| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2020/0242/Э |
| Дугаар | 0250 |
| Огноо | 2020-07-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 0250
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Б даргалж
Улсын яллагч Л.Э
Шүүгдэгч Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 19 настай эрэгтэй Б.М
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.М нь 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Х.Э-г өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчид учруулсан гэмтлээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид 1.300.000 төгрөг төлсөн. Гэм буруу дээрээ маргахгүй. Дахин ийм үйлдэл хийхгүй. Ойлгож гэмшиж байна гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Х.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тэр залуу ирээд яагаад манай дүүг дээрэлхээд байгаа юм бэ? гээд намайг түлхэж унагаасан. Намайг газар унасан хойно тэр ирсэн залуу миний баруун талын чих рүү нэг удаа хөлөөрөө чанга өшиглөсөн. Миний чих тэр дороо юу ч сонсохгүй болсон гэсэн мэдүүлэг /хх 5 ху/,
-Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...нэг залуу ирээд чи хаана ирээд томроод байгаа юм бэ? гээд манай найз Э-г гараараа газар түлхэн унагаасан. Э-г газар унасан хойно нь баруун талын чих рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөн зодсон. Тэгээд тэр залуу зугтаад явчихсан. Манай найз Э баруун чих маань өвдөөд байна гэж байсан гэсэн мэдүүлэг /хх 6 ху/,
-Яллагдагч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Манай найз Г над руу утсаар ярихдаа нэг хүн надад томроод байна гэхээр нь би найз Г-г өмөөрч хохирогч Э-г зодсон гэсэн мэдүүлэг /хх 16-17 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 470 дугаартай: Х.Э-н биед баруун чихний хэнгэрэг хальсны гэмтлийн гаралтай цооролт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 10-11 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас / хх 26 ху/
-Б.М-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 15, 16-17 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 06 сарын 12-ны өдөр Х.Э-г өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Хохирогчид учруулсан гэмтлээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид 1.300.000 төгрөг төлсөн. Гэм буруу дээрээ маргахгүй” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн “...Тэр залуу ирээд яагаад манай дүүг дээрэлхээд байгаа юм бэ гээд намайг түлхэж унагаасан. Намайг газар унасан хойно тэр ирсэн залуу миний баруун талын чих рүү нэг удаа хөлөөрөө чанга өшиглөсөн. Миний чих тэр дороо юу ч сонсохгүй болсон” гэсэн мэдүүлэг /хх 5 ху/, гэрч Л.Б "... нэг залуу ирээд чи хаана ирээд томроод байгаа юм бэ гээд манай найз Э-г гараараа газар түлхэн унагаасан. Э-г газар унасан хойно нь баруун талын чих рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөн зодсон” гэсэн мэдүүлэг /хх 6 ху/, хохирогчийн биед баруун чихний хэнгэрэг хальсны гэмтлийн гаралтай цооролт бүхий хөнгөн зэргийн гэмтэл үүссэнийг тогтоосон 470 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хохирогч Х.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...эмчилгээний зардалд 1.300.000 төгрөг авсан. Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.М ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.
Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.