Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 194

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Я.Б

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 000******* дугаар улсын байцаагчийн актыг хүчингүй болгож, Я.Б-ны өндөр насны тэтгэврийг үргэлжлүүлэн олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэзолбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр Я.Б-д тэтгэвэр тогтоон, 80******* тоот хувийн хэрэг нээсэн. Гэтэл 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 000******* дугаар актаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д заасан заалтуудыг үндэслэн миний тэтгэврийг дуусгавар болгон зогсоож, авсан тэтгэврийг төлүүлэх агуулга бүхий актыг гаргасан. 

1. 80******* тоот хувийн хэргийг шалгахад улсад 23 жил 3 сар 25 өдөр ажилласан. Үүнээс хүнд нөхцөлд 12 жил 4 сар 27 өдөр ажилласан байна. Дээрх хугацаа нь Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-ийн 1-д заасан /нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол/ өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заасныг хангаагүй гэжээ.

      Я.Б миний бие улсад нийт 23 жил 3 сар 25 өдөр ажилласан. Үүний 13 жил 1 сар 25 өдөр хүнд нөхцөлд ажилласан, 1981 оноос 1992 он хүртэл Гүүр ангийн конторуудад тасралтгүй нормчин, бетончноор ажиллаж, 1993 оноос 1995 оныг дуустал Шинжлэх ухаан Үйлдвэрлэлийн Авто зам нэгтгэлийн Тэмдгийн цехэд гагнуурчнаар ажилласан юм. Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст тэтгэвэр тогтоолгохоор холбогдох бүхий л баримтуудыг бүрдүүлэн өгсний эцэст 2017 оны 02 сард миний тэтгэврийг тогтоож өгсөн билээ. 1993 оноос 1995 оныг дуустал Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн Авто зам нэгтгэлийн Тэмдгийн цехэд гагнуурчнаар ажилласан болохыг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоож өгсөн. Гэтэл уг шүүхийн шийдвэр нь ажилласан байдлыг тогтоосон, харин уг ажилласан хугацааны зарим хэсэгт буюу 1995 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сар хүртэл шимтгэл төлөгдөөгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Миний бие ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1993 оны 06 дугаар сараас 2000 оныг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан болно.

      Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхийн шийдвэрийг үл тоон, хүчин төгөлдөр мөрдөгдсөн хуулийг үл хайхарч, үндэслэлгүй акт гаргасан. Уг актыг хүлээн зөвшөөрөхгүй тухай гомдлыг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөл хуралдаж, дээрх актаа үлдээн, өмнө нь ажиллаж байсан байгууллагын одоогоор Г.Г ХХК-д 1995 оны 01 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлж, нөхөн төлсөн улсын байцаагчийн акт болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагааг үндэслэн Улсын байцаагчийн 000******* тоот актыг барагдуулсанд тооцон, таны тэтгэврийг үргэлжлүүлэн олгох боломжтой юм гэсэн хариуг өгсөн. 

        Уг хариу мөн л огт үндэслэлгүй, Г.Г ХХК-д 1992 оныг хүртэл ажилласан байхад 1995 оны шимтгэлийг нөхөн төлүүл гэж байгаа нь ойлгомжгүй, 1993 оноос 1995 оны 09 дүгээр сар хүртэл Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн Авто замын нэгдлийн Тэмдгийн цехэд гагнуурчнаар ажилласан. Тус байгууллага нь одоо үйл ажиллагаа явуулдаггүй татан буугдсан тухай ажиллаж байсан жилүүдийн архивын баримтууд олдохгүй байсан тул шүүхээр ажилласан байдлаа тогтоолгож байсан юм. Энэ ч утгаараа ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу нөхөн төлсөн юм. Гэтэл дахин шимтгэлийг нөхөн төлүүлэх хариу өгсөнд гомдолтой байна. Мөн 000******* дугаар актад Монгол Улсын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д заасан заалтуудыг үндэслэн Я.Б миний тэтгэврийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болгон зогсоож, үндэслэлгүйгээр авсан 1.326.714 төгрөгийг төлүүлэхээр тогтоосон байна. 

        Монгол Улсын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно” гэж зохицуулжээ. Би огт хуурамч бичиг баримт бүрдүүлээгүй. Хуурамч бичиг баримтад ямар баримтыг тооцож байгаа нь ойлгомжгүй. Яагаад хуурамч гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна. 

Түүнчлэн үндэслэлгүйгээр олгосон тэтгэврийн мөнгийг төлүүлэхээр заасан нь хэтэрхий өрөөсгөл юм. Учир нь өөрсдөө шаардаж, шалгаж, бүрдүүлбэрийг хянаж, тэтгэвэр тогтоосон атлаа үндэслэлгүй тэтгэвэр тогтоосон гэдгийг би ойлгохгүй байна. Тус актын үндэслэл болоод хуулийн хэрэглээ нь илт хууль бус гэж үзэж байна.” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан “Дотоод үйл ажиллагааг шалгах удирдамж”-ын дагуу хийсэн шалгалтаар тэтгэвэр авагч Я.Б нийт 23 жил 3 сар 25 хоног ажилласан, үүнээс хүнд нөхцөлд 12 жил 4 сар ажилласнаар шалгагдсан байна.

Я.Б нь 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн Авто зам нэгдэлийн тэмдгийн цехэд гагнуурчнаар ажилласан хугацаагаа Шүүхийн шийдвэрээр тогтоолгосон боловч 1995 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сар хүртэлх хугацаанд Авто зам нэгдэл нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байна. Шимтгэл төлөгдөөгүй хугацааг “Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн хүрээнд 1993 оны 08 дугаар сараас 2000 оныг дуустал нөхөн даатгалд хамруулсан байна.

Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн зорилт нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах асуудалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Мөн хуулийн үйлчлэх хүрээ нь 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан, 1995- 2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан дараах иргэн хамаарахаар байна.

Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан жил нь ажилласан жилд тооцогдох боловч хүнд нөхцөлд тооцох боломжгүй юм.

Хөдөлмөрийн нөхцөлийг “Хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндэд дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх ажлын байрны болон үйлдвэрлэлийн орчныг хэлнэ" гэж тодорхойлсон байна.

Иймд Я.Б-ы 1995 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сар хүртэлх хугацаанд авч байсан цалингаас “Авто зам нэгдэл" нь нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн тохиолдолд хүнд нөхцөлд ажилласнаар тогтоох боломжтой юм. Гэтэл энэ байгууллага нь татан буугдсан хариуцах эзэнгүй болсон, харин Я.Б-ы ажиллаж байсан Г.Г ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 54 тоот албан бичигтээ Я.Б нь 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хуучнаар Гүүр барилгын контор одоогийн Г.Г ХХК-д нормчиноор ажиллаж байсан нь үнэн гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн. Үүнийг үндэслэн бид аль болох Я.Б-ы асуудлыг нааштай шийдэх үүднээс Гомдлын шаардлагын зөвлөлийн хурлаар Г.Г ХХК-иар шимтгэлээ нөхөн төлүүлсэн тохиолдолд тэтгэврийг үргэлжлүүлэн олгож болно гэсэн.

Я.Б-ы тэтгэврийн олголтыг түдгэлзүүлэн зогсоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан “тэтгэвэр, тэтгэмж олголтыг түдгэлзүүлэн зогсоох” заалтыг хэрэглэсэн. Хуульд эрх үүсээгүй тэтгэврийг зогсоох заалт энэ заалтаас өөр байхгүй байна.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлд энэ хуулийг зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг. Иймээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д заасан заалтын дагуу ...үндэслэлгүй илүү авсан тэтгэврийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Я.Баас “Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 000******* дугаар актыг хүчингүй болгож, Я.Б-ы өндөр насны тэтгэврийг үргэлжлүүлэн олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

           Хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар зэрэг баримтуудыг үнэлж нэхэмжлэгч Я.Б-ы тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов.

           “Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 000******* дугаар Улсын байцаагчийн актыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Баянзүрх дүүргийн Эрүүл, мэнд нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 000******* дугаар актаар Я.Б-д үндэслэлгүй тогтоосон тэтгэврийг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс дуусгавар болгож, 1.326.714,0 төгрөгийг төлүүлэхээр тогтоосон байна. 

Маргаан бүхий актын үндэслэлд “...2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүнд нөхцлөөр тэтгэвэр тогтоолгосон Я.Б улсад нийт 23 жил 3 сар 25 хоног ажилласан, үүнээс хүнд нөхцөлд 12 жил 4 сар 27 өдөр ажилласан байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр 3-ийн 3-д “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.” гэсэн заалтыг хангаагүй байхад тэтгэвэр тогтоосон.” гэжээ.

Нэхэмжлэгчээс “...улсад нийт 23 жил 3 сар 25 өдөр ажилласан бөгөөд үүний 13 жил 1 сар 25 өдөр нь хүнд нөхцөлд ажилласан. Гэтэл уг ажилласан хугацааны зарим хэсэгт буюу 1995 оны 01 дүгээр сараас 09 сар хүртэл шимтгэл төлөөгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй юм.” гэж маргадаг бол хариуцагч Я.Б-ыг улсад нийт 23 жил 3 сар 25 өдөр ажилласан гэдэгтэй маргадаггүй, харин Я.Б-ыг 12 жил 4 сар 27 өдөр хүнд нөхцөлд ажилласан, өөрөөр хэлбэл “хүнд нөхцөлд 12 жил 6 сараас доошгүй ажилласан байх” шаардлагыг хангахад 1 сар 03 өдөр дутуу байхад тэтгэвэр тогтоосон  гэж маргаж байна.

           Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/00603 дугаар шийдвэрээр “Я.Б нь 1993 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн Авто замын нэгдлийн Тэмдгийн цехэд гагнуурчнаар ажиллаж байсан” болохыг тогтоосон нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

          Дээрх шүүхийн шийдвэрээр Я.Б-ы 1995 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэлх хугацаанд гагнуурчнаар ажилласныг тогтоосон байхад хариуцагчаас  уг хугацааг хүнд нөхцлөөр ажилласан жилд оруулан тооцолгүйгээр Я.Б-ы хүнд нөхцөлд ажилласан хугацааг 1 сар 03 өдөр дутуу гэж үзэж тэтгэврийг зогсоосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн лавлагаагаар “Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн Авто зам нэгтгэл нь 1991-1994 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан” гэж тодорхойлсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхээс Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хийсэн бичиг баримтын үзлэгээр уг байгууллага Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн авто зам ХХК нэрээр 1996 оны 8 дугаар сарын 26-ны өдөр татан буугдсанаар бүртгэгджээ.

           Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Я.Б-ы ажиллаж байсан Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн Авто зам нэгтгэл нь хуульд заасны дагуу ажилтнаас суутгасан болон ажил олгогчийн хувьд төлөх ёстой байсан шимтгэлээ нийгмийн даатгалын санд шилжүүлээгүй бөгөөд энэ нь Я.Б-ы тэтгэвэр тогтоолгон авах эрхийг хязгаарлах  үндэслэл болохгүй.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “Тухайн иргэн ажиллаж байсан боловч аж ахуйн нэгж байгууллага нь улсад төлөх ёстой нийгмийн даатгалын татварыг төлөөгүйн улмаас үүдэн гарсан асуудал. Энэ нь иргэний бус аж ахуйн нэгжийн буруутай асуудал бөгөөд хариуцах ёстой аж ахуйн нэгж нь татан буугдсанаас үүдэлтэй маргаан байна.” гэсэн тайлбарыг гаргасан байна.

          Түүнчлэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/00603 дугаар шийдвэрт “Нийслэлийн архивын газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2017200153 дугаар тодорхойлолт, Үндэсний төв архивын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 134 дүгээр тодорхойлолтоор тус тус “Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн Авто зам нэгдлийн баримт сан хөмрөгт шилжиж ирээгүй” талаар дурдагджээ.

          Нэхэмжлэгч Я.Б Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1993 оны 8 дугаар сараас 2000 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд нөхөн даатгалд хамрагдсан  бөгөөд хариуцагчаас маргаан бүхий актад дурдаагүй “Нөхөн даатгалыг хөдөлмөрийн хүнд нөхцөлд оруулан тооцох боломжгүй. Нөхөн даатгал нь зөвхөн иргэнээс тэтгэврийн 10 хувиар төлөгдсөн байна. Гэтэл тэтгэвэр, тэтгэмжийн даатгалд ажил олгогчоос болон иргэнээс шимтгэл төлөгдсөн байх хуулийн зохицуулалттай.” гэсэн тайлбарыг гаргажээ.

          Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Я.Б-ыг 1993 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн Авто замын нэгдлийн Тэмдгийн цехэд гагнуурчнаар ажиллаж байсан болохыг тогтоосон тул Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн талаарх хариуцагчийн тайлбарт дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

           Мөн хариуцагч Баянзүрх дүүргийн Эрүүл, мэнд нийгмийн даатгалын газар иргэн Я.Б-ы тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг хүлээн авч шалгасны үндсэн дээр 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс шаардлага хангасан гэж үзэн хүнд нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоосон атлаа, нэхэмжлэгчээс хамаараагүй шалтгаанаар 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэвэрийг зогсоож өмнө авч байсан 1.326.714,0 төгрөгийг төлүүлэхээр тогтоосон нь үндэслэлгүй байна.

Иймээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр 3-ийн 3-д “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.” гэсэн заалтыг Я.Б хангасан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4-т  “Ажил олгогч дампуурсан буюу өөр үндэслэлээр татан буугдсан бол татан буулгах комисс буюу нэхэмжлэгчдийн зөвлөл нь төлөгдөөгүй шимтгэлийг уг ажил олгогчийн эд хөрөнгөөс хуульд заасан журмаар гаргуулж нийгмийн даатгалын зохих санд оруулна.” гэж зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд оруулах үүрэг ажилтанд олгогдоогүй тул нэхэмжлэгч Я.Б-ы Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 000******* дугаар актыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

“Я.Б-ы өндөр насны тэтгэврийг үргэлжлүүлэн олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Хэрэгт авагдсан баримтаар Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн Авто зам нэгтгэл нь 1991-1994 онд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан бөгөөд Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн авто зам ХХК нэрээр 1996 оны 8 дугаар сарын 26-ны өдөр татан буугдсанаар бүртгэгдсэн байна.

Ажилтны ажилласан хугацаанд ногдох /актаар дутуу гэж үзсэн 1 сар 03 өдөр/ нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос нөхөн гаргуулж, нийгмийн даатгалын санд оруулсны дараа тэтгэвэр авах эрх үүсэхээр холбогдох хуулиудаар зохицуулжээ. 

Тухайлбал, Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 4-т “нийгмийн даатгалын шимтгэл” гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг; мөн зүйлийн 7-д “шимтгэл төлөгч” гэж хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээдийг; 16 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ.”, 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т “Шимтгэл төлсөн нийт хугацааг тодорхойлохдоо тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацааны дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад хугацааг нэмж тооцно.” гэж тус тус заасан тул нэхэмжлэгч Я.Бы өндөр насны тэтгэврийг үргэлжлүүлэн олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна. Харин дээр дурдсан шаардлагыг хангасны үндсэн дээр Я.Бы хүнд нөхцлөөр тэтгэврээ үргэлжүүлэн авах эрх нь нээлттэй.

Эдгээр байдлуудыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч Я.Б-ы тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 000******* дугаар Улсын байцаагчийн актыг хүчингүй болгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох Я.Б-ы өндөр насны тэтгэврийг үргэлжлүүлэн олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 18 дугаар зүйлийн 4, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3, 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Б-ы нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 000******* дугаар Улсын байцаагчийн актыг хүчингүй болгож, Я.Б-ы өндөр насны тэтгэврийг үргэлжлүүлэн олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АДЪЯАСҮРЭН