| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2016/0377/и |
| Дугаар | 138/ШШ2016/00805 |
| Огноо | 2016-07-01 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 138/ШШ2016/00805
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 1-р баг ******* ******* тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот ******* дүүрэг 2-р хороо тоотод оршин суух, өндөр насны тэтгэвэрт байдаг, регистрийн дугаартай, овогт д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 03 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, хариуцагчийн төлөөлөгч Б.Оюун, нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: бид хоёр 2000 онд танилцсан. Тэр үед би 2 хүүхэдтэй, хань ижилгүй байсан. Тэгээд 2002 онд ойр дотно болж нэг гэрт ороод, 3 жилийн дараа 2005 онд гэрлэлтээ батлуулсан. Үр хүүхэдтэй болох гээд бүтээгүй. Тэр үед би буудалд байртай, хүүхдүүд маань сургуульд сурдаг байсан. Энэ байраа зараад бунханд байр авсан. Байрыг маань хүн барьцаанд тавьж алдаад өрөнд оруулсон. Тэгээд бунханы байраа зараад өрөө дарсан. Хамт амьдарч байхдаа наймаа хийж өр зээлэнд орсон нь үнэн. Гэхдээ энэ бүх асуудлаа бид 2 өөрсдийн хүч боломжоор шийдсэн. Одоогийн амьдарч байгаа байр тай сууснаас хойш бий болсон. Хоёр байшин гээд байгаагийн нэг нь чулуугаар барьсан байшин. Хоёр дахь байшин нь торхоор барьсан. Байшингийн торхыг цуг ажилдаг хүнд нь хэлээд тухайн үед 200000 төгрөгөөр авсан. Зөвхөн торх байсан. Би өөрөө сүүлд дээвэр хийсэн. байшин барилгын ажилд нэг ч гар бие оролцоогүй, харин мөнгө төгрөгөөр тусалсан нь үнэн. гийн дүү нар намайг ахынх нь бүх хөрөнгө мөнгийг авсан юм шиг яриад байхаар нь би энэ бүгдийг ярьж байна.
бид хоёрын хооронд хадам талаас маш их нөлөөлсөн. Бид хоёрын хооронд маргалдаан болсон ч салах шалтгаан болоогүй. 5 жилийн турш ирэх болов уу гэж хүлээсэн. Сүүлдээ аргаа бараад 2, 3 удаа хотод очсон боловч Оюун биднийг уулзуулаагүй, утсаар ярих гэхээр яриулаагүй. Би г утастай эсэхийг одоо болтол мэдэхгүй. Янз бүрийн тайлбар хэлээд яриулдаггүй байсан. Хүү Нэмүүнжаргал 5 настай, эрүүл бойжиж байгаа. Нэмүүнжаргалын төрсөн эх нь манайд байж байгаад төрсөн. Жирэмсэн байхаас нь асарч халамжилж байгаад төрүүлсэн. Тэгээд бид 2 ярилцаад үрчилж авсан. Хүүхэд үрчилж авах гэж байгааг дүү нар нь мэдэж л байсан. Би нялх хүүхдийг ганцаараа өсгөсөн. нь над руу болон хүү рүүгээ нэг ч удаа ярьж байгаагүй. Хүүхэддээ анхаарал халамж тавих ёстой гэж бодож байна. Түүнээс биш шууд хүүхдийн тэтгэлэг авна гэж хэлсэн зүйл байхгүй. Гэхдээ би тэтгэлэг нэхэмжилнэ гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Оюун шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ах маань өвчтэй байгаа учир би төлөөлөн оролцож байна. Миний ах нь огт хүнтэй суухгүй байж байгаад *******тэй суусан. Танилцах үед нь ******* 2 хүүхэдтэй, зочид буудлын зүүн хэсэгт амьдардаг байсан. Орой болгон бага нь ирж ахыг аваад явдаг байснаа нэг гэрт орсон. Анх суухад нь *******ийн талаар сөрөг зүйлүүд сонсогддог байсан боловч ах маань гүндүүгүй эр хүний ёсоор, мөн манай гэрийнхэн ч тоогоогүй. Гэтэл ах маань *******тэй суугаад өр зээлэнд орж, сахарын хүнд өвчтэй болсон. ах яагаад тань уруу ирээгүй вэ гэхээр та ахыг чин сэтгэлээсээ хайрлаагүй, хиртэй хувцастай явуулдаг байсан, сэтгэл санаа нь гундуу явдаг байсан. Ахыг өвчтэй байхад нь та мэддэггүй байсан. Ах маань сэтгэл хангалуун амьдарч байсан бол буцаад л ирэх байсан. Нэг наадмаар уранхай өмдтэй, идээлсэн хөлтэй явж байхад нь би эмчлүүлж өгсөн. Таньтай амьдарч байхдаа ах минь өглөөнөөс орой болтол ажиллаж, олсон мөнгөө танд өгдөг байсан. Тэр мөнгөөр нь та нар байшинтай болсон. Энэ хүүхэд миний ахын хүүхэд байсан бол бид санаа тавих байсан. Ямар ч хамаагүй хүүхдийг миний ахын нэр дээр шилжүүлсэн, төрсөн хүүхэд нь биш учир хүүхдийн тэтгэлэг төлөхгүй. Өнөөдөр ах нь 65 настай, сахарын өвчтэй, баруун хөлний булчингаа авахуулчихсан хэвтэж байгаа. Хоёр байшинг Нэмүүнжаргал хүүхдийн нэр дээр шилжүүлж болно. Хүүхдэд тэтгэлэг өгч чадахгүй гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Б.гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ “Б.Нэмүүнжаргал нь хариуцагч Б.гийн төрсөн хүүхэд биш учир хүүхдийн тэтгэлэг төлөхгүй, гэрлэлт цуцлах тухай асуудлыг шийдвэрлээгүй байхад хүүхдийн тэтгэлгийн асуудлыг шийдэх ёсгүй, уг нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүх шийдэх ёстой байсан...” гэж маргадаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д “Тэжээн тэтгэхтэй холбоотой нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж заажээ. Нэхэмжлэгч Ж.******* нь Дорнод аймгийн ******* сумын 1-р баг ******* ******* тоотод оршин суудаг болох нь ******* сумын 1-р багийн нийгмийн ажилтны тодорхойлолт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбараар батлагдаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн онцгой харьяаллын дагуу тус шүүх шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч Б. нар нь 2002 онд гэр бүл болж, 2005 оны 8-р сарын 12-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 126-т бүртгүүлэн 2012 оны 5 сарын 6-ны өдрийг хүртэл хамт амьдарсан байна.
Мөн 2011 оны 10 сарын 03-ны өдөр төрсөн Б.Нэмүүнжаргалыг 2011 оны 12 сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч Б. нар үрчлэн авсан болох нь үрчлэлтийн 0000010866 тоот гэрчилгээ, төрсний 0000702634 тоот гэрчилгээгээр тогтоогдож байна. Дээрх үрчлэлтийг хүчингүйд тооцсон гэх ямар нэгэн нотлох баримтыг хариуцагч тал шүүхэд ирүүлээгүй байх тул гийн Нэмүүнжаргалыг үрчилсэн үрчлэлтийг хүчинтэй гэж үзнэ.
Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар “Гэрлэгчид бие биеэ, эцэг эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг эхээ ... энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “Эцэг эх нь насанд хүрээгүй болон ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” байна. Иймд 2011 оны 10 сарын 03-ны өдөр төрсөн хүү Б.Нэмүүнжаргалыг тэжээн тэтгэх үүрэг хуульд зааснаар хариуцагч Б.д үүсч байна.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Оюун нь гэрлэлт цуцлаагүй байхад хүүхдийн тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж тайлбарладаг.
Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заажээ. Түүнчлэн насанд хүрээгүй хүүхдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор гэрлэлт цуцлуулах асуудлыг шийдвэрлээгүй байхад хүүхдийг тэжээн тэтгүүлэхдээ холбоотой маргааныг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж шүүх үзлээ.
Б.Нэмүүнжаргал нь эх Ж.*******ийн асрамжинд байгаа болох нь тогтоогдож байх тул хариуцагч Б.гаас хүү Б.Нэмүүнжаргалд хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2011 оны 10 сарын 03-ны өдөр төрсөн хүү Б.Нэмүүнжаргалыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.гаас сар тутам тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******т олгосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.гаас улсын тэмдэгтийн хураамжид 27705 төгрөг гаргуулан төсвийн орлого болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ