Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/56

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

            Нарийн бичгийн дарга Б.А

            Улсын яллагч Г.Түвшинбаяр      

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О  

            Иргэний нэхэмжлэгч Ё.Д

            Шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Н-д холбогдох 1925007620521 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

/

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр 7 дугаар хорооллын урд талын асфальтан замд нийтийн тээврийн үйлчилгээний “Тод Од Транс” ХХК- ний өмчлөлийн Хьюндэй коунти загварын 79-99 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл хоорондын зайг барьж яваагүйгээс Пронтер загварын 08-96 ОРХ улсын дугаартай автомашины араас мөргөж зорчигч Ш.Б, Ж.Д нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Д.Цын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Н-гийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Г, Ж.Д нарын хохирлыг нөхөн төлнө” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Ё.Д мэдүүлэхдээ “Ээж маань 73 настай боловч өөрөө хоол ундаа хийгээд, ганцаараа амьдардаг байсан. Осол аваарт орсны улмаас би ажлаасаа чөлөө аваад ирж асарч байгаа. Хувийн байгууллага учир миний оронд хүн авч ажиллуулж байгаа. Ажилгүй байсан хугацааны цалин орлогоо нэхэмжлэнэ. 2019 оны 11 сараас 2020 оны 6 сарыг хүртэл 8 сарын цалин, нийгмийн даатгалын шимтгэл сарын 703 мянган төгрөгөөр тооцож нэхэмжилж байна. Ээжийн маань хөлөнд тавьсан хадаасны үнэ гэж 850 000 төгрөгийг төлсөн.  Одоо ээж маань эмчилгээний зардал 577 500 төгрөг нэхэмжилж байгаа. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай.” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 3-9-р хуудас/

 

2. Хохирогч Ш.Б-ийн “...Би хэрэг учрал болдог өдөр 8 цагийн орчим гэрээсээ гараад автобусанд суусан. 7 дугаар хорооллын урд талын замаар явж байхад “автобусанд явж байсан хүн яана гээд хашхираад унахаар нь харах гээд өнгийсөн чинь жолооч хүчтэй тормоз гишгээд би урд талынхаа төмрийг нүүр, эрүү хэсгээрээ мөргөсөн. Миний хүү жолоочийн ард талын суудал дээр, би хүүгийнхээ арын суудал дээр сууж явсан. Миний хүү О бэртэж гэмтээгүй. Тухайн үед автобусны жолооч ууртай байсан. Цаанаас нь хүн залгаад яаруулаад байх шиг байсан. Жолооч хурд ихтэй явж байсан гэж бодож байна. Цас дөнгөж орж байсан...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 18-р хуудас/

 

3. Хохирогч Д.Ц-ын “..Миний сууж явсан автобус цагаан өнгийн портер машины араас хүчтэй мөргөсөн. Би осол болох үед жолоочийн арын төмрийг хүчтэй мөргөсөн. Эрүүний доод хэсэгтээ гэмтэл авсан. Хэдэн километр цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Ер нь бол их хурдтай явж байсан. Автобусанд явсан хүмүүс хашхираад эхлэхээр нь дээшээ босоод өндийж байх үед автобусны урд цагаан өнгийн портер машин байсан. Автобусны жолооч торомз гишгэсэн боловч шууд араас нь мөргөсөн. Хүчтэй торомз гишгэсний улмаас осол болсон гэж бодож байна..” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 27-28-р хуудас/

 

4. Хохирогч Ж.Д-гийн “..Би автобусны хоёр зэрэгцээ суудлын цонхон талд сууж явсан. Д.Ц миний баруун гар талд сууж явсан. Осол болох үед би урагшаагаа болоод урд талын сандал руу хүчтэй цохисон. Миний хөлийн шилбэ, савхтайгаа хугарсан, үүдэн шүд хугарсан байсан. Автобусны жолооч нэлээн хурдтай явж байсан. Утсаар хүнтэй яриад маргаад байх шиг байсан..” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 30-31-р хуудас/

5. Хохирогч Ч.Г-гийн “..Өөрийн эзэмшлийн 08-96 ОРХ улсын дугаартай автомашиныг жолоодон “Эко” хорооллын урд талын замаар явж байхад цагаан өнгийн суудлын автомашин эсрэг урсгалд явж байсан машиныг гүйцэд түрүүлээд орж ирэхээр нь торомз гишгэсэн. Тэгээд машинаа хөдөлгөөд явах гэсэн чинь араас автобус ирээд мөргөсөн. Би автотээврийн газарт 88.000 төгрөгөөр тээврийн хэрэгслээ оношлуулсан,эвдрэлийн үнэлгээг 15.000 төгрөгөөр гаргуулсан, эвдэрдсэн эд ангийг 660.000 төгрөгөөр үнэлсэн. Эдгээр мөнгийг нэхэмжилж байна..” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн ЗЗ-р хуудас/

 

6. Гэрч Л.О-гийн “..Тухайн өдөр 07 цагийн орчим кондуктороор ажилд гарсан. Осол болох үед би жолоочийн хажуугийн суудалд сууж явсан. Автобусны урд явсан цагаан өнгийн портер загварын машин гэнэт зогссон. Тэгээд араас нь очиж мөргөсөн. Манай автобусны жолооч торомз гишгэсэн боловч цас бударсан замын нөхцөл байдал гулгаатай байсан. Осол гарах үед жолооч утсаар яриагүй байсан. Шанд багт явж байхад ажлаас нь залгаад байх шиг байсан. Жолооч уруудаад явж байна үүнээс илүү яаж хурдан явах юм гэж хэлээд салгасан...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 35-р хуудас/

 

7. Насанд хүрээгүй гэрч Ү.О-гийн “..Би жолоочийн арын суудал дээр сууж явсан. 7 дугаар хорооллын урд талын зам дээр явж байхад автобусны урд талд явж байсан цагаан өнгийн ачааны машин гэнэт зогссон. Араас нь автобус тэр эрчээрээ очиж мөргөсөн. Жолооч торомз гишгэсэн боловч хурдаа хасаж чадалгүй гулсаж очоод мөргөсөн. Жолооч ах нэлээд бухимдалтай байсан. Ойр ойрхон утас нь дуугараад байсан. Урд явсан машин торомз гишгээд зогсоход автобусны жолооч ярьж байсан гар утсаа авч шидээд торомз гишгэсэн. Их хүчтэй мөргөсөн. Би ард талд нь байсан болохоор маш сайн харсан. Миний биед гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 36-р хуудас/

 

8. Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 83 дугаартай “Хьюндэй загварын 79-99 ОРО улсын дугаартай автомашины жолооч Н.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д заасан “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. Пронтер загварын 08-96 ОРХ улсын дугаартай автомашины жолооч Ч.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үйлдэл байхгүй байна. Материалд авагдсан ослын газрын үзлэг, схем зураг, фото зураг зэргээс үзэхэд Хьюндэй загварын 79-99 ОРО улсын дугаартай автомашины жолооч Н.Н-вын осол болох үеийн тормозны мөр нь 3,2 метр байх тул тухайн үеийн хурдыг тогтоох боломжгүй байна. Материалд авагдсан ослын газрын үзлэг, схем зураг, фото зураг зэргээс үзэхэд Пронтер загварын 08-96 ОРХ улсын дугаартай автомашины жолооч Г.Ч.Гийн осол болох үед тормозны мөргүй байх тул тухайн үеийн хурдыг тогтоох боломжгүй байна. Уг осол нь дүгнэлтийн 1-д зааснаар Хьюндэй загварын 79-99 ОРО улсын дугаартай автомашины жолооч Н.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дахь заалтыг зөрчсөнөөр зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна ...” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 57-р хуудас/

9. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 23- ны өдрийн 707 дугаартай “Ш.Б-ийн биед дээд эрүүний ясны хугарал, дээд баруун нэг, дээд зүүн 1, 2, 3, 4-р шүдний хугарал, нүүр дээд урууланд зөөлөн эдийн няцрал, дээд уруул, зүүн завжинд шарх үүсчээ. Шинэ гэмтлүүд ба мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээд эрүүний ясны хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Бусад гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 82-83-р хуудас/

10. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 702 дугаартай “Д.Ц-ын биед хэлэн доорх холбоосны урагдсан шарх, амны хөндий болон эрүүнд цус хуралт үүсчээ. Шинэ гэмтлүүд ба мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 89-р хуудас/

11. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 703 дугаартай “Ж.Д-гийн биед баруун хөлийн шилбэний шаант ба тахилзуур . ясны далд хугарал, дээд баруун нэгдүгээр шүдний хугарал, зүүн гуя, шилбэнд цус хуралт үүсчээ. Шинэ гэмтлүүд ба мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Баруун хөлийн шилбэний шаант ба тахилзуур ясны далд хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Бусад гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 98-р хуудас/

12. “Далайван аудит” ХХК-ний Орхон аймаг дахь салбарын шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 164 дугаартай “автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд Пронтер загварын 08-96 ОРХ улсын дугаартай автомашины эвдрэл гэмтэл, засварын хөлсний нийт үнэлгээ 660.000 төгрөг..” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 104-р хуудас/

13. “Бан хас” ХХК-ний Орхон аймаг дахь салбарын шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1333 дугаартай “автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд Хьюндэй загварын 79-99 ОРО улсын дугаартай автомашинд шууд зардал 2.405.000 төгрөг, шууд бус зардал 450.000 төгрөгийн, нийт 2.855.000 төгрөгийн хохирол учирсан..” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 114-р хуудас/

14. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Орхон аймгийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 16, 17 дугаартай дүгнэлт. /1-р хх-ийн 124-139-р хуудас/

15. Хьюндэй загварын 79-99 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хх-ийн 155-158-р хуудас/

16. Иргэний хариуцагч Ж.А-гийн “Хохирогч нарт учирсан хохирлыг төлөхгүй. Би өөрөө автобусны засварын ажилд нэлээд мөнгө гаргасан. Мөн хоёр сарын нөхөн олговор 2.600.000 төгрөгийн алдагдалд орсон. Миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй, өгөх зүйл ч байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 214-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.Н нь нийтийн тээврийн үйлчилгээний “Тод од транс” ХХК-ийн автобусыг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтээр, хохирогч Ш.Б, Ж.Д нарын бие хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн 702 дугаартай дүгнэлтээр нотлогдож тогтоогдож байна. Зам тээврийн осол болох шалтгаан нь Н.Н-вын гэм буруутай үйлдлээс болсон. Замын хөдөлгөөн оролцохдоо утсаар ярьж анхаарлаа алдсан байдал ажиглагдаж байгаа. Ажлаас нь хурдан ир гэж утсаар ярьсан гэж мэдүүлж байна. Мөн зорчигч нар утсаар ярьж яаруулж байсан гэж мэдүүлдэг. Хурдыг тодорхойлох боломжгүй байсан ч тухайн өдөр зам нойтон цас бударч байсан. Хэдийгээр зам нойтон байсан ч мэргэшсэн жолооч хүний хувьд хурдаа тааруулж явах ёстой байсан. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар замын хөдөлгөөний аюулгүй байдал түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Иргэний нэхэмжлэгч Д.Ц 380 000 төгрөг төлсөн. Хохирогч Батцэнггэлд 4250000 төгрөг төлсөн. Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ч.Г 0896 ОРХ улсын дугаартай авто машинд 660 000 төгрөгийн хохирол учирсан. Үнэлгээ гарахад зарцуулсан 15 000 төгрөг, оношилгооны  76 500 төгрөг нийт 763 000 төгрөг гаргуулж Ч.Гт олгуулах саналтай байна. Мөн хүндэвтэр хохирол учруулсан Ж.Д-д 850 000 төгрөгийн хохирол төлсөн байна. Өнөөдрийн байдлаар Ж.Д-гаас 570 000 төгрөг нэхэмжилсэн байна. Үүнийг Н.Н-ас гаргуулж хохирогч Ж.Д гуайд олгох саналтай айна. “Тод од транс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурьдаж байна. Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр хохирогч Ж.Д гуайн охин Ё.Д-г тогтоосон. Ж.Д гуайн хувьд 73 настай өндөр настай хүн байгаа. Хөлний яс хугарч хүндэвтэр гэмтэл учирсан. Иргэний нэхэмжлэгч Ё.Д нь өндөр настай ээжийгээ асрах гэж ажлаасаа чөлөө авч одоо хүртэл асарч байгаа гэсэн. Өмнө нь хувийн цэцэрлэгт ажиллаж байсан талаархи баримтаа нотлох баримтаар ирүүлсэн тул иргэний нэхэмжлэгч Ё.Д-гийн 11,12,1,2-р сарын цалинг Н.Нас гаргуулж Ё.Д-д олгох саналтай байна. Хохирогч Ж.Д нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэгч эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Гэм буруутайд тооцож байх тул Ч.Гийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол учруулсан учир 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О дүгнэлтдээ “Улсын яллагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр яллаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу дээрээ маргахгүй байна. Хохирлын баримтууд хуулийн дагуу бүрдэж ирээгүй байгаа. Үүн дээр дүгнэлт хийж өгнө үү. Өнөөдрийн байдлаар хэдэн төгрөгийн хохирол барагдуулсан бэ гэхээр 8 353 300 төгрөгийн хохирол барагдуулсан. Ш.Б-ийн 4 250 000 төгрөг, Д.Ц-ын 398 300 төгрөг, Ж.Д гуайн 850 000 төгрөг, Тод од транс ХХК автобусны үнэ болох 2 855 000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулж автобус хэвийн ажиллагаанд орсон. Эдгээр хохирол төлбөрийг Н.Н бүрэн өөрөө төлж барагдуулсан. Харин хохирогч Ч.Гийн хохирол бол хавтаст хэргийн 104 хуудсанд хохирлын үнэлгээг 660 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Улсын яллагч 763 000 төгрөгийн хохирол гаргуулна гэж ярьж байна. Хохирлын хувьд 660 000 төгрөгийн хохирол байгааг анхаарч шийдвэр гаргаж өгөхийг хүсч байна. Энэ хохирлыг бүрэн төлж барагдуулна гэдэг санал гаргаж байна. Хоёрдугаарт портерийн хохирлыг яагаад өнөөдрийг хүртэл төлж чадаагүй юм бэ гэхээр бусад хохирогч нарын төлбөрийг төлж байсан. Портер дээр 2 удаа үнэлгээ хийгдсэн. Одоо 510 000 төгрөгийн хохирол төлбөр гарсан байна гэж зөрүүтэй үнэлгээ хийсэн байгаа. Бан-Хас ХХК-аас үнэлгээний дүгнэлтийг өгье гэсэн боловч өгсөнгүй. Хохирлын үнэлгээ хэд дахин өөрчлөгдсөн. Бид нар даатгалын байгууллагад хандсан. Даатгалд төлбөр энэ ослын улмаас хохирсон хохирогч нарын хохирлыг барагдуулъя гэсэн боловч өөрсдөө үнэлгээ давхар хийдэг асуудалтай юм байна. Тэрнээс болоод портерийн хохирлыг төлөөгүй байгаа. Гэхдээ 660 000 төгрөгийг төлнө гэдгээ илэрхийлж байгаа учраас шүүхийн тогтоол дээр Ч.Г гэж хүний хохирол төлбөрийг 660 000 төгрөгөөр тооцож шийдвэр гаргаж өгнө үү. Өмгөөлөгчийн хувьд энэ хэрэгт хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон байгаа. Өмнө нь ямар нэгэн эрүүгийн ял хариуцлага хүлээж байгаагүй. Тухайн хэрэг учрал болоход байгууллагын зүгээс хурдан яв гэдэг байдлаар утсаар ярьсан гэж хохирогч нар ярьдаг. Тийм нөхцөлд байдалд явж байхдаа осол гаргасан. Н-вын хувьд аль болохоор өөрийнхөө хүрээнд хохирлыг бүрэн төлж барагдуулж ирсэн. Анх Ш.Бд 4250 000 төгрөгийн хохирол бүрэн төлсөн. Дараагийн хохирогч Д.Ц-ад 398250 төгрөг төлсөн. Гурав дахь хохирогч Ж.Д-г гуайн хохирлыг бүрэн төлж барагдуулж байсан. Сүүлд эмнэлгээс гарч эмчилгээ хийлгэсэн 570 000 төгрөгийг бүрэн төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Мөн шүүхээс шийдвэрлэсэн хохирлыг төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байгаа. Энэ хугацаанд өөрөө жолоочийн хариуцлагын даатгалыг хөөцөлдсөн боловч шүүхийн тогтоол байх хэрэгтэй гэдэг байдлаар даатгалын компани хандсан. Шүүхийн шийтгэх тогтоол гараад ирвэл сарын дотор хохирлыг төлж өгнө гэдэг байдлаар даатгалын компани хүлээж байгаа. Даатгалын компанид бүх материалаа өгчихсөн явж байгаа. Шүүхийн тогтоосон хохирол төлбөрийг бүрэн төлнө. Шүүгдэгчид оногдуулах ялын хувьд анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон байдал, хувийг байдлын байдал зэргийг харгалзан үзэхийг хүсч байна. Н.Н ээжийнхээ хамт 2-уулаа амьдардаг. Энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээд торгуулийн доод хэмжээ буюу 450 000 төгрөгөөр торгож өгнө үү гэсэн санал гаргаж байна. Сарын цалин бага ч гэсэн хохирлыг барагдуулж өгнө гэж байгаа. Ч.Г-ын төлбөрийн хувьд даатгалын төлөлт удааширсан учраас хэрэг шүүхэд шилжиж ирэхээс өмнө төлж чадаагүй” гэв.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Н нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр 7 дугаар хорооллын урд талын замд нийтийн тээврийн үйлчилгээний “Тод Од Транс” ХХК- ний өмчлөлийн Хьюндэй коунти загварын 79-99 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа урдаа яваад Пронтер загварын 08-96 ОРХ улсын дугаартай автомашины араас мөргөж зорчигч Ш.Б, Ж.Д нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Д.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Н.Н нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй байх хоорондын зайг барьж яваагүйгээс араас мөргөж хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Н-ыг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэгт тохирсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирлын зохих хэсгийг төлсөн зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Н.Нямлхагвын үйлдсэн гэмт хэргийн улмаас Ш.Б, Ж.Д нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Д.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд иргэний нэхэмжлэгч Ч.Г автомашины эвдрэл, үзлэг, үнэлгээний хөлс нийт 76 000 төгрөг нэхэмжилсэн, иргэний нэхэмжлэгч Ё.Д хохирогч У.Ж.Д-г асрах хугацааны 8 сарын цалин, нийгмийн даатгалын шимтгэл нийт 5 624 000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн байна. Хохирогч Ш.Б, Д.Ц нар нь хохирол төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд хохирогч Ж.Д нь эмчилгээний зардал 577 500 төгрөгийг нэхэмжилсэн байна. Шүүгдэгч Н.Н нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг төлөхөө илэрхийлсэн байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О санал дүгнэлтдээ “Н.Н хохирол, нэхэмжлэлийг төлнө гэж байгаа. Гэвч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар иргэний нэхэмжлэгч Ё.Д, Ч.Г нарын нэхэмжлэлийн шаардлагаас зарим зүйлүүд нь нотлогдохгүй байна” гэж мэтгэлцсэн байна. Шүүх хавтаст хэрэгт авагдсан гэм хорын нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг шинжлэн судлаад хохирогч Ж.Д-гийн нэхэмжилсэн 577 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүгдэгч түүний өмгөөлөгч нар зөвшөөрсөн тул шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв. Иргэний нэхэмжлэгч Ё.Д нь хохирогч Ж.Д-г асрахаар эрхэлж байсан ажлаасаа урт хугацааны чөлөө авсан тухай тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай баримтаа ирүүлсэн байх тул хохирогчийг асарсан 2019 оны 11, 12 дугаар сар 2020 оны 1 дүгээр сарын цалин нийгмийн даатгалын шимтгэл нийт 2 109 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, цаашид хохирогчийг ямар хугацаагаар асран халамжлах нь тодорхойгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, 2020 оны 2 дугаар сараас 6 дугаар сарыг хүртэлх цалин орлого, нийгмийн даатгалын шимтгэлээ иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж үзлээ. Иргэний нэхэмжлэгч Ч.Г нь автомашины үзлэг оношлогоо хийлгэсэн 88 000 төгрөгийн баримт, үнэлгээний хөлс 15 000 төгрөгийн баримтаа ирүүлсэн, шинжээчийн дүгнэлтээр автомашины эвдрэл, засварын хөлсийг 660 000 төгрөгөөр тогтоосон нь үндэстэй байх тул 763 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв. Хохирогч Ж.Д нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэй болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хурааж ирүүлсэн Н.Н-вын 2 ширхэг жолоодох эрхийн үнэмлэхийг буцаан олгож, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-выг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-д оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 9 сарын хугацаанд сар бүр 50 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нас 3 449 500 төгрөг гаргуулж, хохирогч Ж.Д 577 500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Г 763 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ё.Д 2 109 000 төгрөг тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийн хамт ирүүлсэн 2 ширхэг жолоодох эрхийн үнэмлэхийг Н.Нд буцаан олгосугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Ж.Д нь цаашид гарах эмчилгээний зардлаа, иргэний нэхэмжлэгч Ё.Д нь цаашид ажилгүй байх хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.АЛТАНГАДАС