Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 297

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “О”, РД:

Нэхэмжлэгч: “С”, РД:

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал, 

Гуравдагч этгээд: “Э”

Гуравдагч этгээд: “Д”

Гуравдагч этгээд: “Ж”

Гуравдагч этгээд: “Г”

Гуравдагч этгээд: “Б”

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01, 02, 03, 04 дүгээр тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/42 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “О”, “С”, түүний өмгөөлөгч “А”, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч “М”, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Б”, гуравдагч этгээд “Э”, “Ж”, “Д”, гэрч “Ү”, “Б”, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярдулам нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“... Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Сонгинорхайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016-2020 оны ээлжит хурлыг зарлан 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Тэргүүлэгчдийн хурлын тогтоолын дагуу 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэдийн Нийтийн Хурал хуралдаж “С” хорооны Засаг даргад нэр дэвшсэн. “О” нь иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон. Ингээд сонгогдсоны дараа тамга, тэмдэг нь хураагдсан байсан учир тамгагүй бичиг баримтыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох ажлын албанд өгөхөөр очиход хүлээж аваагүй. Учир нь “өөр хурал зарлагдсан тул тамга дарж өгөхгүй” гэсэн утгатай тайлбар хэлээд буцаасан. Тэгээд хэсэг хугацааны дараа уг материалыг хүлээж авсан байдаг.

 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлыг даргалсан н.Хишигбаатарт Сонгинорхайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1/30 тоот хариу ирсэн. Үүнд 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 цагаас иргэдийн Нийтийн Хурал хуралдсаныг хүчин төгөлдөр гэж үзэн Сонгинорхайрхан дүүргийн Засаг даргаас тус дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргыг томилж тамгыг нь хүлээлгэн өгсөн гэсэн хариу өгсөн. Үүнтэй холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэсэн.

Нэгэнт нэр дэвшиж, сонгогдсон ч ажлаа хийж чадахгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгогдох эрх, тухайн шатны нутгийн өөрөө удирдах ёсны өөрөө удирдах бүрэн эрхээ эдлэхэд дээд шатны байгууллага оролцохгүй гэсэн зарчим алдагдсан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хэрэгт иргэдийн Нийтийн Хурлаас тамгатай болон тамгагүй тогтоол гарсан. Тамгатай тогтоолыг үндэслэн хорооны Засаг дарга томилогдож,  Засаг даргын эрх, үүргийг хэрэгжүүлж байна. Тиймээс Засаг дарга хууль зүйн хувьд хариуцагч нь болсон учир нэхэмжлэл гаргасан.

Нотлох баримт судалж хэд хэдэн гэрч асуусан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 9 дүгээр хорооны иргэний танхимд иргэдийн Нийтийн Хурал хуралдах тухай иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид ямар нэг шийдвэр гаргаагүй нь нотлогдсон. Иргэдийн Нийтийн Хурал зарлах эрхгүй этгээд хурал зарласан, хуульд заасны дагуу хуралдсан хурлын тогтоолоор томилогдсон байхад зэрэгцэн өөр иргэдийн Нийтийн Хурал болж түүнээс томилогдсон нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. 

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага асуудлаа өөрөө шийдвэрлэдэг 

бөгөөд баг, хороо хувьд хорооны нийт өрхийн 30 хувиас нэг иргэн ирсэн тохиолдолд хүчинтэй гэж тооцогддог хуультай.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоол буюу хорооны иргэдийн Нийтийн Хурлыг 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 цагт Сонгинорхайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэний танхимд хуралдуулсугай гэсэн шийдвэр ямар нэг байдлаар өөрчлөгдөөгүй гэдэг нь тогтоогдсон бөгөөд үүнд хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй.

Гэтэл энэ шийдвэр өөрчлөгдөөгүй байхад тухайн хорооны Засаг дарга Х.Эрдэнэтуяа нь 8 дугаар хорооны иргэний танхимын түлхүүр байхгүй гэсэн шалтгаанаар 9 дүгээр хорооны иргэний танхим руу хүмүүс явуулж хуралдуулсан нь тогтоогдсон бөгөөд гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. 

Гэрч “Ү”-т 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 9 дүгээр хорооны иргэний танхимд 8 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурал болж магадгүй гэж хэлсэн” гэсэн нь энэ 9 дүгээр хорооны иргэний танхимд 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал болох тухай анхны яриа хорооны Засаг дарга байсан “Э”-аас улбаалан гарсан байна.

 “Э” нь 2012-2016 оны хооронд 8 дугаар хорооны Засаг дарга байсан бөгөөд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага ялангуяа тэргүүлэгчийн эрхэд халдах эрх хэмжээ хуулиар байхгүй.

Сонгинорхайрхан дүүргийн 9 дүгээр хорооны иргэний танхимд 8 дугаар хорооны 150 иргэн хууль зөрчиж хуралдсан нь тогтоогдсон бөгөөд үүнд маргахгүй. 

2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинорхайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэний танхим цоожтой түлхүүр байхгүй улмаас тус байрны гадаа хуралдсан Иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанаас нэхэмжлэгч нар нэр дэвшиж нэр сонгогдсон нь соронзон хальс дахь бичлэгийг шинжлэн судлах явцад тухайн өдрийн 13 цаг 30 минутын үед нүдэн баримжаагаар 150 орчим хүн цугларсан байсан нь нотлогдож тогтоогдсон. 2330-ыг 30 хуваахад 77.6 буюу 82 айл өрхөөс хуралд ирснээр тухайн хурлыг хүчинтэй гэж ойлгоно. Иргэдийн Нийтийн Хуралд 150 орчим хүн оролцсон боловч нэг өрхөөс хэд хэдэн хүн оролцсон гэсэн гомдол байгаа ч нийт дүнгээрээ 80 хүнээс их байгаа.“ гэжээ. 

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Б” шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна, 23.10-д Баг, хорооны хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно гэсэн шаардлага байдаг. Үүний 2 дахь шаардлага буюу ирцтэй холбоотой нэхэмжлэгч тал маргахгүй байна. Мөн хуралд оролцсон 134 иргэний гарын үсгийн баталгаагаар баталгаажсан нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан. 8 дугаар хорооны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хуралдаж 01 дүгээр тогтоол гаргаж иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 8 дугаар хорооны иргэний хэргийн танхимд зохион байгуулахаар зарласан нь нотлох баримтаас харагдаж байна. 

Тогтоолоор 8 дугаар хорооны иргэний танхимд иргэдийн Нийтийн Хурал болохоор зарласан боловч энэ танхим нь тухайн үеийн хорооны байрнаас 1 километр зайтай хол байдаг. Мэдүүлгүүдээс дүгнэхэд хурлын бэлтгэл хангаагүй, улсын комисс хүлээж аваагүй байранд Иргэдийн Нийтийн Хурал хийхээр зарласан байна. Тогтоолоор иргэдийн Нийтийн Хурлын бэлтгэл хангахаар үүрэг хүлээсэн этгээд 15 хоногийн өмнө иргэдийн Нийтийн Хурал хийхээр зарласан боловч шалтгаангүйгээр хуралдаа ирээгүй байна. Иргэдийн Нийтийн Хурлын дарга байсан н.Хишигбаатар гадна хурал хийнэ гэдгийг мэдээгүй ч чанга яригч бэлдэж байсан байна. Тиймээс иргэдийг зориуд төөрөгдөлд оруулсан эсхүл өөрсдийн ашиг сонирхолд тааруулж хурал зарласан, өнөөдрийн үүссэн нөхцөл байдлыг зориуд бий болгосон эсхүл өөрийн хариуцсан ажилдаа хайнга хандсан гэсэн дүгнэлтэд хүрч байна.

Нэхэмжлэгч тал 9 дүгээр хорооны иргэний танхимд хурал хийхийг мэдсэн боловч иргэдийн Нийтийн Хурал хийх газар биш тул очоогүй, очих шаардлагагүй гэж тайлбар мэдүүлэгтээ дурдсан.

 Гуравдагч этгээд “Э” Иргэдийн Нийтийн Хурлын дарга “Х” тул 9 дүгээр хорооны иргэний танхимд иргэдийн Нийтийн Хурал хийх санал тавьсан боловч тухайн үед үл тоож хариулт өгөөгүй гэсэн.

Иргэдийн Нийтийн Хурлын дарга н.Хишигбаатар бол тэргүүлэгч иргэдийн Нийтийн Хурал болох газрыг өөрчлөх, хурлын цагийг хойшлуулах бүрэн эрхтэй байсан боловч энэ эрхийг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан. Иргэдийн Нийтийн Хурлын дарга н.Хишигбаатараас хурал хийхээр өөр танхим хайж үзсэн үү гэж асуухад 67 дугаар сургууль руу залгаж асуугаад өөр газраас асуугаагүй гэж гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон.

Гадаа хүйтэн байгаа тул өөр газар иргэдийн Нийтийн Хурал хуралдуулахаар дахиж тэргүүлэгчид хуралдаж тогтоол гаргасан уу? гэж “Х”-аас асуухад анх иргэдийн Нийтийн Хурал зарласан тогтоолын дагуу 8 дугаар байрны гадаа иргэдийн Нийтийн Хурал хийсэн гэж хариулсан ба эдгээр үйлдлүүдээс харахад иргэдийн Нийтийн Хурлыг хойшлуулъя, хурлыг үр дүнтэй болгох талаар идэвхтэй үйлдэл гаргаагүй, эс үйлдэхүй гаргасан байна гэж дүгнэж байна.

9 дүгээр хорооны иргэний танхимд сонгох сонгогдох эрхээ хэрэгжүүлэхээр 134 иргэн цугларсан нь бөгөөд хурлын дарга ирээгүй гэсэн шалтгаанаар хурлыг хойшлуулах боломжгүй байсан иргэдийн Нийтийн Хурлаа хийхийг иргэд шаардаж байсан тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д Төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүйн шаардсанаар, эсхүл Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хуралдаан хуралдуулж болно гэж заасныг үндэслэн хурал зохион байгуулагдсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч “М” шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэж заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 04 дүгээр тогтоолыг, тооллогын комиссын тогтоолын хамт Сонгинорхайрхан дүүргийн Засаг даргад ирүүлснийг хүлээн авч, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/42 дугаар захирамжаар “Э”-г Сонгинорхайрхан дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргаар томилсон.

2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 9 дүгээр хорооны иргэний танхимд болсон иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны тогтоол, тооллогын комиссын тогтоол, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өдрийн хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх 04 дүгээр тогтоол “Э”-г нэр дэвшүүлэх тухайн тогтоолыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д заасан үндэслэлээр ял шийтгэлгүй, бусдад өр төлбөргүй гэсэн тодорхойлолтын хамт ирүүлсэн тул дүүргийн Засаг дарга 8 дугаар хорооны Засаг даргаар “Э”-г томилсон шийдвэр гаргасан.

2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 9 дүгээр хорооны байранд болсон Иргэдийн Нийтийн Хурлын 01, 02, 03, 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр н.Хшигбаатар даргатай иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчид хуралдаж 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 8 дугаар хорооны иргэний танхимд иргэдийн Нийтийн Хурал хуралдъя гэсэн шийдвэр гаргасан. 8 дугаар хорооны иргэний танхимд гэдэг нь тухайн үед хорооны Засаг дарга иргэдийн Нийтийн Хурал үйл ажиллагаа явуулж байсан газар байр нь “Н” дэлгүүрийн 3 давхарт байрлаж байсан бөгөөд иргэний танхимгүй байсан. Гэтэл иргэд иргэний танхим гэдгийг 8 дугаар хорооны тухайн үед ашиглалтад ороогүй байсан 8 дугаар хорооны байрны газар баригдсан 50 айлын түр оршинг суух орон сууцны Зоорийн давхарт байрлах хурлын танхим гэж ойлгож байгаа юм. Тэгэхээр иргэдийн Нийтийн Хурал тухайн газар болно гэсэн зар иргэдийн Нийтийн Хурлын тогтоол дээр ч байхгүй. Тухайн байрны гадаа хуралдана гэсэн шийдвэр байхгүй. Иргэд өөрсдөө 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хуралдахаар тогтсон байна. Хурал болох газрыг тогтоолын 2 дугаар танхимаар н.Эрдэнэ гэсэн хүн иргэдийн Нийтийн Хурлын бэлтгэл хангаж иргэдийн Нийтийн Хурал болох газрыг бэлдүүлэх ёстой байсан. Гэтэл энэ хүн албан үүргээ гүйцэтгээгүйн улмаас тухайн өдөр иргэдийн Нийтийн Хурал хаана болох нь тодорхойгүй, иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд 9 дүгээр хорооны иргэний танхимд Иргэдийн Нийтийн Хурал болохоор болсон гэж удаа дараагийн шүүх хуралдаан, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Тиймээс 9 дүгээр хорооны танхимд хуралдсан 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал хүчин төгөлдөр гэж дүүргийн Засаг дарга үзэж хорооны Засаг даргыг томилсон.

 Нэхэмжлэгч талд иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ч сүүлдээ 8 дугаар хорооны ашиглалтад ороогүй байсан байрны гадаа хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын тогтоол хүчинтэй гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн эсэх нь тодорхойгүй ойлгомжгүй байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлд хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална, 25.2-т хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна гэж заасан. Тийм учраас сүүлийн 3 шүүх хуралдаанд тамганы талаар маргасан нь ач холбогдолгүй юм. 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 2 газар иргэдийн Нийтийн Хурал хуралдаж материалаа дүүргийн архивд архивлуулсан байна. Дүүргийн Засаг даргад хорооны Засаг даргыг томилуулахаар иргэдийн Нийтийн Хурлын ганц тогтоол ирснийг шүүх анхааран үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү “ гэжээ.

Гуравдагч этгээд “Д” шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид бүрэн эрхийн хүрээнд 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хурал 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр болно гэж 14 хоногийн өмнө товлон зарласан тогтоол гаргасан. Энэ хугацаанд хурал болох газрыг өөрчлөх боломж 100 хувь байсан. Тухайн байранд хурал 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр товлон зарласан боловч байр нь ашиглалтад ороогүй, тухайн оны 5 сард ашиглалтад орсон. Тухайн хороонд нэг дор ажиллаж амьдарч байгаа хүмүүс, үүрэг болгосон иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгч “Э” нар тухайн байрыг ашиглалтад орсон эсэхийг мэдэх боломжтой байсан ч хурлын бэлтгэл ажлыг хангахгүй ийм байдалд хүргэсэн. Нэгэнт 14 хоногийн хугацаанд энэ асуудлыг шийдвэрлэж чадаагүй тул тухайн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан болох өдөр тухайн газраа ярилцаж хуралдаан хийх боломжтой ойр орчмын сургууль, байрны эрх бүхий хүмүүстэй холбогдсон. 

Засаг даргаас Сонгинорхайрхан дүүргийн 9 дүгээр хорооны иргэний танхимын байранд иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан хийх боломжтой гэж мэдэгдэхэд “тухайн 9 дүгээр хорооны байранд очиж бай, бид нэг шийдвэр гаргана. Ер нь тэнд болох байх” гэж хэлсэн. Тиймээс иргэд маань тухайн өдрийн 11 цагт Сонгинорхайрхан дүүргийн 9 дүгээр хороонд иргэд цуглар иргэдийн Нийтийн Хурлын хуралдаа хуулийн дагуу хийсэн. 8 дугаар хорооны байр ашиглалтад ороогүй байсан иргэдийн Нийтийн Хурал болох газар тодорхойгүй байсан. Тухайн байранд удаа дараагийн сонгуулийн санал хураалт авч байсан гэдэг нь Зуны улиралд Сонгуулийн хорооны шийдвэрийн дагуу явагдсан үйл ажиллагаа юм. Тухайн байр өвөл гэрэлгүй байсан бөгөөд иргэдийн Нийтийн Хурал хийх нөхцөлийг бүрдүүлээгүй. Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд иргэдийн Нийтийн Хурлыг 8 дугаар хорооны байрны гадаа хийнэ гэж товлон зарлаагүй.

2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр товлосон иргэдийн Нийтийн Хурлыг 9 дүгээр хорооны иргэний танхимд хийсэн тул энэ иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон гэж үзэж байна. Мөн хариуцагч дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дүгнэлтийг дэмжиж  байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд “Э” шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Тухайн хороонд би 2005 оноос хойш амьдарч, 2016 оноос хэсгийн ахлагчаар томилогдон ажиллаж байна. Иргэдээс гаргасан саналаар иргэдийн Нийтийн Хурлын даргад нэр дэвшиж сонгогдсон. Иргэдийн Нийтийн Хурал хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд “Ж” шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“..Сонгинорхайрхан дүүргийн 8 дугаар хороонд 1990 оноос хойш амьдарч байна. 2011 оноос одоог хүртэл хэсгийн ахлагчаар ажиллаж байна. 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын хүчин төгөлдөр болсон гэж үзэж байна. Тухайн хурлаас иргэдийн саналаар иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон. 9 дүгээр хорооны иргэний танхимд болсон иргэдийн Нийтийн Хурлыг хүчингүй гэж үзвэл мөн 8 дугаар хорооны байрны гадаа болсон иргэдийн Нийтийн Хурал хүчингүй юм. Нотлох баримт шинжлэн судлахад 8 дугаар хорооны байрны гадаа 150 хүн цугларсан гэж харагдахгүй байна. 

Мөн би 2003 оноос хойш 15 дахь жилдээ Сонгинорхайрхан дүүргийн 8 дугаар хороонд ажиллаж байна. Нэхэмжлэгч “С” 2009-2013 оны хооронд хамт ажиллаж байсан. 2013 онд хорооны Засаг даргад нэр дэвшиж томилогдсон. 2013-2017 оны хооронд иргэдийн Нийтийн Хурлын дарга “Х”-тэй хамтран ажилласан. Энэ 15 жилийн хугацаанд ямар иргэдийн Нийтийн Хуралтай холбоотой маргаан гарч байгаагүй.

2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдийн тогтоолыг албан ёсоор эх хувиар нь гардаж аваагүй. 8 дугаар хорооны байрандаа иргэдийн Нийтийн Хурал хийхээр Тэргүүлэгчид товлосон гэдгийг мэдэж байсан. Иргэдийн Нийтийн Хурал болохоос 14 хоногийн өмнө товлон зарладаг учир нь энэ хугацаанд хурлын бэлтгэх хангах зорилготой юм. 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 8 дугаар хорооны байр ашиглалтад ороогүй байсан бөгөөд “Н” дэлгүүрийн байрны 3 давхарт байрлаж үйл ажиллагаа явуулж байсан. Энэ хугацаанд 8 дугаар хорооны олон хурал цуглаан 5 минут алхаж хүрдэг 9 дүгээр хорооны иргэний танхимд болж байсан ба иргэд үүнийг ч мэдэж байсан.

2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тухайн байр ашиглалтад ороогүй гэдгийг мэдэж байсан учир иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгч даалгаагүй, хорооны Засаг даргын хувьд санаа зовж 11 цаг 30 минутад иргэдийг явуулсан байрны гадаа очиход “О”, “С”, “Э” гэсэн 5 хүн ирсэн байсан. Харин түүнээс хойш хүмүүс нэмэгдэж ирсэн байна. н.Хишигбаатар даргыг ирэхэд энэ асуудлыг шийдвэрлэж иргэдийн Нийтийн Хурал болох танхим байраа олох эсхүл байр танхимаа олох хүртэл хойшлуулах тухай санал тавьсан. Тэгээд хэд хэдэн сургууль, газар руу залгаж асуухад боломжгүй гэсэн хариу өгсөн бөгөөд ганцхан 9 дүгээр хорооны иргэний танхим сул чөлөөтэй иргэдийн Нийтийн Хурал хийх боломжтой гэсэн хариу авсан. 8 дугаар хорооны байрны гадаа 12 цаг 30 минут хүртэл байсан бөгөөд 9 дүгээр хорооны танхимаас танхим дүүрсэн одоо иргэдийн Нийтийн Хурлаа эхлэхгүй юм уу гэж залгасан тул 9 дүгээр хорооны танхим руу явлаа гээд явсан. Тэнд очиход цагдаа танхим дүүрсэн тул хүн оруулахгүй гээд хаалгыг нь цоожилсон байсан. Би энэ хуралд нэр дэвшиж байгаа хүн гэж хэлж ороод иргэдийн Нийтийн Хуралд оролцсон.

2013-2017 онд иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгч, 2009-2013 онд хурлын дарга хийж байсан “О” гэж хүн Иргэдийн Нийтийн Хурлыг нээж үг хэлээд иргэдийн дундаас санал авахад “Ү”-ийг нэр дэвшүүлж хурлын даргалагчаар сонгосон.

Манай хорооны иргэд идэвхтэй бөгөөд иргэдийн Нийтийн Хуралдаа оролцож сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхээр ирэхэд нь хүндэлж 9 дүгээр хорооны дулаахан байранд иргэдээ цуглуулж хуулийн дагуу иргэдийн Нийтийн Хурлаа хийж нэр дэвшин сонгогдсон тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

                                                      ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч нар нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01, 02, 03, 04, 05 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд “Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1/30 тоот албан бичигт тус дүүргийн 8 дугаар хорооны анхдугаар хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хуралдсан гэж дурьдсан тул бид нэхэмжлэлээ мөн өдрөөр бичсэн, мөн тус хуралдааны материалуудыг бидэнд танилцуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд танилцаж 05 дугаар тогтоол гараагүй гэдгийг мэдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01, 02, 03, 04 дүгээр тогтоолууд, мөн дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/42 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах” гэж тодорхойлж байна гэсэн тул дээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болно.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэжээ.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор тус хорооны анхдугаар хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 цагт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны “Иргэний танхим”-д хуралдуулахаар зарлажээ.

Анхдугаар хуралдаан зарласан тогтоолтой талууд маргаагүй бөгөөд харин нэхэмжлэгчээс хуралдаан зарласан газраас өөр газар хуралдсан гэж, хариуцагчаас хуралдаан зарсан байр цоожтой, улсын комисс хүлээн аваагүй тул өөр хорооны байранд хуралдсан гэж тус тус маргажээ.

2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан 2 өөр газар хуралдсан бөгөөд 8 дугаар хорооны байрны гадаа хуралдсан хуралдаан, 9 дүгээр хорооны иргэний танхимд хуралдсан хуралдаанаас тус бүр 4 тогтоол гаргаж, тухайн хурлын тэргүүлэгчид, хурлын даргыг томилж, хорооны Засаг даргад нэр дэвшигчийг тодруулжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй” гэжээ. 

9 дүгээр хорооны иргэний танхимд болсон ирцийн бүртгэлээр тус хуралдаанд 134 иргэн, 8 дугаар хорооны байрны гадаа хуралдсан хуралдаанд /48 хуудастай дэвтэрт бүртгэснээр/ 112 иргэн оролцсон гэжээ.

Хэдийгээр 9 дүгээр хорооны иргэний танхимд хуралдсан анхдугаар хуралдааныг хурлын дарга /бүрэн эрх нь дуусч буй/ даргалж хуралдуулаагүй, тэргүүлэгчдийн олонх оролцоогүй, товлосон газраас өөр газар хуралдсан зэрэг зөрчил байгаа хэдий ч ирцийн хувьд хуульд заасан шаардлага хангасан, хурал товлосон газар буюу тус дүүргийн 8 дугаар хорооны “Иргэний танхим” нь цоожтой байсан болох нь оролцогч нарын тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотолж байх тул тухайн нөхцөл байдлаас шалтгаалан 9 дүгээр хорооны иргэний танхимд шилжин хуралдсаныг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь тус хороо нь 2230 өрхийн 9860 хүн амтай /Сонгинохайрхан дүүргийн цахим хаягт байршуулснаар/ ба багийн Иргэдийн Нийтийн хурал нь тухайн баг, хорооны иргэдийн шууд оролцоотойгоор явагддаг онцлогтой бөгөөд Монгол Улсын Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасан ирц хамаарахааргүй байна.

Мөн  Монгол орны 1 дүгээр сар цаг агаарын хувьд өвлийн улирал, идэр есийн хүйтэн тул иргэдийг хуралдах нөхцөлөөр хангаж, дулаан байранд шилжүүлэн хуралдсаныг буруутгах үндэслэлгүй бөгөөд хорооны Засаг даргад нэр дэвшигчийг томилсон дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/42 дугаар захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

Харин 8 дугаар хорооны байрны гадаа хуралдсан хуралдаанд /48 хуудастай дэвтэрт бүртгэснээр/ 112 иргэн оролцсон гэж боловч ирцийн бүртгэл,  хуралдааны тэмдэгллийг хэн хөтөлсөн нь тодорхойгүй, нэхэмжлэлд хавсаргасан ирцийн бүртгэл, дүрс бичлэг /СD/ зэргээс дүгнэхэд ирцийн хувьд хуульд заасан шаардлага хангасан гэж үзэхээргүй байна. 

Хэдийгээр нэхэмжлэгч талаас ирц хуульд заасан шаардлага хангасан, гадаа хүйтэн байсны улмаас хуралдаанд оролцсон иргэд автомашин, дэлгүүрт орж дулаацан хуралдаанд оролцсон гэж тайлбарладаг боловч тухайн нөхцөл байдлыг шүүхээс тогтоох боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10, 26 дугаар зүйлийн 26.3-д заасныг тус тус баримтлан “О”, “С” нэхэмжлэлтэй Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны Иргэдийн Нийтийн хурал нарт холбогдох Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны Иргэдийн Нийтийн хурлын 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01, 02, 03, 04 дүгээр тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/42 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ