Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/689

 

   2020        7            21                                   2020/ШЦТ/689                                     

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2020/0704/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

улсын яллагч Д.Пүрэвдагва,

шүүгдэгч Х.О, түүний өмгөөлөгч А.Золжаргал, Ц.Батзориг,

Шүүгдэгч Л.Х түүний өмгөөлөгч А.Ганбат, А.Оюун орчуулагч Цуй Хай Пин нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар                     

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.О, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч БНХАУ-ын иргэн Л.Х нарт холбогдох эрүүгийн 1941000260008 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1980 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 40 настай эрэгтэй, дээд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ Монгол улсын Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 429-70 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал: 2018 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй, Х.О /РД: /,

Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн, 1955 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Бүгд найрамдах Хятад ард улсын Хэйлонг Жианг /Heilong Jiang/ мужид төрсөн, 65 настай эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин, Хятад хэл судлаач, бизнесийн удирдлага мэргэжлүүдтэй, одоо "Чан Чю" ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, Бүгд Найрамдах Хятад Ард улсын Харбин муж, Хан Кү хот, Зень И гудамж Хуа Иен хотхон 114 дүгээр байрны 2 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Монгол улсад Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо "Хүннү 2222" хороолол 114/1D байрны 114 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, паспортын дугаар: Л.Х

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Х.О нь нийтийн албан тушаалтнаар буюу Зам тээврийн хөгжлийн яамны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Л.Х-с 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Зам тээврийн хөгжлийн яамны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан өрөөндөө 20.000 /хорин мянга/ юань буюу 7.822.400 төгрөгийн хахууль шууд авсан,

БНХАУ-ын иргэн Л.Х нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яамны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо Зам тээврийн хөгжлийн яамны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан өрөөнд 20.000 /хорин мянга/ юань буюу 7.822.400 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.О-н өгсөн: “Би 2005 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийг төгсөөд 15 жил замын салбарт ажилласан. Ингэхдээ талбайн инженер, ерөнхий инженер, Зам тээврийн хөгжлийн төвд хэлтсийн дарга, Зам тээврийн хөгжлийн яаманд хэлтсийн дарга, газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. 2016 онд Зам тээврийн хөгжлийн яаманд хэлтсийн даргаар ажиллахад удирдах ажлын зөвлөгөөнийг гардан зохион байгуулсан. Мөн замын компаниудад огт техникгүй байхад 24 техникийг Азийн хөгжлийн банктай уулзалт хийж олгуулах ажлыг зохион байгуулсан. 2017 онд Авто замын тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. Үүний ажлын хэсэгт ажилласан. Мөн дагаж гарсан 17 журмын ажлын хэсэгт гишүүн болон даргаар ажилласан. Үүнээс 2 журмыг Засгийн газрын хуралдаанаар оруулж батлуулсан. Мөн Улаанбаатар-Дархан чиглэлийн 84 сая ам доллароор хийгдэхээр Улсын Их Хурлаар батлагдсан ажлыг 63.8 сая ам долларт багтаан гэрээ байгуулсан ажлын хэсэгт ажиллаж байсан зэрэг олон үр ашигтай ажлуудыг хийсэн... Тухайн хэрэг гардаг 2019.12.30-ны өглөө 08 цаг 30 минутын үед Л.Х-ийн орчуулагч залгаад “ажил дээрээ ирэх болж байна уу” гэж хэлэхэд “арай очих болоогүй та нарт надтай уулзах уулзалт байхгүй” гэж хэлсэн. Учир нь урд өдөр нь Авто зам байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээ болж оройтсон байсан. Тэгээд намайг гэрээсээ гараагүй байхад дахин залгахад “би 20-30 минут болно” гэж хэлсэн. Тэгээд Зам тээврийн хөгжлийн яам руу ороход үүдэнд орчуулагчтайгаа байсан. Би баруун гар талдаа зуны ботинкоо бариад үүдний жижүүртэй мэндлээд орсон. Араас Л.Х орчуулагчийн хамт ороход жижүүр бичиг баримтаа шалгуулаарай гээд үлдсэн. Би өрөөнд ороод компьютероо асаагаад байж байхад араас орж ирээд орчуулагч нь гараад явсан. Үүд хаагаад надад нэг боодолтой зүйл Л.Х өгөхөд би хэл ойлголцохгүй тул гараараа ингэж болохгүй гэж дохиод түлхчихээд доошоо хараад гутлаа сольж уутанд өвлийн гутлаа хийчихээд дээшээ харахад Л.Х алга болсон байсан. Гэтэл ширээн дээр Хятад бичигтэй боодолтой зүйл тавьсан байсан. Би араас нь гүйж гараад коридорт харахад юу ч байхгүй. Урд 407 тоот өрөө рүү ороход 1-2 мэргэжилтэн байсан. Би буцаж өрөөндөө орж ирсэн. Орчуулагч руугаа явсан гэж ойлгоод жаахан хүлээгээд орчуулагчтайгаа орж ирэх байх гээд юуг нь ч ойлгоогүй сууж байтал дэд сайдын туслах над руу залгаад яаралтай ороод ирээч гэж хэлсэн. Дэд сайд Халтар нь надад Төмөр замтай холбоотой үүрэг даалгавар өгсөн. Би замдаа 2 мэргэжилтнээ дуудаж өрөөндөө орж ирэхэд нөгөө боодолтой зүйл байсан. Би төрийн нарийн бичгийн даргын тушаалаар гэрээ дүгнэх ажлын хэсгийн дарга байсан учир 4 компанитай уулзаж тохиролцсон байсан. Ирэх жил хэдэн сард замын ажлыг дуусах вэ гэдгээ танилцуул гэх байрь суурьтай байсан. Манай ажлын хэсэгт хяналт шинжилгээ дотоод аудитын газрын мэргэжилтэн, хуулийн мэргэжилтэн, хариуцсан мэргэжилтэн, төсөл хэрэгжүүлэх нэгжийн хүмүүс байдаг учир тэдгээрт танилцуулах гээд боодолтой зүйлийг шүүгээнд авч хийсэн. Тэгээд араас нь Загдраднаа болон мэргэжилтнүүд орж ирж тухайн асуудлыг өрөөндөө ярьсан. Үүний дараа зарим мэргэжилтнүүд надаар гарын үсэг зуруулах гээд ажил хөвөрсөн. Ингээд нэг мэдэхэд 12 цаг болсон байсан учир Эрдэнэ-Очирын хамт ресторанд орж цай уухад “Хятадууд ирсэн үү гэхэд ирсэн нэг боодолтой зүйл өгөөд гарлаа” гэж хэлсэн. Тухайн үед гавъяат барилгачин нас барсан байсан тул Эрдэнэ-Очир мөнгө хураагаад завгүй байсан. Би Эрдэнэ-Очирт үүнийг ажлын хэсгийн хуралдаанд гаргаж танилцуулъя гэдэг байдлаар хэлсэн. Надад хүнээс мөнгө авахаар тохиролцсон зүйл байхгүй. Уг ажлыг хурдан хугацаанд хийж 10 сар гэхэд хучилтыг дуусгана гэчихээд дуусгахгүй болохоор нь гэрээний 15.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг тавьсан. Яагаад өдрийн 0.5 хувийн алданги тооцох гээд байгаа юм гэхэд гэрээн дээр зааснаар алданги тооцно гэж хэлсэн. Түүний зөвлөх Ая Сити компани нь зохих хэмжээний мөнгө тавьбал түр замыг тавих боломжтой гэж байсан. Түр замыг авах ажлын мөнгө хэтэрхий бага учир дуусахгүй байна гэх зөвлөгөөг өгсөн. Түүний компани 37 километроос 14 километрыг тавьсан учир би шаардлагаа тавьсан. Тэгснээс надад бусдаас мөнгө авах бодол байгаагүй. Авто замын салбарыг зөв бодлоготой, ард иргэдэд ойлголттой болоосой гэж ажиллаж байсан. Тухайлбал, тусгай зөвшөөрөл гэх маргаантай зүйлийг нээлттэй болгох, олон хүний гарын үсэг зурдаг байдлыг багасгах зэрэг олон үр ашигтай ажил хийсэн.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Х-н өгсөн: “Би Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн. Монгол Улсад зам засварын ажил хийхээр ирсэн. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын эхний 37 км автозамын ажлыг 13 сая ам долларын хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр манай компани тендерт шалгарсан. Ингээд 2019.06.21-ний өдөр Зам тээврийн хөгжлийн яамтай гэрээгээ байгуулж ажил эхэлсэн. 2019 оны 12 дугаар сарын 20-дын орчим Зам тээврийн яамнаас 09 цагт хурал хийнэ гээд намайг дуудсан. Тухайн үед төв компанийн ажлын хүмүүстэй уулзах гээд тохиролцсон байсан учир 2019.12.24-ний өдөр Бээжин явах билетээ авсан байсан. Ингээд 09 цагт хурал зарлагдсан учир би Зам тээврийн яаманд очиход хурал цагтаа эхлээгүй. Би 10 цагт нисэх буудал явах ёстой байсан учир явахгүй бол болохгүй гээд хурлаа хаяад гараад явсан. Коридорт Х.О-той таарч “өнөөдөр би чөлөө авъя, энэ хуралд оролцож чадахгүй байна, урьд ажил ихтэй билетээ авсан учир явлаа” гэдгээ хэлээд чөлөө авахад Х.О чөлөө өгөхгүй гэх янзтай толгой дохисон. Би түүнтэй гар барих гэтэл гар бариагүй. Ингээд би Бээжин явсан. Би үнэхээр хурлаа хаяад явсан учир сэтгэл эмзэглэсэн. Би Бээжингээс 2019.12.29-ний өдөр буцаж Монгол Улсад ирсэн. Энэ өдөр буюу 12 дугаар сарын 29-ний өдөр Зам тээврийн яамны нэг ойн баяр болж байгааг сонссон. Би хурлыг нь хийгээгүй хаяад явсанд уучлалт гуйх гээд Зам тээврийн яаманд орчуулагчийн хамт очсон. Очоод би Х.О-с уучлалт гуйх гээд өөрийн 20.000 юанийг дугтуйнд хийгээд дээр нь нэрээ бичээд түүний өрөөнд орж ширээн дээр тавиад эргээд буцаад явсан. Уг мөнгийг өгөхдөө ямар нэгэн ажлын байдлаар өгөөгүй. Бид 2 хэл нэвтрэлцэж чадахгүй учир юм яриагүй эргэж гарахдаа баяртай гээд гараараа дохиод гарсан. Би энэ талаар Монгол Улсын хуулийг мэдэхгүй, хууль зөрчсөн байна гэдгээ тухайн үед огт мэдэхгүй байсан. Би уучлалт гуйж байна, Зам тээврийн ойн баяр болсон, давхар шинэ жил болж байна гэж бодоод тэрийг өгсөн. Сүүлд нь өмгөөлөгч авахад энэ хүний өрөөнд ямар нэгэн байдлаар юм оруулж өгсөн бол та хууль зөрчсөн гэж хэлэхэд би буруу зүйл хийснээ мэдсэн. Үүнээс хойш би буруу зүйл хийсэндээ маш их санаа зовсон.../шүүгдэгч уйлав/.. Би Х.О даргыг үнэхээр ажлаа сайн хийдэг гэж ойлгодог. Замын талбайд дандаа бидэнд шаардлага тавьдаг. Янз бүрийн ажлын шаардлага тавьсны төлөө би мөнгө өгөөгүй. Би энэ хүнийг ийм байдалд оруулсанд хэцүү байна. Би урд, өөрийн улсад байхдаа ямар нэгэн хэрэг, зөрчил маргаанд холбогдож үзээгүй. Хятад хүмүүс ямар хөдөлмөрч байдаг түүн шиг л ажилладаг. Монгол Улсад ирээд ийм хэрэгт холбогдсондоо үнэхээр харамсалтай байна, уучлаарай. Би одоо 65 настай. Хэд хоногийн өмнө Интермэд эмнэлэгт хэвтсэн. Монголд ирээд ийм хэрэг хийсний улмаас би бүтэн нойртой хоноогүй. Үүнээсээ болоод 3 удаа ухаан алдаж эмнэлэгт хэвтсэн. Эмч үзээд намайг элэгний церрозын 3 дугаар үед орсон байна гэж хэлсэн. Би урьд өмнө нь элэгний судсаа 2 удаа боолгуулж байсан. Эмч хэлэхдээ урагшаа явж элгээ солиулахгүй бол болохгүй гэж хэлсэн. Машинд хамаагүй суугаад доргиож болохгүй тухай зөвлөсөн. Би өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож сэтгэлийн үгээ хэлж байгаадаа баяртай байна. Миний өмгөөлөгч нарын зүгээс шүүхэд гаргаж өгсөн сэтгүүлд намайг урд байхдаа ямар ажил хөдөлмөр эрхэлдэг байсныг харуулж байна. Би урд байхдаа хийсэн ажилдаа үр дүнтэй байдаг байсан. Намайг урьд нь ийм буруу үйлдэл хийж байгаагүй гэдгийг харуулсан. Би биеэ эрүүл болгосны дараа дахин Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж сайн хүн болохоо харуулна. Саяхан би Монгол улсад корона вирустай тэмцэхэд зориулж 10.000 ширхэг амны хаалт хандивласан байгаа. Би хэл мэдэхгүйгээс ийм буруу үйлдэл хийсэнд гэмшиж байна. Намайг ойлгоорой” гэх мэдүүлэг

Хавтаст хэргээс:

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 25-50-р хуудас/,

Нэгжлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 51-61-р хуудас/,

Нэгжлэг хийх тухай прокурорын зөвшөөрөл, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зам тээврийн хөгжлийн яамны 401 тоот өрөөнд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 62-64-р хуудас/,

Эд мөрийн баримт хураан авах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 65-67-р хуудас/,

Хятад хэлнээс орчуулсан баримт /1-р хх-ийн 95-р хуудас/,

Гэрч Ц.Түмэнбаярын өгсөн: "...БНХАУ-ын Хэйлонг Жиан Жиней рөүд энд бридж ХХК нь Улаанбаатар Дархан чиглэлийн 37 км авто замын ажлыг 13.064.750 ам.доллароор хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байгаа. Уг замын ажлыг 2019 оны 11 сарын 01-ний өдрийн дотор дуусгаж, авто замын хөдөлгөөнийг нээнэ гэсэн нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан боловч хугацаандаа хучилтыг хийж дуусгаагүй, хөдөлгөөнийг нээгээгүй. ...хугацаандаа хийж дуусгаагүй эхний шалтгаан нь тус компанийн захирал Л.Х нь авто замын ажил дээрээ дуудаад ирдэггүй, ирэхээрээ хагас дутуу уулзалт хийгээд элчин сайд дуудаж байна гээд яваад өгдөг. Хоёрдугаарт Азийн хөгжлийн банкнаас урьдчилгаа төлбөр өгөхөөр заасан байхад БНХАУ-ын Хэйлонг Жиан Жиней рөүд энд бридж ХХК нь урьдчилгаа төлбөр аваагүй, өөрийн хөрөнгөтэй юм уу гэхээр туслан гүйцэтгэгч компаниуддаа санхүүжилт өгдөггүй. Гуравдугаарт БНХАУ-ын Хэйлонг Жиан Жиней рөүд энд бридж ХХК-ны зүгээс автозамын ажил хийхдээ нэг ч техник үйлдвэр оруулж ирээгүй, зөвхөн туслан гүйцэтгэгч компаниудаар ажил хийлгээд өөрөө зүгээр ард нь цүнх бариад зогсож байдаг. Эдгээр шалтгаануудаас болоод автозамын ажил хугацаандаа хийгдээгүй" гэсэн мэдүүлэг /1хх-ийн 103-104 хуудас/,

Гэрч З.Эрдэнэ-Очирын өгсөн: "...2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр намайг ажилдаа ирэхэд яамны үүдэнд "Хелин Жиан" ХХК-ийн захирал Л.Х сууж байсан. Дарханы замын хужаа байна гээд хараад л өнгөрсөн. Х.О даргатай 12 цаг 30 минутын үед бид хоёр яамны хажуугийн Гүрү гээд ресторанд ороод сет захиалж хамт хооллосон. Х.О даргаас нөгөө өглөө ирсэн байсан хужаа нартай уулзалдсан уу та гэхэд Х.О дарга ирэхэд байж л байсан уулзалдсан, ширээн дээр нэг юм хаяад гарсан гэж хэлж байсан. Би юу хаясан юм гэж асуугаагүй" гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 107-109 хуудас/,

Яллагдагч Л.Х-ийн өгсөн: "...Зам тээвэр хөгжлийн яамны
"Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар"-ын дарга Х.О
нь манай компанийн хийж байгаа замын ажлыг шалгаад хугацаандаа хийж
дуусгахгүй байна гээд хурал хийгээд гэрээг чинь цуцална гэж хэлэхэд нь манай
компани 5 замын компаниас өөрийн хариуцсан замын ажлыг чанартай сайн хийж
байгаа, хугацаандаа дуусгаж чадахгүй байгаа нь цаг агаарын байдлаас
болж байгаа талаар хэлж байсан. Х.О дарга нь их хатуу чанга хүн байгаа юм. Би бол гэрээ цуцална гэхэд нь их айсан. Дараа нь дахиад хурал хийгээд хугацаандаа ажлаа хийхгүй байна гэрээ цуцална гэдэг асуудал яригдах гээд байсан болохоор нь хурлыг нь орхиж гараад БНХАУ яваад буцаж ирээд 2019 оны 12 сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо "Зам тээврийн хөгжлийн яам"-ны "Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар"-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.О-д албан өрөөнд нь 20.000 юаны хахууль өгсөн юм. Хахууль өгсөн шалтгаан нь замын ажлын гэрээ цуцлахгүй байх гэж бодсон. Мөн би Х.О-с их айдаг байсан болохоор мөнгө өгчихвөл гайгүй байх гэж бодоод хахууль өгсөн." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 147-149 хуудас/,

Х.О-н яллагдагчаар өгсөн: “...Өрөөндөө ороод өвлийн гутлаа сольж байхад үүдэнд байсан 2 хүн манайд өрөөнд орж ирээд орчуулагч гэх залуу нь үг хэлэлгүй эргээд гараад явсан. Өрөөнд орчуулагчгүй хятад иргэн үлдсэн. Тэгээд үгийн зөрүүгүй боодолтой юм гаргаж ирээд надад өгөх гэсэн. Би юу болж байна гээд боодолтой зүйлийг нь түлхээд доошоо тонгойгоод гутлаа үдэж дуусаад дээшээ харахад нөгөө хятад хүн боодолтой зүйлээ ширээн дээр орхиод гараад явсан байсан. Тэгээд би араас нь гараад тухайн хятад иргэн болон надруу утсаар залгасан орчуулагч хоёрыг коридороор хайхад тухайн хүмүүс байхгүй, гараад явчихсан байсан. Тэгээд өрөөнд орж ирээд яахаа мэдэхгүй гайхаад сууж байж байтал утас дугараад дэд сайдын туслах "дэд сайд дуудаж байна" гэж хэлсэн. Ингээд би яаралтай дэд сайдын өрөөнд орж уулзаад яаралтай хийж гүйцэтгэх ажил хэргийн даалгавар аваад замдаа Загдраднаа гэх мэргэжилтнийг дуудан өрөөнд орж ирээд нөгөө ширээнд орхисон боодолтой зүйлийг ширээний нүдэнд хийгээд нөлөөллийн мэдүүлэг бичиж, ажлын хэсэгт яаралтай тухайн өдөр танилцуулна гэж бодоод дэд сайдын үүрэг болгосон яаралтай гэх ажлыг хийж эхэлсэн.

Ажлаа хийгээд удалгүй цайны цаг болсон. Би цайндаа Эрдэнэ-Очир гэх хамт ажилладаг хүнтэй гарч ажлын хажууд байрлах “Гүрү" нэртэй цайны газар орж хоол идэхдээ ажил хэргийн талаар бид 2 ярилцаж, энэ ярианы дундуур өглөө болсон үйл явдлын талаар Эрдэнэ-Очирт цухас дурдаж байсан. Тэгээд цайны газраас гарахад үүдэнд үл таних 4-5 хүн үнэмлэхээ үзүүлээд “Авлигатай тэмцэх газраас явж байна" гээд хамт миний ажлын өрөө рүү ороод хэсэг байж байгаад "хятад өвгөний өгсөн зүйл хаана байна гэж асуухаар нь би тэнд байгаа гээд шүүгээ рүүгээ зааж болсон үйл явдлын талаар тайлбарлаж хэлсэн. 2 цаг орчмын дараа өрөөнд нэгжлэг хийх тогтоол авчирч надад танилцуулахад би ууттай зүйлийг гаргаж өгсөн. Тухайн уутанд юу байсныг би мэдээгүй байсан. Миний гаргаж өгсөн ууттай зүйлийг Авлигатай тэмцэх газраас ирсэн хүмүүс задалж үзэхэд мөнгө байсан, тухайн мөнгийг холбогдох хүмүүс тоолоод 20.000 юань байна гээд аваад явсан. Ийм л зүйл болсон. Анх манай өрөөнд орж ирсэн хятад иргэн болон орчуулагч гэх хүнийг би огт танихгүй, ямар нэг харилцаа холбоо байхгүй, өмнө нь ганц нэг удаа хурал дээр харж байсан. Миний хувьд тухайн хятад иргэн болон орчуулагчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд шууд болон бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан зүйл огт байхгүй. ...Иймд надад холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ...гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байгаа прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэх мэдүүлэг /1хх-ийн 130-131 тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

Шүүгдэгч Х.О нь нийтийн албан тушаалтнаар буюу Зам тээврийн хөгжлийн яамны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа хахууль өгөгч БНХАУ-ын Хэйлонг Жиан Жиней рөүд энд бридж ХХК-ийн ерөнхий захирал Л.Х-ийн Улаанбаатар-Дархан чиглэлийн 37 км автозамын тендерийн ажлыг цуцлуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд түүнээс 2019.12.30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Зам тээврийн хөгжлийн яамны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан өрөөндөө БНХАУ-ын 20.000 /хорин мянга/ юанийн хахууль шууд авсан,

БНХАУ-ын иргэн Л.Х нь өөртөө болон өөрөө ерөнхий захирлаар нь ажилладаг БНХАУ-ын Хэйлонг Жиан Жиней рөүд энд бридж ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яамны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Улаанбаатар-Дархан чиглэлийн 37 км автозамын тендерийн ажлыг  цуцлуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс 2019.12.30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо Зам тээврийн хөгжлийн яамны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан өрөөнд нь 20.000 /хорин мянга/ юанийн хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.О-н өмгөөлөгч нараас “...Х.О албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шаардсан уу, авсан уу, амласан уу гэх байдлыг тогтоогоогүй, бусдаас хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хээл хахууль авсан үйлдэл тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх хүсэлтийг гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон үйл баримтуудаас үзэхэд шүүгдэгч Х.О нь гэмт хэрэгт холбогдох үедээ Зам тээврийн хөгжлийн яамны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч албан тушаалтай, уг албан тушаалын эрхлэх асуудлын хүрээнд Улаанбаатар-Дархан чиглэлд баригдаж байгаа автозамын гэрээ, ажлын биелэлтийг хянах, шалгах ажлын хэсгийн даргаар ажиллаж байсан. Энэ ажил, үүргийнхээ хүрээнд шүүгдэгч Л.Хы гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсан БНХАУ-ын Хэйлонг Жиан Жиней рөүд энд бридж ХХК-ийн УБ-Дархан чиглэлд барьж байгаа 37 км автозамын ажилд хяналт тавьж улмаар Хэйлонг Жиан Жиней рөүд энд бридж ХХК нь захиалагч Монгол улсын Зам тээврийн хөгжлийн яамтай уг автозамын ажлыг 2019.11.01-ний өдөр гэхэд дуусгаж замын хөдөлгөөнийг нээсэн байхаар гэрээ байгуулсан хэдий ч ажил нь тасалдаж, автозамын ажлын гүйцэтгэл  нь хагас хувьдаа ч хүрээгүй, гэрээний хугацаа дуусахад 37 км автозам баригдсан байх ёстойгоос 14 км автозамын хучилтыг хийсэн байсан учир Зам тээврийн хөгжлийн яам, түүнийг төлөөлж тус яамны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х. О-н зүгээс яаман дээр зарлаж хийсэн 2019.12.21-ний өдрийн хуралд “ажлаа хийж чадахгүй байгаа Хэйлонг Жиан Жиней рөүд энд бридж ХХК-ийн гэрээг цуцлана” гэх зэргээр автозамын ажлын гүйцэтгэлийг шахаж шаардсан асуудал яригдсан. Мөн үүний дараа Зам тээврийн хөгжлийн яамнаас 2019.12.24-ний өдөр УБ-Дархан чиглэлийн автозамын ажлыг гүйцэтгэгч компаниудыг дуудаж дахин хурал хийх болоход Хэйлонг Жиан Жиней рөүд энд бридж ХХК-ийн ерөнхий захирал Л.Х нь ажлын хариуцлагын асуудал яригдахаас зугатаж хурлыг хаяж БНХАУ руу явсан зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Л.Х нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Х.О дарга гэрээг цуцална гэсэн учраас айж байсан, тэгээд мөнгө өгвөл гайгүй болох байх гэж бодоод мөнгө үлдээгээд гарсан...” гэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хээл хахууль өгөгчөөс хахууль авснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Х.О нь шүүгдэгч Л.Х-ийн өөрийнх нь албан өрөөнд орж өөртэй нь уулзаад гарахдаа үлдээсэн дугтуйтай зүйл нь юу болохыг мэдсэн, мэдэх боломжтой байсан, мөн тухайн үед дугтуйтай зүйлийг Л.Х-с авахгүй байх талаар эсэргүүцээгүй, татгалзаагүй, Л.Х-г өөрт нь хахууль өгсөн талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй болох нь мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэдийгээр шүүгдэгч Х.О нь Л.Х-с хахууль авахаар нэхэж шаардаагүй, түүнтэй энэ талаар урьд өмнө нь ярилцаж тохиролцоогүй, авлига авахаар өөрөө санаачлаагүй боловч албан үүрэг, албан тушаалын хувьд Монгол улсын Зам тээврийн хөгжлийн яам, автозамын ажлыг захиалагч талыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтны хувиар тендерт шалгарч хийх болсон автозамын ажлаа хугацаанд нь хийж гүйцэтгэхгүй байгаа гүйцэтгэгч тал болох гадаадын хөрөнгө оруулалттай компанийн удирдлагаас албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шан харамж шууд авч байгаа үйлдэл нь өөрөө хахууль авах гэмт хэрэг мөн юм.

Өөрөөр хэлбэл хахууль өгөх, авах гэмт хэргийн онцлог шинж нь авлига өгөгч, авагч талуудын харилцан хүсэл сонирхлын илэрхийлэл байдаг онцлогтой.

БНХАУ-ын Хэйлонг Жиан Жиней рөүд энд бридж ХХК-ийн ерөнхий захирал ажилтай Л.Х-н шүүгдэгч Х.О-д “зарласан хурлыг нь хаяад явсандаа уучлал хүсч, мөн баярын үе таарсан тул сэтгэлийн бэлэг болгон өгсөн гэж тайлбарлаж байгаа 20 000 юанийн хахууль нь автозамын ажлын захиалагч болон гүйцэтгэгч талуудын хооронд ажлын гүйцэтгэлтэй холбоотой үүссэн хариуцлагын асуудлыг зохицуулах, намжаах гэсэн зорилгоор албаны чиг үүрэгтэй нь холбогдуулж хахууль өгч байгаа хахууль өгөгч талын хүсэл зоригоор анхлан хийгдсэн асуудал мөн байна.

Шүүгдэгч Л.Х нь Монгол улсын хуулийг мэдээгүй болохоор ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна, БНХАУ-д зарим тохиолдолд бэлэг сэлт, шан харамж өгөх явдал байдаг гэж тайлбарлаж байгаа хэдий ч холбогдох улсын хуулийг мэдээгүй эсхүл ойлгоогүй явж байгаад гэмт хэрэг үйлдсэн явдал нь хууль, эрүүгийн хариуцлагаас мултрах, ялаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Иймд шүүгдэгч Х.О-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан, БНХАУ-ын иргэн Л.Х-г өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.        

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа  тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч Х.О-н анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хахууль авах гэмт хэргийг үйлдэхдээ өөрөө анхлан санаачлаагүй, бусдаас хахууль нэхэж шаардаагүй зэрэг хэргийн нөхцөл байдал, ар гэртээ ажил хөдөлмөр хийж тэжээн тэтгэж байгаа ганц хүн зэрэг ар гэрийн нөхцөл байдал, шүүгдэгч  БНХАУ-ын иргэн Л.Х-н түүний удирдсан компанийн Монгол улсад хийж байгаа автозамын ажил нь дуусаагүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч нарт нийтийн албанд томилогдох эрхийг тодорхой хугацаагаар хасч торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Мөн шүүгдэгч Х.О, Л.Х нарын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас тус тус хасаж тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй БНХАУ-ын 100 юанийн 200 ширхэг дэвсгэрт буюу 20.000 юанийг улсын орлого болгуулахаар Монгол банкинд шилжүүлж, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа, СД зэргийг хэргийн хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Түүнчлэн энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Х.О болон Л.Х нарын иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.О-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан,

шүүгдэгч БНХАУ-ын иргэн Л.Х-г өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О-н нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 7000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч БНХАУ-ын иргэн Л.Х-д нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 14000 /арван дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Х.О-д оногдуулсан 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар, шүүгдэгч Л.Х-д оногдуулсан 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан эрх хасах болон торгох ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тус тус тоолсугай.  

4. Шүүгдэгч Х.О, Л.Х нарын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас тус тус хасаж тооцон шүүгдэгч Х.О-н эдлэх торгох ялыг 6.985.000 төгрөгөөр, шүүгдэгч Л.Х-ийн эдлэх торгох ялыг 13.985.000 төгрөгөөр тус тус тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х.О, Л.Х нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч нарт анхааруулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй БНХАУ-ын 100 юанийн 200 ширхэг дэвсгэрт буюу 20.000 /хорин мянга/ юанийг улсын орлого болгохоор Монгол банкинд шилжүүлж, мөрдөн шалгах нууц ажиллагааны №А66 дугаартай магадлагаа, үр дүнг бэхжүүлсэн 1 ширхэг CD-г хэргийн хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Х.О-д урьд авсан Зам тээврийн хөгжлийн яамны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, шүүгдэгч Л.Х-тай уулзахыг хориглох, шүүгдэгч Л.Х-д урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг   түдгэлзүүлж   тогтоол   биелэгдэх   хүртэл шүүгдэгч   Х.О, шүүгдэгч Л.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.    

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.БОЛДБААТАР