байна” гэх магадлагаа /хх-ийн 49 тал/
Б.М-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг: “...явган зорчигч нарт зам тавьж өгөөд зогсож байгаад явган зорчигч нарыг замын гол буюу тусгаарлах зурвас дээр очиж явахаар нь уулзвараар баруун гар тийш эргэх үед автобусны баруун талын урд дугуйны хойд кирло хэсэг рүү унадаг дугуйтай эрэгтэй хүн гэнэт зүүнээс баруун зүгт хурдтай ирээд мөргөөд газар унасан. Тухайн үед би хойшоо эргэж байсан болохоор автобусны баруун доод хормойны хэсэгт унадаг дугуй болон зүүн хөл нь хавчуулагдаад гацсан байсан. Тэр үед замаар явж байсан танихгүй хүмүүс намайг урагшаа, хойшоо гээд сандаргаад байсан бөгөөд би урагшаа, хойшоо хөдлөхөд унадаг дугуй, автобусны доод хормойд гацсан зүүн хөлөө татаж авсан. ...Хохирогчийн эмчилгээ болон унадаг дугуйнд учирсан эвдрэл гэмтэлд нийтдээ 1.6 сая төгрөг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд шүүгдэгч Б.М нь 2020.05.01-ний өдөр 14 цаг 00 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улсын Багшийн дээд сургуулийн уулзварын замд Атибус ХХК-ийн эзэмшлийн Daewoo маркийн “BS-106” загварын 23-48 УНБ улсын дугаартай автобусыг жолоодон зорчигч тээврийн үйл ажиллагааг тогтоосон маршрутын дагуу үйлдэж явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар ногоон гэрэл асах үед унадаг дугуй унаж явсан хохирогч Баярын Билгүүнийг мөргөж эрүүл мэндэд нь зүүн хөлийн 2-р хурууны тавхайн шивнүүрийн далд хугарал, зүүн тавхайн бэлбэрхий ясны далд хугарал, зүүн тавхайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун ташааны зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.М-ийн хувьд хөдөлгөөний нягтаршил ихтэй замын хөдөлгөөнд том оврын тээврийн хэрэгсэлтэй оролцохдоо анхаарал, болгоомжоо сулруулсан хайхрамжгүй хандсан зан байдал нь нөлөөлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.М-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Билгүүн нь хавтаст хэргийн 20 дугаар талд хохирогчоор дахин мэдүүлэг өгөхдөө “...ажилгүй байх хугацааны цалин мөн эмчилгээний төлбөрт нийтдээ 1.6 сая төгрөгийг бэлнээр авсан. Цаашид миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Осол гаргасан жолоочид аль болох хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Би шүүх хуралд оролцохгүй” гэсэн байх тул шүүгдэгч Б.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэхдээ хохирогч Б.Билгүүн нь цаашид гарах эмчилгээний зардал, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол, төлбөргүй, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.М-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Б.Билгүүн нь цаашид эрүүл мэндэд учирсан гэм хорын болон эмчилгээний зардал, хохирлын асуудлаар шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР