Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2022/0050

 

 

“Х” ХХК дахь банкны эрх

хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн төлөөлөгч

Нэхэмжлэгч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагч

Хариуцагч Багануур дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Багануур дүүргийн Улсын бүртгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 210114282 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, “БММ” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр “Х” ХХК-ийг бүртгэхийг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 653 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Л.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

Хэргийн индекс: 128/2021/0439/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь Багануур дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Багануур дүүргийн Улсын бүртгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 210114282 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, “БММ” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр “Х” ХХК-ийг бүртгэхийг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 653 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...1. Шүүх бодит нөхцөл байдлыг үнэлж, дүгнээгүй тухайд:

3.1.1. Шүүх Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6.а дахь хэсэгт зааснаар “... тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг” гэх заалтад “Х” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийг хамаарна гэж дүгнэсэн.

3.1.2. Гэвч Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь хэсэгт “банкны нэрийн өмнөөс Монголбанкнаас тогтоосон хэмжээг баримтлан төлбөр хийх", 69.2 дахь хэсэгт “Банкны эрх хүлээн авагч банкийг татан буулгах ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг Монголбанкинд хүргүүлж, Монголбанкнаас тогтоосон хугацаанд тайланг тогтмол ирүүлнэ", 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт "Монголбанк банкны эрх хүлээн авагчийн тайланг хэлэлцэн баталж, банкны эрх хүлээн авах арга хэмжээг дуусгавар болгосон бол энэ тухай шийдвэрийг холбогдох шүүхэд хүргүүлж, олон нийтэд мэдээлж банкийг хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасуулах хүсэлтийг эрх бүхий байгууллагад хүргүүлнэ" гэж тус тус зохицуулснаас үзвэл Банкны эрх хүлээн авагч нь Монголбанкны хяналт, чиглэл дор эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэгч этгээд байна.

3.1.3. Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ гэдэг нь төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр тухайн хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн эрх үүргийг дуусгавар болгож, өр, авлагыг барагдуулж, татан буулгах үйл ажиллагааг гүйцэтгэхийг ойлгоно. Өөрөөр хэлбэл төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлж байгаа онцлог этгээд тул бусад хуулийн этгээд шиг эцсийн өмчлөгчийн талаар яригдах боломжгүй.

3.1.4. Монголбанкнаас Банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагааг тогтмол хянаж, БЭХА-аас сар бүрийн 5-ны дотор үйл ажиллагааны тухай тайлан мэдээг хүргүүлдэг. Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд /Банкны эрх хүлээн авагч солигдох, хугацаа сунгах гэх мэт/ түүнийг 15 хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй байна.

3.1.5. Мөн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан эцсийн өмчлөгчийн тухай зохицуулалт нь Аливаа иргэн, хуулийн этгээдээс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэмт хэрэг үйлдэж болзошгүй байдлаас урьдчилан сэргийлэх, тухайн гэм буруутай этгээдийг олж тогтоох зорилготой.

3.1.6. Үүнээс үзвэл Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасанчлан тухайн гэмт хэргийн шинжтэй үйлдэлд бэлтгэх, завдах зэргийг Монголбанкны хяналт шалгалт, БЭХА-ийн үйл ажиллагааны тайлан зэргээс хянах бүрэн боломжтой тул тус хуулийн эцсийн өмчлөгч нь хувь хүн байна гэсэн зохицуулалтад хамаарахгүй байна.

3.1.7. Мөн Х банк нь хэвийн үйл ажиллагаатай байх үед банкны системийн нийт хадгаламж эзэмшигчдийн 15.9 хувийг эзлэх системийн нөлөө бүхий банк байсан тул хадгаламж эзэмшигчид, харилцагчдын мөнгөн хөрөнгөнд учрах эрсдэлээс сэргийлэх зорилгоор Монголбанкнаас Хадгаламжийн Даатгалын Корпорациар дамжуулан Х банкны актив, пассив хөрөнгийн зөрүүг (Х банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн дутагдсан мөнгө) нөхөхөд зориулж 119.9 тэрбум төгрөгийг олгосон бөгөөд энэ хэмжээгээр Төрд хохирол, зардал учирсан.

3.1.8. Банкны эрх хүлээн авагчаас Х банкны чанаргүй зээл, авлагыг төлүүлсэн хөрөнгөөр Төрд хохирол, зардлыг нөхөн төлүүлэх, түүн дээр нэмж Х банкнаас татварын байгууллагад төлөх буюу ард иргэдэд зарцуулагдах ёстой 530.6 сая төгрөгийн татварын өрийг төлөх үйл ажиллагааг гүйцэтгэж байгаа бөгөөд энэ нь Төрд учирсан хохирлын дүнд нэмэгдэх юм.

3.1.9. Банкны эрх хүлээн авагч нь дээрх төрд учирсан хохирлыг барагдуулах ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд аливаа байдлаар үйл ажиллагаанаас үр шим, ашиг хүртдэггүй болно.

3.2. Шүүхээс Программын засан сайжруулалтад дүгнэлт өгөх бүрэн боломжтой байсан тухайд:

3.2.1. Захиргааны байгууллага болох Улсын бүртгэлийн байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх", Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3 дахь хэсэгт "Улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн цаасан болон цахим архив, цахим мэдээллийн санг үүсгэх, хөтлөх, төрөлжүүлэн хадгалах, тэдгээрийн хадгалалт, хамгаалалтын найдвартай байдлыг хангах", 16 дугаар зүйлийн 16.1.6 дахь хэсэгт "салбарын хэмжээний мэргэжлийн боловсон хүчний чадавх, техник технологи, программ хангамжийн хүчин чадлыг сайжруулах асуудлыг нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх" зарчим, үүргүүдийг хэрэгжүүлэн ажиллахаар хуульчлагдсаныг шүүх дүгнэн үзэх шаардлагатай байсан.

3.2.2. Өөрөөр хэлбэл чиг үүргээ хэрэгжүүлж программыг засан сайжруулж "Эцсийн өмчлөгчийг бүртгүүлэх бүрэн боломжтой" байна. Гэтэл шүүхээс улсын бүртгэлийн байгууллагад хэрэглэж буй программ хангамжийн чадавхын талаар захиргааны хэргийн шүүх дүгнэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

4. Нэхэмжлэгч, хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

3. Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

3.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Ж” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Компаний хувьцааг худалдах тухай” 29/13 дугаар шийдвэрээр “Ж” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгөд эзэмшиж буй 100 хувийн хувьцааг “Х” ХХК-д шилжүүлсэн ба уг шилжүүлсэн хуулийн этгээдийн хөрөнгөд “БММ” ХХК мах боловсруулах үйлдвэр багтсан байна.

3.2. Гэтэл Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр А157 дугаар тушаалаар “Х” ХХК-ийг албадан татан буулгаж мөн өдрийн А153 дугаар тушаалаар Банкны тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2, 58.3-д заасны дагуу Банкны эрх хүлээн авагч томилсон ба Монголбанкны Ерөнхийлөгчийн 2014, 2015, 2016, 2017, 2019, 2020 оны холбогдох тушаалуудын дагуу албадлагын арга хэмжээг сунгажээ.

3.3. Нэхэмжлэгч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас дээрх “БММ” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийг хариуцагч Багануур дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст гаргахад маргаан бүхий 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 210114282 дугаар шийдвэрээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсанд нэхэмжлэгчээс эс зөвшөөрч маргаж байна.

3.4. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д ““эцсийн өмчлөгч” гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6-д заасныг” гээд, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6.а-д “харилцагч нь хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг” гэж тус тус зааснаар хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч нь хүн байхаар тодорхойлсон.

3.5. Нэхэмжлэгч байгууллагын хувьд Монголбанкнаас томилсон банкны эрх хүлээн авагч тул хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүн байхгүй хэмээн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тайлбарлаж байх боловч Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Эцсийн өмчлөгчийг дараах дарааллаар шалгаж тогтооно:” гээд 41.1.1-д “хувьцааны дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа хүнийг”, 41.1.2-т “энэ хуулийн 41.1.1-д заасан хүнийг тогтоох боломжгүй бол хуулийн этгээдийн үйл ажиллагааг шууд бусаар удирдаж байгаа, эсхүл өөрийн эрхээ бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа хүнийг”, 41.1.3-д “энэ хуулийн 41.1.1, 41.1.2-т заасан хүнийг тогтоох боломжгүй бол хуулийн этгээдийн удирдлагыг хэрэгжүүлэгч хүнийг” гэж тус тус зохицуулснаар энэ тохиолдолд маргаан бүхий хөрөнгийн улсын бүртгэлд эцсийн өмчлөгчөөр “Х” ХХК байх нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

3.6. Ийнхүү нэгэнт ““БММ” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр “Х” ХХК-ийг бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй бөгөөд хариуцагчийн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчөөр хуулийн этгээдийг бүртгээгүй захиргааны акт хууль зүйн үндэслэл бүхий байх тул хариуцагч захиргааны байгууллагыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” үүргээ хэрэгжүүлээгүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

3.7. Нөгөөтэйгүүр, хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн хүн өөрчлөгдсөн тохиолдолд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх боломжтой болохыг дурдав.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий, нотлох баримтыг зөв үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 653 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА