Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/189

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул,

Улсын яллагч  Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Я.Я.Ц-ийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж,

Шүүгдэгч С.С.Б-ын өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Я.Я.Ц-, С.С.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.Ц-, С.Б- нарт холбогдох эрүүгийн 2018000020051 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 25-ны өдөр УБ хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, философийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Я.Ц-

Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 19-ний өдөр УБ хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, ******* тоотод тавилга үйлдвэрлэдэг ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдийн хамт оршин суудаг, урьд 2004 оны 08 сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, 2018 оны 12 сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сая төгрөгөөр торгуулж байсан, С.Б-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Я.Я.Ц-, С.С.Б- нар бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 06- ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Солонгос улс руу виз гаргаж өгнө гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилж иргэн Г.Г.О-д 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Я.Я.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 02 дугаар сард Г.Г.О- над руу залгаад тусламж хүссэн. Ийнхүү 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хохирогчийн хүү З.З.С- БНСУ руу ажилтнаар явах шалгалтад орохоор болсон. Би тухайн өдөр ажилтай байсан тул шалгалтад бэлдэх хүнтэй холбож өгсөн. Г.Г.О- 15:00 цагийн үед намайг Сонгинохайрхан дүүрэгт ажлын байрандаа байхад миний данс руу 3.500.000 төгрөг шилжүүлснээс 3.000.000 төгрөгийг нь би С.С.Б- руу шилжүүлсэн” гэв.

     Шүүгдэгч С.С.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 2010 оноос 2013 оны 06 дугаар сард Бүгд найрамдах Солонгос Улсад гэрээгээр ажиллаж байсан. Би солонгос хэлний 3 дугаар түвшиний мэдлэгтэй бөгөөд урьд солонгос хэлний шалгалтын материал орчуулж байсан юм. 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 11:00 цагийн үед З.З.С- гэх хүүхэд надтай ирж уулзаад түүнийг 14:00 цагт шалгалтад орох хүртэл бэлдсэн. З.З.С- нь солонгос хэлний ямар ч анхан шатны мэдлэггүй байсан ч тэрээр шалгалтад 75 оноо авсан. Тухайн өдөр З.З.С- эхнэртэйгээ хамт явж байсан бөгөөд шалгалтаас гарч ирээд гэр бүлтэйгээ яриад над руу мөнгө шилжүүлсэн гэв.

Эрүүгийн  2018000020051 дугаартай хэргээс:

            Хохирогч Г.Г.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 сарын 06-ны өдөр манай хадам эгч А- над руу утсаар ярьж Солонгос улсад 3 жилийн гэрээгээр ажлын виз гаргадаг хүн байна гэнэ, чи хүүхдээ явуулах уу бүртгэлийн 1 сая төгрөг гэж байна гээд нэг утасны дугаар өгсний дагуу Я.Я.Ц- гэх хүнтэй холбогдон ярьж 1 сая төгрөгийг 2018.03.06-ны өдөр******* тоот данс руу шилжүүлсэн. 2019 оны 02 сарын 21-ний өдөр дахин бүртгэлийн 1 сая төгрөгийг шилжүүлсэн чинь Я.Ц- над руу залгаж бүртгэл амжилттай боллоо шалгалтын тов гарсан танай хүүхэд 2019 оны 05 сарын 31- ний өдрийн 14 цагт орохоор боллоо гэсэн. Тэгээд би 2019 оны 05 сарын 28-ны өдөр нөгөөдөр шалгалт нь болох уу гэж тодруулан асуухад болно гэж хариулсан бөгөөд дахин надаас суудлын мөнгө 500.0 төгрөг шилжүүлчих гэхээр нь******* тоот дансанд 500.0 төгрөг шилжүүлсэн. Тэгээд манай хүүхэд 2019 оны 05 сарын 31-ний өдөр 14 цагт УБ хотод Хөдөлмөрийн бирж гэсэн газар очиж шалгалтанд орох гэж байхдаа над руу залгаж Бүжээ эгч яриад байна шалгалтанд орохоосоо өмнө үлдэгдэл 3500000 төгрөгийг шилжүүлчих гээд байна гэхээр нь******* тоот дансанд 3500000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн өдөр шалгалтын дараа Я.Ц- над руу залгаад болчихлоо танай хүүхэд 95 хувьтай тэнцсэн дараагийн шатны ур чадвар, эмнэлгийн үзлэгт орсны дараа юм болсон гэсэн үг шүү гэж хэлсэн. Би одоогийн байдлаар 6 сая төгрөг өгч залилуулсан. ...надад яг танай хүүг бүх шалгалтанд тэнцүүлж өгөөд виз гаргаж өгнө явахад бэлэн болгоно гэсэн тэгээд худлаа ярьсан байна лээ” гэх мэдүүлэг /хх 15-16/,

 

            Гэрч А.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай бэр Г.Г.О- би Солонгос улс руу гаргаж өгөх гэсэн юм таньдаг мэддэг хүн байна уу гэж надаас асуусан. Би үүнийг Я.Ц- гэж хүнд хэлсэн чинь хоорондоо танилцсан байсан..” гэх мэдүүлэг /хх 23/,

 

Гэрч Б.У- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Иргэд Бүгд найрамдах Солонгос улс руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллах зорилгоор бүртгүүлэхдээ зайлшгүй өөрийн биеэр ирж, иргэний үнэмлэх цээж зураг, холбогдох бичиг баримттай ирж бүртгүүлдэг. Ирж бүртгүүлэх явцдаа Солонгос хэлний анхан шат ирж өгдөг, харааны бэрхшээл шалгадаг тухайн бүртгэлийн нэрийг нь Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл гэж нэрлэгддэг юм. Бүртгэлийн хураамж нь 24 доллар байдаг ба бүртгүүлэх явцдаа тухайн мөнгийг өгдөг. Тэгээд тухайн бүртгэлийг аваад бүртгэлийн шар хуудас өгөөд код өгөөд явуулдаг. Тухайн кодоор хөдөлмөр хамгааллын цахим сайтаар ороод хэзээ хаана шалгалт өгөхөө хардаг. Тэгээд бүртгүүлсэн иргэд шалгалтын биеэр өгөөд тэнцсэн тохиолдолд дахиж эрүүл мэндийн үзлэгт ороод дараа нь сонгон шалгаруулалт ордог. 2018, 2019 онуудад шалгалтанд өөрсдөө биеэр ирж бүртгүүлдэг байсан. Харин 2020 оноос цахимаар бүртгэдэг болсон. 2018, 2019 онд хүний өмнөөс бүртгүүлж болохгүй, заавал өөрсдөө бүртгүүлнэ.” гэх мэдүүлэг /хх 25/,

 

Гэрч Б.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Тухайн иргэн хөдөлмөрийн гэрээгээр Бүгд найрамдах Солонгос улсад ажиллах гэрээт шалгалтанд бүртгүүлэхдээ өөрөө биеэр ирж, холбогдох иргэний үнэмлэх бичиг баримтаа авчирч ойролцоогоор 60000 төгрөгийн бүртгэлийн хураамж төлөөд анхан шатны хэлний сорил өгөөд хараагаа шалгуулах /өнгө ялгаж байгаа эсэх/ зэрэг хэлний шалгалтанд бүртгэж аваад шалгалт өгөх хүний тоонд оруулдаг. Тухайн хэлний шалгалтанд бүртгүүлэхдээ шалгалтанд орох иргэн өөрөө биеэр ирж бүртгүүлдэг. Манай байгууллага нь бүртгэлийн хураамжаас илүү мөнгө авдаггүй, 2020 оноос эхлэн цахим бүртгэлээр иргэдийг бүртгэхээр болсон. Шалгалтанд бүртгүүлсэн иргэд шалгалтанд орох газраа он сар өдрөө цахим сайтаар харж болдог” гэх мэдүүлэг /хх 27-28/,

 

Гэрч З.З.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би С.Б- гэх хүнийг сайн мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар 2018 оны 03 дугаар сард би Бүгд найрамдах Солонгос улс руу очиж ажиллая гэсэн бодолтой байсан юм. Би тухайн үед буюу 2018 оны 03 сард Я.Ц- гэх хүнд уг асуудлаар гадаад паспортаа эх хувиар нь өгсөн. Тийм бүртгэлийн шар өнгөтэй хуудас авч байсан. Миний санаж байгаагаар 2018 оны 05 сарын 31-ний өдөр би Солонгос хэлний шалгалтанд орж байсан. Тухайн шалгалтанд миний санаж байгаагаар 70-74 орчим оноо авч байсан. Тухайн шалгалтын босго оноо буюу 90 оноогоор тэнцдэг байсан шиг санаж байна. Тэгээд би Я.Ц- эгчтэй уулзаад шалгалтанд уначихлаа гэдгээ хэлэхэд тэрээр ямар ч асуудалгүй, болно бүтнэ, чамайг тэнцүүлнэ гэж хэлсэн. ...тухайн хүмүүс надаас ямар нэгэн мөнгө аваагүй, хэлний шалгалт өгсний дараа тухайн хүмүүст хэдэн төгрөг өгсөн талаар ээж Г.О-гаас тодруулахад анх бичиг баримт бүрдүүлж байхад 1 сая төгрөг авсан. Хэлний шалгалт өгсний дараа 5 сая төгрөг авсан гэж байсан. Тухайн мөнгийг намайг Солонгос улс руу 3 жилийн гэрээт ажилтнаар гаргана гэж хэлээд авсан” гэх мэдүүлэг /хх 30-31/,

 

Гэрч Б.Т- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2015-2018 оны хооронд Я.Ц- гэх хүнтэй Снөёл гэх нэртэй гоо сайхны компанид хамтдаа ажиллаж байсан юмаа. Гэхдээ нэг их дотно хүмүүс биш, танилууд гэж хэлж болно. Я.Ц- 2018 оны 05 дугаар сард манай төрсөн дүү*******ийг Солонгос хэлний шалгалтанд тэнцэхэд тусалсан. Харин манай ээжийн талын хамаатан Г.О-д хүү З.С-ийг Бүгд найрамдах Солонгос улс руу гаргаж өгнө гэж хэлээд мөнгө авсан талаар сонссон. Гэхдээ яг хэдэн төгрөг авсан талаар би сайн мэдэхгүй байна. Я.Ц- өмнө нь БНСУ-руу ямар нэгэн иргэнийг зуучилж гаргаж байсан удаа байхгүй, өмнө нь ямар нэгэн хүнийг гаргаж байгаагүй” гэх мэдүүлэг /хх 35-36/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 02/

А.Ө-, Г.Г.О- нарын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх 06-07/,

Шүүгдэгч Я.Я.Ц-, С.С.Б- нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 53-54/,

Шүүгдэгч Я.Я.Ц-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт, диплом /хх 57-66/,

Шүүгдэгч С.С.Б-ын оршин суух хаягийн тодорхойлолт, эд хөрөнгийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа,*******,*******,*******,*******, нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх 68-77/,

Шүүгдэгч С.С.Б-, Я.Я.Ц- нарын арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх лавлагаа, харилцагчийн дансны хуулга /хх 91-108/,

Шүүгдэгч Я.Я.Ц-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, /хх 112-164/,

Шүүгдэгч С.С.Б-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, /хх 165-209/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Я.Я.Ц-, С.С.Б- нарт Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн 2018000020051 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Хохирогч Г.Г.О- 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өөрийн хүү З.З.С-ийг Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах зорилготойгоор Я.Я.Ц-тэй утсаар холбогдоход “виз гаргаж өгнө” гэсний дагуу түүний Хаан банк-******* дансанд урьдчилгаа 1000000 төгрөгийг шилжүүлсэн. 2019 оны 02 сарын 21-нд бүртгэлийн 1000000 төгрөг, 2019 оны 05 сарын 28-нд суудлын мөнгө 500000 төгрөгийг Хаан банкны******* дансанд, 2019 оны 05 сарын 31-нд үлдэгдэл 3500000 төгрөгийг Хаан банкны******* дансанд тус тус шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. /хх5-12/,

           

            Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг хохирогчид төрүүлж, эд хөрөнгийг сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгийг буцааж өгөхгүй байх санааг агуулсан байдаг.

 

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд шүүгдэгч Я.Я.Ц- Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр виз гаргаж өгнө гэх итгэл үнэмшлийг төрүүлж, хуурч мэхлэх аргаар бодит байдлыг нуун дарагдуулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Г.Г.О-гийн ...”надад яг танай хүүг бүх шалгалтанд тэнцүүлж өгөөд виз гаргаж өгнө явахад бэлэн болгоно гэсэн тэгээд худлаа ярьсан байна лээ” гэх мэдүүлэг /хх 15-16/, гэрч        З.З.С-ийн ...”Би С.Б- гэх хүнийг сайн мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар 2018 оны 03 дугаар сард би Бүгд найрамдах Солонгос улс руу очиж ажиллая гэсэн бодолтой байсан юм. Би тухайн үед буюу 2018 оны 03 сард Я.Ц- гэх хүнд уг асуудлаар гадаад паспортаа эх хувиар нь өгсөн. Тийм бүртгэлийн шар өнгөтэй хуудас авч байсан. Миний санаж байгаагаар 2018 оны 05 сарын 31-ний өдөр би Солонгос хэлний шалгалтанд орж байсан. Тухайн шалгалтанд миний санаж байгаагаар 70-74 орчим оноо авч байсан. Тухайн шалгалтын босго оноо буюу 90 оноогоор тэнцдэг байсан шиг санаж байна. Тэгээд би Я.Ц- эгчтэй уулзаад шалгалтанд уначихпаа гэдгээ хэлэхэд тэрээр ямар ч асуудалгүй, болно бүтнэ, чамайг тэнцүүлнэ гэж хэлсэн. ...тухайн хүмүүс надаас ямар нэгэн мөнгө аваагүй, хэлний шалгалт өгсний дараа тухайн хүмүүст хэдэн төгрөг өгсөн талаар ээж Г.О-гаас тодруулахад анх бичиг баримт бүрдүүлж байхад 1 сая төгрөг авсан. Хэлний шалгалт өгсний дараа 5 сая төгрөг авсан гэж байсан. Тухайн мөнгийг намайг Солонгос улс руу 3 жилийн гэрээт ажилтнаар гаргана гэж хэлээд авсан” гэх мэдүүлэг /хх 30-31/ болон Хаан банкны дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдон тогтоогджээ.

           

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал нь С.С.Б-ыг Я.Я.Ц-тэй бүлэглэж залилах гэмт хэрэг үйлдсэнийг хөдөлбөргүй нотлон тогтоогоогүй байна

 

            Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах хангалттай үндэслэл, баримт цуглараагүй байх тул шүүгдэгч С.С.Б-ыг цагаатгах үндэслэлтэй бөгөөд хэргийн жинхэнэ байдалд нийцнэ гэж үзлээ.

 

            Бүлэглэж гэмт хэрэг үйлдэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэнийг ойлгох бөгөөд гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцох, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцохоор хуульчилжээ.

            Энэхүү хэргийн шүүгдэгч Я.Я.Ц- “солонгост хөдөлмөрийн гэрээгээр ажиллах виз гаргаж өгөх” талаар хохирогч Г.Г.О-тай 2018 оны 03 сарын 06-нд харилцан ярилцаж, түүнд итгэсний үндсэн дээр 1000000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш З.З.С- Япон улс руу ажлын гэрээгээр явах шалгалтанд тэнцсэн боловч Япон улс руу явж чадахгүй болсон талаар хэлж 2019 оны 02 сарын 21-нд 1000000 төгрөг шилжүүлсэн байна.

            Энэ үед шүүгдэгч Я.Я.Ц- хэн нэгэн хүнтэй хамтарч байгаа талаар хохирогч Г.Г.О-д хэлж байгаагүй, түүнчлэн С.С.Б- Я.Я.Ц- нар 2019 оны 02 сард танилцаж байсан, 2019 оны 05 сарын 31 буюу шалгалт болохоос 2-3 хоногийн өмнө хөрөнгийн бирж дээр тааралдахад “1 хүн солонгос явах шалгалтанд бэлдээд тэнцүүлээд өгөөч” гэж хэлсний дагуу 2019 оны 05 сарын 31 ний өдөр тухайн шалгалт эхлэхээс 2 цагийн өмнө гэрч З.З.С-тай уулзаж тест нүдлүүлж байсан гэх шүүгдэгч С.С.Б-ын мэдүүлэг нь гэрч З.З.С-ийн...”Би С.Б- гэх хүнийг сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, хохирогч Г.Г.О-гийн ...”би гэх хүнийг танихгүй энэ хүн рүү залга гээд дугаарыг өгч байсан” гэх мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.С.Б-ын мэдүүлгийг нотлох баримтаар тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч С.С.Б-, Я.Я.Ц- нарт  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргээс шүүгдэгч С.С.Б-ыг гэм буруугүйд тооцож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй.

 

            Шүүгдэгч Я.Я.Ц-ийг 2018 оны 03 сарын 06-ны өдрөөс 2019 оны 05 сарын 31-ний хооронд  хохирогч Г.Г.О-д “хүү З.З.С-ийн Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах виз гаргаж өгнө гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж  6000000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Хохирогч Г.Г.О- нь “Я.Я.Ц-, С.С.Б- нараас хохирлын мөнгөө хүлээж авсан тул эдгээр хүмүүст гомдолгүй болно” гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгч Я.Я.Ц-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Я.Я.Ц-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэхэд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 заасан гэмт хэрэгт шүүгдэгч С.Б-од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, С.С.Б-ыг цагаатгасугай.

 

2.Шүүгдэгч Я.Ц-ийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар  төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Я.Я.Ц-ийг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Я.Я.Ц- нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

            5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Я.Я.Ц- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Я.Ц-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, С.С.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         З.ТӨМӨРХҮҮ