| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2016/1014/и |
| Дугаар | 138/ШШ2016/00984 |
| Огноо | 2016-08-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 138/ШШ2016/00984
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,
Дорнод аймгийн ******* сумын 6-р баг ******* байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн ******* сумын 2-р баг тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт д холбогдох,
Өөрийн хөдлөх эд хөрөнгийг албадан гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 8 сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие хилээр хүн тээвэрлэх ажилд явдаг бөгөөд 5-18 насны 3 охинтой. Өөрийн орон сууцгүй учир ы байрыг 2016 оны 4 сарын 05-ны өдрөөс түрээсэлж байсан. Түрээсийн хугацаа 8 сарын 05-ны өдөр дуусна. Ер нь сар сардаа хөлсөө төлдөг. Гэтэл хөлслүүлэгч 5 сарын 05-ны өдөр мөнгөний хэрэг боллоо, түрээсийн төлбөрөө 3 сараар өгөхгүй юу гэхэд нь 900.000 төгрөг өгсөн. 2016 оны 08 сарын 05-ны өдрөөс сар сардаа хөлсөө төлбөл цааш нь үргэлжлүүлмээр байна, бөөнд нь авна гэвэл боломжгүй байна гэдгээ 8 сарын 03-ны өдөр хэлэхэд 8 сарын 05-ны өдөр уулзаж шийдье гэж тохирсон. Тэгээд хилрүү ажилтай явсан чинь 8 сарын *******-ний өдрийн өглөө охидуудыг хөөж гаргаад хувцас хунар эд зүйлийг нь цоожлоод түлхүүрээ ы эхнэр аваад явчихсан байсан. Гурван охин маань байшингийн сүүдэрт гарсан байна гэж надруу охин маань хэлсэн. Ээжийгээ ирэхээр нь уулзуулаарай гээд түлхүүр авчихсан учир очих газаргүй боллоо яах вэ гэсэн. Тэгэхээр нь би 3-н охиныг минь гудамжинд гаргасанд гомдож бухимдаад “та энэ халуунд 3-н өнчин охин хүүхэд гудамжинд гаргахдаа яахав дээ, 8 сарын 05-ны өдрийг хүртэл тэссэнгүй юу” гэсэн чинь элдвээр хэлэхээр нь өөдөөс нь хэрэлдсэн. Орой ирээд уулзах гэхэд өөдөөс хэрэлдээд 1 сарын өмнө байрнаас гарах тухай мэдэгдээгүй учир 250.000 төгрөг төл, тэгэхгүй бол түлхүүрийг чинь өгөхгүй гэсэн. Би уг нь түлхүүрийг нь авч хувцас хунар, хоол унд, хэрэглэх эд зүйлээ авъя гэсэн юм. Гэтэл ийм мөнгө нэхээд түлхүүр өгөхгүй байна. Мөнгөө төлөөд юмаа аваад зайл гэсэн. Нэгэнт энэ айл 8 сарын *******-ний өдрөөс байрыг хөлслөхгүй гэж буй бол эд зүйлээ авъя гэхээр боломж олгохгүй байна. Иймд миний эд зүйлийг өөрийн дураар цоожлон, идэх, өмсөх, унтах орон байрны хэрэглээг дураар хязгаарласан үйлдлийг таслан зогсоож, түлхүүрээрээ хаалгыг нээж эд зүйлээ авах боломж олгохыг иргэн болон түүний гэр бүлд үүрэг болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Болорчулуун шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* сумын 6 дугаар багийн 68-******* тоот байрыг 2016 оны 4 сарын 05-ны өдрөөс 2016 оны 8 сарын 05-ны өдрийг хүртэл Ш.******* түрээсэлж байсан нь үнэн. Цахилгааны төлбөр, халуун хүйтэн ус, бохирын төлбөрийг төлөөгүй учир эд зүйлийг нь авч үлдсэн. Халуун, хүйтэн ус, бохир, цахилгааны төлбөрөө 2016 оны 8сарын 05-ны өдөр төлсөн. Өргүй болсон тул эд зүйлийг нь буцааж өгсөн гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Ч.аас өөрийн хөдлөх эд хөрөнгөө албадан гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч Ч. нь нэхэмжилж буй эд зүйлийг нэхэмжлэгч Ш.*******д хүлээлгэн өгч, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичмэл баримтуудаар батлагдаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч. нэхэмжилж буй эд зүйлийг нэхэмжлэгч Ш.*******д хүлээлгэн өгсөн талаараа шүүхэд бичгээр тайлбар гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ч. нь нэхэмжилж буй эд зүйлийг нэхэмжлэгч Ш.*******д төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Ш.******* нь тус шүүхийн 2016 оны 8 сарын 11-ний өдрийн 2244 тоот шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ