Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 390

 

Б.Мөнхбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2016/01315 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Мөнхбатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хаан банк ХХК-д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 21 529 067 төгрөг, гэм хорын хохиролд 22 405 731 төгрөг, нийт 43 934 798 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Жадамба

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Ариунтуул

Хариуцагчийн өмгөөлөгч: Н.Баасанжав

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 оноос Завхан аймгийн Хаан банкны захирлаар ажиллаж байгаад 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 02/211 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Улмаар Улсын Дээд Шүүхийн иргэний хэргийн танхимын 2015 оны 06 дугаар сарын 30-ны 532 дугаар тогтоолоор ажилд эгүүлэн тогтоож, цалин олговрыг  олгож шийдвэрлэсэн. Хаан банкнаас нэхэмжлэлийн шаардлагад заасан байсан 26 529 065 төгрөгийг нөхөн төлсөн. Шүүхийн шийдвэрийг биелүүлж Хаан банкны захирал Ш.Ганбямбын ажилд авах тухай 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 06/1466 тоот тушаалаар Завхан салбарын захирлын ажил, албан тушаалд томилогдон ажилласан. Харин өөрийн санаачилгаар 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр  ажлаас чөлөөлөгдсөн.

 Б.Мөнхбат намайг ажлаас халах тушаал 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гарч, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоож,  ажилд томилох тухай захирлын тушаал 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар ажилгүй байсан бүх хугацаа болох 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны  цалин  олговрыг  Хаан банкнаас гаргуулж өгнө үү.

Миний бие ажиллаж байх хугацаандаа ажлын үр дүнгээр олгогддог КР1 урамшуулал авдаг байсан ба жилд 12 960 000-18 000 000 төгрөгийг ажлын гүйцэтгэлээс хамааруулан олгодог. Хагас жилээр нийт дүнгийн 40%-г бусад бүх салбарын захирлуудад өгсөн бөгөөд намайг хууль бусаар ажлаас халсан учир энэ урамшууллын мөнгийг олгоогүй. Миний бие 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээний дагуу ажилласан тул ажилласан хугацааны урамшуулал болох 6 250 000 төгрөгийг ХААН банкнаас гаргуулж  өгнө үү.

Хаан банкны Завхан салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ажилтны орон сууцны зээлийн журмын дагуу 50 000 000 төгрөгийн зээлийг 10 жилийн хугацаатай, жилийн 4,8%-ийн хүүтэйгээр, 2012 оны 08 дугаар сарын 26-ны өдөр мөн дээрх нөхцлөөр 80 000 000 төгрөгийн зээлийг 10 жилийн хугацаатай жилийн 4,8% хүүтэй тус тус авч 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх тушаал гарсантай холбогдуулан 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон дээрх зээлүүдийн хүүгийн нөхцлийг өөрчилж энгийн харилцагчийн хүүгийн нөхцөлд жилийн 18%-ийн хүүтэй болгон өөрчилсөн. Үүний улмаас 50 000 000 төгрөгийн зээлийн хувьд ажилд эгүүлэн тогтоох хүртэл хугацаанд жилийн 4,8%-ийн хүүтэй зээлийн нөхцлөөр 822 856 төгрөгийн хүү төлөх байсан бол зээлийн нөхцөл өөрчлөгдснөөр 8 574 130 төгрөгийн хүү, 80 000 000 төгрөгийн зээлийн хувьд ажилтны зээлийн нөхцлөөр эргэн төлөлтийн хуваарийн дагуу 4 300 011 төгрөгийн хүү төлөх байтал зээлийн нөхцөл өөрчлөгдснөөр 16 079 468 төгрөгийн хүүг төлсөн. Ажилд эгүүлэн тогтоох хүртэл хугацаанд нийт 18 530 731 төгрөгийн зээлийн хүүг үндэслэлгүйгээр Хаан банкид төлсөн. Хэрэв ажлаас үндэслэлгүй халсан шийдвэр гараагүй байсан бол ажилтны хөнгөлөлттэй зээлийн нөхцлөөр зээлээ хэвийн төлж надад дээрх хохирол учрахгүй байсан. Зээлийн хүүд төлсөн 18 530 731 төгрөгийн хохирлыг Хаан банкаас нэхэмжилж байна.

          Иймд цалин, урамшуулал 21 529 067 төгрөг, илүү төлсөн 50 000 000 төгрөгийн зээлийн хүүгийн зөрүү 6.873.067 төгрөг, 80.000.000 төгрөгийн зээлийн хүүгийн зөрүү 11.992.498 төгрөг, өмгөөлөгчийн зардал 3.000.000 төгрөг, нотариатын зардал 307.000 төгрөг, шүүх хуралдаанд оролцохоор Завхан аймгийн Улиастай хотоос Улаанбаатар хот хүртэл нисэх онгоцны билетийн үнэ 568.000 төгрөг, нийт 43.934.798 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Мөнхбатын гаргасан нэхэмжлэлтэй танилцсан ба нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд шүүхэд хандах хугацааг зөрчсөн байна.  Б.Мөнхбат нь Завхан салбарын захирлаар ажиллаж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүсэлтээ гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Гэтэл 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин болон гэм хорын төлбөр нэхэмжилсэн байгаа нь үндэслэлгүй.   Б.Мөнхбатад гэм хорын хохирол төлөх үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дүгээр зүйлийн 510.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч ХААН банк ХХК-иас 34 377 798 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Мөнхбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 557 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Мөнхбатад холбогдох, хариуцагч ХААН банк ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн татан авсан болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 377 979 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХААН банк ХХК-иас 329 839 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Мөнхбатад олгож, хариуцагч ХААН банк ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 950 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагч ХААН банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуул, өмгөөлөгч Н.Баасанжав нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон ажилтныг ХААН Банк ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас цалин шаардахад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарна. Эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдол гаргах эрхтэй. Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоогдсон 2015 оны 12 сарын 04-ний өдрөөс хойш 3 сарын дотор ядаж өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн буюу 2016 оны 01 сарын 13-ны өдрөөс ажил олгогчид ажлаа хүлээлгэн өгч, хэлцэл байгуулахдаа маргаж байгаа ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг шүүхээр нэхэмжлэх эрхтэй болохоо мэдэж байсан боловч шүүхэд хандахгүй явсаар 2016 оны 8 сарын 12-ны өдөр гаргасан.

 ХААН Банк ХХК нь 2011 оны 8 сарын 19-ний 11/01 дугаартай ажилтны хөнгөлөлтэй нөхцөл бүхий орон сууцны зээлийн гэрээнд 2015 оны 12 сарын 08-ны өдөр талууд харилцан тохирч нэмэлт өөрчлөлт оруулахад нэхэмжлэгч Б.Мөнхбат нь илүү төлсөн гэх 6 751 274 төгрөгийг хүлээн зөвшөөрч мөн 2012 оны 08 сарын 22-ны өдрийн 2012/85 дугаартай Ажилтны хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны гэрээнд 2015 оны 12 сарын 08-ны өдөр талууд харилцан тохирч нэмэлт өөрчлөлт оруулахад  илүү төлсөн гэх 11 779 457 төгрөгийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан,  эргэн төлөлтийн хуваарийг дахин шинэчлэн тохирч тус тусын хавсралтад гарын үсэг зурсан.

 Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, цуцлагдсан бол дараа сарын 05-ны өдрөөс эхлэн энгийн харилцагчийн хүүд шилжүүлнэ гэж заасан байдаг. Хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тул хөнгөлөлттэй олгосон зээлийн хүүг энгийн харилцагчийн хүүд зээлийн гэрээний дагуу шилжүүлэн тооцсон нь хууль зөрчөөгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн боловч шүүхийн  шийдвэрт өөрчлөлт боломжтой гэж үзлээ. 

 

            Нэхэмжлэгч Б.Мөнхбат нь хариуцагч Хаан банк ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 21 529 067 төгрөг, ажлаас үндэслэлгүй халсан хууль бус шийдвэрийн улмаас учирсан гэх хохиролд 22 405 731 төгрөг, нийт 43 934 798 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах  хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, гэм хор гэх хохирлын хувьд талууд гэрээгээр тохиролцож асуудлаа шийдвэрлэсэн  гэж маргажээ.

 

            Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 569 дугаар магадлалаар Б.Мөнхбатыг Хаан банкны Баруун бүсийн Иргэдийн банкны Завхан салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд Улсын дээд шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 532 дугаар тогтоолоор дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэн, шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр бодитойгоор биелэгдсэн талаар талууд маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Мөнхбатын 2015 оны 5 дугаар сарын 11-ээс 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацааны цалин олговорт 21 529 067 төгрөг гаргуулах шаардлагад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар цалин олговрын талаарх гомдлыг эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гаргахаар байна. Гэтэл Б.Мөнхбат нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ажилдаа эгүүлэн тогтоогдсоноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага болон шүүхэд гомдол гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэх үндэслэлгүй, хугацааг сэргээн тогтоолгох хүсэлт гаргаагүй байна. Иймд нэхэмжлэгч Б.Мөнхбатын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгохоос бусад шаардлагын талаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул 21 529 067 төгрөгийг  шаардах эрхгүй.  

 

Мөн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн гэрээний хүүгийн зөрүүг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Учир нь талууд харилцан тохиролцож 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хэлцэл хийж, хөдөлмөрийн харилцаа болон зээл, зээлийн үлдэгдэл, цаашид төлөх төлбөрийн хэмжээ нөхцөлийн талаар харилцан тохиролцож, гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хэлцэл гэх баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 111/ Уг гэрээгээр талууд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээсэн, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлсон гэж үзнэ. Талуудын хоорондын зээлийн гэрээний дагуу үүссэн өр төлбөрийн асуудлын талаар харилцан тохиролцож хэлцэл хийхийг хуулиар хориглоогүй болно.  

 

Уг хэлцлээр Б.Мөнхбат нь Улсын дээд шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 532 дугаар тогтоолтой холбоотойгоос бусад асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах, банк нь орон сууцны зээлийн хүүг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хөнгөлөлтэй нөхцлөөр үргэлжлүүлж байхаар тохиролцсоныг хууль зөрчсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу байна.

 

Харин хариуцагч байгууллагын хууль бус үйлдлын улмаас шүүхэд нэхэмжлэл гаргаж, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон нөхцөл байдал тогтоогдсон тул Б.Мөнхбатын Завхан аймгаас Улаанбаатар хотод ирсэн замын зардал болох 568 000 төгрөг нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан хохирлын агуулгатай байх тул хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Өмгөөлөгчийн зардал, нотариатын хураамж зэрэг нь ажлаас үндэслэлгүй халагдсантай шалтгаант холбоотой учирсан гэм хорын хохирол гэж үзэх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн шаардлагын хангагдах хэмжээнд өөрчлөлт оруулж, хариуцагчийн  давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2016/01315 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “34 377 798” гэснийг “568 000” гэж, “9 557 000” гэснийг “43 366 798” гэж, 3 дах заалтын “329 839” гэснийг “17 690” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Хаан банк ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329 840 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                            ШҮҮГЧИД                                     Н.БАТЗОРИГ

                                                                    Ш.ОЮУНХАНД