Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 226

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

Улсын яллагч С.Оюунжаргал,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Буяндэлгэр,

Шүүгдэгч Ж.Б , түүний өмгөөлөгч Ё.Энхбулган нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ё” танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ж.Б ад холбогдох 1903 01320 0007 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Дорноговь аймгийн Хажуу-Улаан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, Баянзүрх дүүргийн  тоотод оршин суух бүртгэлтэй,  гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Ж.Б .

 

/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

           

          Шүүгдэгч Ж.Б  нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 16 цаг 51 минутын орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цагаандаваа “Жаргалзаяа” хүнсний дэлгүүрийн урд замд Тоёота Румион маркийн 40-76 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас гарцаар гарч явсан явган зорчигч 12 настай Б.Нямбаярыг мөргөж, эрүүл мэндэд нь хохирол хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                   

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б  мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр хэргээ ярьсан учир одоо нэмж ярих зүйлгүй… Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Буяндэлгэр мэдүүлэхдээ: “....Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-10/, насанд хүрээгүй хохирогч Б.Нямбаярын өгсөн мэдүүлэг /хх-19/, хууль ёсны төлөөлөгч Г.Буяндэлгэрийн өгсөн мэдүүлэг /хх-16-17/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 14014 дугаартай дүгнэлт /хх-28/, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 28 дугаартай дүгнэлт /хх-44/, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-35-39/, гэрч Б.Батжаргалын өгсөн мэдүүлэг /хх-25/, гэрч Б.Мөнхзаяагийн өгсөн мэдүүлэг /хх-26/, Ж.Б ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-54/, Ж.Б ын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-55/, Ж.Б ын эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-56/, Ж.Б ын тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-57/, Ж.Б ын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-58/, Ж.Б ын жолооны үнэмлэхний лавлагаа /хх-59/, шүүгдэгч Ж.Б ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-72/ зэргийг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Ж.Б  нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 16 цаг 51 минутын орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цагаандаваа “Жаргалзаяа” хүнсний дэлгүүрийн урд замд Тоёота Румион маркийн 40-76 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас гарцаар гарч явсан явган зорчигч 12 настай Б.Нямбаярыг мөргөж, эрүүл мэндэд нь хохирол хүнд хохирол учруулсан болох нь: 

         

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Нямбаярын өгсөн: “...Би гарцаар гарч байхад нэг машин зогсож байсан хажуугаар зам гарахдаа барьж явсан савныхаа тагийг унагаагаад буцаж авах гээд эргээд явтал зогсож байсан машины хажуугаас нэг машин орж ирээд намайг мөргөсөн. Миний толгой өвдөөд байсан бас баруун хөлний шилбэ өвдөж байсан гишгэхээр өвдөөд одоо ямар нэгэн зовиур байхгуй зүгээр болсон.” /хх-19/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Буяндэлгэрийн өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны “Буга хайрхан” хүнсний дэлгүүр дотроо байж байтал манай хавьд байдаг охин орж ирээд “танай хүү машинд дайруулсан байна” гэхээр нь би гүйгээд гараад хартал цагаан өнгийн машины урд суудал дээр нь миний хүү Б.Нямбаярыг өргөөд жолооч залуу нь суулгасан байсан би жолоочтой уулзахад “та ээж нь үү, хэдүүлээ эмнэлэг явья, та машинд суучих битгий сандар” гэсэн. Би тэр үед эгчийгээ ойрхон болохоор нь дуудаад хамт бөөндөө гэмтлийн эмнэлэг явцгаасан. Томограф 2 удаа харуулсан 200.000 төгрөгөөр өөрөө эм авч өгсөн.” /хх-1617/ гэх мэдүүлэг,

 

         Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 14014 дугаартай дүгнэлтэд:

         1. Б.Нямбаярын биед гавлын дагз ясны шугаман далд хугарал, тархи доргилт, дагзны хуйх, зүүн шагайн үеэнд зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

         3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

         4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” /хх-28/ гэх дүгнэлт,

 

          Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтэд:

          1. Уг тээврийн хэрэгслийн урд болон хойд дугуйн тоормосны хүчний зөрүү, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зүүн баруун гар талын их гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогссон, явах эд анги, жолооны механизм нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна.

          2. Эвдрэл гэмтэлгүй байна.

          3. Осолд нөлөөлөх эврэл гэмтэлгүй байна.

          4. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын АВS бүхий тоормосны системтэй. Автотээврийн хэрэгслийн урд болон хойд хоёр дугуйн ажлын тоормос, зогсоолын хэвийн ажиллагаатай байна.

          5. Тоормосны систем шингэн дамжуулгатай АВS системтэй үед автомашин тоормос гишгэхэд замын гадаргуугийн байдал, автотээврийн хэрэгслийн хурд, тоормосны дөрөө дээр гишгэх хүч, ачсан ачаа зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүснэ.

         6. Уг тээврийн хэрэгслийн спидометр хэвийн ажиллаж байна.” /хх-35-38/,  

         Гэрэл зургийн үзүүлэлт /хх-39/,

 

         Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаартай дүгнэлтэд:

          1. Toyota Rumion маркийн 40-76 УНӨ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Ж.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

          2. Явган зорчигч Б.Нямбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

          3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламж нөлөөөлсөн гэх үндэслэлгүй байна.

          4. Toyota Rumion маркийн 40-76 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зам тээврийн осол гарах үед хэдэн км цагийн хурдтай явж байсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна.” /хх-44/ гэх дүгнэлт,

       

         ТЦА, Замын цагдаагийн газар, ТЦА, ЗЦГ, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, дуудлагын лавлагаа /хх-2/,

 Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,ослын бүдүүвч /хх-3-10/,

 Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /хх-11/,

 Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай тэмдэглэл /хх-13/,

 Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-14/,   

Өвчний түүх /хх-48-53/,

Шүүгдэгч Ж.Б ын ял шалгах хуудас /хх-72/ болон хавтас хэрэгт цугларсан бусад бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүй юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

        Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Б ыг 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Нямбаяр, түүний хууль ёсны төлөөлөгч ...  нар нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Гэхдээ насанд хүрээгүй хохирогч Б.Нямбаяр болон түүний хууль ёсны төлөөлөгч ... нар нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

           Энэ хэрэгт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Шүүхээс шүүгдэгч Ж.Б ад ял шийтгэл оногдуулахдаа нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэв.

           

            Шүүгдэгч Ж.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ж.Б ын ¹539049 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр тогтов.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Ж.Б ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Ж.Б ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг тэнссэн үеэс эхлэн тоолсугай.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Ж.Б  нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ж.Б  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Насанд хүрээгүй хохирогч Б.Нямбаяр болон түүний хууль ёсны төлөөлөгч Г.Буяндэлгэр нар нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

           

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ж.Б ын ¹539049 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ж.Б ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ж.Б ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,                                     Э.ЧИНГИС

                      ШҮҮГЧ