Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 1017

 

 

 

 

 

 

     2020        06       02                                   2020/ШЦТ/1017

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхбадрал,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ө овогт А-н Т-т холбогдох эрүүгийн 1906 07247 1169  дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

            

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:

Шүүгдэгч А.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Од караокед иргэн Г.Отгонбаттай маргалдан биед нь халдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх хуульд заасан шаардлага хангасан, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

          Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэхэд шүүгдэгч А.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Од караокед хохирогч Г.О-н толгой болон нүүрэн тус газарт микрофоноор цохьж эрүүл мэндэд нь баруун хөмсөг, зүлайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдсон, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Тийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ. Үүнд:

          Шүүхийн хэлэлцүүлэгт А.Т нь мэдүүлэхдээ: “... Мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

           Хохирогч Г.О-н мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 19 цагийн орчим Нарантуул захын хойд талын Од караокед байсан бөгөөд эхнэрээ хүлээгээд 2 шил пиво уугаад байж байсан. Тэгтэл тэр караоке дотор зүс таних Нарантуул зах дээр малгай ороолт зардаг гэх залуу намайг дуудсан. Тэгэхээр нь би тус залуу дээр очтол намайг суучих гэж хэлсэн. Ингээд ширээн дээр нь хамт сууж байтал зүс таних залуу намайг тавлаад янз янзын зүйлс яриад эхэлсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь тавлаад хэдэн үг хэлтэл барьж байсан микрофоноороо миний толгойны зулай хэсэгт нэг удаа цохьсон. Тэгтэл толгой хагарааад цус гарч эхэлсэн ба уг залуу үргэлжлүүлээд миний баруун хөмсөгний дээд хэсэгт нэг удаа цохьсон. Ингээд хөмсөгний дээд хэсгээс цус гарч эхэлсэн тул би цагдаа дуудсан. Тэгтэл тэр залуу зугтаагаад гараад явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15, 39-40 дүгээр тал/,

 

         Гэрч Ж.Н өгсөн: “... ажлаа тараад нөхөрлүү залгатал утсаа авахгүй байсан ба Од караокед очиж үзэхэд толгой нь хагарсан, цус маш ихээр алдсан байдалтай, шар алчуураар дарчихсан сууж байсан. Караокены үйлчлэгчээс юу болсон талаар асуухад нэг хүнийг зааж энэ хүн микрофоноор цохьсон юм шиг байна, би тэр хүний гараас микрофоныг нь салгаж авсан гэж хэлсэн. Тухайн үед цохьсон гэх хүн тус караоке дотор байсан ба намайг 00 орох хооронд гараад явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/,

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Одончимэгийн 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 14184 дугаартай “Г.Отгонбатын биед баруун хөмсөг, зулайн хуйханд шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар тал/,

 

          А.Т-ийн яллагдагчаар өгсөн: “... Би Отгонбатад хохирол болох 150.000 төгрөг төлж барагдуулсан ... уучлалт гуйж эвлэрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримт болно.

         Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

          Шүүгдэгч А.Т-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. 

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол,

хор уршгийн талаар:

Хохирогч Г.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 150.000 төгрөг хүлээн авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн, гэм хорын хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч А.Т-г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

       Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

        Шүүгдэгч А.Т-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч А.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, зүйлчлэлийн талаар маргаагүй, хохирогчид эмчилгээний зардалд 150.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан үзсэн болно.

   Иймд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Т-д мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

          Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Ө овогт А-н Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг А.Т-д мэдэгдсүгэй.

          5. Шүүгдэгч А.Т нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

          6. Шүүгдэгч А.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ХАТАНЦЭЦЭГ