| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1003/Э |
| Дугаар | 1026 |
| Огноо | 2020-06-03 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | М.Батзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 1026
2020 06 03 2020/ШЦТ/1026
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
Улсын яллагч М.Батзаяа,
Шүүгдэгч Б.Т, А.Энарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ё танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт А-н Э, Ч овогт Б-н Т нарт холбогдох эрүүгийн 2006 00000 1336 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээс/
Шүүгдэгч А.Э нь Б.Т-тэй бүлэглэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 71А байрны Б1 давхарын автомашины зогсоол дээр байрлуулан тавьсан иргэн У.В-н эзэмшлийн 95-93 УАВ улсын дугаартай Тоёота приус-41 маркийн автомашины хойд талын тээшний хаалганы шилийг хагалж, шил арчигчийг эвдэж, зүүн талын урд хаалганы толийг хагалж, зүүн талын хойд талын хаалга, банк, гэрлийн дээд хэсэг, тээшний хаалганы зүүн тал, хойд талын гупер зэргийг түлхүүрийн үзүүрээр гүн зурж гэмтээсний улмаас 710.400 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Төгөлдөр нь А.Эрхэмбаяртай бүлэглэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 71А байрны Б1 давхарын автомашины зогсоол дээр байрлуулан тавьсан иргэн У.Ванчигсүрэнгийн эзэмшлийн 95-93 УАВ улсын дугаартай Тоёота приус-41 маркийн автомашины хойд талын тээшний хаалганы шилийг хагалж, шил арчигчийг эвдэж, зүүн талын урд хаалганы толийг хагалж, зүүн талын хойд талын хаалга, банк, гэрлийн дээд хэсэг, тээшний хаалганы зүүн тал, хойд талын гупер зэргийг түлхүүрийн үзүүрээр гүн зурж гэмтээсний улмаас 710.400 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Т, А.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх хуульд заасан шаардлага хангасан, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэхэд шүүгдэгч А.Эрхэмбаяр, Б.Төгөлдөр нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 71А байрны Б1 давхарын автомашины зогсоолд байрлуулан тавьсан хохирогч У.В-н эзэмшлийн Тоёота приус 41 маркийн 95-93 УАВ улсын дугаартай авто машины хойд талын тээшний хаалганы шил, зүүн талын урд хаалганы толийг хагалж, шил арчигчийг эвдэж, зүүн хойд талын хаалга, банк, гэрлийн дээд хэсэг, тээшний хаалганы зүүн тал, хойд талын гупер зэргийг үзүүртэй зүйлээр зурж хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 710.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдсон, Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Э, Б.Т нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт А.Э мэдүүлэхдээ: “... Мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Т мэдүүлэхдээ: “... Мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
3. Иргэн А.Д-с гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 дүгээр тал/,
4. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-07 дугаар тал/,
5. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-10 дугаар тал/,
6. Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-19 дүгээр тал/,
7. Хохирогч У.В-н мөрдөн байцаалтад өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 07-ны өглөө ажлаасаа чөлөө аваад хүүгээ вакцин хийлгэх гээд гэртээ ирээд эхнэр хүүхдээ аваад байрны гражаас гарахад гражаас төв зам нийлэх хооронд зам хаагаад 63-88 УБЕ улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байхаар нь тэмдэглэсэн гар утас руу ярихад удалгүй нэг залуу машин дээр ирсэн. Тэгээд над руу ямар овоо гар вэ? гэх мэтээр занасан үг хэллэг хэлээд байсан. Тэгээд маргаж байгаад машинаа холдуулаад намайг гаргаад буцаад өмнөх зогсож байсан газар руугаа оруулаад тавьсан. Тэгээд би яваад өгсөн ба хүүхдийн вакцинаа хийлгээд гэртээ ирээд буцаж ажил даа яваад орой 19 цагийн орчим гражид машинаа тавиад орсон. Тэгэхэд байрны жижүүр машин цонх хагарсан байна гэж хэлсэн. Тэгээд ирэхэд миний машины хаалга, хойд гүпер, хойд талын шил, зөв талын толь зэргийг санаатай хагалж сүйтгэсэн байсан. Тэгээд гражны камер шүүж үзэхэд өглөө маргаад байсан шар өнгийн шилтэй залуу 1 залуугийн хамт орж ирээд машин эвдэж байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-37 дугаар тал/,
8. Гэрч Д.Г-н өгсөн: “...01 цагийн орчимд байрныхаа граш, орц, гадна талбайн аюулгүй байдлыг шалгаад явж байсан. Тэгтэл 71А байрны гражаас юм хагарч байгаа юм шиг чимээ гарахаар нь граж руу ортол 2 залуу, 2 орцны хаалгаар гараад зугтаасан. Тэгээд машинуудаа шалгатал 95-93 УАВ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Приүс-41 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толийг хугалаад тээшний хаалганы шилийг хагалаад зүүн талын хойд, урд хаалга, гүпер зэргийг ирмэгтэй зүйлээр зурсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/,
9. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосон Дамно ХХК-й хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 39-40 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримт болно.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч А.Э, Б.Т нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол,
хор уршгийн талаар:
Хохирогч У.В нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.500.000 төгрөг хүлээн авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн, гэм хорын хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.Т, А.Э нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Т, А.Э нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Б.Т, А.Э нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, зүйлчлэлийн талаар маргаагүй, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан үзсэн болно.
Иймд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, А.Э нарт тус тус 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, тэдгээрийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Т, А.Э нарт мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А-н Э, Ч овогт Б-н Т нарыг Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, А.Э нарыг тус тус 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, А.Э нарын орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг Б.Т, А.Э нарт мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Т, А.Э нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн дүрс бичлэг бүхий компакт дист 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Б.Т, А.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ