Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 263

 

Иргэн С.Аминагийн ХХХнэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч С.Амина, гуравдагч этгээд Т.Даркей нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2016/0269 дүгээр магадлалтай, иргэн С.Аминагийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч С.Амина шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Би 2006 оны 7 дугаар сард Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Тирлик” захын урьд иргэн Т.Даркейгийн дэлгүүрийн хашааны зүүн булангийн гадна "Хошахан-2" дэлгүүр буюу одоогийн "Киви" гуанзны барилгатай зэрэгцээ газарт 40 м.кв талбайтай дэлгүүрийн барилгыг өөрийн зардлаар барьсан. Энэ үед Т.Даркей ирж “та нар миний эзэмшил газар дээр барилга барьж байна” гээд газар эзэмших эрхийн гэрчилгээ үзүүлснээр тухайн газрыг Т.Даркейнийх гэж ойлгосон. Гэтэл Т.Даркей Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 1999 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 80 дугаар захирамжаар тухайн байршил орчимд уртаашаа 35м, өргөөшөө 47 м нийт 0,17 га газрыг л эзэмших эрхтэй байсныг сүүлд мэдсэн бөгөөд бидний барьсан барилга түүний эзэмшлийн газарт хамааралгүй байжээ. ...Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 1999 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 030100124 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг Т.Даркейд бичиж олгохдоо газрын хэмжээг 1786 м.кв буюу захирамжаас 86 м.кв-аар илүү бичиж олгон, хууль зөрчсөн бөгөөд энэхүү хууль бус гэрчилгээг үндэслэн Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2009 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 283 дугаар захирамж, 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/129 дүгээр захирамжаар Т.Даркейд газар эзэмшүүлсэн байна. Т.Даркейн анхнаасаа 1700 м.кв газрыг л эзэмших эрхтэй байхад үндэслэлгүйгээр газрын хэмжээг 86 м.кв-аар нэмэгдүүлж, 1786 м.кв газрыг эзэмшүүлсэн байх бөгөөд үүний улмаас би өөрийн хөрөнгөөр барьсан барилгын доорх газрыг эзэмших боломжгүй болж, улмаар миний барьсан барилгыг Т.Даркейн “өөрийн эзэмшлийн газар дээр баригдсан барилга гээд өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулснаар” эд хөрөнгөө шударгаар өмчлөх эрх зөрчигдөж байна. Иймд, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт, Тирлик захын урьд талд байрлах 1760,6 м.кв газрыг Т.Даркей, Д.Марал нарт 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/129 дүгээр захирамжийг хүчингүй болгож, тус газар дээр баригдсан 40 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Т.Даркей, Д.Марал нарыг бүртгэсэн 2006 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 000201220 дугаар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Уг 1786 м.кв газрыг анх 1999 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 030100124 дугаартай газар эзэмших гэрчилгээгээр иргэн Т.Даркейд олгож, дараа нь 0,17 га эзэмшүүлэх тухай 1999 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 80 дугаар захирамж гарсан байна. 2009 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүсэлт гаргаснаар 1786 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг аймгийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 283 дугаар захирамжаар “Хошахан” нөхөрлөлд эрх шилжүүлэн эзэмшүүлж, дараа нь кадастрын зурагт буусан хэмжээгээр 1760,6 м.кв газрыг өвлөх эрхийн гэрчилгээний дагуу 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/129 тоот захирамжаар иргэн Т.Даркейд үргэлжлүүлэн эзэмшүүлэх шийдвэр гарсан. Нэхэмжлэгч нь уг газарт миний барьсан дэлгүүр байгаа гэх боловч иргэн С.Аминад тухайн газарт газар эзэмшүүлсэн тухай ямар нэгэн шийдвэр, эрхийн акт гараагүй, иргэн Т.Даркейгийн эзэмшиж байгаа 1760,6 м.кв газарт маргаан бүхий газар багтаж байгаа” гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, 14 дүгээр зүйлд заасан хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй бол мөн хуулийн 15 дугаар зүйлд заасан журмын дагуу бүртгэлийг хийх үүрэгтэй. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэлээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдгээ дарна” гэж заасан байдаг. Өлгий сумын 3 дугаар багийн оршин суугч Т.Даркей нь 2006 оны 08 дугаар сарын 15-ны өдөр "Тирлик” захын урд байрлах 40 м.кв талбайтай дэлгүүрийн байрыг бүртгүүлэхээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу холбогдох нотлох баримтуудаа бүрдүүлэн ирснийг улсын бүртгэгч Р.Бауыржан хүлээн авч, мөн хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу бүртгэж Ү-0213002729 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000201220 тоот эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь холбогдох хууль журмын дагуу хийгдсэн, ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

Гуравдагч этгээд Т.Даркей, Д.Марал нараас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгчийн одоо маргаж буй газар нь Өлгий сумын "Худалдаа бэлтгэл" компаниас 1999 оны 06 дугаар сарын 22-ны өдөр миний бие худалдаж авсан обьектын байрлаж байсан газар юм. Би хуучнаар “Гэр ахуйн барааны дэлгүүр”-ийг саравч, гарааш, хашааны хамт 1786 м.кв газрыг тухайн үеийн ханшаар 4 сая төгрөгөөр худалдаж авсан бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулахаар Өлгий сумын Засаг даргад хандсаны дагуу 1999 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн "Газар олгох тухай" 80 тоот захирамжаар 1786 м.кв газрыг эзэмшүүлэн, 1999 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 030100124 дугаартай газар эзэмших гэрчилгээ олгосон бөгөөд одоог хүртэл газрын хэмжээнд өөрчлөлт ороогүй. Т.Даркей би С.Амина, түүний нөхөр Ш.Ермек нартай өөрийн эзэмшил газарт бизнес эрхлэх үйл ажиллагааг дэмжиж, барилга барихыг зөвшөөрснөөр 2006 оны 06 дугаар сард миний хашаан доторх саравчны зүүн өмнөд талын хоосон зайд буюу машин орох хаалганы залгаа байрлах модон хашааг буулган дэлгүүр барьсан. Тухайн үед харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулж, тухайн дэлгүүрийг барихад гарсан бүх өртгийг түрээсийн хөлсөнд тооцож би аваад, тэд түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн барилга нь тохиролцсоны дагуу миний өмч болсон бөгөөд өөрийн өмчлөх эрхийг баталгаажуулахаар Улсын бүртгэлийн хэлтэст хандан, өмчлөх эрхийн гэрчилгээг 2006 оны 08 дугаар сарын 15-ны өдөр авсан болно” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.5, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Аминагийн “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/129 дүгээр захирамж болон Т.Даркей, Д.Марал нарыг Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай, 40 м2 талбайтай дэлгүүрийн барилгын өмчлөгчөөр бүртгэсэн 2006 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 000201220 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 211/МА2016/0269 дүгээр магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч С.Амина хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Т.Даркейд 1999 онд олгосон 1786 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээ нь эрх бүхий этгээдийн захирамж, шийдвэр гараагүй байхад бичиж олгогдсон тул хууль бус гэрчилгээ болно. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Засаг даргын  1999 оны 80 дугаар захирамж дээрх гэрчилгээ бичигдэн олгогдсоноос 40 хоногийн дараа гарсан байгаа юм. Мөн Т.Даркейд Өлгий сумын Засаг дарга 1700 м.кв газрыг л эзэмшүүлснээс бус 86 м.кв газрыг эзэмшихийг анхнаасаа зөвшөөрөөгүй байхад дээрх хууль бус гэрчилгээгээр 1786 м.кв газрыг эзэмшиж байна. Хэрэгт авагдсан газрын схем зургаар зах явах замаас 4 метрийн зайд, уртаашаа 35м, өргөөшөө 47 м газрыг олгосон нь нотлогддог. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2009 онд 283 дугаар захирамжаар 1786 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлэхдээ 86 м.кв газрыг нэмж эзэмшүүлсэн талаар дурдаагүй, ямар үндэслэлээр 86 м.кв-ыг олгож байгаа нь тодорхойгүй байгаа тул уг захирамж хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Т.Даркейн “Көгершин” хоршооны байрыг худалдан авсан баримтыг үндэслэн гаргасан схем зургаар барааны захаас 4 метрын зайд, уртаашаа 35, өргөөшөө 47 буюу 1700 м.кв хэмжээтэй газрыг олгосон гэж үзэх үндэслэлтэй болох нь тогтоогдож, миний барилгын 40 м.кв газар нь Т.Даркейны эзэмшиж буй газарт хамаарахгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлж, үндэслэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. ...Т.Даркей 1999 оноос хойш өнөөдрийг хүртэл хэдэн м.кв газрын эзэмшиж байгаа нь нотлогдохгүй байхад миний маргаж байгаа газар Т.Даркейн эзэмшилд байна гэж шүүх дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Би өөрийн барилгын доорх газрыг эзэмших хүсэлтийг 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргад гаргасан, хариуцагч энэхүү өргөдлийг шийдвэрлээгүй атлаа  2015 оны 03 дугаар сарын 13-нд Т.Даркейд газар эзэмшүүлэх захирамж гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Т.Даркей, Д.Марал нарын өмчилж байгаа 40 м.кв талбай бүхий дэлгүүрийн байр яг хаана байрлалтай, ямар барилга болох нь тодорхойгүй, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд газрын байршлыг заагаагүй, би Т.Даркей, Д.Марал нарын өмчлөлийн дэлгүүрт түрээсээр үйл ажиллагаа явуулж байна гэж үзвэл Иргэний хууль заасны дагуу үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт заавал бүртгүүлэх ёстой байсныг зөрчиж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээчийн дүгнэлт нь гэрч Насыхатын мэдүүлэгтэй зөрж байхад шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэлсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. ...Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэн, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийн зөв шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 1999 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 80 дугаар захирамжаар Т.Даркейд үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн тус аймгийн Өлгий сумын  4 дүгээр баг /хуучин нэрээр/, Тирлик захын урд байрлах 0,17 га газрын эзэмших эрхийг түүний хүсэлтээр “Хошахан” ЗГБХН-д шилжүүлсэн 2009 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 283 дугаар захирамжид “газрын хэмжээг 1786 м.кв” гэж буруу бичсэн, “86 м.кв” газрыг ямар үндэслэлээр нэмж олгосон нь тодорхойгүй тул энэхүү “86 м.кв” газрыг бусдын хууль ёсны эзэмшилд байгаад тооцох үндэслэлгүй, уг газар дээр барьсан 4х10 хэмжээтэй барилгынхаа доорх газрыг тэргүүн ээлжинд эзэмших эрхтэй гэж С.Амина нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

Нэхэмжлэгч С.Аминагийн нөхөр Ш.Ермек 2006 онд худалдаа, үйлчилгээний үйл ажиллагаа явуулах зорилгоор Т.Даркейн эзэмшил газраас 40 м.кв-ыг ашиглахаар “Түрээслэх гэрээ” байгуулан, уг газар дээр барилга барьж, барилгын үнэ болох 2,600,000 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцохоор харилцан тохиролцсон, үүнээс хойш 2007, 2009, 2011 онуудад тухайн барилгыг “Түрээсийн гэрээ”-ээр ашиглаж ирсэн үйл баримтыг  шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл, С.Амина /түүний нөхөр/ өөрийн хөрөнгөөр барьсан 4х10 хэмжээтэй “Тил-Анар” дэлгүүрийн барилгыг түрээсийн төлбөрт тооцон Т.Даркейд өгсөн, уг барилгын доорх газар анхнаасаа Көгершин хоршооны Гэр ахуйн барааны дэлгүүрийн эдэлбэр, Т.Даркейн эзэмшиж буй 1760 м.кв газарт хамаарч байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул С.Амина “бусдын эзэмшил үүсээгүй газарт барилга барьсан тул тэргүүн ээлжинд барилгын доорх газрыг эзэмших эрхтэй” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Дээрх үйл баримтыг давж заалдах шатны шүүхээс “Баян-Өлгий аймгийн Өлгийн сумын Засаг даргын 1999 оны 80 дугаар захирамжаар 0,17 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг түрүүлж олгохдоо 1786 м.кв гэж хэмжээг бичсэн нь нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй” гэж зөв дүгнэсэн байна.

Анхан шатны шүүх маргаан бүхий газар орчмын 2005, 2011 онуудын сансарын зураг, кадастрын зураг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан арга журмын дагуу бүрдүүлж, цуглуулсан, нотлох чадвар бүхий баримтууд байхаас гадна гэрчүүдийн зөрүүтэй мэдүүлгийг бусад нотлох баримттай харьцуулан үнэлж дүгнэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул С.Аминагийн “...сансарын зураг сүүлд засварласан байх боломжтой тул шүүх шууд үнэлэх боломжгүй, харин манай хүсэлтээр асуусан гэрчүүдийн мэдүүлгийг үнэлээгүй” гэсэн хяналтын гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Мөн С.Аминагийн хүчингүй болгуулахаар маргаж буй Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/129 дүгээр захирамжаар  1999 онд худалдан авч, “Хошахан” ЗГБХН-д шилжүүлсэн газрын эзэмших эрхийг буцаан Т.Даркейд эзэмшүүлсэн /шинээр эсхүл нэмж газар олгосон захиргааны акт биш/  байх тул нэхэмжлэгчийн “2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гаргасан газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа тус газрыг Т.Даркейд эзэмшүүлсэн нь хууль бус” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Ш.Ермек 2006 онд Т.Даркейн эзэмшил газрын 40 м.кв-д барилга барихаар тохиролцон, уг барилгыг газар ашигласны төлбөрт тооцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу Т.Даркей /Д.Марал/ нарыг “Тил-Анар” дэлгүүрийн барилгын өмчлөгчөөр бүртгэж олгогдсон эд хөрөнгө өмчлөх эрхийн 2006 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 000201220 дугаар гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул С.Аминагийн үйл баримт дурдаж гаргасан хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2016/0269 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

         

                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

                  ШҮҮГЧ                                                                                 Х.БАТСҮРЭН