Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 138/ШШ2016/00732

 

                                         Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.******* даргалж, шүүгч Ш.Алтанцэцэг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* ын газрын нэхэмжлэлтэй

 

            Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 6-р баг ******* ******* байранд оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******т холбогдох 

 

 Гэм хорын хохирол 127.276.000 /нэг зуун хорин долоон сая хоёр зуун далан зургаан мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 4 сарын      05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч , нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч , хариуцагч Н.*******, нарийн бичгийн дарга  М.Төгс-Эрдэм нар  оролцов.

 

                                       ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* сумын 6-р багийн иргэн Н.******* нь 2016 оны 1 сарын 27-ны өдөр зохих зөвшөөрөлгүй цулбуурт загас 374 ширхэг, булуу цагаан загас 1615 ширхэг, мөнгөлөг хэлтэг загас 2103 ширхэг, алтайн сугас загас 2416 ширхэгийг тус тус тээвэрлэн явж байсныг шалгалтаар илрүүлсэн. Н.*******ийн тээвэрлэж явсан загасыг мэргэжлийн ын улсын байцаагчийн актаар хураан авч Чойбалсан сумын засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлэн өгсөн. Мөн *******ийн үйлдлийг шалгуулахаар цагдаагийн газарт шилжүүлсэн. Аймгийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан, захиргааны шийтгэл ногдуулахыг надад даалгасны дагуу торгуулийн арга хэмжээ авсан. Н.******* нь Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг зөрчсөн тул мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэг, Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг үндэслэн 127.276.000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан. Амьтны аймагт учруулсан нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтоодог. Энэ дагуу тогтооход 127.276.000 төгрөг гарч байгаа. Иймд дээрх хохирлыг *******ээр төлүүлэх саналтай байна. Байгаль орчны газраас ан амьтан агнах зөвшөөрөл авсан байх ёстой. Монгол Улсын Амьтны тухай хуульд агнахаас гадна худалдсан, худалдан авсан бол адилхан хариуцлага хүлээхээр заасан байдаг гэв.

 

Хариуцагч Н.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* ын газраас нэхэмжилсэн 127.276.000 төгрөгийн нөхөн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Би өөрөө загас бариагүй, агнаагүй.  Харин орон нутгийн зөвшөөрөлтэй агнасан гэх хүмүүсээс бэлэн мөнгөөр загас худалдан аваад явж байсан. ******* ын шалгалтынхан шалгаад ачиж явсан бүх загасыг хураан авсан. Чойбалсан сумын Засаг даргын тамгын газрынхан дуудлага худалдаа явуулахгүй загасыг их хямд үнээр зарсан, сүүлдээ зарагдахгүй болохоор нь хүмүүст үнэгүй тараасан гэсэн. Би энэ асуудалд гомдолтой байдаг. Би дээрх загасыг иргэдээс 30 гаран сая төгрөгөнд худалдан авсан байсан. Хэрвээ дуудлага худалдаа зохион байгуулсан бол би өөрөө аваад ийм их өрөнд орохгүй байсан. Би загас ийм өндөр үнэтэй үнэлэгддэг гэдгийг мэдэхгүй. Миний энэ асуудлыг цагдаагийн газар шалгаад торгуулийн арга хэмжээ авсан. Үүнийг би хүлээн зөвшөөрч байна. Харин нөхөн төлбөр гэж ийм их мөнгийг төлөх боломжгүй, зөвшөөрөхгүй гэв.         

 

     Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Хариуцагч *******ээр нөхөн төлбөрийг өндөр үнэлгээгээр төлүүлэхээс татгалзаж байна, харин орон нутгийн үнэлгээгээр төлүүлэх саналтай байна гэв.   

 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн  судлав.

 

                                                      ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Дорнод аймгийн ******* ын газар нь хариуцагч Н.*******ээс амьтны аймагт учруулсан хохирол 127.276.000 /нэг зуун хорин долоон сая хоёр зуун далан зургаан мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           

            Хариуцагч Н.******* нь 2016 оны 1 сарын 27-ны өдөр эрхийн бичиггүй агнасан цулбуурт загас 374 ширхэг, булуу цагаан загас 1615 ширхэг, мөнгөлөг хэлтэг загас 2103 ширхэг, алтайн сугас загас 2416 ширхэг буюу нийт 6508 ширхэг загасыг худалдан авч тээвэрлэж явсан нь Дорнод аймгийн ******* ын газрын *******, Чойбалсан суман дахь шалгалтаар илэрсэн байх бөгөөд мэргэжлийн ын улсын байцаагчийн 2016 оны 2 сарын 03-ны өдрийн           12-04-055-04 тоот актаар дээрх загасыг хураан авч Чойбалсан сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

            Хариуцагч Н.*******ийн үйлдлийг цагдаагийн газраас шалгаад Дорнод аймгийн прокурорын газрын 2016 оны 3 сарын 17-ны өдрийн 05/294 дугаартай прокурорын тогтоолоор “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.

 

            Нэхэмжлэгч байгууллага нь Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэг, Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтанд заасан ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн 127.276.000 төгрөгийн нөхөн төлбөр нэхэмжилснийг хариуцагч Н.******* эс зөвшөөрч “...би загас агнаагүй, бариагүй, зөвшөөрөлтэй агнасан гэх хүмүүсээс худалдаж авсан учир нөхөн төлбөрийг төлөхгүй...” гэж маргадаг.

 

            Монгол Улсын Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т “Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт олгоно” гэж заажээ. Гэтэл хариуцагч нь  гарал үүслийн тодорхойлолттой иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас загас худалдан авсан гэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд энэ нөхцөл байдлаа шүүхэд нотолж чадаагүй болно.  

            Хариуцагч Н.*******ийг Амьтны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн хариуцагч талын тайлбар үндэслэлтэй байна.  

 

            Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан... этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж заажээ.

            Хариуцагч нь би загас агнаагүй, бариагүй тул нөхөн төлбөр төлөхгүй гэж тайлбарладаг боловч дээрх хуулийн заалтын дагуу нөхөн төлбөр төлөх үүрэгтэй байна.

            Иймд Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг хариуцагч Н.******* хариуцах үндэслэлтэй байна.

 

            Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2, мөн Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоох ёстой.

 

Иймд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 1 сарын 25-ны өдрийн “Үнэлгээ, төлбөр, хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай” 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтанд заасан ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн:

            1. Цулбуурт загас 1 ширхэг нь 9.000 төгрөг х 2 дахин = 18.000 төгрөг

                18.000 төгрөг х 374 ширхэг = 6.732.000

  2. Булуу цагаан загас 1 ширхэг нь 19.000 төгрөг х 2 дахин = 38.000 төгрөг

      38.000 төгрөг х 1615 ширхэг = 61.370.000

  3. Мөнгөлөг хэлтэг загас 1 ширхэг нь 6.000 төгрөг х 2 дахин = 12.000 төгрөг

      12.000 төгрөг х 2103 ширхэг = 25.236.000

  4. Алтайн сугас загас 1 ширхэг нь 7000 төгрөг х 2 дахин = 14.000 төгрөг

      14.000 төгрөг х 2416 ширхэг = 33.824.000 төгрөг буюу нийт 127.162.000 төгрөгийг хариуцагч Н.*******ээр төлүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас 114.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

 

Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн     1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль хамгаалах санд оруулах”-аар заажээ. Иймд хариуцагч Н.*******ээс амьтны аймагт учруулсан хохирол 127.162.000 төгрөгийг гаргуулж Байгаль хамгаалах санд оруулахаар шийдвэрлэлээ.    

 

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  хариуцагч Н.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 793.760 төгрөг гаргуулан төсвийн орлого болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн         115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон     ТОГТООХ НЬ:

     

  1. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Амьтны тухай

хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.*******ээс гэм хорын хохиролд 127.162.000 /нэг зуун хорин долоон сая нэг зуун жаран хоёр мянган/ төгрөгийг гаргуулан Байгаль хамгаалах санд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 114.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

             2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгч байгуулага Дорнод аймгийн ******* ын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.              

            3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  хариуцагч Н.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 793.760 төгрөг гаргуулан төсвийн орлого болгосугай.

                4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.   

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нар мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      С.ГАНЧИМЭГ

                               ШҮҮГЧИД                                 Ш.АЛТАНЦЭЦЭГ

                                                                                  Г.УРТНАСАН