Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1025

 

 

 

 

 

 

     2020        06       03                                   2020/ШЦТ/1025

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

Улсын яллагч Л.Галав,

Шүүгдэгч Х.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ё танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С овогт Х-ий Ж-д холбогдох эрүүгийн 2006 00000 1240 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Ж нь 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Эрдэнэ толгойн 31-825 тоотод иргэн Ц.Оын толгойн тус газарт архины шилээр 1 удаа цохьж, дагзны хуйханд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх хуульд заасан шаардлага хангасан, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

          Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэхэд шүүгдэгч Х.Ж нь 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Эрдэнэ толгойн 31 дүгээр гудамжны 000 тоотод иргэн Ц.О-ын толгойн тус газарт архины шилээр 1 удаа цохьж, эрүүл мэндэд дагзны хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдсон, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Жы үйлдсэн гэмт хэргийн үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ. Үүнд:

          Шүүхийн хэлэлцүүлэгт Х.Ж мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Оын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 20:00 цагийн үед гэртээ Баасанхүү, Дэлгэрхангай, Жолпан нартай хамт 0.75 литрийн хараа архи уусан. Дэлгэрхангай, Жолпан нар муудалцхаар нь би Жолпаныг яв гэхэд Жолпан уурлаж миний толгой руу архины шилээр 1 удаа цохисон. Тэр үед архины шил хагарч миний толгойноос цус гарсан. Дэлгэрхангай цагдаа, түргэнд дуудлага өгсөн. Жолпанаас өөр намайг цохиж зодсон хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,

Гэрч Д.Б-н өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Жолпан, О, Дэлгэрхангай бид нар Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо 31-825 тоотод байдаг Оын гэрт архи уугаад Жолпан, О хоёр хоорондоо хэрэлдээд Жолпан нь Оын толгойг архины шилээр цохисон. Тэгтэл архины шил нь хагарч Оын толгойноос цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч О.Болороогийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5344 дугаартай “Ц.Оын биед дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар тал/,

Х.Жы яллагдагчаар өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр би Эрдэнэтолгойд байдаг Оын гэрт 22:00 цаг өнгөрч байхад очсон юм. Намайг Оын гэрт очиход Баасанхүү, Дэлгэрхангай, О гурав архи уугаад сууж байсан. О Дэлгэрхангай хоёр дэлгүүрээс 5000 төгрөгийн үнэтэй муу архи аваад ирэхээр нь би тэр архийг нь асгах гэтэл Дэлгэрхангай уурлаад надтай маргалдсан. Тэгтэл О-р Дэлгэрхангайг өмөөрч миний элэг рүү өшиглөж миний цамцаар хоолой боогоод орон дээр суусан. Би эсрэг талын орон дээр сууж байгаад уур хүрээд байхаар нь газарт байсан архины шилийг авч О-н толгойг архины шилээр нэг удаа цохисон. Тэгэхэд Оын толгой нь хагарч цус гарсан. Миний Оын толгойг цохисон архины шил хагарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримт болно.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Ж гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол,

хор уршгийн талаар:

Хохирогч Ц.О нь цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн, гэм хорын хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Х.Жыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Х.Ж-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Х.Ж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, зүйлчлэлийн талаар маргаагүй, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан үзсэн.

   Иймд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Ж-д оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С овогт Х-ий Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж-д 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Х.Ж-д мэдэгдсүгэй.

          4. Шүүгдэгч Х.Ж-д нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

          5. Шүүгдэгч Х.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ХАТАНЦЭЦЭГ