Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 45

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Б.Энхмэнд,

          нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

         

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 284 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Энхмэндийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 07 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Д.М-д холбогдох эрүүгийн 2016 0108 0326 дугаартай хэргийг 2017 оны 12 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овгийн Д-ын М, 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх дүү нарын хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, Зам ангийн 1 дүгээр гудамжны 01 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /,

 

Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 7 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01 цаг 20 минутын орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Энгэршанд”-ын гудамжны төгсгөл хэсэг, Улаанбаатар-Тэрэлж чиглэлийн асфальтан засмал зам дээр өөрийн эзэмшлийн 79-09 УББ улсын дугаартай “Аксент” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж буюу Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалт, 2 дугаар бүлгийн 2.3 дахь заалтын а, 2.7 дахь заалтын “а” заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Н-ийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг,

Мөн Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч Д.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5-а, б, в дэх заалтуудыг зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Налайх, Баганхангай дүүргийн Прокурорын газраас: Д.М-ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 3, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баганхангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгч өөрийн санаачилгаар хянан хэлэлцэж, мөн хэсгийн 6.17-д зааснаар 2016 0108 0326 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол” болон яллах дүгнэлт ойлгомжгүй байна гэж үзлээ.

 

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэхийг тусгана”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус хуульчилжээ.

 

Гэтэл 201601080326 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол”-оор яллагдагчаар татаж, 59а дугаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ яллагдагч Д.М-ын явган зорчигч Д.Н-ийг мөргөж амь насыг нь хохироосон үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхдээ тухайн зүйл заалтыг 2002, 2015 оны Эрүүгийн хуулиар зүйлчлэхдээ аль заалтыг баримталж байгаа нь тодорхойгүй байна.

Иймд Д.М-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорын газарт буцааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж ...” шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Энхмэнд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт ойлгомжгүй гэж үзээд үндэслэлээ “яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхдээ тухайн зүйл заалтыг 2002, 2015 оны Эрүүгийн хуулиар зүйлчлэхдээ аль заалтыг баримталж байгаа нь тодорхойгүй байна” гэж хэргийг прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Үүнд:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  хэргийг  буруу  тусгаарласан,шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүх хэргийг прокурорт буцаана гэж заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дэх заалтад заасан 3 үндэслэл байхгүй байхад хэргийг прокурорт буцаасан байна.

Эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтүүдийг бичсэн байхад ойлгомжгүй гэж буцаасан нь хэргийг шийдвэрлэх сонирхолгүй байна гэж үзэхээр байна.

Захирамжийн үндэслэх хэсэгт хэргийг прокурорт буцаах дээрх 3 үндэслэлийг тодорхой бичээгүй, “баримлах” гэж үгийн алдаатай бичсэн зэрэг нь уг шүүхийн шийдвэр ойлгомжгүй байна.

Шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримталснаас үзвэл мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж буцаасан гэж ойлгогдож байна.

Яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 22.2, 22.4-т заасан мөрдөн шалгах ажиллагаанд хамаарагдахгүй байна.

2. Шүүхийн шийдвэрийг прокурорын газарт гардуулж өгөхдөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 15 хоногийн хугацааг 2 хоногоор хэтрүүлж буюу 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр прокурорт ирүүлсэн байна.

Д.Мын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн хэлэлцүүлэгт буцаалгахаар прокурорын эсэргүүцэл бичсэн ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.М-д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд Д.М-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.

 

Д.М-д холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид дурдсан  үндэслэл буюу хууль хэрэглээний талаар шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас тодруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 284 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.М-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлтэл шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ОЧ

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ОЮУНЧУЛУУН

                                                                                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ