Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 1018

 

 

 

 

 

 

     2020        06        2                                   2020/ШЦТ/1018

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхбадрал,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бороош овогт Баатархүүгийн Цэрэнчимэдэд холбогдох эрүүгийн 2006 00000 1226 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

            

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ц нь согтуурсан үедээ 2020 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 39а байрны 12 тоотод хохирогч Э.М-н нүүр болон гаран тус газар шилээр, цээжин тус гараараа тус тус цохьж эрүүл мэндэд зүүн нүдний гадна хэсэгт шарх, зулгаралт, зүүн хацарт шарх, зүүн шуунд шарх, зулгаралт, цээжний баруун, зүүн хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх хуульд заасан шаардлага хангасан, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

          Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэхэд шүүгдэгч Б.Ц нь согтуурсан үедээ 2020 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 39а байрны 12 тоотод хохирогч Э.М-н нүүр болон гаран тус газар шилээр, цээжин тус гараараа тус тус цохьж эрүүл мэндэд зүүн нүдний гадна хэсэгт шарх, зулгаралт, зүүн хацарт шарх, зүүн шуунд шарх, зулгаралт, цээжний баруун, зүүн хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдсон, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ц-н үйлдсэн гэмт хэргийн үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ. Үүнд:

          Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Ц мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.М-н мөрдөн байцаалтад өгсөн: “... 23 цагийн орчимд манай найз Б.Ц намайг өмнө үерхэж байсан найз охин Баасансүрэнтэй хардаад бид хоёр муудалцсан. Тэгтэл Б.Ц архины шил хагалаад миний зүүн талын шанааг зүссэн. Тэгэхээр нь гараараа хаатал миний зүүн талын гарны дотор талын шуу хэсгийг зүссэн. Мөн гар, хөлөөрөө олон удаа цохьж зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7 дугаар тал/,

Гэрч Х.Н-н өгсөн: “... дахин 1 шил 0.75 литрийн архи авч Мөнхбаатар, Цэрэнчимэд хоёр хувааж уусан ... гэнэт Мөнхбаатар Цэрэнчимэд хоёр чанга чанга дуугаар хэрэлдэж маргаж эхэлсэн. Тэгэхээр нь өндийгөөд хартал тэр хоёр ноцолдож эхэлсэн бөгөөд газраар өнхөрч байсан. Ингээд нэг харахад Цэрэнчимэд гартаа шилэн аяганы суурь хагарчихсан байдалтай барьчихсан, харин Мөнхбаатар нь Цэрэнчимэдийг заамдсан байдалтай зогсож байсан ... тэр хоёр зодолдох шинжтэй болоод явчихсан тул би хажууд талаас нь та хоёр болиоч найзууд байж гэж хэлтэл тэр үед хажуу өрөөнөөс Сонинбаяр орж ирсэн. Тэгээд Сонинбаяр Мөнхбаатарыг бариад, би Цэрэнчимэдийг бариад салгатал Мөнхбаатарын зүүн шанаанаас бага хэмжээний зураасан зулгаралттай цус гарсан, мөн гарын шуу хэсэг зүсэгдсэн байдалтай цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/,

Гэрч Н.С-н өгсөн: “... хүмүүс түжигнэх чимээ гарахаар нь би чимээ гарсан өрөөрүү ороход манай ах найзтайгаа газар уначихсан байдалтай хоорондоо зууралдаж ноцолдож байсан. Тэгэхээр нь би хажуу талаас нь салгасан. Би яг зодолдож цохилцох үйл явдлыг нь хараагүй, ямар ч байсан тэр хоёрыг салгаад газраас босгоход Мөнхбаатарын баруун чамархай хэсгээс нь цус гарсан байдалтай, харин Цэрэнчимэд ахын гар нь цус болчихсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч О.Болороогийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5356 дугаартай “Э.М-н биед зүүн нүдний гадна хэсэгт шарх, зулгаралт, зүүн хацарт шарх, зүүн шуунд шарх, зулгаралт, цээжний баруун, зүүн хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтлүүд нь ир, ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар тал/,

Б.Ц-н яллагдагчаар өгсөн: “... нэг мэдэхэд оюун ухаан сэргэсэн бөгөөд би Мөнхбаатартай ноцолдож байсан. Мөн Мөнхбаатарын зүүн шанаа, чамархай хэсгээс нь мөн зүүн гарын шуу хэсгээс нь цус гарч байсан. Тэр гэмтлийг би учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр тал/,

          Хохирогч Э.М, яллагдагч Б.Ц нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар гаргасан хүсэлтүүд /хх-ийн 47-48 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримт болно.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Ц-н гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол,

хор уршгийн талаар:

Хохирогч Э.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 120.000 төгрөг хүлээн авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн, гэм хорын хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.Цийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Ц-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Б.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, зүйлчлэлийн талаар маргаагүй, хохирогчид эмчилгээний зардалд 120.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан үзсэн.

   Иймд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ц-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овогт Б-н Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-н цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг Б.Ц-д мэдэгдсүгэй.

          5. Шүүгдэгч Б.Ц нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

          6. Шүүгдэгч Б.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ХАТАНЦЭЦЭГ