| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2020/0233/Э |
| Дугаар | 0244 |
| Огноо | 2020-07-07 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 0244
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Б даргалж, шүүгч Д.А, шүүгч Ж.Д нарын бүрэлдэхүүнтэй
Улсын яллагч Л.Э
Иргэдийн төлөөлөгч Б.А
Шүүгдэгч Н.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн 37 настай эрэгтэй, Н.Э
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Н.Э нь согтуурсан үедээ 2020 оны 06 сарын 08-ны өдөр Г.Б-ын нуруун тус газарт хутгалж, зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 06 сарын 07-ны өдөр Орхон туул сумаас хүүхдээ аваад буцах зорилготой ирсэн. Тэгээд бид архи ууцгааж Б-тай маргалдсан байсан. Юунаас болсноо санахгүй байгаа. З нэг удаа хутгалсан гэж хэлсэн. Хутга нь манай гэрийн хутга. Гэм буруу дээрээ маргахгүй. Миний буруу хохирол 3.227.000 төгрөг төлсөн. Өөрийн болчимгүй хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Ар гэрийнхээ сэтгэл санааг зовоож байгаад харамсаж байна гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2020 оны 06 сарын 08-ны өдөр Э гэрт Т, М, Т-ын эмэгтэй найз нарын хамт архи ууж байгаад би гадаа гарч бие засчихаад Э хашаан дотор гадаа сууж байхад Э араас гарч ирсэн ба бид хоёр хоорондоо маргалдаж би түүнийг хоёр удаа цохисон. Яг биеийн аль хэсэг рүү цохисон талаар санахгүй байна. Э надад цохиулчихаад гэртээ орж гарч ирээд миний нурууны баруун тал руу нэг зүйлээр хатгачихсан. Би эргэж хараад Э-ыг түлхэж өөрөөсөө холдуулаад хатгуулсан газар дээр гараа хүргэхэд цус болчихсон байсан. Тэр үед хутгалуулчихлаа гэж ойлгосон. Тэгээд эмнэлэг, цагдаа болсон гэсэн мэдүүлэг /хх 12-13 ху/,
-Гэрч Х.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Э гэрт унтаж байхад З намайг сэрээгээд Э Б-ыг хашааны дотор талд хутгалчихлаа гэж хэлсэн. Би байшингаас гарахад Б, Э нар хашаан дотор өвсөн дээр сууж байсан ба Б-ын нуруу хэсгээс цус гарч байсан гэсэн мэдүүлэг /хх 19 ху/,
-Гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Нэг сэрэхэд цагдаа нар хашаан дотор ороод ирчихсэн байсан. Би юу болсон талаар цагдаа нараас асуухад танай нөхөр хүн хутгалчихсан байна гэж хэлсэн. Эрдэнэсайханаас яасан бэ? гэхэд Б-ыг хутгалчихсан гэж надад хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 20 ху/
-Яллагдагч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би хашаан дотор Б-тай маргалдсан ба Б миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Миний уур хүрээд байшинд орж гал тогооны шүүгээнд байсан ногоон өнгийн иштэй хутга авч Б-ын ар нуруу хэсэг рүү нь нэг удаа хутгалсан. Намайг Б-ыг хутгалж байх үед хашааны дотор талд өөр хүн байгаагүй шиг санагдаж байна гэсэн мэдүүлэг /хх 54-55 ху/,
-Шинжээчийн 2020 оны 06 сарын 12-ны өдрийн 456 дугаартай дүгнэлтэнд:
1. Г.Б-ын биед цээжний баруун талд нурууны хажуугийн шугамаар 5-6-р хавирганы завсраар цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндийд цус хуралт, баруун далны доор болон цээжний баруун талд 2 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн, зулгаралтууд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байж болно.
3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.
4. Цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана, зулгаралтууд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
5. Гэмтэл нь 2020 оны 06 сарын 08-ны өдөр үүссэн байж болно гэсэн дүгнэлт /хх 26-28 ху/,
-Шинжээчийн 2020 оны 06 сарын 15-ны өдрийн 150 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн богино ханцуйтай футболкны ар хэсэгт 32 мм хэмжээтэй уранхай үүссэн байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн футболкны ар талд үүссэн уранхай нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдсэн уранхай байна.
3. Футболконд үүссэн 32 мм хэмжээтэй зүсэгдсэн уранхай шинжилгээнд ирүүлсэн хутганы ажлын хэсгийн үзүүрээс 6 см хүртэлх зайд үүсэх боломжтой байна гэсэн дүгнэлт /хх 39-42 ху/,
-Шинжээчийн 2020 оны 06 сарын 04-ний өдрийн 134 дугаартай дүгнэлтэнд:
1. Н.Э биеэс авсан цусанд этилийн спирт 2.8 промиль процент илэрсэн болно.
2. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт /хх 46-47 ху/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-6 ху/
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 10 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 57 ху/
-Н.Э-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 53, 54-55 ху/
-Хохирол төлсөн баримт /хх 134 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Н.Э нь согтуурсан үедээ 2020 оны 06 сарын 08-ны өдөр Г.Б-ын нуруун тус газарт хутгалж, зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...бид архи ууж Б-тай маргалдсан байсан. Юунаас болсноо санахгүй байгаа. З нэг удаа хутгалсан гэж хэлсэн. Хутга нь манай гэрийн хутга. Гэм буруу дээрээ маргахгүй. Миний буруу хохирол 3.227.000 төгрөг төлсөн. Өөрийн болчимгүй хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.Б-ын “...Э хашаан дотор гадаа сууж байхад Э араас гарч ирсэн ба бид хоёр хоорондоо маргалдаж би Э-ыг хоёр удаа цохисон. Яг биеийн аль хэсэг рүү цохисон талаар санахгүй байна. Э надад цохиулчихаад гэртээ орж гарч ирээд миний нурууны баруун тал руу нэг зүйлээр хатгачихсан. Би эргэж хараад Э-ыг түлхэж өөрөөсөө холдуулаад хатгуулсан газар дээр гараа хүргэхэд цус болчихсон байсан. Тэр үед хутгалуулчихлаа гэж ойлгосон” гэсэн мэдүүлэг /хх 12-13ху/, гэрч Х.М, Д.Т нарын өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий хүнд зэргийн гэмтэл үүссэнийг тогтоосон 456 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Н.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Прокурорын шатанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Н.Э-г 3 жил 6 сарын хорих ял оногдуулах санал гаргаж, яллагдагч зөвшөөрсөн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нь хуульд заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр буюу 3 жил 4 сарын хорих ял оногдуулах санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч нь хохирогч Г.Б-т эмчилгээний зардалд 3.227.000 төгрөг төлсөн байх бөгөөд хохирогч нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа шүүхэд мэдэгдсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Н.Э ял шийтгэл оногдуулахад хохирол төлсөн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээс дээж болгон авсан хуванцар савтай дээж 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн футболк 1 ширхэг, ногоон өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.