Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 07

 

            

 

 

 

 

 

 

 

Ц.Тт холбогдох

                                                                        эрүүгийн хэргийн тухай                                                                                                                                                                                                                                                                 Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: А.Дүүрэнбилэг,

            Шүүгдэгч: Ц.Т,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.Урангоо,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2017/ШЦТ/168 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ц.Тт холбогдох, эрүүгийн 1719000940052 дугаартай, 1 хавтас, 105 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.Тын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорноговь аймгийн Прокурорын газраас;                                                                                                            

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг, .... тоотод оршин суух хаягтай, урьд Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,1 жилийн хугацаагаар тэнссэн, мөн Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жил 6 сар хорих, мөн Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил 2 сар хорих ял, Сум дундын 3 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, 1 жил 6 сар хорих ялаар шийтгэж, уг хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, Анчин овогт Цээлхамын Т /РД:ВК85032916/-т холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 10 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Ц.Т нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ж.Бямбасүрэнгийн их, бага гарын 2 ширхэг мөнгөн аяга, 110000 төгрөг, Даюун маркийн мотоцикль зэргийг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Анчин овогт Цээлхамын Тыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тт  1 жилийн хугацаагаар хорих  ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тт оногдуулсан 1 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Тын цагдан хоригдсон 45 хоногийг эдлэх ялаас хасаж тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Таас 566000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Бямбасүрэнд олгохоор,

Хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Тын баримт бичиг тус шүүхэд ирээгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Тт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.Т давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие надад итгэл хүлээлгэн ажлын байраар хангаж амьдралд минь тус дөхөм болж байсан хүмүүсийн итгэлийг эвдэж Бямбасүрэн болон түүний ар гэрт хохирол учруулсан үйлдэл хийсэндээ маш их харамсаж байна. Цаашид төлөгдөөгүй байгаа хохирлыг би нэн яаралтай төлж барагдуулах болно. Би хэдийгээр ар гэр, эхнэр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа боловч цаашид өөрийн биеэ нийгэмд зөв авч явах чадвартай, ажил хөдөлмөр эрхэлж хохирол төлбөрөө бүрэн барагдуулах хүсэлтэй байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жилийн хорих ялаар шийтгэсэн. Миний хувьд үйлдсэн хэргийнхээ тухайд маргахгүй ба ял шийтгэлийн хувьд уг ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Хохирогч Бямбасүрэнд учруулсан хохирол болох 566000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа бөгөөд надад оногдуулсан ял хариуцлагыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хөдөлмөр хийлгэх ялаар эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эсхүл мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх гэх зэргээр ял шийтгэлийг хөнгөрүүлэх хуулийн боломжуудаар хангаж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхээс Тт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ялыг оногдуулсан. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийтэд тустай ажил хийлгэх ял байдаг. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар уг хорих ялыг тэнсэх боломжтой, мөн Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байдаг учраас Тт оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 Прокурор А.Дүүрэнбилэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Т нь 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Бямбасүрэнгийн гэрээс их бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, 110000 төгрөг, Даюун маркийн мотоцикль хулгайлсан байдаг. Энэхүү үйлдлийг хийхдээ тухайн айлд мал маллах гэж очоод, гэрээс нь  хулгайлсан. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогддог. Эрүүгийн хариуцлагын зорилго бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой. Тийм ч учраас Тт оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэж байна. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал, нийгэмд учруулсан хор уршгийн хэмжээнд тохирсон ял шийтгэл гэж үзэж байгаа. Тиймээс гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Ц.Т нь 2017 оны 09 дүгээр сарын 5-нд хохирогч Ж.Бямбасүрэнгийнд туслах малчинаар ажиллаж байхдаа гэрээс нь 2 ширхэг мөнгөн аяга, бэлэн мөнгө 110000 төгрөг, мотоцикль зэрэг нийт 1980000 төгрөгийн эд зүйлийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2017/ШЦТ/168 тоот шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Шүүгдэгч Ц.Тын давж заалдсан гомдлын дагуу тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн хулгайн гэмт хэрэг нь хохирогч Ж.Бямбасүрэн, гэрч Ч.Сугар, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчийг гэм буруутайг нотолсон эдгээр нотлох баримтууд нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримтат мэдээллүүд байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ц.Т нь хохирогч Ж.Бямбасүрэнд учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй, хохиролыг төлнө гэж байгаа боловч яаж төлж барагдуулахаа илэрхийлсэн, нотолсон баримтгүй байна.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, хүнд биш  байна.

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгчийн “хохирлоо төлөхөө илэрхийлж байх тул ял хөнгөрүүлэх тухай” давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2017/ШЦТ/168 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Түмэнбаярын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.Түмэнбаяр нь 51 хоног цагдан хоригдсныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                                             ШҮҮГЧИД                                  Н.БОЛОРМАА

                                                                                              А.САЙНТӨГС