Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/224

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул,

Улсын яллагч  Ч.Мядагбадам,

Хохирогч М.М-М-,

Хохирогчийн өмгөөлөгч М.Мөнхзаяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа,

Шүүгдэгч О.О.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч О.С-т холбогдох эрүүгийн 1918006910504 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,   О.С-

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч О.О.С- нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах Блюү скай караокед 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр М.М-М-ийн уруулыг хазаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч О.О.С- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “М.М-М- намайг сандал дээр хоолой боосон. Тэгээд би өөрийгөө хамгаалахын тулд л уруулыг нь хазсан. Тухайн үед мөрдөгч намайг шүүх эмнэлэгт үзүүлэх эсэхийг асуухад нь би татгалзсан. Анх хэрэг болсны дараа цагдаа дээр очоод М.М-М- гомдолгүй гээд салсан боловч 10 хоногийн дараа гомдол гаргасан байсан бөгөөд тухайн үед миний биед үүссэн хөхрөлт арилсан. Хохирогчийн биед гэмтэл учруулсан талаар маргахгүй. Өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн” гэв.

     Хохирогч М.М-М- шүүхийн хэлцэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр О.О.С-ын эхнэр залгаад Блюү скай гэх караокед хүлээн авалтад урихаар нь очсон. Тэгээд бид хэд нэг өрөөнд байж байтал О.О.С- “чи барилга хүлээлгэж өгөхөд ирсэнгүй” гэхээр нь би очих шаардлага байхгүй гээд маргаан болсон. Тэгээд О.О.С- “Чи муу ирж чадахгүй байхдаа яадаг юм бэ? гэж хэлээд намайг зодсон. Би О.О.С-ыг боогоогүй. Цагдаа ирээд согтолтын зэрэг шалгахад би 1,9 хэмжээний согтолттой гарсан. Тэр үедээ хоорондоо тохиролцсон ч 2-3 хоногийн дараа уруулын хазсан хэсэг хөхрөөд үхжээд эхлэхээр нь цагдаад гомдол гаргасан. Улаанбаатар хот дахь Перфект гэх эмнэлэгт үзүүлсэн 1,300,000 төгрөгийг О.О.С- шилжүүлсэн. Бусад зардалтай хамт нийт 1,500,000 төгрөг шүүгдэгчээс авсан байгаа. Одоо бол доод уруул мэдээгүй болсон. Эмчийн хэлснээр 2-3 удаа хагалгаанд орж, урт хугацааны эмчилгээний хийлгэх шаардлагатай гэсэн” гэх мэдүүлэг,

Эрүүгийн  1918006910504 дугаартай хэргээс:

Гэрч Д.Н- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М-М- залгаад Блюү скайд хүрээд ир О.С- миний уруулыг хазчихлаа би яваад очсон чинь М-М-ийн уруулнаас нь цус гарсан байхаар нь эмнэлэг рүү яваад үзүүлсэн нь уруул нь тасарсан байхаар нь О.С-ын эхнэрээс уруулных нь тасархай хаана байгаа юм бэ гэхэд надад байна гээд амны цаасанд боочихсон юм өгөхөөр нь эмчид өгсөн чинь буцаагаад оёсон” гэх мэдүүлэг /хх 16/,

Гэрч Б.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М-М-, О.С- 2 барилгын ажлаасаа болоод маргалдаж байхаар нь би боль гээд гараад явсан. Тэгээд буцаад ороод ирсэн чинь М-М-ийн уруулнаас нь цус гарчихсан О.С- хазчихлаа гэж байсан” гэх мэдүүлэг /хх 17/,

Гэрч Г.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би М-М-д барилга хүлээлгэж өгөхөд хүрээд ирэхгүй яасан юм бэ? би ажлыг чинь мэдэхгүй тайлбарлаж өгөх гэж 2 цаг гаран боллоо гэж хэлэхэд М-М- юун сүртэй юм бэ гэсэн. Гэтэл О.С- М-М-ийг чи эмэгтэй хүнээс уучлалт гуйчихаж болно шүү дээ гээд тэр 2 босоод маргалдаад нэг нэгнийгээ цохихоор нь би боль гээд салгасан чинь М-М-ийн уруулнаас цус гарч байсан. Тэгээд уруулных нь тасархай байхаар нь аваад амны цаасанд боогоод эмнэлэг дээр очоод өгсөн” гэх мэдүүлэг /хх 20/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 122 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.М.М-М-д доод уруулын зүүн хэсэгт эдийн дутагдал бүхий хазагдсан шарх үүссэн байна.

2.Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №836 үндэслэлгүй байна.

3.Доод уруулын эдийн дутагдал бүхий сорви нь нүүр засрашгүй гэмтэлд хамаарахгүй.

4.М.М-М-ийн доод уруулын эдийн дутагдал бүхий шарх нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх 103-104/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 425 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Хохирогч М.М-М-ийн биед доод уруулыг эдийн дутагдал бүхий хазагдсан шарх гэмтэл учирсан байна..

2.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй.

3.Дархан-Уул аймгийн ШША-ны шинжээч эмчийн гаргасан 836 дугаартай дүгнэлт үндэслэл муутай, ШШҮХ-ийн шинжээч эмч нарын гаргасан 122.дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. /хх 137-138/,

           

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 02/,

“Перфект” мэс заслын эмнэлгийн тодорхойлолт /хх 06/,

Хохирогч М.М-М-ийн хохирлын баримт /хх 7-9/, яаралтай тусламжийн хуудас /хх 20-21/,

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 845 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 23-24/,

Шүүгдэгч О.О.С-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлт цуцлалтын лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх 34-38/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 60/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч О.О.С- нь 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч М.М-М-тэй “барилга хүлээлгэн өгөхөд ирээгүй” гэдгээр маргалдаж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд халдаж улмаар түүний уруулыг хазаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч О.О.С- нь хохирогч М.М-М-д боолгосны улмаас түүний уруулыг хазсан гэж мэдүүлж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар түүний үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.О.С- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч О.О.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч М.М-М- нь замын зардал, эмчилгээтэй холбоотой хохирол 1,238,550  төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч О.О.С-аас 258,550  төгрөгийг гаргуулж хохирогч М.М-М-д олгож шийдвэрлэснээр шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр барагдуулахаар хуульд заасан завсарлага авсан хугацаанд нөхөн төлж барагдуулсан болно.

Хохирогч М.М-М-ийн эрүүл мэндэд учирсан хохирлоос үүссэн үр дагаврыг арилгахад удаан хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай тул Перфект эмнэлэгт хийгдэх уруул нөхөх хагалгаа, мэдрэл сэргээх эмчилгээний 1 удаагийн хагалгааны зардал 980000 төгрөг байх ба нийтдээ 3 удаа хийгдэх тул гэм буруутай этгээдээс иргэний журмаар  нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх өмгөөлөгч М.Мөнхзаяагийн хүсэлтийг шүүх хүлээн авч цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан ба шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 600 000 төгрөгийн торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О.С-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О.С-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О.С- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

 

5.Хохирогч М.М-М- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шүүгдэгч О.О.С-аас өмнөх хохиролд 1758550 төгрөг төлсөн болохыг дурдсугай.  

 

            6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ТӨМӨРХҮҮ