| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2020/0156/Э |
| Дугаар | 130 |
| Огноо | 2020-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0156/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Э.Одхүү, шүүгч С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа
Улсын яллагч Г.Мөнхболд
Иргэдийн төлөөлөгч М.Семетай
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бд холбогдох 2039000000114 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Ц.Бг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын Балж 3 дугаар багт оршин суух иргэн П.Ч-н гэрийн гадна согтуугаар тус сумын харьяат иргэн Д.Б-тай марган улмаар түүний нүүрэн тус газарт цохиж, өшиглөж иргэн Д.Б-н биед дээд уруулын салтад шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгний гадна дээд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Дадал сумын Балж 3 дугаар багийн нутаг “Сэлбийн дэв” гэх газарт байх иргэн З.Ц-н гэрт согтуугаар зэвсэг буюу хутга ашиглан тус сумын харъяат иргэн Ш.М-н биед халдан зодож, улмаар түүний биед зүүн хөмсөгний дээд хэсэгт зүсэгдсэн шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Дадал сумын Балж 3 дугаар багийн нутаг “Сэлбийн дэв” гэх газарт байх иргэн З.Ц-н гэрт согтуугаар буюу тус сумын харъяат иргэн Ш.М-н биед халдан зодож, улмаар түүний биед зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Дадал сумын Балж 3 дугаар багийн нутаг “Сэлбийн дэв” гэх газарт байх иргэн З.Ц-н гэрт согтуугаар зэвсэг буюу хутга ашиглан онц харгис хэрцгийгээр, хохирогчид бие махбодын шаналал зовиур үүсгэж тус сумын харъяат иргэн Г.О-н биед 31 удаа хутгалж зодон улмаар түүний биед цээжний баруун дээд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун уушигны дунд дэлбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн хий хуралдалт, зулай, дагз, баруун зүүн чихний дэлбэн, баруун шууны гадна дээд хэсэг, бугуйн үений гадна хэсэг, зүүн шууны дотор дээд хэсэгт сорви бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед шүүгдэгч Ц.Б нь: “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Г.О-н өгсөн:..2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр би өөрийн найз Бгийнд очиж уулзсан юм. Б бид хоёр М, М нарын сумын төвд байдаг гэрт нь явж очсон. Ажил төрөл юм байгаагүй зүгээр л найз нөхдийн хүрээнд уулзахаар очсон. Бид хоёрыг очиход Хөлөг, Түлхүүр хоёр бага зэрэг архи уучихсан байсан. Тэгээд бид дөрөв нэмж архи уухаар шийдээд сумын төвд дэмий, хөдөө гарч ууя гээд М, М-н хөдөө гэр лүү явсан, явахдаа 2 шил 0.75 литрийн Экс гэх архи авч явсан. Бид дөрөв явж очоод архиа хуваан ууцгаасан. Тэгээд оройхон би согтсон болохоор урд талын орон дээр унтсан. Б надтай юм яриад хажууд сууж байсан. Тэгээд удалгүй Б миний цээж рүү хутгалсан. Тэгээд би чи яаж байгаа юм бэ гэхэд ”яадаг юм чамайг шалгаж байна” гэж хэлсэн. Тэгээд үргэлжлүүлээд намайг миний баруун гар, зүүн гар луу маш олон удаа хутгаар хатгасан. Би арай хийж босоод хутгыг нь булааж авах гэж байгаад гарын алга, өндөгнүүд зүсэгдсэн. Төд удалгүй Б гал тогооны шүүгээний шургуулганаас заазуур аваад над руу ойртоод ирсэн. Тэр үед би орон дээр хөдөлж чадахгүй хэвтэж байсан. Тэгээд над руу ирээд “Би чамайг алаад өгье” гэж хэлээд миний толгой чих рүү заазуурдаж эхэлсэн. Би өөрийгөө яагаад ч хамгаалж чадаагүй. Б чанга дуугаар орилоод би чамайг одоо ална гээд гартаа барьсан заазуураа эргүүлээд ойртоод ирэхээр нь би нүүрээ хамгаалаад доошоо болтол шууд толгой чих рүү заазуурдсан. Эхлээд 2-3 удаа заазуурдаад, хэсэг хугацааны дараа дахиад заазуурдаад байсан. Бас орны толгой төмрийг мөн адил заазуураараа цохиод байсан. Тэгээд миний ухаан балартаад унасан. Нэг сэрэхэд М, М-н ээж нь ирчихсэн. Эмч цагдаа яаралтай дуудья гээд уйлж байсан. Тэгээд удалгүй эмч, цагдаа ирж би анхны тусламж авсан. Ийм л зүйл болсон...Намайг зөвхөн хутгалж, заазуурдсан. Гар хөлөөрөө бол зодоогүй. Заазуураа миний хүзүүнд тулгаад одоо хоолойг чинь огтолно гэж хэлэх үед би огцом хойшоо болоод холдсон. Тэгээгүй бол миний хоолойг зүсэхэд бэлэн байсан. Ер нь бол Б архи дарс уухаараа ингэж догшин хэрцгий авирладаг хүн юмаа...гэх мэдүүлэг /хх-ийн 35-39 хуу/
Хохирогч Г.М-н өгсөн:... 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Б, О, М бид 4 дөрөв дэлгүүрээс 2 шил архи аваад манай хөдөө гэр лүү явсан. Манай хөдөө гэрт очоод бид дөрөв архиа хувааж ууцгаасан. Бид нар маш их согтолттой байсан. Б, О-тэй сумын төвөөс гарахдаа бага зэрэг муудалцаад байсан. Дугуйгаа барих барихгүй дээрээс болж муудалцаад байсан. Гэрт Б мах хэрчиж байсан. Бид нар хоол хийх санаатай О бид хоёр гал түлсэн. М гурил зуурсан. Ийм байдалтай согтуу байцгааж байсан юмаа. Тэгтэл Б мах хэрчиж байсан хутгаараа гэнэт намайг миний зүүн хөмсөгний дээд далд зоосон. Тэгээд намайг миний нүүр болон бие рүү өшиглөж, зодоод чирээд гаргасан. Тэр үед О сэрээд Б-тэй муудалцсан. Б намайг чирээд гэрийн хойно хашааны гадаа шалбааган дээр аваачаад наанаа үх гэж хэлээд явсан. Тэгээд би гадаа бараг цаг гаран Б-с нуугдаж байсан. Цаг гарны дараа Б-г мотоциклоо асаагаад баруун зүгт явсаны дараа ороход О цусандаа хутгалдсан байдалтай урд орон дээр хэвтэж байсан. М хойд орон дээр ухаангүй хэвтэж байсан. Тэгээд хүмүүст мэдэгдээд цагдаа эмнэлэг ирсэн. Ийм зүйл болсон. Гэрт О М хоёрыг яаж зодож, хутгалсаныг би нүдээрээ хараагүй ээ...Надад гомдоод байх юу байх вэ дээ. Амьд байгаадаа баярлаж байна аа...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуу/
Хохирогч Ш.М-н өгсөн:...2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр би өөрийн ах М-г, Б, Онарын хамтаар хөдөө гэр лүүгээ явсан юмаа. Очоод бид нар 2 шил архи хувааж уусан. Хоол унд хийж байгаад бүгд тасарцгаасан. Би гэрийн гадаа бөөлжөөд хэсэг хугацааны дараа гэр лүү ороход Б, М 2 байхгүй байсан. Удалгүй Б гаднаас орж ирээд намайг толгой руу хүчтэй цохиж унагаасан. Одоо миний зүүн талын хавирга хугарсан байна, тухайн үед намайг ингэж цохьсоныг би сайн санахгүй байгаа юмаа. Эмнэлэг дээр ирээд л бүх гэмтлүүдээ мэдэрсэн. Ер нь бол би бөөлжөөд орсоноос хойшхи үйл явдалаа сайн санахгүй байнаа. Бүдэг бадаг л цохиулаад унасанаа санаж байна...Зүүн талын 3 хавирга хугарсан байна гэж аймгийн эмч нар хэлсэн, хүзүү гэмтсэн, баруун хөл, баруун гуя маш хөндүүр өвчтэй байгаа, зүүн шанаа халцарсан, духны зүүн хэсэгт халцарсан, уруул язарсан, баруун хацар зулгарсан гэмтэлтэй байгаа. Зүүн гар шуу бугалга хэсгээрээ хавдсан байна...Гар хөлөөрөө цохиж гэмтээсэн... Амьд гарсандаа л баярлаж байна даа....Бид нар багаасаа нөхөрлөсөн найзууд юмаа. Ууж идэхээрээ ингэж догшин авирлаж аашилдаг хүн юм. Өмнө нь олон хүнийг ингэж гэмтээж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуу/
Хохирогч Д.Б-н өгсөн:... 2020 оны 04 дүгээр сарын 08-ны орой Ч-д очсон юмаа. Би яваад очиход Ч, эхнэр Х, Б, О нар байсан. Бид нийлээд нэг шил 0.75 литрийн Ерөөл архи хувааж ууцгаасан. Тэгээд орой 21 орчимд би Б-тэй хамт гэр лүүгээ явах гэж гараад Ч-н хашаан дотор ялихгүй зүйлээс болж муудалцаж улмаар Б намайг зодож гэмтээсэн. Ийм зүйл болсон....Миний баруун талын нүд, зовхи, хөмсөг, шанаа, хацар, уруул хэсэг хавдаж хөхөрсөн. Хөмсөгөн дээр нэг оёдол, уруул дотор нэг оёдол тус тус тавиулсан. Өөр бэртэж гэмтсэн газар байхгүй ээ....Гар хөлөөрөө цохиж гэмтээсэн....Яг анх муудалцаж Б намайг зодож эхлэх үед бид хоёр л байсан. Удалгүй Ч эхнэр Х-н хамтаар гэрээсээ гарч ирж бид хоёрыг салгасан. Ийм зүйл болсон. Тэгээд эмнэлэг дуудсан....Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/
Гэрч Б.Одмаагийн өгсөн:... 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр би Эрүүл мэндийн төвийн жижүүр эмч байсан юм. Орой 17 цаг 50 минутын орчимд эмнэлэг дээр байхад О хутгалуулсан цус алдаад байна гэх дуудлагыг эмнэлэгийн жижүүрийн утсанд Н.О өгсөн. Тэгээд би өөрийнхөө машинтай дуудлага руу явсан...Бид нарыг дуудлаганд очиход О урд талын орон дээр хэвтсэн байдалтай М ширээний хажууд сууж байсан...О-н толгой, хоёр гар, цээж, хоёр чихнээс их хэмжээний цус гараад хатсан байдалтай байсан...Цээжний баруун талд нэвтэрсэн шархтай 4-5-р хавирга орчимд, толгойн дух хэсэгт 3 тус газарт зүсэгдсэн шархтай, ойролцоогоор 3-4 см урттай, зулай хэсэгт 2 тус газарт хатгагдсан шархтай, урт нь 4-5 см орчим урттай, дагз хэсэгт 4 тус газарт язарсан шархтай урт нь 5-6 см орчим гүн нь 2 см орчим байсан. Толгойд нийтдээ 9 газарт зүсэгдсэн, язарсан, хатгасан шарханд 25 оёдол тавьж шархны анхдагч цэгцлэлт хийсэн, хүзүү хэсэгт эрүүн доор урт нь 2-5 см орчим зулгарсан шархтай, эгэм хэсэгт 5-6 см орчим урт зүсэгдсэн шархтай хөхөлбөр оёдол тавиагүй ээ, цээжний баруун талд 4-5-р хавирганы түвшинд урь нь 3 см орчим, гүн нь 2.5-3 см зүсэгдэж язарсан, нэвтэрсэн шархтай 3 оёдол тавьсан, баруун чихэнд 4 хэсэгт зүсэгдсэн шархтай, урт нь 3-4 см, 7 оёдол тавьсан, зүүн чихэнд урт нь 4 см орчим зүсэгдсэн шархтай, 3 оёдол тавьсан, баруун гарын дунд, ядам хуруунууд 3 см урт гүн зүсэгдсэн шархтай 4 оёдол тавьсан, зүүн гарны шууны гадна талд 4 см орчим зүсэгдсэн шархтай /2 тус газарт/ зүүн гаранд нийт 8 оёдол тавьсан. Нийт 31 зүсэгдэж, хатгагдаж, язарсан шархтай үүнд 52 оёдол тавьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 хуу/
Гэрч З.Цэцэгмаагийн өгсөн:...2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр би хөдөө гэр лүүгээ аймгаас ирсэн дүүтэйгээ гараад явж байтал миний хүү М утасдаад би болохоо болилоо цус тогтохгүй байна, цагдаа эмнэлэг яаралтай дууд гэж хэлсэн. Тэгээд би шууд яваад очтол манай гэр дотор О урд талын орон дээр цусандаа хутгалдсан хэвтэж байсан. М хойд талын орон дээр хэвтэж байсан. М сандал дээр цусандаа хутгалдсан хэвтэж байсан. Ингээд хэн ингэчихэв гэтэл Б бид нарыг зодож хутгалаад баруун тийшээ мотоциклтой зугтаачихлаа гэж хэлсэн. Цагдаа эмнэлэгээ дуудаад би О-д анхны тусламж үзүүлж цусыг нь тогтоох арга хэмжээ авсан. О-н биеийн байдал маш хүнд байсан. Маш их цус алдсан байсан. Муухан дуугарч байсан. М ухаангүй байсан. М хөмсөгний дээр хутгалуулсан байсан. Тэгээд удалгүй эмч цагдаа ирсэн...Ийм л зүйл болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 63 хуу/
Гэрч П.Ч-н өгсөн:... 2020 оны 04 дүгээр сарын 08-ны орой 18 цагийн орчимд манай гэрт найз О ирсэн. Түүний араас Б, Б нар ирсэн. Тэгээд бид манайд нэг шил 0.75 литрийн Ерөөл архи хувааж ууцгаасан. Орой 21 цагийн орчимд Б, Б нар харьлаа гээд гарцгаасан. Удалгүй хашаан дотор хүн орилоод хашгираад байхаар нь гартал Б, Б-г газарт хэвтүүлчихсэн зодож байсан. Би эхнэртэйгээ хамт гараад болиулж салгасан. Б, Б-г нүүр лүү өшиглөж, гараараа мөн адил нүүр лүү нь цохиж гэмтээсэн байсан...Ер нь Б-д архи зохидоггүй, уухаараа догшин ширүүн авиртай болдог хүн юмаа...гэх мэдүүлэг /хх-ийн 69 хуу/
Гэрч С.Цэцэгмаагийн өгсөн...Би 5 хүүхэдтэй бөгөөд Б миний хамгийн том хүүхэд маань байгаа юм. Миний том хүү болох Б нь 1976 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын эмнэлэгт төрсөн, тэгээд цэцэрлэгээр хүмүүжээгүй, миний гар дээр өсөж хүмүүжиж байгаад 8 настайдаа буюу 1984 онд Дадал сумынхаа ерөнхий боловсролын сургуульд 1 дүгээр ангид элсэн орж суралцаж 1992 онд 8 дугаар ангиа төгссөн бүрэн бус дунд боловсролтой болсон, тэгээд шууд ажил дээр гарсан бөгөөд тухайн үед Дадал суманд үйл ажиллагаа явуулдаг байсан Тэнүүн тал гэх нэртэй тарианы компаний бригад дээр үтрэмд ажиллаж байгаад 1994 онд цэргийн албанд татагдаж Дорнод аймгийн Сүмбэр сум руу цэргийн алба хаахаар явсан. Тэгээд 1995 онд буюу цэргээс халагдахынхаа өмнөхөн ахлах ахлагчдаа шиг санаад байна зодуулаад биеийн байдал муудаж Улаанбаатар хот руу эмчлүүлэхээр явсан байсан. Тэгэхээр нь би энэ талаар нь дуулаад хүү дээрээ очих гэтэл хүү маань нээх удалгүй л буцаад цэргийн анги руугаа явсан байсан, тэгээд хүү маань цэргийн анги дээрээ очоод нээх удалгүй алба хаах хугацаа нь дуусч халагдан Дадал сумандаа ирсэн. Тэгээд Дадал сумандаа ирснийхээ дараа тухайн үед ажиллаж байсан Балжхаан гэх нэртэй модны компанид ажилд орсон, тэгээд уг комданидаа нилээн хэдэн жил ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа буюу 2002 онд шиг санаад байна яг тодорхой одоо бол сайн санахгүй байна хүүгийн маань сэтгэцэд гэнэт өөрчлөлт их хэмжээгээр орж Улаанбаатар хотот Сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болсон. Тэгээд эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд биеийн байдал нь гайгүй болсон учир эмнэлэгээс гарч шууд сэтгэцийн байдлаар группт орсон тэгээд группт орсон ч гэсэн хүү маань эмчлүүлэхээс өмнө ажиллаж байсан компанидаа эргэн орж ажилласан, тэгээд уг компанидаа 2003 оныг хүртэл ажиллаад ажиллахаа больсон бөгөөд уг онд нь хүүгийн маань эхнэр нь нас барсан. Тэгээд дараа жил нь буюу 2004 онд хүүгийн маань сэтгэцийн байдал нь хүндэрээд дахин Улаанбаатар хот руу явж сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн. Тэгээд биеийн байдал нь гайгүй болоод эмнэлэгээс гарч Дадал суманд хувиараа ажил төрөл хийж явж байгаад 2006 онд дахин сэтгэцийн байдал нь хүндэрч Улаанбаатар хот руу явж сэтгэцийн эмнэлэгт 3 удаа удаагаа хэвтэн эмчлүүлсэн, тэгээд биеийн байдал нь гайгүй болоод буцаад Дадал сумандаа ирсэн бөгөөд хувиараа энд тэнд ажил гололгүй хийж явсаар өдийг хүрсэн юм... 2018 оноос Мөнхцэцэг гэх эмэгтэйтэй хамтран амьдрах болсон одоогоор хүү маань хүүхэдгүй байна загас барих, нум сум харвах сонирхолтой, айхтар гоц гойд авъяас чадвар гэхээр зүйл байхгүй л хүн байгаа юм...гэх мэдүүлэг/хх-ийн 78-79 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 197 дугаартай эмнэлэгийн бичиг баримтаар хийсэн дүгнэлт:
1. Ш.Мийн биед зүүн хөмсөгний дээд хэсэгт зүсэгдсэн шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэлүүд тогтоогдлоо.
2.Дээрх зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, баруун нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 89 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 198 дугаартай дүгнэлт:
1. Ш.Мийн биед нүүрний зүүн талын шанаанд зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 94 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 182 дугаартай дүгнэлт:
1. Д.Бийн биед дээд уруулын салстад шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсгөний гадна дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэнд болон энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 99 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 235 дугаартай дүгнэлт:
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 484 дугаартай дүгнэлт:
Ц. Бгийн яллагдагчаар өгсөн:...Би 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн найз О танилууд болох М нарын хамт ямар ч байсан үдийн өмнө л юм даг, яг хэдэн цагийн үе болохыг нь бол хэлж мэдэхгүй байна, Дадал сумынхаа төв дээр 1 шил архи уусан юм, тэгээд бид дөрөв архиа ууж дуусаад М, М нарын хөдөө гэр лүү нь хамтдаа явцгаасан. Тухайн үед үдээс хойш болсон байсан бөгөөд ойролцоогоор 14-15 цагийн үед л байсан байх гэж бодоод байна яг хэдэн цагийн үе байсан болохыг нь тодорхой сайн хэлж мэдэхгүй байна. Тэгээд М, М нарын хөдөө гэрт нь ирэхэд хэн ч гаргаж ирсэн юм 2 шил архи гараад ирчихсэн байсан. Тэгээд О, М, М бид дөрөв уг хоёр шил архиа хамтдаа хувааж ууцгаасан. Тэгээд байж байхад М, М нар нь мотоциклоо өгчих өгөхгүй гэж ярьж байгаад хоорондоо маргалдаж муудалцсан, тэгээд М нь уурандаа шургуулганаас хутга аваад Мтэйгээ маргалдаж муудалцаад байсан, тэгэхээр нь би М, М нар дээр очоод Мөөс хутгыг нь булааж авахдаа Мийн зүүн хөмсгөний дээд хэсэгт нь хутгаараа зүсчихсэн, тэгээд би Мөөс хутгыг нь булааж аваад байж байхад О нь над дээр хүрч ирээд надад хандан чи юу болоод хутга бариад байгаа юм бэ гээд надад уурласан, тэгэхээр нь би Од хандан би яасан юм бэ М, М нар чинь хоорондоо маргалдаж муудалцаад зодолдоод байна шүү дээ гэж хэлсэн. Тэгэхэд О нь надад хандан уурлаад над руу дайраад л байсан. Тэгэхээр нь би уурандаа Мөөс булаагаад авчихсан байсан хутгаараа Огийн гарны хэсэг цээж рүү нь лав хутгалж байсанаа санаж байна, яг хичнээн хутгалсанаа санахгүй байна тэгээд л би хойших үйл явдалаа огт санахгүй байгаа бөгөөд нэг ухаан ороход би гартаа заазуур барьчихсан хэний унтаж амардаг ор болохыг нь хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан нэг орны толгойг заазуураараа цохиод байж байсан, тэгээд би сэргээд шууд заазуураа хаяаад шокны байдалтай М, М нарын гэрээс нь ганцаараа гарч явсан...би Мөөс хутгыг нь булааж авах гэж Мтэй ноцолдож байхдаа Мийн зүүн хөмсөгний дээд хэсэгт хутгалчихсан, би өөрөөр Мийг зодож цохиогүй....Би Мийг бол зодож цохиогүй, тухайн үед М М нар нь хоорондоо маргалдаж муудалцаад ноцолдоод л байсан... Би одоогоор хараахан хохирогч нартаа хохирлын төлбөр мөнгө гэж өгч амжаагүй л байна, ерөнхийдөө хохирогч нар маань надаас мөнгө төгрөг нэхэмжилвэл би уг мөнгө төгрөгийг нь өгөх болно...Би Ч, О, Б нарын хамтаар архинаас нь уулцсан, тэгээд би ойролцоогоор 20-21 цагийн үед Чийн гэрээс нь гарсан бөгөөд миний араас Б нь Ч-н гэрээс гарч ирэнгүүтээ над руу шууд дайрсан, тэгэхээр нь би бултаад Б-н нүүр лүү нь нэг удаа гараараа цохисон тэгэхэд Б нь ойчоод өгөхөөр нь би уурандаа Б-н нүүр лүү нь нэг удаа өшиглөчихсөн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 187-188, 191 хуу/
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /1-хх-ийн 13-20/
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /1-хх-ийн 23-24 хуу/
Ц.Огийн өвчний түүхийн хуулбарууд /хх-ийн 105-131 хуу/
Ц.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 193 хуу/
Ц.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 218/
Оролцогчдод хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл / 2 хх-ийн 01-03 хуу/
Ц.Б нь Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд нийт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 212 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын үлдэгдэлтэй байгаа, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй байгаа тухай Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1/802 дугаартай албан бичиг /2 хх-ийн 10 хуу/
Хохирогч Ш.М, Ш.М, Г.О нарын гаргасан “Ц.Б-д гомдол, саналгүй” тухай тодорхойлолт /2хх-ийн / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хуралдааны үед шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын Балж 3 дугаар багт оршин суух иргэн П.Ч-н гэрийн гадна хохирогч Д.Б-тай согтуугаар маргалдан түүний нүүрэн тус газарт цохиж, өшиглөх зэргээр зодож дээд уруулын салтад шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгний гадна дээд хэсэгт зулгаралт бүхий гэмтэл учруулсан,
2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Дадал сумын Балж 3 дугаар багийн нутаг “Сэлбийн дэв” гэх газарт байх иргэн З.Цэцэгмаагийн гэрт согтуугаар хохирогч Ш.М-тэй маргалдан зүүн хөмсөгний дээд хэсэгт хутгалах, гараараа цохих зэргээр зодож зүүн хөмсөгний дээд хэсэгт зүсэгдсэн шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан, мөн хохирогч Ш.М-г зодож нүүрний зүүн талын шанаанд зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан, хохирогч Г.О-г хутгалах, заазуураар зүсэх зэргээр биед нь 31 ширхэг шарх үүсгэн цээжний баруун дээд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун уушигны дунд дэлбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн хий хуралдалт, зулай, дагз, баруун зүүн чихний дэлбэн, баруун шууны гадна дээд хэсэг, бугуйн үений гадна хэсэг, зүүн шууны дотор дээд хэсэгт зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдлууд тогтоогдсон бөгөөд эдгээр нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Ш.М, Ш.М, Д.Б, Г.О, гэрч Б.Одмаа, З.Цэцэгмаа, С.Цэцэгмаа, П.Ч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Ц.Б нь хохирогч Г.О-г хутгалсан, заазуураар зүссэний улмаас хохирогчийн биед 31 ширхэг хатгагдаж, зүсэгдсэн шарх үүссэн болох нь гэрч Б.Одмаагийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирогчид эмнэлэгийн тусламж үзүүлж байх үеийн гэрэл зургууд, эмчийн тодорхойлолт, өвчний түүхийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаагаас үзэхэд шүүгдэгчийн үйлдлийг онц харгис хэрцгий, хохирогчид бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Ц.Б нь хохирогч Ш.М, Ш.М, Д.Б нарыг зодсон, хутгалсаны улмаас учирсан гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах, Г.О-г хутгалсан, заазуураар зүссэний улмаас учирсан гэмтлүүд нь амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл нь хоёроос дээш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж, зэвсэг хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэв.
Аймгийн Прокурорын газраас Ц.Б-ийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт заасан зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёроос дээш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж, онц харгис хэрцгийгээр, бие махбодын шаналал зовиур үүсгэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хохирогч Д.Б нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлэг өгсөн, хохирогч Ш.М, Ш.М, Г.О нар нь гэмт хэргийн хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргаагүй, нотлох баримт ирүүлээгүй, “Ц.Б-д гомдол, саналгүй” тухай тодорхойлолт гаргасан байх тул шүүгдэгч Ц.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёроос дээш удаа үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасны дагуу 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлүүдэд заасны дагуу шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцон 90 хоногийн хорих ялаар сольж, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 212 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцон 26 хоногийн хорих ялаар сольж, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 900.000 төгрөгөөр торгох ялаас биелэгдээгүй байгаа 900.000 төгрөгийн торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож 60 хоногийн хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ял дээр тус тус нэмж нэгтгэн нийт хорих ялын хугацааг 9 жил 5 сар 26 хоногоор тогтоож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Б-ийн 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй бөгөөд, эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн бариултай 22 см урттай металл хутга 1 ширхэг, шар өнгийн бариултай 27 см урттай металл заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөрлдөр болмогц тус тус устгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёроос дээш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж, онц харгис хэрцгийгээр, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дахь заалтад зааснаар 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дахь заалтад зааснаар оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон 3 сарын хугацаагаар хорих ялаар сольж, нэмж нэгтгэн 9 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар 05-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 212 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон 26 хоногийн хорих ялаар сольж, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 900.000 төгрөгийн торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцон 2 сарын хугацаагаар хорих ялаар сольж, Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 9 жил 3 сарын хугацаагаар хорих ял дээр тус тус нэмж нэгтгэн нийт хорих ялын хэмжээг 9 /ес/ жил 5 /тав/ сар 26 /хорин зургаа/ хоногоор тогтоосугай.
6. Шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн бариултай 22 см урттай хутга 1 ширхэг, шар өнгийн бариултай 27 см урттай заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөдөр болмогц устгасугай.
7. Шүүгдэгч Ц.Б-ийн цагдан хоригдсон 75 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу эдлэх ялд оруулан тооцсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ