Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/690

 

 2020        7          21                                       2020/ШЦТ/690

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2018/0556/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж, нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал, улсын яллагч Д.Даваадорж, хохирогч Н.Хантайж, шүүгдэгч З.Х, түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Х-д холбогдох эрүүгийн 1809019830505 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, ээж, дүү нарын хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт Ухаагийн 24-10 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, З.Х /РД: /

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч З.Х нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сэвэн зочид буудлын ресепшиний шүүгээнээс иргэн Н.Хантайжийн гар утас, хэтэвч, үнэмлэх, монетон гинж зэрэг эд зүйлс, иргэн Б.Дэнсмаагийн гар утас, үнэмлэх, зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч З.Х: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хохирогч Н.Хантайж мэдүүлэхдээ: “Би 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нэг зочид буудалд найзын хамт үйлчлүүлсэн. Тэгээд тухайн үед бэлэн мөнгө байхгүй байсан тул буудлын төлбөрт түрийвчээ гар утастайгаа үлдээгээд маргааш буудлын төлбөрөө төлчихөөд барьцаанд тавьсан эд зүйлээ авах гэтэл түрийвч, утас хоёрыг маань буудлаас алдчихсан байсан. Одоо би гар утас, түрийвч, түрийвчин дотор байсан монетон гинжний үнэ гээд нийт 2.219.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс:

Хохирогч Н.Хантайжийн өгсөн: "... Би 2018 оны 04 дүгээр сарын 20-ны орой 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэвэн зочид буудалд үйлчлүүлэхээр орсон... Ресепшинд гар утас, жолооны үнэмлэхтэй хэтэвчээ барьцаанд үлдээгээд орсон.... Маргааш нь... тооцоогоо хийчихээд эд зүйлсээ авья гэсэн чинь ресепшн эгч "хэтэвч, гар утас чинь хулгайд алдагдсан байна" гэж хэлж байсан... Самсунг трэнд брэндийн 2 симтэй, мэдрэгчтэй гар утас байсан. Гар утсаа 70.000 төгрөгөөр үнэлж байна. Хэтэвчийг... 40.000 төгрөгөөр үнэлж байна. Монетон гинж нь... 24.5 грамм жинтэй 585 сорьцтой гинж байсан... 500.000 төгрөгөөр үнэлнэ..." гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

Дахин өгсөн: "Зочид буудлын ажилтан болон бусад хүмүүсээс надад ямар ч хохирол төлөөгүй байгаа. ... Би тухайн гинжийг найзаасаа бэлгэнд аваад удаагүй байсан ба хүнтэй ноцолдож байгаад гинжийг дундуур нь тасалчихсан. Тухайн үед би гинжний бодит үнийг мэддэггүй байсан учраас тухайн мэдүүлгийг өгсөн. Үнэлгээгээр гарсан 2.219.800 төгрөгийн хохирлыг барагдуулж авмаар байна" /хх-ийн 153 тал/,

Хохирогч Н.Дэнсмаагийн өгсөн: "...Би 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгаас ирээд өөрийн нөхөртэйгөө уулзах гэж байсан чинь манай нөхөр ажил гараад уулзаж чадаагүй юм. Тэгээд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах "Сэвэн" зочид буудалд буусан ба эд зүйл болох гар утас иргэний үнэмлэх хоёрыг буудлын ресепшинд өгсөн ба маргааш өглөө нь эд зүйлээ авах гэсэн чинь хулгайд алдсан байсан. Би Булган аймагт байдаг болохоор хот руу байнга ирээд байж чадахгүй. Тийм болохоор шүүх хуралд оролцож чадахгүй. Надад гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

Гэрч Д.Мөнгөнцэцэгийн өгсөн: "...Би 2018 оны 4 сарын 21-ний өглөө 11 цагт ээлж хүлээж авсан. Намайг хүлээж авахад 202 тоот өрөөнд Дэнсмаа гэдэг хүн, 204 тоотод Хантайж гэдэг хүмүүс хоносон байсан. Бууж байгаа ресепшн Буяндэлгэр... нь надад 202 тоотын үйлчлүүлэгч Дэнсмаагийн... гар утас... зэрэг эд зүйлсийг хүлээлгэн өгсөн. Тэр эд зүйлс нь текний доод талд байдаг түгжээтэй шүүгээнд хадгалсан. 12:30 цагийн үед би өрөө хүлээж авахаар явахдаа уг шүүгээг түгжчихээд түлхүүрийг нь зоолттой орхичихоод явчихсан байсан. Гарах хүнээс өрөө хүлээж авчихаад эргээд ирэхэд шүүгээ онгорхой дотор нь байсан дээрх хүмүүсийн хадгалуулсан эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Тэгээд хяналтын камерын бичлэгээ шүүгээд үзсэн чинь 209 тоот өрөөнөөс гарч ирсэн 4 залуугийн 3 залуу нь шууд гарч явсан байсан. Текний хажууд үлдсэн... нь шүүгээг түлхүүрээр нь онгойлгоод уг эд зүйлсийг авч гарсан байсан. Тэр залуу иргэний үнэмлэхээрээ бүртгүүлсэн З.Х гэх залуу байсан. Манай камерын бичлэг нэг өдөр хадгалдаг бөгөөд хуулбарлан авах боломжгүй байна... Дэнсмаа гэдэг хүнд нь би өөрийнхөө Самсунг Эс4 гар утсаа өгсөн... Би өөрийн буруутай үйлдлээс болж эд зүйлс алдсан болохоор Дэнсмаад өөрийн гар утсаа өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,

Д.Мөнгөнцэцэгийн иргэний хариуцагчаар өгсөн: "...тухайн үед манай буудалд буусан тэр хоёр хүний эд зүйлийг би хадгалахаар аваад шүүгээндээ хийгээд түгжсэн байсан. Тэгтэл тухайн хоёр хүний эд зүйлийг хийж түгжсэн байсан шүүгээг онгойлгож эд зүйлийг хулгайлсан байсан. Би тухайн үед нэг эмэгтэйгийнх нь хохирлыг төлж барагдуулсан. Миний хувьд тухайн эрэгтэй учирсан хохирлыг төлж барагдуулах мөнгө байхгүй. Тэр хүнийг хохирлыг хулгай хийсэн хүнээс нэхэмжпэх болно. Мөн тухайн үед тэр эрэгтэй эд зүйлээ алдсан гээд буудлын төлбөрийг хийхгүй манай буудлаас гарсан. Мөн тухайн эрэгтэй миний өмнө гарсан буудлын угтагчид түрийвч, гар утсаа үлдээсэн байсан. Би тэр эрэгтэйг яг ямар ямар эд зүйл үлдээсэн талаар мэдэхгүй. Тухайн эрэгтэй эд зүйл хулгайд алдагдасны дараа миний түрийвчинд гинж байсан гэж хэлсэн. Би тэр эрэгтэйн түрийвчинд гинж байсан эсэхийг мэдэхгүй байна" гэх мэдүүлэг /хх-ийн 153-154 тал/,

Гэрч Д.Буяндэлгэрийн өгсөн: "...З.Х гэдэг залуу нь өөрийн иргэний үнэмлэхийн лавлагааг үзүүлж... төлбөр тооцоогоо бэлнээр хийсэн... Маргааш өглөө нь 10 цаг өнгөрч байхад З.Х нь 00-ын дэргэд таарсан. Намайг "та бууж байгаа юм уу, баяртай аниа" гэж хэлж байсан. Тэгээд би ээлжээ өгөөд буусан. Намайг буугаад явж байтал Мөнгөнцэцэг над руу 12:41 цагт залгахад "209- д хоносон хүүхдүүд бичиг баримтаа бүртгүүлсэн үү, тэр хүүхдүүд хүний хадгалуулсан эд зүйлийг аваад явчихжээ" гэсэн. Маргааш нь би ажил дээрээ очоод хяналтын камерын бичлэг үзэхэд З.Х нь... ресепшний текний доод талын шүүгээг түлхүүрээр нь онгойлгон дотроос нь 2 ширхэг гар утас, түрийвч аваад гараад явж байгаа бичлэг байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,

Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 26-27, 30-31 тал/,

З.Х-н яллагдагчаар өгсөн: "...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 4 дүгээр сарын 20-ны 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Сэвэн зочид буудалд хоночихоод маргааш өглөө нь 12 цаг өнгөрөөгөөд гарсан. Тухайн үед жоохон архи уучихсан байсан. Гарахдаа ресепшн байхгүй текэн дээр хүнгүй байсан. Тэгээд текний доодох шүүгээ нь онгорхой байхаар нь шагайж үзэхэд 2 гар утас, хэтэвч байсан. Тэрийг нь аваад гар утаснуудыг нь халаасандаа хийгээд хэтэвчийг нь өмдөндөө хавчуулаад гараад явсан... Би хохирлоо барагдуулах болно..." гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

Шүүгдэгч З.Х нь 2018.04.21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Seven зочид буудлын ресепшний шүүгээнээс тус зочид буудлаар үйлчлүүлж байсан иргэд болох хохирогч Нарантуяагийн Хантайжийн гар утас, хэтэвч, үнэмлэх, монетон гинж зэрэг эд зүйлсийг, хохирогч Намхайн .Дэнсмаагийн гар утас, үнэмлэх, зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг мөн байх бөгөөд шүүгдэгч З.Х нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд гэмт хэргийн замаар амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж амьдрах гэсэн шунахай, гэмт зан байдал нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч З.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, нийгмийн хор аюул, учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулаагүй, мөн өөрт холбогдох хэргээ шүүхээр хянан шийдвэрлүүлэлгүй шүүхээс оргон зайлсан, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг байдлуудыг харгалзан шүүгдэгч З.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрлөөс хорих ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгдэгч талаас хохирогч Н.Хантайж болон шүүгдэгчийн ээж н.Эрдэнэсүрэн нарын хооронд хийсэн нотариатаар батлуулсан 2.219.800 төгрөгийн зээлийн гэрээг нотлох баримтаар хэрэгт хавсаргуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганзориг нь үүнийг хохирол нөхөн төлөх талаар илэрхийлсэн баримт гэж байгаа ч энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн буюу анхнаасаа хүчин төгөлдөр бус бай хэлцэл гэрээ байх тул уг зээлийн гэрээг шүүх нотлох баримтаар хүлээн авах боломжгүй гэж үзэж, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанаар шүүгдэгч З.Х-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа хохирол нөхөн төлөх зорилгоор завсарлага авах хүсэлт гаргасан бөгөөд уг хугацаанд хохирол бүрэн төлөгдөх боломжгүй гэж үзэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хүлээн авахаас мөн татгалзаж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 2.219.800 төгрөг гаргуулж хохирогч Н.Хантайжид, 150.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Мөнгөнцэцэгт тус тус олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч З.Х-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 130 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З.Х-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Х-д 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч З.Х-д оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч З.Х-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 130 /нэг зуун гуч/ хоногийг ял эдлэх  хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч З.Х-с 2.219.800 /хоёр сая хоёр зуун арван есөн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Хантайжид /СХД, 4-р хороо, Аптаун Вилла хотхоны 53д байр 220 тоот, РД: УП97110353/, 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Мөнгөнцэцэгт /ХУД, 7-р хороо, Жаргалантын 7-154 тоот, РД: ШД81012160/ тус тус олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч З.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.БОЛДБААТАР