| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2020/0237/Э |
| Дугаар | 0247 |
| Огноо | 2020-07-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 0247
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Б даргалж
Улсын яллагч Б.О
Шүүгдэгч Ч.П
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.П холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, 43 настай, эрэгтэй Ч.П
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ч.П нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Говил” төвд Ч.Б-ын зүүн өгзгөнд хутгаар хатгаж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Ч.П шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй. Хохирогчид 70.000 төгрөг өгсөн. Цаашдаа хохирогчийн эрүүл мэндэд анхаарч мөнгө төгрөгөөр туслана. Үйлдлээ хүлээн зөвшөөрнө, гэм буруу дээр маргахгүй гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би Э-тай юм яриад сууж байхад П ах орон дээр хэвтэж байсан. Намайг янз бүрээр хэлээд байхаар нь та настай намбатай хүн байж яагаад намайг элдвээр хэлээд байгаа юм бэ? гэхэд намайг боосон тэгэхээр нь би зөрүүлээд боосон. Тэгээд босч ирээд ширээн дээр байсан хутгыг авч миний зүүн гуя руу хутгалсан. Тэгээд гарах гэсэн чинь П ах хаалган дээр зогсчихоод гаргахгүй байхаар нь би түлхээд та энийг хараач дээ гээд гуя руугаа заахад яасан сүртэй юм жоохон л байна ш дээ гэсэн. Намайг гарсан чинь цагдаа байхаар нь ахаа би хутгалуулчихлаа гэсэн чинь түргэн дуудчихаад 102 руу залгаж бүрэлдэхүүн дуудсан гэсэн мэдүүлэг /хх 11 ху/,
-Гэрч Ж.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Эхнэртэйгээ маргалдсанаас болж Батболд их бухимдалтай манайд ирсэн. Тэрнээс болоод Б, П ах руу дайрч эхэлсэн. Миний гарыг гэмтээснээс болж би ажпаа хийж чадахгүй байна гэхэд уучлаарай би санаатай тэгээгүй санамсаргүй эргүүлсэн чинь ийм юм болчихлоо гэсэн. Б манай нөхрийг чи буруу хүмүүстэй нийлж намайг тоосонгүй гээд газар унагаасан. Б, П ах руу дайрахаар нь боож унагасан. Тэгээд Батболд бас П ахыг аймаар боож унагасан. П ах тогооны саван дээр байсан хутгыг аваад Батболдыг хутгалсан. Манай нөхөр очоод хутгыг нь салгаж авсан. Б-ыг гарах гэтэл П ах битгий цагдаа сэргийлэхэд мэдэгдээрэй ах нь уучлалт гуйж байна гэж хэлсэн. Тэгээд би П ахаас та яагаад Б-ыг хутгалж байгаа юм бэ? гэхэд би албаар тэгсэн юм гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 15-16 ху/,
-Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ...2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр би П гэдэг хүнтэй архи уугаад байж байсан. Манай эхнэр цуг сууж байсан. Над руу Б залгаад чи хаана байна гэхээр нь би говилд байна гэсэн чинь би яваад очъё гээд удалгүй ирсэн. Манайд ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би ууж байсан архинаасаа хийж өгсөн. П ах орон дээр хэвтэж байсан. П ах Б-оос чи хаанаас ирсэн юм бэ муу бацаан гэхэд Б та настай хүн байж яагаад байгаан бэ? гэхэд П ах Б-ыг боосон тэгээд зөрүүлээд Б, П ахыг боож унагаасан. Тэр үед би манарцан байсан чинь П ах Б-ыг хутгалсан байсан гэсэн мэдүүлэг /хх 17 ху/,
-Яллагдагч Ч.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Э бид хоёр Говил төв рүү хамт явсан. Э эхнэр бид хоёрт элэг шарж өгсөн. Удалгүй гаднаас Б орж ирээд Э руу чи намайг эхнэртэйгээ харддаг гээд Э-ыг боогоод байсан. Би тэр хоёрыг салгах гэсэн чинь Б над руу дайраад 2-3 удаа боож унагасан чинь ухаан алдсан. Би сэрэхдээ өмдөндөө шээсэн босож ирсэн. Тэгээд Б-ыг айлгах санаатай ширээн дээр байсан хутгыг аваад хатгасан чинь зүүн өгзөг рүү хутгалсан байсан гэсэн мэдүүлэг /хх 50-51 ху/,
-Шинжээчийн 2020 оны 6 сарын 22-ны өдрийн 155 дугаартай:
1. Шинжилгээнд ирүүлсэн фудволкны зүүн хойд хэсэгт 12x5 мм, гадна өмд дотуур өмд, дотоожны зүүн хойд хэсэгт 10 мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, ижил цаг хугацаанд үүссэн, шинэ зүсэгдсэн уранхайнууд байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад байх зүсэгдсэн уранхайнууд харьцуулахаар ирүүлсэн хутганы ажлын хэсгийн үзүүрээс хойш 1,8 см зайтай талбайн хооронд үүсэх боломжтой байна гэсэн дүгнэлт /хх 37-39 ху/,
-Шинжээчийн 2020 оны 06 сарын 15-ны өдрийн №460 дугаартай:
1. Ч.Б биед зүүн өгзгөнд хатгагдаж зүсэгдсэн 1 тооны шарх, хүзүүний зүүн талд 1 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Зүүн өгзгөнд хатгагдсан шарх нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн, хүзүүний зүүн талын цус хуралт нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
4. Зүүн өгзгөнд хатгагдсан шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хүзүүний зүүн талын цус хуралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Гэмтэл нь 2020 оны 06 сарын 10-ны өдөр үүссэн байж болно.
6. Гэмтэл нь гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 43-44 ху/
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд/ хх 3-5, 40-41 ху/
- Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 08 ху/
-Эд мөрийн баримтаар тооцох тухай / хх 09 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас / хх 53 ху/
-Ч.П-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 01, 50-51 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Ч.П нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Говил” төвд Ч.Б-ын зүүн өгзгөнд хутгаар хатгаж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Үйлдлээ хүлээн зөвшөөрнө, гэм буруу дээр маргахгүй” гэсэн, мөн яллагдагчаар өгсөн “...гаднаас Б орж ирээд Э руу чи намайг эхнэртэйгээ харддаг гээд Э-ыг боогоод байсан. Би тэр хоёрыг салгах гэсэн чинь Б над руу дайраад 2-3 удаа боож унагасан чинь ухаан алдсан. Би сэрэхдээ өмдөндөө шээсэн босож ирсэн. Тэгээд Б-ыг айлгах санаатай ширээн дээр байсан хутгыг аваад хатгасан чинь зүүн өгзөг рүү хутгалсан байсан” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ч.Б-ын “...Би Э-тай юм яриад сууж байхад П ах орон дээр хэвтэж байсан. Намайг янз бүрээр хэлээд байхаар нь та настай намбатай хүн байж яагаад намайг элдвээр хэлээд байгаа юм бэ гэхэд намайг боосон тэгэхээр нь би зөрүүлээд боосон. Тэгээд босч ирээд ширээн дээр байсан хутгыг авч миний зүүн гуя руу хутгалсан” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Э, Г.Э нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед зүүн өгзгөнд хатгагдаж зүсэгдсэн 1 тооны шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл үүссэнийг тогтоосон 460 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Ч.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хохирогч нь хохирлын талаар нотлох бримт гаргаж ирүүлээгүй байх бөгөөд шүүгдэгч нь хэрэг бүртгэлтийн шатанд хохиролд 70.000 төгрөг төлсөн байна. Хохирол дээр талууд маргаагүй байх боловч эмчилгээний зардал нэмж өгнө гэж шүүгдэгч тохирсон талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхэд хандан шийдвэрлүүлэх боломжтой.
Шүүгдэгч Ч.П нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0.75 литрийн “Монгол стандарт” архины шил 1 ширхэг, цэнхэр өнгийн лентээр ороосон хутга 1 ширхэг, цагаан өнгийн фудволк 1 ширхэг, бүдэг ногоон өнгийн өмд 1 ширхэг, хар хөх өнгийн ноосон өмд 1 ширхэг, хар хөх өнгийн дотоож 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.