Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 71

 

 

 

 

 

 

 

 

Ц.Гэд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Х.Эрдэнэтуяа,

цагаатгагдсан этгээд Ц.Гийн өмгөөлөгч Л.Ганганбарс,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 103 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Х.Эрдэнэтуяагийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 4 дугаартай эсэргүүцлээр Ц.Гэд холбогдох эрүүгийн 201701070082 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Өөлд овгийн Цэдэнбалын Г, 1980 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт оршин суух, ял шийтгэлгүй, /РД:НД80022176/,

 

Ц.Г нь 2017 оны 4 дүгээр сарын 22-ны шөнө 02 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Соронз” баарны гадна Б.Быг куртикээрээ савж баруун нүдийг нь сохолж эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Багануур дүүргийн Прокурорын газраас: Ц.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өөлд овгийн Цэдэнбалын Гэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож Ц.Гийг цагаатгаж, Ц.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан үйлдсэн прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, Ц.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ц.Г нь Б.Бт 5 сая төгрөг төлснийг дурдаж, Ц.Гэд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй зэргийг мэдэгдэж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн куртикийг /хүрэм/ хэргийн хамт прокурорт шилжүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Х.Эрдэнэтуяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар яллагдагч Ц.Гийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдож байгаа. Үүнд:

1. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Ц.Г, Г.Ганзориг хоёр зууралдаж байгаад Б.Б луу хандахад Б.Б тэр хоёрын зүг алхаж очиход Г.Г гараараа цээж рүү нь 2 удаа түлхэхэд Б.Б Ц.Гийн толгой руу 1 удаа, Ганзоригийг 3 удаа цохиж байх ба Б нь Г, Ганзориг хоёрыг цохиж байх хооронд Г баруун гартаа барьсан куртикээрээ Бын нүүр лүү нь 4 удаа савж ороолгож цохиход Б нүүрээ дарж доошоо суув...”,

хохирогч Б.Бын “...Баярхүү өөр хүнтэй юм яриад зогсож байх хооронд нь би Г, Ганзориг хоёр луу очоод тэр хоёрыг нэг, нэг удаа цохисон чинь Г намайг зөрүүлээд куртикээрээ саваад цохиод байсан. Нэг удаа цохиход нь баруун нүдэнд цохигдсон...” гэсэн мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Г ах намайг санаатай хохироогоогүй. Болгоомжгүйгээр л хохироосон гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг,

гэрч Ж.Баярхүүгийн “...Хэсэг хугацааны дараа эргээд харахад Б Гийг нэг гараараа заамдчихсан Гтэй зогсож байсан залуу нь Гийг араас нь татсан байдалтай зогсож байсан. Би очих хооронд Г зүүн гартаа куртикээ ороосон гараараа Бын нүүрэн хэсэгт нэг удаа цохисон. Б нүүрээ дараад доошоо суусан. “Яасан зүгээр үү” гэхэд Б “нүд болохгүй байна” гэсэн. Бын баруун нүднээс нь цус гарчихсан байсан...”,

гэрч Г.Ганзоригийн “...Гтэй “Соронз” баар луу орсон. Үүдэнд Б таараад бид хоёрыг дуудахаар нь очиход Гийг таньдаг юм шиг байсан. Гтэй юм ярьж байснаа намайг барьж аваад толгой руу 2-3 удаа цохисон. Би салаад баар луу ороод ширээн дээр сууж байхад Б араас орж ирж ширээн дээр суугаад “архи авч өг” гэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ” гэхэд миний нүүр лүү дахиад 2-3 удаа цохисон. Г тэр залууг аваад явсан. Би араас нь ууж байсан шар айрагаа өвөрлөөд гарахад Б таараад намайг хананд шахаад миний энгэрт байсан шар айргийг аваад намайг хоёр удаа цохисон. Г салгаад намайг аваад явсан...” гэх мэдүүлгүүд, Шүүх эмнэлгийн шинжээч эмч Г.Энхбаатарын 5650 дугаартай дүгнэлт зэрэг болно.

Шүүгдэгч Д.Гийн үйлдэл нь болгоомжгүй гэм буруугийн хайхрамжгүй хандах хэлбэр гэж үзэж байна. Хайхрамжгүй хандах үед хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй байхыг хуульчилсан.

Улсын дээд шүүхийн тайлбарт: Хайхрамжгүй хандах нь субьект а/ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарласан б/ үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан в/ түүнийг мэдэх боломжтой байсан зэрэг нь оюун санааны шинжүүд, мэдэлгүй үйлдсэн хүсэл зоригийн шинжүүдтэй болох нь харагдаж байна. Мэдэлгүй үйлдсэн гэдэг нь гол төлөв субьектын салан задгай, сахилга хариуцлагагүй, хэнэггүй, анхаарал сэрэмжгүй зан авиртай шууд холбоотой байдаг бөгөөд субьект өөрийн зан үйлийг ухамсартайгаар удирдан залахгүй байгаагаас хор уршгийг мэдэлгүйгээр учруулсан байдаг.

Хайхрамжгүй хандахын субьектив шалгуур нь субьект өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн явдал гэж тайлбарласан байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Д.Г нь хохирогч Бын нүдийг сохлох субьектив санаа зорилго байгаагүй, Бын эрүүл мэндэд хохирол учирна гэдгийг мэдэлгүй үйлдсэн. Тэрээр тусгайлан бэлтгэсэн зэвсэг зэвсгийн чанартай эд зүйл хэрэглээгүй. Куртикийг хохирол учруулна гэж зориуд бэлтгэж гарч ирээгүй, куртикээ гаран дээрээ тохоод гарч ирсэн. Хэрэв хүний эрүүл мэндэд хохирол учруулах хутга ч юм уу архины шил ч юм уу ямар нэгэн зэвсгийн чанартай хүний эрүүл мэндэд шууд хохирол уруулахуйц эд зүйлс барьж гарч ирээд Бын нүд рүү цохиж хохирол учруулсан бол санаатай гэмт хэрэг болно. Мөн хохирогч Бын буруутай үйлдэл нөлөөлсөн байдаг. Камерын бичлэгээс харахад хохирогч Б нь Ганзориг, Г хоёрыг баарнаас гарч ирээд явах гэхэд нь араас нь ирж толгой руу нь цохиж авснаас Ганзориг нь эргэж харж Бтай зодолдох гэхээр нь Г тэр хоёрыг зодолдуулахгүйн тулд холдуулах зорилгоор гартаа тохсон байсан куртикээрээ 3-4 удаа савж байгаа харагддаг. Г нь баарнаас гарч ирэхдээ Бтай зодолдож түүнд хохирол учруулна гэсэн ямар ч санаа зорилго байгаагүй. Баарнаас гараад явах гэхэд нь хохирогч Б араас нь очиж Ганзориг, Г хоёрыг тус бүрийг толгой руу нь цохисноос болж Г дээрх үйлдлийг хийх болсон.

Гэмт хэрэг санаатай үйлдэх нь өөрийн хийх гэж буй үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж, үр дагаврыг урьдаас сайтар ойлгож улмаар нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг эсхүл учрах боломжтойг мэдсэн хир нь хор уршгийг хүсэж үйлдсэн, түүнчлэн хүсээгүй боловч үйлдэл, эс үйлдэхүйгээрээ тэр хор уршигт зориуд хүргэсэн байхыг хэлнэ гэж хуульчилсан байдаг. Ц.Гийн хувьд хор уршгийг хүсэж үйлдээгүй, Бын нүдийг сохлъё гэж огт хүсээгүй.

Камерын бичлэгт шөнийн 02 цаг 18 минут 53 секундээс эхлэн “Соронз” баарны үүдэнд Г нь Быг гараараа нэг удаа цохих, куртикээ тайлж баруун гартаа ороон барьж нэг удаа ороолгох зэргээр үйлдэл хийхэд хүмүүс салгасан, 2 минутын дараа Г баарнаас гар ч ирээд баруун гартаа барьсан куртикээрээ Быг 4 удаа ороолгоход Б нүдээ дараад доош суусан гэсэн байна гэж шүүхийн тогтоолд дурдсан. Гийн эхний нэг удаагийн куртикээрээ савсан үйлдлийн улмаас хохирогчид ямар нэгэн хохирол учраагүй. Ц.Г эхлээд Быг нэг удаа куртикээрээ цохичихоод баар луу ороод хэсэг хугацааны дараа буюу 2 минутын дараа Ганзоригийн хамт гарч ирээд явах гэхэд хохирогч Б араас нь ирж Ганзориг, Г хоёрыг толгой руу нь цохиж авдаг. Тэгэхэд Ганзориг Б руу дайрч зодолдох гэхэд нь Г салгах, Быг холдуулах зорилгоор куртикээрээ савдаг. Эндээс дүгнэлт хийхэд Г нь Бын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан нь хангалттай тогтоогдож байхад шүүх тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийлээ гэж үзлээ.

Иймд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 103 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

Цагаатгагдсан этгээд Ц.Гийн өмгөөлөгч Л.Ганганбарс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай үйлчлүүлэгч болгоомжгүйгээр бусдын бие махбодид хүнд хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Иймд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 103 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

                                                            ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх яллагдагч Ц.Гэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоол гаргахад ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгасан, шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалсаны үндсэн дээр Ц.Гийг гэм буруугүй хэмээн дүгнэж цагаатгах тогтоол гаргасан нь хууль ёсны ба үндэслэл бүхий болжээ.

Багануур дүүргийн Прокурорын газраас Ц.Гийг 2017 оны 4 дүгээр сарын 22-ны шөнө 02 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Соронз” баарны гадна Б.Быг куртикээрээ савж баруун нүдийг нь сохолж эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт буруутгаж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн объектив талын шинж нь бусад этгээдийн бие махбодид гэмтэл учруулахаас урьдчилан сэргийлсэн ямар нэгэн дүрэм журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан үйлдэл буюу эс үйлдэхүй байдлаар илэрдэг. Ихэвчлэн ахуйн болон мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд дагаж мөрдвөл зохих дүрэм горимуудыг ноцтой зөрчсөн, эсхүл сахиагүй зэрэг хамаардаг бөгөөд гэмт үр дагавар болон гэм буруутай этгээдийн үйлдлийн хооронд шалтгаант холбоо заавал байхыг шаарддаг онцлогтой.

Анхан шатны шүүх Ц.Гэд холбогдох хэргийн нотлох баримт болон болсон үйл баримтад тал бүрээс нь бодитой, хуулийн үндэслэлтэй, тодорхой бөгөөд ойлгомжтой үнэлэлт дүгнэлт өгч чадсан байна.

Багануур дүүргийн Прокурорын газраас Ц.Гийг хохирогч Б.Быг куртикээрээ савж баруун нүдийг нь сохолж эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч Ц.Г хохирогч Б.Быг хүрэмээрээ ороолгож цохисоны улмаас түүний баруун нүдийг хараагүй болгож, хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байгаа хэдий ч прокуророос Ц.Гийг дээрх гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн гэж дүгнэсэн прокурорын дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийг жинхэнэ байдалтай нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэснийг дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгаарлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийж Ц.Гэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

 

Харин уг хэрэгт оролцсон прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгтПрокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ” гэсэн үүргээ биелүүлж чадаагүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналтын шатанд хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож, шүүхэд хэргийг ирүүлээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Дээрх байдал  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцэхгүй юм.

 

Нөгөөтэйгүүр анхан шатны шүүх Ц.Гэд холбогдуулан үйлдсэн прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байх бөгөөд дахин мөрдөн шалгах ажиллагаа хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэх шаардлагатай.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Ц.Гийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Х.Эрдэнэбаатарын бичсэн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 5/40 тоот улсын яллагчийн эсэргүүцэл, хохирогч Б.Анхбаяр гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: