Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2022/0043

 

 

 

 

 

 

 

 

 

                    Б.Э-ын нэхэмжлэлтэй

      захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Н.Долгорсүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Ж.Х

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Д

Хариуцагч Ж.Х

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмаа

Хэргийн индекс: 111/2021/0003/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Э нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргад холбогдуулан “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.

2. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” хэсгийг хангаж, үлдэх “ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Ж.Х дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            3.1. Баян-Овоо сумын Засаг дарга Ж.Х миний бие Б.Э-ын нэхэмжлэлтэй, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаартай шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3.2. “Б.Э нь албан томилолт болон ажлын цагаар удаа дараа архи согтууруулах ундаа хэрэглэсэн” гэх шалтгаанаар ажлаас чөлөөлсөн боловч Захиргааны хэргийн анхан шатны шүүх “хуулийн зүйл заалт буруу, Засаг дарга хуульд заагаагүй эрх хэмжээгээ хэтрүүлэн шийдвэр гаргасан байна” гэж үзэн хуралдааныг Б.Э-ын талд шийдвэрлэсэн. 

3.3. Иймд Ж.Х миний бие тухайн цаг үед дэлхийн нийтээр Ковид-19 халдварт өвчин тархсан, багийн иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулах боломжгүй байсан учраас 22 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.

4. Нэхэмжлэгч гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

3. Шүүх хариуцагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгч Б.Э нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа  “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгон ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байх хугацааны цалинг нөхөн олгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсны дагуу захиргааны хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр  “... ажилгүй байх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэж нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Ажилд эгүүлэн томилуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.         

           3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд 66.2-т зааснаар нэхэмжлэлээсээ татгалзсан талаар шүүхэд бичгээр илэрхийлэхээр хуульчилсан байна.

            3.3. Нэгэнт нэхэмжлэгчээс “Ажилд эгүүлэн томилуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан талаар шүүхэд бичгээр илэрхийлсэн, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаагаа мэдэгдсэн байхад анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн уг шаардлагаас татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх ёстой байжээ.

            3.4. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд энэ талаар тодруулахад нэхэмжлэгчээс энэхүү үйл баримтыг үгүйсгэж маргаагүй, дэмжиж байгаагаа илэрхийлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д зааснаар нэхэмжлэгчийн “Ажилд эгүүлэн томилуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

            3.5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээгүй буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2020 оны/-ийн 64 дүгээр зүйлийн 64.2.3 дахь заалтыг хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн нь буруу.

3.6. Тодруулбал, маргаан бүхий Б/10 дугаар захирамжаар “... “ажлын болон ажлын хэсгээр үүрэг гүйцэтгэж явахдаа удаа дараа төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргаж архи согтууруулах ундаа хэрэглэсэн, Ковид-19 цар тахлын хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан цаг хугацаанд удаа дараа ажлын цагаас хоцорсон, ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар удаа дараа биелүүлээгүй, ажлын байранд санаатайгаар архи согтууруулах ундаа удаа дараа хэрэглэсэн, удирдах албан тушаалтан зөрчлийг арилгуулахаар үүрэг чиглэл өгөх бүрд биелүүлээгүй зэрэг зөрчил давтан үйлдсэн ажлын хариуцлага алдсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон Мэргэн 4 дүгээр багийн Засаг даргын албан үүргээс чөлөөлсөн.

3.7. Хэргийг шийдвэрлэх үед буюу 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Баг, хорооны Засаг даргыг энэ хуулийн 32.1, 32.2-т заасан үндэслэл, журмаар ажлаас нь чөлөөлөх буюу огцруулна”, 28.5-д “Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ” гэж тус тус заасан бөгөөд энэ тохиолдолд мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө”, 32.2-т “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ” гэж тус тус заасан үндэслэл бүрдээгүй байхад Засаг дарга өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлаар тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг авалгүйгээр шууд чөлөөлжээ.

3.8. Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох хуулийг дээрх байдлаар буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

3.9. Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “... нэхэмжлэгчээс огт хохирол нэхэмжлээгүй, ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн, хохиролтой холбоотой мэтгэлцэж маргаагүй” гэх боловч  маргаан бүхий Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/10 дугаар захирамж нь хуульд нийцээгүй болохыг дээр дүгнэсэн бөгөөд хариуцагчийн буруутай шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрх зөрчигдсөн байх тул уг захирамжаар нэхэмжлэгчийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсөн өдрөөс Мэргэн 4 дүгээр багийн Засаг даргын ээлжит сонгуулийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулж шинэ Засаг дарга томилогдсон өдрийг хүртэл хугацааны цалинг гаргуулж, түүнд ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр боловч хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад зөв дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, дээрх алдаа нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохооргүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” хэсгийг хангаж, үлдэх “ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсүгэй” гэж, 2 дахь заалтад “47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “48 дугаар зүйлийн 48.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, Тогтоох хэсэгт “3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э-ын “Ажилд эгүүлэн томилуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.”, “4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдсугай” гэж нэмж, хариуцагч Ж.Хын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР        

ШҮҮГЧ                                                                       б.тунгалагсайхан

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН