Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/626

 

  2020        6          30                                   2020/ШЦТ/626                                             

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2020/0064/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Төрмөнх,

Улсын яллагч Д.Даваадорж,

Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт   үйлдэж   ирүүлсэн   Б.Э-д холбогдох эрүүгийн 1909035371325 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа АОС-н 39 тоотод оршин суух хаягтай, урьд

- Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр №52 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн №119 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялд урьд оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 2000 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 219 дүгээр тогтоолоор эдлээгүй үйлдсэн 01 жил 10 сар 07 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

- Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн №133 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Сэлэнгэ аймгийн шүүхийн шүүгчийн 2005 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн №124 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 9 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн №241 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,

- Сүхбаатар дүүргийн эрүүгийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №221 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн №374 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

- Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн №485 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 06 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө Б.Э /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, АОС-43 тоотод оршин суух Д.Мөнх-Эрдэнийн монгол гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч илжиг гарын мөнгөн аяга 1 ширхэг, зурагтны тавиур дээр байсан 36 инчийн ВСВ маркийн хар өнгийн ЛСД зурагт 1 ширхэг, эмэгтэй хүний ээмэг 1 хос зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч бага хэмжээнээс их хохирол учруулсан,

2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 38 дугаар гудамжны 454г тоотод оршин суугч хохирогч Ж.Пүрэвсүрэнгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч 32 инчийн Филиппс маркийн хар өнгийн ЛСД зурагт, саарал өнгийн “Канон” гэсэн бичигтэй зургийн аппарат, гар дрилл, хохирогч Ж.Золзаяагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрт нэвтэрч, 32 инчийн Самсунг маркийн зурагт, ягаан өнгийн даалинтай хөөрөг, хар гэртэй банзан гитар зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр хохирогчид мэдэгдэхгүй нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч хохирогч Ж.Пүрэвсүрэнд 368340 төгрөг, хохирогч Ж.Золзаяад 337400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би өөрийн ухамсар муутайгаас болоод мөн анх удаа аав болсон болохоор хулгай хийсэн. Мөн найзуудын ятгалганд ороод гэмт хэрэг үйлдэх болсон. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс:

Хохирогч А.Нэндарамын өгсөн: "...2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр би эхнэр хүүхдийн хамт 08 цаг өнгөрөөд гарсан. Тэгээд орой манай эхнэр 17 цагийн үед ажлаа тараад ирсэн гэсэн. Тэгтэл манай гэр онгорхой хулгайч орсон байсан... манай гэрээс жижиг гарын мөнгөн аяга, 36 инчийн ВСВ зурагт, эмэгтэй хүний цагирган мөнгөн ээмэг, Хар манан чулуутай дундаа мөнгөн оруулгатай хүзүүний зүүлт, сваровский шигтгээтэй мөнгөн ээмэг, гоёлын ээмэг нэг хос алдагдсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,

Хохирогч Ж.Золзаяагийн өгсөн: "...2019 оны 9 дүгээр сарын 15-ны өглөө 10 цаг 10 минутын үед гэрээсээ гараад гадуур ажил амжуулж байгаад 12 цаг 40 минутын үед гэртээ ирсэн. Гэртээ ирэх үед хашааны хаалга онгорхой, хашаа руу ороход гэрийн хаалга нээлттэй байсан. Тэгээд би гайхаад хартал мөн манай хашаанд байдаг байшингийн жижиг цонх хагарсан байдалтай байхаар нь шууд цагдаагийн байгууллагад хандаад гэр рүүгээ орж хартал манай гэрийн зурагт байхгүй байсан. Тэгээд өөр зүйлээ бүртгэлгүй цагдаа ирэхийг хүлээсэн. Манай гэрээс 32 инчийн самсунг маркийн зурагт, ягаан даалинтай бор өнгийн хөөрөг, хар гэртэй банзан гитар тус тус алдагдсан байсан. ЛСД зурагтаа 300.000 төгрөгөөр үнэлж байна. Хөөргөө 100.000 төгрөгөөр, гитараа 50.000 төгрөгөөр тус тус үнэлж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 86-88 тал/,

Хохирогч Ж.Пүрэвсүрэнгийн өгсөн: "...2019 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө 09 цаг 40 минутын орчимд гэрээсээ гараад Өлзийт хороолол руу айлын найранд явж байтал манай дүү Золзаяа 12 цаг 40 минутын үед та хэд хаана явж байна, гэрт чинь хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд би 17 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай байшингийн үүдний амбаарын цонх хагарсан байдалтай байхаар нь цонхоороо хартал гэр дотор байсан шкаф савыг ухсан байдалтай харагдсан. Манай гэрээс 32 инчийн филипс маркийн хар өнгийн ЛСД зурагт, саарал өнгийн канон гэсэн бичигтэй зургийн аппарат, баттерейтай гар дрилл тус тус алдагдсан байсан. ЛСД зурагтаа 2016 онд "Некст" худалдааны төвөөс 400.000 төгрөгөөр авч байсан. Канон нэртэй сонирхогчийн зургийн аппаратаа 2014 онд "Арина"-аас 200.000 төгрөгөөр авч байсан. Цахилгаан гар дрилээ 2017 онд хувь хүнээс 60.000 төгрөгөөр худалдаж авч байсан, алдагдсан эд зүйлүүдээ одоогийн зах зээлийн ханшаар үнэлэх болно..." гэх мэдүүлэг /хх-ийн 92-94 тал/,

Иргэний нэхэмжлэгч Ж.Сайнхүүгийн өгсөн: "...2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр манай ломбардны ажилтан Сүхбат ажил дээрээ байж байх үед нэг үл таних залуу орж ирээд хоёр ширхэг зурагт барьцаанд тавихаар ярьсан байсан. Тэгээд манай ажилтан тухайн хүний бичиг баримтыг аваад тулгаж үзэхэд өөрийнх нь бичиг баримт мөн байсан тул авч явж байсан хоёр зурагтыг нь барьцаанд авч зээл олгосон байсан. Манай байгууллагад 240.000 төгрөгийн хохирол учирсан тул учирсан хохирол болох 240.000 төгрөгөө нэхэмжилж байна." гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-21, 60-75 тал/,

"Дамно" хөрөнгийн үнэлгээний компаний үнэлгээгээр хохирогч

А.Нэндарамын гэрээс алдагдсан эд зүйлсийг 489.400 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 40 тал/,

"Дамно" хөрөнгө үнэлгээний компанийн "... үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 368.340 төгрөгөөр үнэлэгдэв..." гэсэн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 117 тал/,

"Дамно" хөрөнгө үнэлгээний компанийн "...үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 337.400 төгрөгөөр үнэлэгдэв..." гэсэн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 121 тал/,

Эд зүйл хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 80 тал/,

Эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 81-82 тал/,

Яллагдагч Б.Э-н өгсөн: "...2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр манай найз утсаар яриад Сүхбаатар аймагт ажил байна өөрөө зардлаа гаргаад хүрээд ир гэж надад хэлсэн. Тэгээд Сүхбаатар аймаг явж ажил хийх болтол мөнгө олдохгүй байсан. Гараад явж байтал АМОС-н 43 тоот хашаанд байсан монгол гэрийн хаалга цоожтой байхаар нь хашааг нь давж ороод хаалганы цоожийг звдэлж ороод гэрийн хойморт зурагтын тавиур дээр байсан ВСВ маркын зурагтыг орны бүтээлгэнд боогоод зурагтны хажуугийн тавиур дээр байсан мөнгө аяга, эмэгтэй хүний мөнгө ээмэг нэг хос зэрэг эд зүйлийг аваад гарсан. Гараад такси бариад 7 буудлын эцэс дээр явуулын хүнд 100.000 төгрөгөөр зарсан. Харин мөнгөн аяга ээмгийг нь зах дээр аваачаад мөн үл таних хүмүүст 50000 төгрөгөөр зарсан. Тэр мөнгөөрөө зардал хийгээд Сүхбаатар явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 6 тал/,

Яллагдагч Б.Э-н өгсөн: "...2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэрээсээ гараад ажилдаа явах гэж байгаад мөнгөний шаардлага гарсан. Манай цалин буухгүй байсан. Тэгээд Оргил худалдааны төвийн ар талд байдаг хашаандаа нэг байшин, нэг гэртэй хашаанд нэвтрэн ороод эхлээд байшингийн цонхыг хагалаад орж хананд нь байсан “Филипс” маркийн 32 инчийн зурагт шкапн дээр байсан зургийн аппарад зэргийг авсан. Тэр байшингаас гараад хартал хашаанд нь байсан монгол гэр бас гаднаасаа цоожтой байхаар нь цоожийг нь хөшөөд орсон. Ортол хойморт нь улаан өнгийн “Самсунг” маркийн 32 инчийн ЛСД зурагтыг орон дээр байсан ягаан өнгийн бүтээлгэнд боогоод мөн зурагтын хажууд байсан хар гэртэй гитар, мөн авдрын дээр байсан ууттай хөөрөг зэрэг эд зүйл авсан тэгээд хулгай хийсэн бүх зүйлээ аваад зам руу гараад такси бариад “Өргөө” кино театрын хажууд байдаг ломбарданд 2 зурагтаа 240.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Таксины мөнгөө өгч явуулаад Хар хорин зах ороод явуулын хүнд гитараа 50.000 төгрөгөөр зарсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 52 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Шүүгдэгч Б.Э нь 2019.06.14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, АОС-43 тоотод оршин суух хохирогч Алагшавайгийн Нэндарам /түүний эхнэр Доржхандын Мөнх-Эрдэнэ/-ын монгол гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга 1 ширхэг, 36 инчийн ВСВ маркийн ЛСД телевизор 1 ширхэг, эмэгтэй хүний ээмэг 1 хос зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 489 400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

үргэлжилсэн үйлдлээр 2019.09.15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 38 дугаар гудамжны 454 тоотод оршин суугч хохирогч Жаргалсайханы Пүрэвсүрэнгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч орон 32 инчийн Филиппс маркийн ЛСД телевизор, Канон зургийн аппарат, гар дрилл зэргийг хулгайлан авч 368 340 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,  

мөн энэ үедээ хохирогч Жаргалсайханы Золзаяагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт хууль бусаар нэвтэрч орон 32 инчийн Самсунг маркийн телевизор, даалинтай хөөрөг, банзан гитар зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 337 400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Б.Э-г үргэлжилсэн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Э болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Э-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт өгч байгаа гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Э-н бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч орон бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Э нь хохирогч Ж.Золзаяа, Ж.Пүрэвсүрэн нарт хулгайн эд зүйл буюу телевизоруудыг буцаан өгсөн бөгөөд бусад хохирол, төлбөр болон иргэний нэхэмжлэгч Ж.Сайнхүүд хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирлыг шүүгдэгч Б.Эгээс гаргуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Э нь үргэлжилсэн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй, шүүхийн шатанд холбогдох хэргээ шийдвэрлүүлэлгүй шүүн таслах ажиллагаанд саад учруулж оргон зайлсан зэрэг байдлуудыг харгалзан түүнд оногдуулах хорих ялын хэмжээг тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Э-д ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар түүний урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн №485 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 /арван нэг/ сар 06 /зургаа/ хоногийн хорих ялыг энэ гэмт хэргүүдэд оногдуулах ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байх бөгөөд үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын шинж зэргийг харгалзан Б.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Э-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 26 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Э-г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Э-д 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Б.Э-д уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.05-ны өдрийн №485 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 /арван нэг/ сар 06 /зургаа/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 11 /арван нэг/ сар 06 /зургаа/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 3 /гурав/ жил 11 /арван нэг/ сар 06 /зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Э-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 26 /хорин зургаа/ хоногийг ял эдлэх  хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Э-с:

- 489.400 /дөрвөн зуун наян есөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Нэндарамд /СБД-н 17-р хороо, Амины орон сууцны 43 тоотод оршин суух РД:ЙЕ75030916/,

- 98.000 /ерэн найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Золзаяад /СБД, 14-р хороо, Хандгайтын 38-454г тоотод оршин суух, РД: ШУ87062384/,

- 128.940 /нэг зуун хорин найман мянга есөн зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Пүрэвсүрэнд /СБД, 14-р хороо, Хандгайтын 38-454г тоотод оршин суух, РД: УГ85080141/,

- 240.000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ж.Сайнхүүд /ХУД, 15-р хороо, Академи хотхоны 34г баярны 1404 тоотод оршин суух, РД: ШД86102816/ тус тус олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.БОЛДБААТАР