Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/157

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ганхуяг,

Улсын яллагч:  Т.Дэлгэрмэнд,

Шүүгдэгч: Ц.Ц.О-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.-О-д холбогдох эрүүгийн 2018000250154 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1982 оны 04 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Дархан,Сэлэнгиийн Цахилгаан түгээх сүлжээ ХК-д жолооч, засварчин ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. урьд ял шийтгэлгүй, Ц.О

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ц.Ц.О-нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр 5 дугаар цэцэрлэгийн хашаан дотроос иргэн Н.Н.Д-ын самсунг А50 маркийн гар утсаа гээгдүүлснийг завшиж 800.000 төгрөгийн хохирол гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Ц.Ц.О-шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Өмнө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ц.Ц.О-нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар цэцэрлэгийн хашаан дотроос “Самсунг А50” маркийн гар утас буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Ц.Ц.-О-гийн үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 2018000250154 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоосон байна.          

            Хохирогч Н.Н.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн үед би ажлаасаа гарч Дархан сумын 14-р багт байрлах 5 дугаар цэцэрлэгээс бага хүү А- цэцэрлэгээс авах гээд явж байтал найз Саран залгаж юм өгөх гэсэн юм гээд Хараа зочид буудлын урд байна гээд хэлэхээр хүүгээ цэцэрлэгээс аваад очьё гээд салгасан. Тэгээд тухайн үед цэцэрлэг рүү ороод хүүгээ аваад гарсан. Ариг банк өнгөрч явж байхад гэнэт гар утсаа санаад буцаад цэцэрлэгрүү орон хоорондоо машин болоод зогсож байсан газар хайгаад байхгүй байхаар нь цэцэрлэгийн хүүхдийн цувцас солихдоо орхисон байх гээд анги руу орж бас үүдний улавч өмсдөг хэсэгт үзэж хайгаад байхгүй байсан. Тэгээд би хүний утаснаас залгахад дуудаж байхаар нь дахиад үзсэн газруудаа сонсоод хайсан боловч байхгүй хайгаад олоогүй.” гэх мэдүүлэг /хх 12/

            Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэлхүлээн авсан тухай тэмдэглэл /хх 03/,

            Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх 08/,

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 09/,

            “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх 17-18/,

Шүүгдэгч Ц.Ц.-О-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа,  эрүүгийн хариуцлага хүлээсэн хүний тэмдэглэл, тээврийн хэрэгслийн лавлагаа, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолтууд /хх 34-50/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Ц.Ц.О-гэмт үйлдэлдээ шууд санаатай, шунахай сэдэлттэй, гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ц.Ц.-О-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны бөгөөд шудрага ёсонд нийцнэ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчтай зөвшилцсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасныг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.

Хохирогч Н.Н.Д- нь Самсунг А50 маркийн гар утсаа хүлээн авсан болох нь хавтаст хэргийн 9 дүгээр хуудсан авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Ц.-О-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц.-О-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.-О-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.-О-д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.О-нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц.-О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ