| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2020/0199/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/209 |
| Огноо | 2020-05-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2020/ШЦТ/209
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ганхуяг,
Улсын яллагч: Т.Дэлгэрмэнд,
Шүүгдэгч Л.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Ч-д холбогдох эрүүгийн 2018000000198 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1965 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл суманд төрсөн, эмэгтэй, 55 настай, тусгай дунд боловсролтой, цэцэрлэгийн багш багш мэргэжилтэй, Шарын гол сумын 14 дүгээр цэцэрлэгт багш ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Л.Ч-
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Л.Л.Ч- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ж.Ж.Ц-тэй маргалдан түүний зүүн шилбэнд хутгаар хатгаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Л.Ч- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хохирогч намайг үстээд дарсан. Би уушгины хагалгаанд орсон учир үстүүлсэн байхдаа амь тэмцэхдээ гараараа юм тэмтрээд хохирогчийг цохисон. Дараа нь хартал хутга гарт таарсан байсан. Энэ талаар мөрдөн байцаалтад хэлж байсан” гэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Л.Л.Ч- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ж.Ж.Ц-тэй маргалдан түүний зүүн шилбэнд хутгаар хатгаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Л.Ч-ын үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 2018000000198 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.
Хохирогч Ж.Ж.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 17 цагийн үед би найз Ц- гэрээр орсон чинь Ц- бага зэрэг архи уусан бололтой сууж байсан. Тэгэхээр нь Ц- гэрээс нь дагуулж гараад тэдний дэлгүүрт нь очсон. Тэгээд хоорондоо ярьж сууж байгаад нэг шил архи уухаар болж хамт ажилладаг Л.Ч- багш руу утсаар яриад танайд яваад орох уу гэсэн чинь тэг тэг гэж зөвшөөрхөөр нь Ц- бид 2 хамт Л.Ч- багшийн гэрт орсон. ...Ц- согтоод унтаад өгсөн. Тэр хойгуур нь Л.Ч- багш бид 2 галын өрөөнд нь орж үлдсэн архиа ууж сууж нэлээд халж хоорондоо юм ярьж сууж байхдаа би түүний лам нөхрийг нь сайн ном уншдаг засал номоо хийлгэнээ гээд яриад эхэлсэн чинь нөхөртэйгээ намайг хардаад эхэлсэн. Ингээд бид 2 жаахан маргаж би түүний үснээс нь зулгааж өөрийнхөө гуяны хажуу руу дарсан чинь хөл рүү нэг зүйл шир хийгээд орсон. Тухайн үед би гайхаад хартал миний зүүн хөлний шилбэ орчим хутгаар зүсч гэмтээсэн байсан.” гэх мэдүүлэг /хх 11/,
Гэрч Д.Д_Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ж.Ц- Л.Ч- багш руу утсаар залгаж юу хийж байна гэртээ байгаа юм уу, танай гэрт орж ганц юм уучихдаг юм уу гэж асуусан чинь тэгээ хүрээд ир гэж зөвшөөрсөн. Тэгээд Ж.Ц- бид 2 дэлгүүр орж 0,75 граммын хараа нэртэй архи болон удаа ус, алим аваад Л.Ч- багшийн гэрт орсон. Тэгээд бид 3 нийлж нөгөө авсан архиа дөнгөж ууж эхлээд суутал өмнөх өдөр нь миний уусан архи гараагүй байсан учир хэсэг манараад толгой өвдөхөөр нь хэсэг унтаж амарсан. Тэгтэл удалгүй Л.Ч- багш болон Ж.Ц- 2 намайг дуудаж сэрээгээд миний хөл зүсэгдчихлээ, үүнийг боочих юм байна уу гэж Ж.Ц- асуухаар нь тэр орчмоор шархыг нь боох юм хайсан боловч олдоогүй тэгэхээр нь нойлын цаасаар ороож боосон” гэх мэдүүлэг /хх 14/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 350 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Ж.Ж.Ц-гийн биед зүүн шилбэнд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” /хх 16-17/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 4/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-7/,
Шүүгдэгч Л.Л.Ч-ын арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх лавлагаа /хх 26-37/, эд хөрөнгийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 38-42/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Л.Л.Ч- хохирогч Ж.Ж.Ц-тэй харилцан маргалдсаны улмаас түүний халдашгүй байх эрх, эрх чөлөөнд халдаж хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, түүний гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчтай зөвшилцсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан ба шүүхээс шүүгдэгч Л.Л.Ч-д оногдуулсан 500 000 төгрөгийн торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Л.Ч-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л.Ч-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л.Ч- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Л.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ