| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0710/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/702 |
| Огноо | 2020-07-23 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Баярмаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/702
2020 7 23 2020/ШЦТ/702
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2020/0710/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Энхжин,
улсын яллагч: Г.Баярмаа,
хохирогч Д.Хонгорзул,
шүүгдэгч Г.М. /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М-д холбогдох эрүүгийн 1909045420880 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1981 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Пи Эйч Эр ХХК-д туслах ажилтан, ам бүл-1, УБ хотын БГД-ийн 7 дугаар хороо, 21-21 тоот хаягт бүртгэлтэй боловч, одоо СХД-ийн Баруун салаа Бумбатын рашаан 14 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Г.М /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.М. нь фейсбүүкт Солонгос улсын виз гаргана гэсэн зар байршуулан иргэн Б.Хонгорзултай холбогдож, Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2019 оны 2 дугаар сард Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сүхбаатарын талбай дээр бэлнээр 2.300.000 төгрөгийг, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Багшийн дээдийн АТМ-ээс мобайл банкаар шилжүүлсэн 3.630.000 төгрөгийг тус тус залилан авч, нийт 5.930.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.М-н өгсөн: “Би Хонгорзулаас авсан мөнгийг өөр хүнд өгсөн. Би өөрөө бас өөр хүнд давхар залилуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би Солонгос улсын виз гаргуулах эрхгүй. Би хохирогчид өөрийгөө Баяр гэж танилцуулсан. Би хохирогчийн бичиг баримтыг Элчин сайдын яаманд өгүүлэх гээд нэг хүнд өгсөн боловч тэр хүн нь намайг залилсан. Хохирогчид учирсан үлдэгдэл хохирлыг төлж барагдуулна” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Хонгорзулын өгсөн: “...2019 оны 02 дугаар сард шүүгдэгчид бэлнээр 2.300.000 төгрөгийг өгсөн. Бэлнээр, дансаар гээд нийт 10 гаруй удаагийн үйлдлээр 6.170.000 гаруй төгрөгийг шүүгдэгчид өгсөн. Түүнээс 2.150.000 төгрөгийг авсан. Одоо үлдэгдэл 4.020.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Гэхдээ мөрдөн байцаагчтай хохирлоо тооцохдоо нэг гүйлгээг мартаж тооцсон байсан. Хэрэгт нэгэнт гаргаж өгөөгүй тул яллах дүгнэлтийн хавсралтад заагдсан хохирлын тооцоогоор явья гэж бодож байна. Иймд Г.М.ээс 3.780.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Хохирогч Д.Хонгорзулын өгсөн: "2019 оны 02 дугаар сард фейсбүүкээр зар харж байгаад Солонгос улсын виз гаргана гэсэн зарын дагуу чатаар 80055882 гэсэн дугаараар холбогдож виз гаргуулахаар асууж тодруулахад би, одоо Солонгос улсын виз гаргуулахаар 4-өөс 5 хүний материал өгсөн хүлээж байгаа болохоор боломжгүй байна гэж хэлж байсан. Удалгүй 80055882 гэсэн дугаараас над руу залгаад Солонгос улсын виз гаргуулна гэсэн Хонгорзул мөн үү, одоо материалаа бүрдүүлээд өгчих, материалтай чинь танилцаж байгаад шийдье, урьдчилгаа 2.300.000 төгрөгийг авна гэж хэлсэн, би зөвшөөрөөд өөрийн болон ээж С.Алтанцэцэг, хоёр хүүхдийнхээ гадаад паспорт, цээж зураг, ТҮЦ машины тодорхойлолт зэрэг материалуудыг бүрдүүлээд өмнө нь холбогдсон дугаар луу залгаж материалаа өгөх талаар хэлээд урьдчилгаа мөнгөө дансаар шилжүүлье гэхэд бэлнээр аваад ир гэж хэлсний дагуу Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сүхбаатарын талбай дээр уулзсан бөгөөд надтай анх уулзахдаа өөрийн жинхэнэ нэр болох Г.М. гэх нэрнээс өөр нэрээр танилцаж байсан. Тухайн хүний иргэний үнэмлэх, бичиг баримт /иргэний үнэмлэх эсхүл жолооны үнэмлэх/ зэргийг харья гэхэд одоо надад байхгүй байна гэж хэлж байсан. Бичиг баримт болон урьдчилгаа 2.300.000 төгрөгийг бэлнээр өгөхөд 1 сараас хэтрэхгүй виз чинь гарна, дахиж мөнгө төгрөг авахгүй, Солонгос улсын элчин сайдын яаманд визний материалыг чинь өгчихнө, виз гарахыг хүлээж бай" гэж хэлээд салсан. Тэгээд түүнээс хойш асуухад Солонгос улсын элчин сайдын яаманд материалыг чинь өгсөн, хүлээж байна гэж хэлж байсан. Түүнээс хойш над руу хэд хэдэн удаа залгаад виз гаргуулахад мөнгөний асуудал гараад байна, чамтай хамт өөр хүмүүс гарах гэж байгаа болохоор Э лчин сайдын яаман дотор суудаг хүнтэй уулзаж мөнгө өгөх хэрэгтэй байна, тэгэхгүй бол та хэд нэг биш дөрвөн хүний материал өгсөн болохоор асуудалтай байна, гэх зэрэг олон шалтгаан хэлсээр байгаад Г.М. нь өөрийн Хаан банкны 5029458485 тоот дансаар 3.700.000 орчим төгрөгийг нэмж авсан ба түүнээс хойш утсаар ярихаар олон худал шалтаг хэлсээр сүүлдээ утас нь холбогдохгүй сураггүй алга болсон учир цагдаагийн байгууллагад хандсан. Г.М. анх надтай уулзахдаа өөрийгөө Батаа гэх нэрээр танилцуулж байсан бөгөөд өөрийгөө визний материал бүрдүүлж Солонгос улс руу хүмүүсийг гаргадаг гэж танилцуулж байсан. Би анх 2019 оны 02 дугаар сард Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сүхбаатарын талбай дээр уулзаж 2.300.000 төгрөгийг бэлнээр өгсөн, дараа нь 2019 оны 03 дугаар сараас 07 дугаар сарын хооронд нийт арав гаруй удаагийн гүйлгээгээр Г.М-н Хаан банкны 5029458485 тоот дансаар 3.700.000 орчим төгрөгийг шилжүүлж байсан. Би Г.М. гэх хүнд 6.000.000 төгрөгийг өгсөн бөгөөд виз гарахгүй удаад байхаар нь виз гаргуулахаа болиод материалаа буцааж авъя гэж хэлэхэд 4 паспортыг л буцааж өгсөн. Мөнгө өгөхгүй удаад байхаар нь нөхрийн талын ах болох Батбаяр гэх хүнтэй хамт хайж араас нь хөөцөлдөж очиж уулзаж 2019 оны 8 дугаар сард өөрийн өгсөн 6.000.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг авсан, үлдэгдэл мөнгийг удаахгүй өгнө гэж хэлж байсан боловч одоог хүртэл өгөөгүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү" гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,
Г.М-н гэрчээр болон яллагдагчаар өгсөн: "Анх Хонгорзул гэх хүнээс нийт 6.000.000 орчим төгрөгийг цувуулж авахдаа Солонгос улс руу виз гаргаж өгнө гэж хэлж авч байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 23-24, 31-32 тал/,
Хохирогч Д.Хонгорзулын мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/
Хохирогч Д.Хонгорзулын Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 6-18 тал/,
Яллагдагч Г.М-н хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 52 тал/,
Яллагдагчийн Хаан банкны дансны хуулга /хх-ийн 41-48 тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:
Шүүгдэгч Г.М нь 2019 оны 2 дугаар сард цахим орчинд “БНСУ руу зорчих виз гаргаж өгнө” гэсэн хуурамч зар байршуулан улмаар хохирогч Дэмбэрэлсамбуугийн Хонгорзултай холбогдож БНСУ-ын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сүхбаатарын талбай дээр түүнээс бэлнээр 2.300.000 төгрөгийг, 2019.02.22-ны өдрөөс 2019.07.03-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Багшийн дээд сургууль орчмын АТМ-ээс хохирогчоос нийтдээ 10 орчим удаагийн шилжүүлгээр мобайл банкаар шилжүүлсэн 3.630.000 төгрөгийг тус тус визний хураамж, төлбөр гэж залилан авч, нийт 5.930.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.М-н БНСУ-ын болон тус улсын Элчин сайдын яамны бүрэн эрхэд хамаарах Монгол Улсын иргэдэд тус улсад зорчих виз олгох асуудлыг шийдвэрлэх эрхтэй ажил, албан тушаал хашдаггүй, өөрт нь ийм эрх огт олгогдоогүй гэдгийг мэдсээр байж хохирогч Д.Хонгорзулд БНСУ руу зорчих виз гаргаж өгнө гэж түүнээс 5.930.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Г.М. нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Г.М-н хувьд амар хялбар аргаар бусдаас мөнгө төгрөг олж амьдрах, хувьдаа ашиг хонжоо олох гэсэн шууд санаатай шунахай зан байдал нөлөөлжээ.
Иймд шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Хонгорзул нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...яллах дүгнэлтэд заагдсанаар хохирлын дүнг нэхэмжилж байна...” гэсэн бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-с хохиролд 3.780.000 /гурван сая долоон зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Хонгорзулд олгох нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.М-д 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч Г.М-н анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан түүнд хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзэж, энэ зүйл ангид заасан ялын нөгөө сонгох санкци болох нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г.М-г хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-г 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-с 3.780.000 /гурван сая долоон зуун наян мянга/ төгрөг гаргуулж хохирогч Д.Хонгорзулд /Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 бичил хороолол, хасбаатар гудамж 26 байр 25 тоотод оршин суух РД: СФ94052205/ олгосугай.
6. Шүүгдэгч Г.М. нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Г.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР