Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 0876

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Г.Н           

           улсын яллагч Б.У ,

            шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............ дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны ....... дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...  оны ... сарын ...-ны өдөр  аймгийн суманд төрсөн, ... настай,...., ..... боловсролтой, .... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... ....... хамт .............оршин суух бүртгэлтэй, урьд нь;

..... аймаг дахь сум дундын ... дүгээр шүүхийн .... оны ... сарын ...- ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ... дугаар зүйлийн ... дахь заалтад зааснаар гурван сар нэг хоногоор баривчилж ...оны ... сарын ...-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж ..... оны ... сарын ...-ны өдрийн эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолоор ял бүрэн биелэгдсэн,  Н.М  РД:  /          /,

Холбогдсон хэргийн талаар: 

   Шүүгдэгч Н.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 сарын 21-ний шөнө 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, баруун туруун 12 дугаар гудамж 15 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч иргэн Б.У хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, бусадтай хардаж улмаар түүний үснээс зулгааж, дагзны ар хэсэгт шаазан аягаар, хүзүү, буглаг, хэвлий, баруун сэрвээ, хэсэгт нь гараараа, мөн нуруу хэсэгт гүйвц багажаар тус тус цохиж, биед нь дагзны хуйхны язарсан шарх, хүзүүний зулгаралт, зүүн буглаг, хэвлийн цус хуралт, баруун сэрвээ, нуруу, хэвлийн зулгаралт бүхий шинэ, баруун буглагны хуучин цус хуралт бүхий гэмтэл учруулж, онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох: 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Н.М нь 2020 оны 03 сарын 21-ний шөнө 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, баруун туруун 12 дугаар гудамж 15 тоот гэртээ хамтран амьдрагч иргэн Б.Ууганцэцэгийг онц харгис хэрцгий аргаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :  

- хохирогч Б.У  “...2020 оны 03 сарын 21-ний өдөр манай нөхөр Мягмарбаяр орой 19 цагийн орчим ажлаасаа гэртээ эрүүл орж ирээд, хоол ундаа идчихээд 20 цаг өнгөрч байхад дэлгүүр рүү тамхи авахаар явсан. Тэгээд 21-22 цагийн хороонд Мягмарбаяр согтуу орж ирээд удалгүй дахиад архи уухгүй бол болохгүй гэж хэлээд гарч яваад буцаж орж ирэхдээ 0.33 литрийн Ерөөл архи гэртээ авчраад ганцаараа уусан. Ууж дуусаад надад агсан согтуу тавьж, хүмүүстэй хардаж үснээс зулгааж, дагзны ар руу шаазан аягаар, хүзүү, буглага, хэвлий, баруун сэрвээ, хэвлийн зулгаралт бүхий гэмтлүүдийг гараараа мөн нуруу руу гүйвцээр тус тус цохисон...2019 оны 11 сард жирэмсэн 9 сартай байхад архи ууж ирчихээд наад хүүхэд чинь миний хүүхэд биш гээд толгойны зүүн талын үснээс зулгааж байсан...  оны  сард мөн телевизорын суваг үзэх асуудлаас болж маргалдаж зодсон, цагдаад дуудлага өгч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-6, 24, 90/,

- гэрч Д.С  “...2020 оны 03 сарын 21-ний өдөр мөн М  миний охин У зодсон байсан...2019 онд мөн зодож байсан” гэх мэдүүлэг /хх-39-40/,

- гэрч Ч.Н  “...манай бэр У г 2020 оны 03 сарын 21-нд их орой болсон байхад миний утас руу залгаад “М  архи уучихсан орж гараад байна” гэж ярьсан. Мөн удалгүй залгаад “толгойг маань аягаар цохиод хагалчихлаа” гэж хэлсэн. Хүү М нэг архи уухаараа 7-14 хоног архи уугаад байдаг юм...гэх мэдүүлэг /хх-42-43/,

- шинжээчийн 2020 оны 03 сарын 24-ний өдрийн №3894 дугаартай дүгнэлт ;

Б.У  биед дагзны хуйхны язарсан шарх, хүзүүний зулгаралт, зүүн буглага, хэвлийн цус хуралт, баруун сэрвээ, нуруу, хэвлийн зулгаралт бүхий шинэ, баруун буглагны хуучин цус хуралт гэмтэп тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-12-13/

- шинжээч Н.Э  “...хохирогч Б.У  биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, өөрөөр хэлбэл мохоо зүйлийн 10 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. У  биед учирсан гэмтэл нь гуйвц, бахь зэргээр цохиход үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-100-101/,

- шүүгдэгч Н.М н “...2020 оны 03 сарын 21-ний өдөр 18-19 цагийн үед ажлаасаа тараад гэртээ ирсэн...Би дэлгүүр ороод 2 шил 0.5 литрийн Сэнгүр пиво, 0.33 литрийн Ерөөл архи аваад гэртээ ирээд ганцаараа уусан. Би архиа ууж дуусгаад эхнэрийгээ өөр хүнтэй хардаж агсан согтуу тавьж эхнэрийнхээ үснээс зулгааж, хүзүү, дагз руу аягаар цохиж, зүүн гар руу мөн цохисон. Гэрт байдаг гүүвцээр нуруу хэвлий рүү нь цохисон. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /хх-141-142/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтууд нотлогдож тогтоогдож байна.      

Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд гэрч, хохирогч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

Иймд шүүгдэгч Н.Мягмарбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч нь хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй, эвлэрсэн болохоо илэрхийлсэн /х-90, 145/ байна.      

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:    

Шүүгдэгч Н.М урьд нь эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссан баримтууд байх тул /х-103-109, 110, 34/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.  

Шүүгдэгч нь  эрхэлсэн тодорхой ажилгүй, хуваарьт хөрөнгө, орлоготой гэх нотлох баримт тогтоогдоогүй байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэв.         

 

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.     

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дахь заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Н.М  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М г 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.   

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

 

6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Н.М д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР