Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 138/ШШ2016/00955

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

 

Улаанбаатар хот ******* дүүрэг, Нэгдсэн үндэсний гудамж 5/1, Засгийн газрын 2 дугаар байр, Аж үйлдвэрийн яаманд байрлах, ******* регистрийн дугаартай, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй,

******* аймгийн ******* сумын ******* багт байрлах, ******* регистрийн дугаартай, “******* *******” хоршоонд холбогдох,

№ТЭ2011/16 тоот зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэг 13629500 төгрөг гаргуулах, барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг 2016 оны 8 сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол мал хөтөлбөрийн 3.5.1 дэх зорилт, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны 7 сарын 07-ны өдрийн А/118 дугаар тушаалыг үндэслэн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай 2011 оны 9 сарын 30-ны өдрийн №ТЭ2011/16 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулан ******* аймаг ******* сум, 6 дугаар баг 50м.кв, 600 м.кв шатахуун түгээх станц/Ү-0611003735/, ******* аймаг ******* сум 6 дугаар баг 20 м.кв, 4046 м.кв сахиулын хувийн сууц /Ү-0610000132/, ******* аймаг ******* сум 6 дугаар баг 78 м.кв 3360 м.кв ажилчдын хувийн сууц /0610000131/, ******* аймаг ******* сум 5 дугаар баг амралтын газар /Ү-0610000133, Ү-0610000134, Ү-0610000135, Ү-0610000136/ зэргийг барьцаалж нийт 45000000 төгрөгийг 72 сарын хугацаатай хүүгүй зээл авсан. Гэвч үндсэн зээлийн эргэн төлөлтийг графикийн дагуу төлөөгүй тул зээлийн гэрээнд заасны дагуу гэрээг цуцалж, “******* *******” хоршооноос үндсэн зээлийн үлдэгдэл 9060000 төгрөг, алданги 4530000 төгрөг болон нотариатын төлбөр 39500 төгрөг, нийт 13629500 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч “******* *******” хоршооноос шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус хоршоо 2011 оны 7 сарын 07-ны өдрийн А/118 дугаар тушаалыг үндэслэн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 45000000 төгрөгийн зээл авч хугацаандаа төлж байсан. Сүүлийн 2 жил санхүүгийн байдал хямралтай байгаатай холбоотойгоор малчдаас гэрээний махаа бэлтгэж чадаагүй. Иймээс гэрээ цуцлах шаардлагыг зөвшөөрч байна. Мөн одоо зээлийн үлдэгдэл 13629500 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд энэ төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Барьцааны гэрээнд тусгагдсан барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг зөвшөөрч байна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь хариуцагч “******* *******” хоршооноос №ТЭ2011/16 тоот зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэг 13629500 төгрөг гаргуулах, барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч “******* *******” хоршоо нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2011 оны 9 сарын 30-ны өдөр №ТЭ2011/16 тоот зээлийн болон зээлийн барьцааны гэрээ байгуулан 45000000 төгрөгийн зээл авч, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичмэл баримтуудаар батлагдаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн №ТЭ2011/16 тоот зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэг 13629500 төгрөгийг гаргуулах, барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хариуцагч “******* *******” хоршоо нь хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.  

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн №ТЭ2011/16 тоот зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэг 13629500 төгрөгийг гаргуулж, барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хариуцагч “******* *******” хоршоо нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “******* *******” хоршооноос улсын тэмдэгтийн хураамжид 113048  төгрөг 50 мөнгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ГАНЧИМЭГ