Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2022/0037

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Содномдаржаа

Нэхэмжлэгч Б.М

Хариуцагч Монгол Улсын Ерөнхий аудитор

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/07 дугаар тушаалаар Аудитын Ерөнхий менежер-ийг хассаныг, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/32 дугаар тушаалын хавсралтын Б.М-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, буцаан албан тушаалд томилохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, итгэмжит түшээ ангиллын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 696 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Б.А, Ж.Б, Ш.Ү, Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.М

Хэргийн индекс: 128/2021/0324/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Мөнх-Очир нь Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдуулан “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/07 дугаар тушаалаар Аудитын Ерөнхий менежер-ийг хассаныг, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/32 дугаар тушаалын хавсралтын Б.М-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, буцаан албан тушаалд томилохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, итгэмжит түшээ ангиллын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 696 дугаар шийдвэрээр:

2.1. “Төрийн аудитын тухай 24 дүгээр зүйлийн 24.3, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4дэх хэсэгт заасныг баримтлан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/32 дугаар тушаалын хавсралтын Б.М-т холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 2 /хоёр/сарын хугацаагаар түдгэлзүүлж,

2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/32 дугаар тушаалын хавсралтын Б.М-т холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцож...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...1. Нэхэмжлэлийн зарим шаардлагыг шийдвэрлээгүй тухай

3.1.1 Нэхэмжлэгч “... ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” шаардлагыг гаргасан ч шүүхээс тус шаардлагыг хэрхэн шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй орхигдуулсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан болсон өдрөөр тасалбар болгон тооцож ... төгрөгийн цалин хөлс авах ёстойг тодорхой дурдсан, мөн нэхэмжлэгч Б.М-ын сүүлийн нэг жилийн цалингийн гар картыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд өгсөн.

3.1.2. Иймд шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагыг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан ч үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг огт шийдвэрлэлгүй үлдээлээ.

3.2. Хэргийг шийдвэрлэхдээ нэг талын санал, хүсэлтийг давуу харгалзан үзэж давуу байдал олгосон тухай.

3.2.1. Хэргийг хэлэлцэж эхлэхэд талуудаас эвлэрэн хэлэлцэх боломжтой эсэх талаар тодруулахад талууд эвлэрэх боломжгүй гэдгээ илэрхийлж шүүх хуралдаан эхэлсэн.

3.2.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэн сонсох ажиллагаа явуулж, албан тушаалтан болон албан хаагч ойлголцох санал гаргасныг дурдах нь зүйтэй .. ” гэжээ. Хариуцагч шүүх хуралдааны завсарлахаас өмнө санал хэлсэн, гэхдээ нэхэмжлэгч талын зүгээс энэхүү саналыг ямар агуулгатай, яах зорилготой санал гэдгийг 1 дүгээрт ойлгоогүй, ойлгох боломжгүй санал тавьсан, 2 дугаарт нэхэмжлэгчийн зүгээс хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй гэдгээ тодорхой илэрхийлсэн.

3.2.3. Гэтэл шүүгч хариуцагчаас санал гарсан тул хангаж шийдвэрлэсэн гэх агуулгаар үндэслэх хэсэгтэй дурдсан буюу хэргийг талуудын байр суурь, нотлох баримтыг бүрэн харгалзаж үзэлгүйгээр нэг талын хүсэлтийг шууд хүлээн авч хэргийг шийдвэрлэж байгаа нь давуу байдал олгож байгаагийн илрэл гэж үзэж байна.

3.2.4. Нөгөө талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан ажиллагааг шүүх хэрэглэхдээ хариуцагч маргаан бухий акт гаргахдаа алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөх, нөхцөл байдлыг шалган тогтоож, шинээр захиргааны акт гаргах боломжтой гэж үзсэн тохиолдолд хэрэгжүүлдэг.

3.2.5. Хариуцагч хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт маргаан бүхий акт гаргахдаа алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөөгүй, нөхцөл байдлыг шалган тогтоож, шинээр захиргааны акт гаргая гэж 6 итгэмжлэгдсэн төлөөлөгчид санал нэгтэй илэрхийлээгүй.

3.2.6. Мөн Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “... Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д зааснаар Б.М-т Нийслэл дэх аудитын газрын ахлах аудитороор ажиллах саналыг тавьсан. Тус санал нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан мөрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн үйлдэл байсан” гэжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт ч мөн адил “хариуцагчаас ажлын байраар хангах нэмэгдэл баталгаагаар хангасан” гэдгээ бүх итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарладаг.

3.2.7. Гэтэл шүүх энэхүү нэмэгдэл баталгааг хангахаар хийсэн гэх ажиллагаа нь хууль ёсны дагуу байсан уу гэдэгт дүгнэлт хийгээгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл ажлаасаа чөлөөлөгдөөд маргаан гаргасны дараа нэхэмжлэгчид цалин хөлс, албан тушаалын ангилал зэрэглэл буурсан ажлын байранд ажиллах хэлбэрийн төдий саналыг тавьсан байдаг.

3.2.8. Үүнээс үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангах ажиллагаа нь хууль зөрчсөн байх тул дахин хийлгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан түдгэлзүүлэх үндэслэлгүй.

3.3. Шүүхээс Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн тухай

3.3.1. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана:” 62.1.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь еерчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах”, 62.1.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь ул хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж заасныг удирдлага болгосон боловч төрийн жинхэнэ албан хаагч нэхэмжлэгч Б.М-ын хуулийн заалтад заасан баталгааг эдлүүлсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэлд тусгагдаагүй байна.

3.3.2. Өөрөөр хэлбэл Нийслэл дэх төрийн аудитын газрын бүтэц орон тоо шинэчлэн батлагдсанаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан дэд даргын орон тоо өөрөөс үл хамаарах шалтгаанаар хасагдсан, чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн эсэхийг дүгнэсний үндсэн дээр түүний цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэших хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох талаарх хуульд заасан баталгааг хариуцагч хангаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна хэмээн дүгнэсэн.

3.3.3. Шүүхээс нэгэнт Төрийн албан тухай хуулийн 62.1.3 болон 62.1.4-д заасан баталгааг эдлүүлээгүй гэдгийг тогтоож өгсөн ч “... дээрх нөхцөл байдлуудаас үзвэл нэхэмжлэгчийн хуульд заасан баталгаагаар хангахад эрхийг эдлүүлэх шаардлагатай байх бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн хуульд заасан аль баталгааг эдлүүлэх нь албан тушаалтны бүрэн эрх тул энэхүү нэмж тодруулах зүйл нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзлээ. ... Монгол улсын ерөнхий аудиторын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/32 дугаар тушаалын хавсралтын Б.М-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, буцаан албан тушаалд томилохгүй байгаа хууль бус болохыг тогтоож, итгэмжит түшээ ангиллын албан тушаалд эгүүлэн тогтоох асуудлыг дүгнэн шийдвэрлэх боломжгүй байна ...” гэжээ.

3.3.4. Нэхэмжлэгч Б.М нь өөрийн төрийн албан хаах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж, төрийн албан хаагчийн нэмэлт баталгааг эдлүүлэлгүйгээр үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагчийн үйлдэл Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4-ийг зөрчсөн гэж дүгнэсэн. Захиргааны хэргийн шүүх иргэдийн хөндөгдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, сэргээх үндсэн зорилготой бөгөөд ямар ч тохиолдолд хэрэг маргааныг шийдвэрлэхээс зайлсхийх ёсгүй гэж нэхэмжлэгч талаас үзэж байна.

3.3.5. Гэтэл хууль бус гэдэг нь нэгэнт тогтоогдсон байхад ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь Б.М-ыг Үндсэн хуулиар олгогдсон өөрийнхөө эрхийг хамгаалж гомдол гаргах, шударгаар хэрэг маргаанаа шүүлгэх, төрийн алба хаших эрхүүдийг шууд зөрчсөн үйлдэл боллоо.

3.3.6. Шүүхээс Төрийн албаны маргааныг 2004 оноос хойш хүлээн авч шийдвэрлэж байгаа бөгөөд Төрийн албаны тухай хуульд хангалттай зохицуулж өгсөн харилцааг шийдвэрлэж чадахгүй гэх үндэслэлээр түдгэлзүүлж байгаа нь хариуцагч Монгол Улсын Ерөнхий аудиторт давуу байдал олгож, хууль зөрчсөн үйлдлээ залруулах, хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 696 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагч нар нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2.1. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “хэргийн нөхцөл байдлыг тодруулах” үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д зааснаар “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн...”, 121.3.7-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” гэж заасантай нийцээгүй гэж үзлээ.

2.2. Нэхэмжлэгчээс “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/07 дугаар тушаалаар Аудитын Ерөнхий менежер-ийг хассаныг, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/32 дугаар тушаалын хавсралтын Б.М-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, буцаан албан тушаалд томилохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, итгэмжит түшээ ангиллын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан байна.

2.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага тус бүрд хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон зэрэг хэрхэн шийдвэрлэснийг тусгайлан заана.

2.4. Гэтэл энэхүү шийдвэрт анхан шатны шүүх “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/32 дугаар тушаалын хавсралтын Б.М-т холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 2 /хоёр/сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэн боловч “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/07 дугаар тушаалаар “Аудитын Ерөнхий менежер”-ийг хассаныг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Тогтоох хэсэгт тусгаагүй, шийдвэрлэлгүй орхигдуулжээ.

2.5. Мөн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах ...” гэж заасан шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулсан байх шаардлагатай.

2.6. Нэхэмжлэгчээс “буцаан албан тушаалд томилохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгох” болон “итгэмжит түшээ ангиллын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан байхад анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-д заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах замаар дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг тодруулж, ялгах ажиллагааг хийгээгүй байгаа нь мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болжээ.

2.7. Учир нь маргаан бүхий Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/32 дугаар тушаалын хавсралтын Б.М-т холбогдох хэсгээс үзвэл нэхэмжлэгч нь өмнө нь Нийслэл дэх Төрийн аудитын газрын дэд дарга бөгөөд тэргүүлэх аудитор албан тушаал эрхэлдэг байсан ба Төрийн аудитын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д “... төрийн аудитын итгэмжит түшээ ангиллын албан тушаалд төрийн аудитын байгууллагын тэргүүлэх аудитор, ... хамаарна” гэж зааснаар дээрх нэхэмжлэлийн шаардлагууд өмнө эрхэлж байсан албан тушаалд томилогдох эсхүл өөр байгууллагад итгэмжит түшээ ангиллын албан тушаалд томилохыг даалгах шийдвэрүүд нь хоорондоо зөрчилдөж байна.

2.8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “... ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” шаардлагыг маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн тохиолдолд мөн шийдвэрлэх боломжтой байсан хэмээн тайлбарлаж байх ба уг гомдлыг хангах хууль зүйн боломжгүй.

2.9. Тодруулбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар маргаан бүхий актыг шүүх түдгэлзүүлж шийдвэрлэх нь шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд маргаан бүхий актыг үндэслэлийг бүрэн тогтоогоогүй байдаг учир тус актыг хууль бус гэж үзэн дагалдах шаардах эрх болох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах боломжгүй байдаг болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаануудыг давж заалдах шатны шүүх засах боломжгүй учир шийдвэрийг хүчингүй болгон анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 696 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.Лхагвасүрэн

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА