Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/50

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Л.О

            Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Э-т холбогдох эрүүгийн 1925006790438 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

1. Шүүгдэгч С.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 29-13 тоотод оршин суух иргэн Г.О-гийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг хөшин хууль бусаар нэвтэрч 8 хос шинэ гутал, 240 литрийн усны сав 1 ширхэгийг хулгайлж 1 040 000 /нэг сая дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Э нь орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э мэдүүлэхдээ “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Г.О “Шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 6-7-р хуудас/

 

2. Хохирогч Г.О-гийн ... “2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр одоогоос 4-5 жилийн өмнө хамт амьдарч байсан нөхөр С.Э нь намайг гэрт эзгүй байх хойгуур дээрх цаг хугацаанд гэрт минь ирж гэрийн хаалганы цоожыг эвдэж гэрт байсан эмэгтэй хүний 12 хос түрүүтэй гутлаас 8 хос гутлыг нь хулгайлан авч бусдад зарж үрэгдүүлсэн. Мөн гэрийн гадаа тавьсан байсан 240 литрийн багтаамжтай хар хөх өнгийн усны хуванцар сав зэргийг хулгайлж надад 1 040 000 төгрөгийн хохирол учруулсан. Урьд өмнө нь ч бас манай гэрт ирж өөр жаал жуул эд зүйлийг хулгайлж байсан юм гэхдээ би тэр болгон дээр за яахав гээд чимээгүй өнгөрөөж байсан удаа надад олон байдаг, сая бол арай хэтэрхий байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-16-р хуудас/

 

3. Гэрч Т.Ч-гийн ...“С.Э гутал зарна гэчихсэн явж байхаар нь сонирхсон юмаа. Би тэгээд чи хэдэд өгөх юм бэ, хаанаас авсан гутал юм бэ гэхэд С.Э би гэрээсээ авч ирсэн. Энэ гутал надад зөндөө байгаа, 25 000 төгрөгөөр зарна гэхээр нь би хөдөө байдаг дүүдээ аваад өгчихье гэж бодоод тэр гутлыг худалдаж авсан. Тэгээд гэртээ хариад эхнэртээ үзүүлтэл эхнэр маань харж байснаа энэ чинь өрөөсөн гутал байна ш тээ, нэг хөлийн 2 гутал байна гэхээр нь андуураад өгчихөж гэж бодоод араас нь хөөцөлдөж яваад Танил зах дээр очтол Анхаа гэх залуутай надаас авсан мөнгөөрөө нэг шил архи авчихсан явж байхаар нь буцааж гутлыг нь өгөөд мөнгөө эргүүлж авсан чинь архи авчихсан гээд надад 19 000 төгрөг буцааж өгсөн. Танил зах дээр 2 ч удаа гутал зарж байсан. Надад зарж байсан гутал нь эмэгтэй хүний урт түрийтэй бор өнгийн гутал байсан, ер нь шинэ гутлууд байсан”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-р хуудас/

 

4. Гэрч Э.Э-ны ...“Хамгийн сүүлд гэрт ирсэн цаг хугацаа нь 2019 оны 09 сарын 17-ны өдөр гэрт ирж гэрийн хаалга үүдийг хөшиж ороод гэрт байсан ээжийн хүнд зарах гэж байсан эмэгтэй хүний 8 хос түрүүтэй гутлыг хулгай хийж аваад гарч явсан. Ээжид хэлэлгүй нууцаар хулгай хийж авсан байна гэж ээж надад хэлж байсан. Би яг тэр өдөр өөрөө хажууд нь хараад байгаагүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна...гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-19-р хуудас/

 

5. Эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2/2-135 дугаартай ...“8 хос хятад гуталны нэг бүрийн үнэ 120 000 төгрөг, нийт 960 000 төгрөг, 240 литрийн усны сав 80 000 мянга төгрөг нийт үнэлгээ 2019 оны 09 сарын 23-ны өдрийн байдлаар 1 040 000 /нэг сая дөчин мянга/ төгрөг болж байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 26-31-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.О дүгнэлтдээ “Шүүгдэгч Самбуугийн С.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 23-19 тоотод салсан эхнэр Г.О-гийн байшинд хууль бусаар нэвтэрч 8 ширхэг хос гутал, 240 литрийн  усны сав 1 ширхэгийг хулгайлж 1 040 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн мэдүүлгээр нотлогдож тогтоогдож байх тул шүүгдэгч С.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна. Хохирогч мэдүүлэхдээ 1 040 000 төгрөгийн хохирол учруулсан гомдолтой байна гэж мэдүүлдэг боловч шүүхийн шатанд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул 1 040 000 төгрөгийн хохирол төлөгдсөн гэж үзэж шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. Шүүхээс С.Эын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байх тул ял оногдуулах үндэслэлтэй байна. Энэ хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тиймээс шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байна. Хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулж тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь бусад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна” гэв.

 

 Шүүх хавтаст хэрэгт цугларсан хохирогч Г.Огийн мэдүүлэг, гэрч Т.Ч, Э.Э нарын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2/2-135 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч С.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 29-13 тоотод оршин суух иргэн Г.О-гийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг хөшин хууль бусаар нэвтэрч 8 хос шинэ гутал, 240 литрийн усны сав 1 ширхэгийг хулгайлж 1 040 000 /нэг сая дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

 С.Э нь хүн амьдрах зориулалттай орон байранд өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй, нууцаар хууль бусаар нэвтрэн орж бусдын эд зүйлийг авч нийт 1 040 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Э-т ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгч гэм буруутай байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулах боломжтой гэж үзэв.

 

Шүүгдэгч С.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 14 хоног цагдан хоригдсоныг эдлэх ял оруулан тооцох нь зүйтэй.

           

            Гэмт хэргийн улмаас хохирогч Г.О-д 1 040 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                                                    

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ын цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч, хохирогч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АЛТАНГАДАС