Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/653

 

      2020        7            07                                      2020/ШЦТ/653

                                 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2020/0652/Э

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: П.Эрдэнэбаатар;

шүүгдэгч: Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-д холбогдох эрүүгийн 2009010160765 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1999 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол, 11 дүгээр байр, 95 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Д.Д /РД: /

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрүүдийн хооронд Ц.Оюунбаяртай ажил хэргийн холбоотой танил хэмээн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж “Зээлийн гэрээ” хийн гэрээгээр халхавчлан хуурах аргаар “захирлын эмчилгээний зардалд туслаач, төлбөр хийхгүй бол хагалгаанд оруулахгүй гэнэ” хэмээн 1.800.000 төгрөг, мөн Оросын Холбооны улсаас бараа авчирна, маш ашигтай хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 10.000.000 төгрөг, нийт 11.800.000 төгрөгийг шилжүүлэн залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д-н өгсөн: “...Би залуу хүнийхээ хувьд маш их зүйлийг ойлгосон. Би хохиролд 11.800.000 төгрөгийг ар гэрийнхэн болон найз нөхдөөсөө авч хохирогчид төлсөн...” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч Ц.Оюунбаярын өгсөн: "...2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр н.Батжаргалын туслах ажилтан болох Д.Д гэх залуу 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр над дээр хүрч ирээд Батжаргал захирлын биеийн байдал муу байгаа учир маргааш яаралтай хагалгаанд орох болоод эмчилгээний төлбөрт яаралтай мөнгө хэрэг болоод байна та ганц удаа тус болж мөнгө зээлээч гэхээр нь, би тэгвэл захиралтай чинь утсаар ярья гэхэд захирал одоо утсаар ярих боломжгүй маргааш яаралтай хагалгаанд орохоор болчихоод байгаа учир та ганц удаа тус болооч би компанийн нэр дээр гэрээ байгуулж авна төлбөр төлөхгүй бол эмчилгээ хийж хагалгаанд оруулахгүй гээд байгаа юм гэж хэлэхээр нь зөвшөөрч 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Д.Дтэй зээлийн гэрээ байгуулж 1.800.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй бэлнээр өгсөн.

Тэгээд түүний дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Д.Д над руу утсаар залгаад тантай уулзах хэрэг байна гэхээр нь зөвшөөрч Баянзүрх дүүргийн нутагт уулзахад Д.Д өөрийн найз Баасанпүрэв гэх хүнтэй хамт ирсэн ба ирээд уулзахдаа Д.Д та намайг мэдэхгүй биш дээ дүүд нь яаралтай мөнгөний хэрэг гараад, дүү Оросын Холбооны Улс руу гарч ойр зуур зарчихаар архи, виски, үнэт чулуу аваад ирэх гэсэн юм та дүүдээ 7 хоногийн хугацаатай 15.000.000 төгрөг зээлээч энэ маш их ашигтай юм би танд найдвартай буцааж өгнө таны зээлсэн мөнгөн дээр хүүг нь нэмж өгье гээд гуйгаад байхаар нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 10 хувийн хүүтэй 10.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Спортын төв ордны хажуу талын Хаан банкнаас Д.Дийн ХААН банкны данс руу шилжүүлсэн бөгөөд гэрээгээр тохирсон хугацаа дуусаж Д.Дээс зээлсэн мөнгөө асуухад хорио тавигдаад хэцүү байна гэх мэт олон шалтгаан хэлсээр байсан ба сүүлд 2020 оны 02 дугаар сарын 05-ны Д.Дтэй уулзаж 10.000.000 төгрөгийн хүү болох 500.000 төгрөгийг нэмж, нийт 10.500.000 төгрөг болгоод гэрээний хугацааг сунгаж 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр болгоод өгөөч гээд гуйгаад байхаар нь зөвшөөрч нотариат орж баталгаажуулсан. Түүнээс хойш хугацаа дуусах дөхөж түүний ажилладаг байсан гэх “Төгс Цэлмүүн” ХХК-аас асуухад манайхаас гараад удаж байгаа гэж хэлсэн бөгөөд Д.Д руу залгаж зээлсэн мөнгөө авахаар асуухад олон төрлийн шалтаг хэлж одоог хүртэл мөнгөө өгөхгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Одоогийн байдлаар нэг ч төгрөг эргүүлэн өгөөгүй, сүүлд н.Батжаргалаас асуухад Д.Дээр мөнгө төгрөг хайлгуулсан зүйл байхгүй, худлаа хэлж наадах чинь мөнгө авсан байна, гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 33, 34 тал/,

Гэрч Б.Батжаргалын өгсөн: "...2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Д.Д нь эмнэлэг дээр ирсэн, тухайн үед би осолд орчихсон хэвтрийн байдалтай байсан. Д.Д-н тухайд бол ерөнхийдөө манай гүйцэтгэх захирал н.Ганбилэгийг дагаж гарын үзүүрт зарагддаг байсан хүүхэд байгаа юм. Тийм болохоор би итгээд тухайн өдөр оффисын түлхүүр өгсөн бөгөөд оффис дээр сууж бай, хүн амьтан ирж уулзахаар бол болсон байдлыг хэлээд захирлууд осолд орсон байгаа талаар хэлээрэй гэж захисан байсан. Үүнээс өөрөөр ямар нэгэн байдлаар эрх олгосон зүйл огт байхгүй, энэ нөхцөл байдлыг ашиглаад Д.Д нь сэйфэнд байсан компанийн тамга тэмдэг ашиглаж хүнээс худал хэлж мөнгө авсан байсныг би сүүлд мэдсэн, хүнээс мөнгө авахдаа захирлын биеийн байдал муу байгаа, эмчилгээний зардал хэрэгтэй гэж худал хэлж мөнгө авсан юм билээ. Миний тухайд Д.Дийг эмчилгээний зардал олоод ир, хүнээс мөнгө аваад ир гэж огт хэлсэн зүйл байхгүй, тийм зүйл яриа ч үгүй. Би хагалгаанаас гараад Д.Дд 200.000 төгрөг өөрөөсөө өгч, данс руу нь шилжүүлээд баяр болж байгаа юм байна, гэртээ нэг ч гэсэн тоорт, чихэр аваад оч гэж хэлж өгсөн, тамганы тухайд гүйцэтгэх захирал талийгаач н.Ганбилэгийг дагалдаж явдаг байхдаа сейфны нууц дугаар мэддэг болсон байх, Д.Д-с эм тариа нэхэж авахуулсан, мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. Одоо хүртэл уулзаагүй явж байгаа, компанийн өрөөний түлхүүр аваад алга болсон. Батжаргал захирал мөнгө хэрэгтэй байна, компанийнхаа мөнгө санхүүгийн асуудлыг чи зохицуулаарай гэж үүрэг даалгавар өгсөн байсан болохоор Ц.Оюунбаяраас мөнгө зээлж авсан гэж мэдүүлсэн байна. Гэхдээ тийм зүйл байхгүй, манай компани бүхэл бүтэн санхүү хариуцсан нягтлан бодох бүртгэлийн албан ажилчид хүмүүс байхад би юу гэж хамгаалалтын хүнд тийм зүйл ярих билээ дээ. Ер нь Д.Д гарын үзүүрт зарлага хийдэг л хүүхэд байсан, Ц.Оюунбаяраас дахиж 10 сая төгрөг авсан гэдгийг мэдсэн, гэхдээ юу гэж хэлж авсныг мэдэхгүй байна, төлчихнө гэж хэлээд аваад явсан гэсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/,

2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 104 дугаартай, 2020 оны 02

дугаар сарын 05-ны едрийн 91 дугаартай "Зээлийн гэрээ"-нүүд /хх-ийн

11-15 тал/,

Цэгмидийн Цэдэн-Иш харилцагчтай 5800971103 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга: “...2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цаг 11 минутад 10.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн" талаарх хуулга, мөн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Ц.Оюунбаяр эзэмшигчийн данснаас 1.800.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн талаарх банкны зарлагын мэдүүлэг /хх-ийн 14 тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

шүүгдэгч Д.Д нь 2019.12.19-ний өдрөөс 2020.01.20-дын хооронд хохирогч Цэдэн-Ишийн Оюунбаяртай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж Төгс цэлмүүн ХХК-ийн захирал Б. Батжаргал гэгчийн нэрийг барьж түүнийг автын осолд орсон, бие нь тааруу байгаа, эмчилгээний зардалд нь туслаач, төлбөр хийхгүй бол хагалгаанд оруулахгүй байна гэх зэргээр хууран мэхэлж 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг залилан авсан, мөн Оросын Холбооны Улсаас бараа авчирна, маш ашигтай 10 сая төгрөгийг хүүтэй зээлчих, мөнгө төлөх баталгаа болгож зээлийн гэрээ хийе гэж Зээлийн гэрээ  хийлгүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Ц. Оюунбаяраас дахин 10.000.000 төгрөг, нийт 11.800.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Д.Д-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах”  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Д.Д нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Д.Д-н хувьд амар хялбар аргаар бусдаас мөнгө төгрөг олж амьдрах, хувьдаа ашиг хонжоо олох гэсэн шууд санаатай шунахай зан байдал нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ц.Оюунбаярын зүгээс “хохирлоо бүрэн хүлээж авсан, гомдолгүй” гэсэн тайлбар өгсөн болох нь шүүгдэгч Д.Д-н хавтаст хэрэгт гаргаж өгсөн үүрэг дуусгавар болсон тухай гэрээ, мөн шүүгчийн туслахаас шүүх хуралдааны тов мэдэгдэхэд өгсөн хариу зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Д.Д-г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.Д-д 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч Д.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа хувийн байдал, бусдад учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Д.Д-д торгох ялыг сонгон хэрэглэж түүнд 2000 /хоёр мянаг/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Д.Д-г хуурч, баримт бичиг ашиглаж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш       14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР