Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/00797

 

Ж.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02959 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 400 дүгээр магадлалтай,

                                                                                                                       

Ж.Д-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гуравдагч этгээд Д.Раднаабазар, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Д-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2015/07493 дугаар шүүгчийн захирамжаар төлбөр төлөгч Ж.Д-ийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Энэбишийн өргөн чөлөө, 77-ын 1 дүгээр байрны 58 тоот орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад албадан үнэлүүлж, зах зээлийн үнээс хэт доогуур буюу 65,262,600 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны 5/179 тоот тогтоол нь үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, хувь хүний өмчийг үнэгүйдүүлснийг зах зээлийн бодит үнэлгээгээр дахин үнэлүүлж, үнийн саналыг зөвшөөрөхгүй тул уг үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2015/07493 дугаар шүүгчийн захирамжаар Ж.Д-оос 90,607,950 төгрөгийг гаргуулж Д.Раднаабазарт олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан улсын бүртгэлийн Ү-2205023482 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Энэбишийн өргөн чөлөө гудамж 77-1 дүгээр байр 58 тоот орон сууцыг 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр битүүмжилж, 2016 оны 03 дугаар сарын 11-нд хураасан. Албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахад төлбөр төлөгч Ж.Д- 300,000,000 төгрөгөөр, хамтран өмчлөгчөөс мөн адил 300,000,000 төгрөгөөр үнийн саналаа өгснийг төлбөр авагч зөвшөөрөөгүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлд заасны дагуу харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчээр “Итгэлт эстимэйт” ХХК-ийг томилсон. Шинжээч хөрөнгийг 97,518,000 төгрөгөөр үнэлсэнийг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 3/14498 дугаар мэдэгдлээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар баталгаат шуудангаар тус тус хүргүүлсэн. Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан хугацаа, журмын дагуу явуулсан. Энэ хугацаанд нэхэмжлэгчээс гомдол гаргаж байгаагүй. Үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хугацаа, журмын дагуу гаргаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэвийн ажиллах нөхцөл боломжоор хангасан шийдвэр гаргаж өгнө үү. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар удаа дараа шүүх хуралдаанд ирээгүй, улмаар өмгөөлөгч нь оролцохгүй гэдгээ утсаар мэдэгдсэн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөг хүртэл төлбөрөө авч чадаагүй, цаг хугацаагаар асар их хохирч байна. Удаа дараагийн хуралд нэхэмжлэгч талаас ирэхгүй байгаа тул хэргийг хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02959 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002/ оны/ 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ж.Д-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 400 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02959 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.3 ...” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5” гэж, “... Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ...” гэснийг “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оргилын хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 181/ШШ2017/02959 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 400 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь “Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүхийн шийдвэрт “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хураах, битүүмжлэх ажиллагаанд гомдол гаргаагүй” хэмээн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс гадуур, хэрэгт хамааралгүй асуудлаар дүгнэлт гаргаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Үүнийг давж заалдах шатны шүүх дэмжин “... анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” байна гэжээ. Нэхэмжлэгч нь “Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд уг дүгнэлтийг гаргах “үндэслэл журам”-ыг хуульд заасны дагуу хэрэгжүүлээгүй болохыг нотлох, улмаар энэ үйл ажиллагаанд шүүхийн хяналтыг хэрэгжүүлэх зорилготой байсан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх “гомдол гаргаагүй” гэсэн үндэслэлээр хуульд заасан үндэслэл журам зөрчиж, гаргасан дүгнэлтийг зөвтгөсөн нь буруу бөгөөд Шүүхиин шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19, 30, 36 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.  Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн, шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ж.Д- нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Ж.Д- нь 90,000,000 төгрөгийг Д.Раднаабазарт  төлөхөөр зохигчид эвлэрснийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2015/07493 дугаар захирамжаар баталж шийдвэрлэсэн тухай баримт хэрэгт авагдсан байна.

Шүүгчийн 102/ШШ2015/07493 дугаар захирамжийн дагуу олгогдсон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16/2-84 тогтоолоор Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хороолол 77/1 байрны 58 тоот 2 өрөө орон сууцыг битүүмжилж, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авсан байх бөгөөд эдгээр ажиллагаа нь хууль зөрчөөгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19, 30, 36 дугаар зүйлд заасантай нийцсэн, нэхэмжлэгч уг ажиллагаанд гомдол гаргаагүй тухай анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналыг авахад төлбөр төлөгч Ж.Д- нь 300,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч эс зөвшөөрсөн тул хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37.2.2-т зааснаар “Итгэлт эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсноор эд хөрөнгийг 97,518,000 төгрөгөөр үнэлсэн тухай баримт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгч нь “... үнэлгээг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн тул хүлээн зөвшөөрөхгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Харин зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад хамаарах цаг хугацаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн үйлчлэлд хамаарч байхад давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдсөн хуулийг хэрэглэхээр өөрчлөлт оруулсан нь буруу тул магадлалыг хүчингүй болгоно.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 400 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02959 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.                                    

2. Нэхэмжлэгч Ж.Д-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга, хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН