Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 441

 

П.Одонцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2016/01234 дүгээр  шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: П.Одонцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Номин тав трейд ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: П.Одонцэцэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.Хүрэлхадад, Б.Туяажаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч П.Одонцэцэгээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг ажлаас халах болсон шалтгаан нь 2015 оны ээлжийн амралт авах  үеэс эхэлсэн бөгөөд амарч дуусаад ажилдаа ирэхэд чи ээлжийн амралтаа 3 хоног хэтрүүлсэн гэж байсан. Заал зохион байгуулагчдыг сэлгэн ажиллуулах хуваарь 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гарахад миний нэр аль ч салбарт байгаагүй. Учрыг нь асуухад урьд нь сахилгын шийтгэлтэй байсан бөгөөд Өнөр салбарын үнэ тавилт, ажилчдын хувцаслалт хангалтгүй, борлуулалт муу байна гэсэн. Намайг албан тушаал бууруулсан тухай тушаалыг надад өгөхгүй бүтэн сар хүлээлгэсэн. Гэтэл эрх зүйн албанаас тушаал бууруулах үндэслэлгүй гэсэн тул буцаж Хан-Уул дахь салбарт зохион байгуулагчаар ажиллахаар очсон. Ингээд  05 дугаар 19-ний өдөр хүний нөөцийн менежер дуудаж, эрхлэгчийн гаргаж өгсөн тодорхойлолтыг танилцуулж сануулах арга хэмжээ авна гэж хэлэхээр нь би гарын үсэг зурсан. Мөн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Отгонтуул менежер 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ривер гарден салбар дээр сэлгэн ажилуулахаар болсоныг надад утсаар хэлсэн. Нарангарав зохион байгуулагч 07 дугаар сарын 08-ны өдөр жирэмсний амралтаа аваад явж байгаа гэж хэлэхээр нь би тухайн үед 07 дугаар сарын 08-ны өдрөөс уг салбарт ажиллах юм байна гэж бодож байсан. Баясгалан ахлах менежер 07 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул салбарт ажиллах шаардлагагүй, ривер гарден салбар  дээр очоод ажил байдалтай нь танилц гэсний дагуу Хан-Уул салбарын дэлгүүрийн түлхүүрийг нь өгөөд 15 цаг 04 минутад Хан-Уул салбарт ирээд хуруугаа уншуулж, түлхүүрээ хүлээлгэн өгөөд 17.30-ын ривер гарден салбарын ажилчдын автобусаар очсон. Ривер гарден салбарт очоод Наравгарав зохион байгуулагчаас бүх ажилчидтай нь танилцаж, утсан дээрээ зургийг нь аваад маргаашнаас ирж ажиллана гэдгээ хэлээд явсан. 07 дугаар сарын 08-ны өдөр би ривер гарден салбарт очиж ажиллах ёстой байсан боловч миний хэвлий тус газар өвдөөд эмчид очиж үзүүлэхэд гиста байна гэсэн онош хэлсэн, тэгээд 07 дугаар сарын 08-ны өдрөөс 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл би акт авсан. Гэтэл намайг наадмын ачаалалтай үеэр ажлын байр хаяж явсан, ажиллуулахгүй гэсэн асуудал гарч 08 дугаар сарын 12-ны өдөр ирж тушаалаа ав  гэсэн. Тэгээд ажлаас халагдах тушаал дээр 07 дугаар сарын 07-ны өдөр ажил тасалсан гэж бичсэн байсан. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.   Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. П.Одонцэцэгт 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан, үндэслэл нь ээлжийн амралтыг 3 хоног хэтрүүлсэн, ажлын байрыг 2-3 цаг орхисон зэрэг зөрчил гаргасан. Дараа нь 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр мөн сахилгын шийтгэл ногдуулсан.  Хамгийн сүүлд 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ажил тасалсан гэх үндэслэлээр 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ажлаас халах тушаал гарсан. Сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай шийдвэр гаргасан эрхлэгч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй этгээд гэдгийг нотлох баримтууд хэргийн материалд авагдсан. 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Ц.Одонцэцэгийг ажил тасалсан гэдгийг гэрчийн мэдүүлэг, цагийн бүртгэлээр нотлогдоно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “Номин тав трейд” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн П.Одонцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч П.Одонцэцэг нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие 2016.07.07-ны өдөр "Сэлгэн ажиллуулах тушаал гаргаагүй" ажиллах цагийн хуваарь танилцуулаагүй тул Ривер гарден салбарт очоогүй, тасалсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Мөн 2016.07.06-ны өдөр хүний нөөцийн менежер Отгонтуул 2016.07.08-ны өдрөөс эхлэн сэлгэн ажиллах талаар утсаар мэдэгдсэн. Түүнчлэн 2016.07.07-ны өдрийн ажил тасалсан гэх нотолгоо 7-р сарын цагийн бүртгэл болон цалингийн хуудсаар нотлогдоогүй. Номин Тав трейд ХХК-ийн цалин хөлс олгон тооцох журмын дагуу ажил тасалсан, хоцорсон 1 минут тутамд торгуууль ногдуулсан баримт байхгүй. Би 2016.07.07-ны өдөр 15.00 цагт Хан-Уул салбарын дэлгүүрийн түлхүүр аваачиж өгөөд 17.00 цагт ажилчдын автобусаар Ривер гарден салбарт очиж ажил байдалтай нь танилцах болсоноо хүний нөөцийн менежер Отгонтуул, эрхлэгч Энхээ нарт урьдчилан мэдэгдсэн. Мөн өдрөө би Ривер гарден салбарын ажил байдалтай танилцаж  дуусаад 20.00-00.30 минут хүртэл эрхлэгч Энхээ болон хамт олонтойгоо цуг салхинд гарсан нь гэрч Дамжинсүрэнгийн мэдүүлгээр нотлогдсон.

Түүнчлэн 2016 оны 7 дугаар сарын цалинг бодож оруулахдаа 2016.07.22-ны өдөр өгсөн эмнэлэгийн листэн дээр эрхлэгч Энхээ гарын үсэг зурж 2016.08.03-нд цалин буухад листний мөнгө бодож оруулсан нь мөн 7 дугаар сард ямар ч тасалсан минутын торгууль байхгүй нь 2016.07 сарын цалингийн хуудсаар нотлогдсон. Гэтэл 2016.08.02-ны өдөр эмнэлгийн магадлагааны хугацаа дуусч ажилдаа орохооор очиход чиний асуудлыг ярилцаж байгаа гэдэг шалтгаанаар аль ч салбарт ажиллуулаагүй, халагдах тушаал ч өгөхгүй хүлээлгэж, хамгийн сүүлд зөрчил гаргасан гэх өдрөөс 36 хоногийн дараа буюу 2016.08.12-ны өдөр ажлаас халах тушаал шийдвэрийг өгсөн. Урд 2015.09.20-ны өдөр авсан сахилгын шийтгэл үндэслэлгүй, нотлох баримтгүй 2016.03 сард мэдээд гомдол гаргах гэхэд сахилгын шийтгэл ногдуулсан тушаал болон албан тушаал бууруулж барааны мэргэжилтэн болгосон шийдвэрүүдийг өгөхгүй байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч П.Одонцэцэг нь хариуцагч Номин Тав трейд ХХК-д холбогдуулан тус компанийн Номин агуулах худалдаа Хан-Уул салбарын зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “.., нэхэмжлэгч хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан“ гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч П.Одонцэцэг нь хариуцагч Номин тав трейд ХХК-ийн Номин агуулах худалдаа Хан-Уул салбарын зохион байгуулагчаар ажиллаж байгаад тус салбарын эрхлэгч Ш.Энхээгийн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 3-20/84 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж ажлаас чөлөөлөгджээ. /хх-ийн 29/

 

Тушаалд П.Одонцэцэгийг 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ажлын байрыг 2-3 цагаар орхиж явсан, ээлжийн амралтыг 3 хоногоор хэтрүүлсэн тул 3-8/104 тоот тушаалаар сануулах, 2016 оны 04 дүгээр сарын 19-ны өдрөөс 05 дугаар сарын 19-ны өдрийг хүртэлх нэг сарын хугацаанд өгсөн ажил сайжруулах төлөвлөгөөний биелэлт хангалтгүй байсан  тул 3-20/63 тоот тушаалаар дахин сануулах арга хэмжээ авсан, 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 1 өдөр ажил тасалсан гэх үндэслэл заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай.

Хэргийн 24-26 дугаар талд авагдсан хөдөлмөрийн гэрээнээс үзэхэд ажил олгогч ажилтантай Хан-Уул салбарын агуулах худалдааны зохион байгуулагчаар ажиллуулахаар гэрээ байгуулсан. Хан-Уул салбараас өөр салбарт шилжих нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн нөхцөл, ажлын байрны нэр, ажиллах газар  өөрчлөгдөж байгаа, өөрөөр хэлбэл гэрээний гол нөхцөлд өөрчлөлт орж байгаа явдал юм.  Гэтэл ажил олгогч ажилтныг шилжүүлэх болсон шалтгаан үндэслэлээ заасан тушаалыг  бичгээр гаргаагүй, ажилтанд хариуцсан ажлаа хүлээлгэн өгөх хугацаа олгоогүй байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсэгтт зааснаар аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй гэснийг зөрчсөн тул ажилтан П.Одонцэцэгийг 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын нэг өдөр ажил тасалсан гэж үзэх боломжгүй байна.

 Ажилтны  урд нь буюу 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр, 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан гэх зөрчлүүдэд сануулах арга хэмжээ авсан гэх бөгөөд  харин сүүлчийн 2016 оны 7 дугаар сарын 7-нд ажлын нэг өдөр ажил тасалсан гэх зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ажлаас халах “сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэх үндэслэл болгожээ. Сүүлчийн буюу 7 дугаар сарын 07-нд ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй гэж шүүхээс дүгнэж байгаа тохиолдолд  ажил олгогч нь ажилтны 2016 оны 4 дүгээр сарын 19-ний зөрчилд нэгэнт сануулах арга хэмжээ авсан тул дахин уг зөрчилд ажлаас халах арга хэмжээг давхардуулан тооцох  боломжгүй. 

 Мөн П.Одонцэцэг нь 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Номин агуулах худалдаа Хан-Уул салбарт очиж түлхүүр хүлээлгэж өгсөн, ажил олгогч Ривер гарден гэх салбарт ажиллахыг шаардаж, хуучин ажил үүргээ гүйцэтгэх боломж олгоогүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй тул түүнийг 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ажил тасалсан гэх тушаал үндэслэлгүй болжээ. /хх-ийн 24-25, 104 / 

Нэхэмжлэгч П.Одонцэцэг нь сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн нь буруу болжээ.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д зааснаар эмчийн магадлагаагаар чөлөөтэй байгаа, ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байх үед ажилтныг ажлаас халсан нь хэрэгт авагдсан эмнэлгийн бичиг баримтуудаар нотлогджээ. /х.х-ийн 4/

 

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, П.Одонцэцэгийг хариуцагч Номин тав трейд ХХК-ийн “Номин агуулах худалдаа Хан-Уул” салбарын зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг үндэслэн ажилгүй байсан 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх 128 хоногийн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 420 736 төгрөг /2 216 075:3=738 691:21.5=34 357*128/-ийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2016/01234 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Одонцэцэгийг “Номин тав трейд” ХХК-ийн Номин агуулах худалдаа, Хан-Уул салбарын зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 420 736 төгрөгийг хариуцагч “Номин тав трейд” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч П.Одонцэцэгт олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай” гэж, 2 дах заалтын “дурдсугай” гэснийг “дурдаж, хариуцагч Номин тав трейд ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 85 682 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

                                                                                                Ш.ОЮУНХАНД