Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 1089

 

 

 

 

 

 

   

    2020        06             09                                   2020/ШЦТ/1089

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

Улсын яллагч Б.Ганзориг,

Хохирогч А.А,

Шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Б-н Ч-т холбогдох эрүүгийн 2006 00000 1128 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Б.Ч нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ зуун хотхоны орчим хохирогч А.А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ч-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч А.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр найзтайгаа гадуур явж байгаад найз охиныхоо гэрээр орох гээд явж байхад очиж уулзахдаа энэ залуутай бага зэрэг маргалдсан. Чинзориг босч ирээд намайг нэг цохьсон. Тэгээд цагдаа дуудсан. Шүд эвгүй болсон юм шиг санагдаад барьж үзэхэд шүд хугарсан байсан. Нийт 3.500.000 төгрөг нэхэмжилж байгаа. Хавтаст хэрэгт 1.000.000 төгрөгийн баримт хавсаргасан. Хамар хугарсны улмаас улсын 1-р эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсний төлбөр, хамар ясны хугаралаас шалтгаалан хийлгэсэн хамрын хагалгааны төлбөр 760.000 төгрөг, ор хоногийн мөнгө 200.000 төгрөг, эм тариа хэрэглэгдэхүүн авахап 40.000-50.000 төгрөг, шүдний имплант хийлгэх шаардлагатай гэж үзээд нэмэлтээр 2.500.000 төгрөг нэхэмжилж байгаа. Хохирлоо барагдуулчихвал гомдол саналгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч А.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ зуун хотхоны тэнд алхаж явтал манай найз охин Маралмаа нь байрны гадаа үл таних залуугийн хамт сууж байсан. Тэгэхээр нь би очоод найз охиноосоо энэ хэн юм гээд, тэр залууг нь чи хэн юм гэх зэргээр маргаан үүссэн. Тэр үед нөгөө залуу босч ирээд миний нүүр хэсэгрүү нэг удаа цохисон ... Би цохиулаад газар унасан ба газар тулж босож ирээд хамраа барьж үзэхэд цус гарчихсан, хамар нэг л эвгүй дуугараад байсан ... Би тэр хоёрын сууж байсан сандал дээр суугаад тэр залуутай маргалдахаа больсон, шүд нэг л эвгүй болчихсон санагдахаар нь тэмтрээд үзэхэд дээд үүдэн шүд сэтэрчихсэн байсан ... Миний хамарнаас цус гараад тогтохгүй байсан бөгөөд би өмсөж байсан фудболкоо тайлаад хамар дээрээ барьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05, 06-07 дугаар тал/,

Гэрч Б.М-н мөрдөн байцаалтад өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 30-ны орой 20 цагийн орчим санаж байна Баянзүрх дүүргийн 18-р хороо Шинэ зуун хотхоны 24-р байрны гадаа найз эрэгтэйн хамт хоорондоо юм яриад сууж байхад А.А хүрч ирсэн. А.А нь надаас салсан байж намайг хардаж ... найз эрэгтэй маань намайг өмөөрөөд А.Агийн нүүр хэсэгрүү зөрүүлж цохьсон чинь А.А цохиулаад газар унаад өнхөрч, орилоод байсан ... А.Агийн хамарнаас нь цус гарсан харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5303 дугаартай: “1. А.А-гийн биед тархи доргилт, хамар, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун дээд 1-р шүдний паалангийн эмтрэл, зүүн гарын алганд цус хуралт, зүүн тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. З. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар тал/,

Шинжээч Ч.Эрдэмболорын мөрдөн байцаалтад өгсөн: “А.А-гийн биед учирсан тархины доргилт, хамар, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун дээд 1-р шүдний паалангийн эмтрэл гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар хөнгөн гэмтэл ба нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Харин зүүн гарын алганд цус хуралт, зүүн тохойнд зулгаралт гэмтэл нь ГЗТЖ-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/,

Өвчний түүх /хх-ийн 36-46 дугаар тал/ зэрэг болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Ч-н хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

                                                                                                                       

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч Б.Ч нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ зуун хотхоны орчим хохирогч А.Агийн нүүрэн тус газарт гараараа цохьж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун дээд нэгдүгээр шүдний паалангийн эмтрэл, зүүн гарын алганд цус хуралт, зүүн тохойнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Ч-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч А.А гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр найзтайгаа гадуур явж байгаад найз охиныхоо гэрээр орох гээд явж байхад очиж уулзахдаа Б.Чинзоригтой бага зэрэг маргалдсан. Чинзориг босч ирээд намайг нэг цохьсон. Тэгээд цагдаа дуудсан. Шүд эвгүй болсон юм шиг санагдаад барьж үзэхэд шүд хугарсан байсан. Хавтаст хэрэгт 1.000.000 төгрөгийн баримт хавсаргасан. Хамар хугарсны улмаас улсын 1-р эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсний төлбөр, хамар ясны хугарлаас шалтгаалан хийлгэсэн хамрын хагалгааны төлбөр 760.000 төгрөг, ор хоногийн мөнгө 200.000 төгрөг, эм тариа хэрэглэгдэхүүн авахад 40.000-50.000 төгрөг, шүдний имплант хийлгэх шаардлагатай гэж үзээд нэмэлтээр 2.500.000 төгрөг нэхэмжилж байгаа. Нийт 3.500.000 төгрөг нэхэмжилнэ. Хохирлоо барагдуулчихвал гомдол саналгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч А.А гийн мөрдөн байцаалтад өгсөн: “... би очоод найз охиноосоо энэ хэн юм гээд тэр залууг нь чи хэн юм гэх зэргээр маргаан үүссэн. Тэр үед нөгөө залуу нь босож ирээд миний нүүр хэсэгрүү нэг удаа цохисон ... Би цохиулаад газар унасан ба газар тулж босож ирээд хамраа барьж үзэхэд цус гарчихсан, хамар нэг л эвгүй дуугараад байсан ... шүд нэг л эвгүй болчихсон санагдахаар нь эмтэрээд үзэхэд дээд үүдэн шүд сэтэрчихсэн байсан ... Маралмааруу хуруугаараа чичилж заасан чинь тэр залуу намайг цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05, 06-07 дугаар тал/,

Гэрч Б.М-н мөрдөн байцаалтад өгсөн: “... 20 цагийн орчим санаж байна Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо Шинэ зуун хотхоны 24 дүгээр байрны гадаа найз эрэгтэйн хамт хоорондоо юм яриад сууж байхад А.А хүрч ирсэн. А.А нь надаас салсан байж намайг хардаж ... найз эрэгтэй маань намайг өмөөрөөд А.Агийн нүүр хэсэгрүү зөрүүлж цохьсон чинь А.А цохиулаад газар унаад өнхөрч, орилоод байсан ... А.Агийн хамарнаас цус гарсан харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5303 дугаартай “А.Агийн биед тархины доргилт, хамар, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун дээд 1-р шүдний паалангийн эмтрэл, зүүн гарын алганд цус хуралт, зүүн тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар тал/,

Шинжээч Ч.Эрдэмболорын мөрдөн байцаалтад өгсөн: “А.Агийн биед учирсан тархины доргилт, хамар, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун дээд 1-р шүдний паалангийн эмтрэл гэмтэл нь ... хөнгөн гэмтэл ба нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Харин зүүн гарын алганд цус хуралт, зүүн тохойнд зулгаралт гэмтэл нь ... гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/,

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтууд /хх-ийн 36-54 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Чинзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Ч-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч А.А нь гэмт хэргийн улмаас 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улмын нэгдүгээр төв эмнэлэгт нүүрэн ясны хугарлын мэс засалд орж 10 хоног тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ба хагалгааны төлбөрт 761.480 төгрөг, эмнэлэгийн ор хоногийн төлбөрт 200.000 төгрөг, бусад эмчилгээний хэрэглэгдэхүүн худалдан авахад 29.000 төгрөг, нийт эрүүл мэндийн хохиролд баримтаар 990.480 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.Ч-с шүүхийн шатанд 1.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хохирогч А.А-гаас шүүхийн шатанд имплант шүдэлбэр 2.500.000 төгрөгөөр хийлгэх талаар Дентасис эмнэлгийн үнийн санал бүхий нэхэмжлэх баримт нэмж ирүүлснийг энэ тогтоолоор хохиролд тооцон гаруулах боломжгүй гэж үзлээ.  

Хохирогч А.А гэмт хэргийн улмаас учирсан хохиролд цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу Б.Ч-с жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Б.Ч-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс Б.Ч-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ч-н учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ч-н цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацааанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Чинзоригт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

                                                                                                

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н овогт Б-н Ч-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ч-т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Ч-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

             4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

            5. Хохирогч А.А нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор тус  шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                       

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ХАТАНЦЭЦЭГ