Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2020/0145/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                               Ж.Мөнхчимэг

Улсын яллагч                                                  Б.Бямбасүрэн

Шүүгдэгч                                               П.Б, Л.О, Г.М

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                                  П.Амаржаргал           

Шүүгдэгч Л.О, Г.М нарын өмгөөлөгч С.Нарангэрэл нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б,  Л.О, Г.М нарт холбогдох 2039001100060  дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар  сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч П.Б нь 2020 оны 02 дугаар сарын 09-12-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багийн нутгаас Д.Б-н 47 тооны адуу, мөн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын иргэн Ю.Б-н 2 тооны адуу нийт 49 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлсан,

Яллагдагч Л.О нь Г.М-тэй бүлэглэн яллагдагч П.Б-н 2020 оны 02 дугаар сарын 09-12-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багийн нутгаас хулгайлсан 49 тооны адууны 26 тооны адууг Хэнтий аймгийн Биндэр сумын төв Шаазгайн хороололд байх өөрийн хашаандаа ажиллаж худалдан борлуулж гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан,

Яллагдагч Г.М нь Л.О-тай бүлэглэн яллагдагч П.Бат-Эрдэний 2020 оны 02 дугаар сарын 09-12-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багийн нутгаас хулгайлсан 49 тооны адууны 26 тооны адууг  Хэнтий аймгийн Биндэр сумын төв Шаазгайн хороололд байх өөрийн хашаандаа ажиллаж худалдан борлуулж гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Д.Б-н өгсөн:...Би Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багийн харъяат хүн байгаа юм, би өөрийн 1000 орчим бог, 250 орчим бод малтай, үүнээс 7 азарга 200 орчим адуу байгаа.  Адууг маань Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багийн нутаг “Мянган модот” гэх газар манай найзын хүү Доржбаатарын Дашпүрэв гэх залуу маллаад 4 жил гаран болж байна. Тэгээд өчигдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр манай сумын хэсгийн төлөөлөгч надтай утсаар холбогдож “Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт К үсгэн цагаан тамгатай 26 тооны адуу байна, эдгээр адуунууд таны адуу мөн үү, сумынхаа иргэдээс асууж тодруулж байна” гэж анх мэдэгдсэн. Тэгээд би адуучин Дашпүрэвтэй утсаар холбогдож ярихад “2020 оны 02 сарын 08-ны өдөр адуугаа хураасан, бүх адуу бүрэн бүрэн байсан. Тэгээд 2020 оны 02 сарын 09-ний өдөр аймаг руу яваад өдөртөө ирсэн. Намайг аймаг руу явсан хойгуур ах Дашяачил адуундаа яваад 2 азарга адуугаа ололгүй ирсэн, тэгээд маргааш би өөрөө бас яваад олсонгүй” гэж надад хэлсэн. За ингээд адуучин Дашпүрэвээг аваад Батноров сумаас өнөөдөр өглөө 12 цагийн үед Биндэр сум руу гараад сая Биндэр суманд орж ирээд цагдаагийн хэсэг дээр ирлээ. Цагдаагийн хэсэг дээр ирэхэд цагдаагийн хэсгийн хашаанд манай хүрэн азаргатай 24 тооны адуу байна, харин хас хайчтай 2 адуу манай адуу биш байна, энд байгаа 26 адуунаас 24 нь манай адуу зүсээрээ яг мөн байна...Манай адуу байсан  Мянгат модот гэх  газар нь  болохоор  Батноров сумын 2-р багийн нутаг Баян-Овоо сумын  нутаг Хөлийн  холбоо  гээд уурхай  байдаг  газартай залгаа ойролцоо нутаг байгаа юм.  Мянгат модот  гэх газраас  Биндэр     сумын  төв  хүртэл  багцаагаар  70-80 км орчим  зайтай байгаа юм байна шүү...Нийт 47  тооны  2 азарга адуу  дутсан, одоо 23 тооны адуу дутуу байна... урьд мэдүүлэг өгөхдөө  тухайн үед Биндэр сумын  цагдаагийн тасагт  арьс нь  хураагдсан байсан 24 адууныхаа  тухай л  ярьсан. Тэгээд  зарагдаагүй баригдсан 14 тооны  адуу, мах болон 24 тооны  адууны арьсаа  хүлээж авсан. Тухайн үед бол миний 47 тооны  адуу алдагдсан байсан, мэдүүлэг өгч байх үедээ  бол 24 адууг нь  ажиллагдсан байгааг нь мэдсэн, үлдсэн 23 адууг  нь бол  тэгсэн ингэсэн  гэж тухайн  үедээ мэдээгүй. Тэгээд тууж ирсэн бол бөөндөө л  байх ёстой  гэж бодоод Биндэр  сумын  ойр  хавиар адуугаа хайсан, тэгсэн сумын  төвөөс  зүүн хойд зүгт   1 км  хэртэй  газар сумын  төвийн  хойд талын овооны  зүүн доор  нь 2  талаараа  мөстэй  усан халиартай  тохойд миний 16 тооны  адуу байсан, манай  урд  чигийн адуу  бол  тэр ус  мөсөн  дээгүүр  гарна гэж  байхгүй ер нь бол  ойр  хавиасаа  харагдахгүй, нэг  ёсондоо бол малын  хашаа шиг газар байна лээ. Би тэндээс 1.Цагаан ухаа гүү 2. Цагаан ураа унага, 3. Хээр үрээ, 4.  Зээр унага, 5.  Ухаа унага, 6. Ухаа унага, 7. Ухаа унага, 8. Зээрд  байдас, 9. Сартай хүрэн гүү, 10. Шар хээр гүү, 11.  Хээр байдас,  12. Хээр үрээ,  13.  Зээрд халзан байдас,  14. Хар байдас, 15. Сартай хүрэн гүү, 16.  Зээрд үрээ зэрэг 16 тооны  адуугаа олж  авсан... Одоо миний 47 тооны адуунаас: 1. Хээр байдас, 2. Цагаан ухаа шүдлэн  үрээ, 3.  Цэхэр нүдтэй зээр үрээ, 4.  Бор байдас, 5. Зээрд халзан унага, 6. Халтар унага, 7.   Тод бараан хүрэн унага  нийт 7 тооны адуу дутуу  байна... 24 тооны адууны арьсанд миний  өмнө нь өгсөн мэдүүлэг дээр  ярьсан хурдан халиун  морьны арьс /гэрэл зургийн үзүүлэлтэн дээр/ байна лээ... Азарга нь бол Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багийн  сумын алдарт  уяач  Сандагийн  Цэндсүрэнгийн  сумын  наадамд 10-11 удаа  айраг түрүү авч байсан ухаа  азарганы  төл байгаа юм. Энэ азаргыг  нь 2015 онд 5 сая төгрөгөнд бодож  адуу малаар  сольж Цэндсүрэгээс авч байсан. Халиун морь  бол эцэг тал нь Сүхбаатар аймгийн  Түвширээ  сумын  гаралтай  сумын наадмуудад 3 удаа  айрагдсан, өнгөрсөн жилээс тодорч эхэлж  байгаа морь байгаа юм. Бусад морьд маань  миний  залуугаасаа энд  тэндээс  хүнээс  худалдаж  авч  бэлгэнд ирсэн гээд цуглуулсан хурдан удмын адууны  төлүүд байгаа юм. Ер нь  намайг  сумынхан маань  хурдан удмын  адуу цуглуулдаг, миний  адуу хурдтай гэдгийг мэднэ...Биндэр сумаас мах ачиж ирсэн жолоочид өгсөн 490.000 төгрөг, Биндэр сумаас Батноров сум руу 16 адуугаа ачуулсан хөлсөнд өгсөн 800.000 төгрөг, өөрийн Биндэр сум руу ирж очсон бензин тосны зардал 200.000 төгрөг гээд энэ бүхнийгээ буруутай этгээдүүдээс нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 47-51 хуу/

Хохирогч Ю.Б-ийн өгсөн:... Манайх Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багийн нутаг Хангайн хөв гэх газарт нутаглаж байгаа юм. Би хувьдаа бод, бог нийлсэн 500 гаран толгой малтай, үүнээс 4 азарга 80 гаран тооны адуутай юм аа. Тэгээд 2020 оны 02 сарын 08-ны өдөр адуугаа Сайханы боом гэдэг манай нутаглаж байгаа Хангайн хөв гэх газраас зүүн хойшоо 4-5 км хэртэй газраас татаж азарга азаргаар зүсээр бүртгэхэд бүрэн байсан. Тэгээд адуугаа тэр хавьдаа бөөгнүүлээд орхисон, 2020 оны 02 сарын 09-ний өдөр бол адуугаа татаагүй, тэгээд 2020 оны 02 сарын 10-ны өдөр адуугаа 2020 оны 02 сарын 08-ны өдөр бөөгнүүлж орхисон газраас жоохон урагшаа 2 км хэртэй газар байх Өндөр толгой гэх газраас татахад засмал дэлтэй ухаа хонгор морь, засмал дэлтэй хар морь /2-лаа зөв талын ташаан дээр хас хайчтай/ 2 адуу маань алга болсон байсан. Ингээд тэр хавиараа хайгаад олоогүй, яг энэ 2 адуу цох дутсан, яг унаган ижил морьд учраас адуугаа татахад л андашгүй мэдэгдсэн. Өөр адуу бол дутаагүй. Тэгээд Хэнтий аймгийн Биндэр суманд 26 тооны адуу хулгайлсан хүмүүс баригдсан гэх сургаар өөрийн биеэр өнөөдөр Биндэр сумын цагдаагийн тасагт ирж үзэхэд дээрх 2 адууны маань шир нь цагдаагийн хэсгийн хашаанд нь дэлгээтэй байсан, би хараад зүсээр нь шууд таньсан...Мөн  Батноров сумын Батмөнх гэдэг  хүн ирээд дэлгэсэн 26 тооны  адууны арьснаас  хүрэн азрагатай 24 тооны  адуу мөн байна гэж таньсан...гэх мэдүүлэг /хх-ийн 57 хуу/

 

Гэрч У.Бат-Эрдэний өгсөн:.... 2020 оны 02 дугаар сарын 11-ний орой 19 цагийн үед Оюунтуяа эгч манай гэрт манай сумын Батмөнх гэдэг хүнтэй хамт ирсэн. Гэрт ирээд Оюунтуяа эгч “хэдэн адуу ажиллаж борлуулах гэж байгаа юм аа, чи ачих уу” гэж надаас асуусан. Би хэзээ ачуулах гэж байгааг нь асуухад маргааш ачуулна гэсэн, би  2020 оны 02 сарын 12-ны өдөр Дадал сум явах ажилтай байсан болохоор “Маргааш бол амжихгүй ээ, нөгөөдөр ачиж болно” гэсэн, тэгээд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мах ачуулахаар ярилцаж тохирсон. Тэгээд би 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр би Оюунтуяа эгчтэй утсаар холбогдож асуухад “өө болж байна, сүүлийнхээ адууг ажиллаж байна” гэсэн. Тэгээд би орой Биндэр сумын төвд Шаазгайн хороололд байдаг Оюунтуяа эгчийн хашаанд өөрийнхөө 3149 ХЭА улсын дугаартай микро маркийн автомашиныг жолоодоод очсон. Намайг Оюунтуяа эгчийн хашаанд очиход мал ажиллаж байгаа гээд 2 залуу байсан  гэдэс арилгаж байгаа гээд нэг хүүхэн байсан, Оюунтуяа эгч байсан. Тэр хэд 14 тооны адууны мах ачуулна гээд хаа гуяар нь салгаад эвдсэн байсан, тэгээд махыг би өөрөө зөөж машиндаа ачсан. Оюунтуяа эгч надтай хамт хүүгээ Улаанбаатар хот руу явуулна гэж хэлж байсан, Оюунтуяа эгчийн хүү нь бололтой нэг залуу “ах аа би хамт явна шүү” гээд гэрээсээ орж гараад л байсан. Махаа ачиж дуусаад би гэр лүүгээ харьсан, Оюунтуяа эгч малын бичгээ аваад гэрт хүргэж өгнө гээд үлдсэн. Тэгээд би 18 цагийн үед Оюунтуяа эгч рүү утсаар нь залгаж ярихад “захиргааныхан цас цэвэрлэж байна аа, хүлээж бай” гэж хэлсэн, тэгээд Оюунтуяа таг чиг болсон, би утас руу залгасан боловч авахгүй байсан. Тэгсэн надад ачуулсан 14 тооны адуу хулгайн адуу байсан юм билээ...гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 хуу/

 

Гэрч Д.Мандахын өгсөн:...Би өөрийн эзэмшлийн 4372 ХЭА улсын дугаартай микро маркийн автомашинаар Улаанбаатар хот руу хүн, ачаа тээвэрт явдаг юм. Тэгээд 2020 оны 02 сарын 12-ны өглөө хот руу явах гээд хүн хараад сумын төвд зогсоол дээр зогсож байтал манай сумын Амгаа /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэдэг залуу Улаанбаатар хот руу дүү нартаа юм шуудайтай мах явуулна гэж ирсэн юм. Тэгээд тэр Амгаа харин надад “Оюунаа адуу янзлаад ачина гэж байна лээ, мах ачих унаа ярьж байна лээ та яриач” гэж надад хэлсэн. Тэгээд би Оюунтуяагийн утсаар нь холбогдож мах ачуулах юм уу гэж асуусан тэгсэн “адуугаа ажиллаж байна, одоо гараад бичгээ авна” гэсэн, тэгэхээр нь би “бичгээ авчихаад ачих болохоороо хэлээрэй” гэж хэлээд орхисон. Тэгсэн өдөр 15 цагийн үед Оюунтуяа “махныхаа бичгийг авчихлаа, махаа ачих уу” гэж надад хэлсэн. Тэгээд би сумын төвд Шаазгайнд хороонд байдаг Оюунтуяагийн хашаанд машинтайгаа очсон. Намайг очиход бараан зүсмийн 2 адуу унагачихсан 2 залуу ажиллаж байсан, хашаан дотор нь нилээн хэдэн тооны адуу хашчихсан байсан, хашаа нь өндөр учраас яг сайн харагдаагүй, ганц содон цагаан зүсмийн адуу гэрийнх нь гадаа уяатай байсан юм байна. Тэгээд нилээн хэдэн мах амбаартаа юм дэвсээд дэлгэчихсэн байсан. Би Оюунтуяагаас “энэ их адуу ажиллаж яах гэж байгаа юм бэ” гэж асуухад “охин маань приус-40 авна гээд, тэгээд охиндоо машин авч өгөх гэж байгаа юм” гэж хэлсэн, би ч эднийхнийг олон адуутай гэдгийг нь мэдэх болохоор өөрсдийн адуугаа ажилласан юм байна л гэж бодсон. Тэгээд миний машинд хаа гуяар нь салгаж эвдсэн 12 тооны адууны мах ачсан, арьсуудыг нь амбаар дотроо эвхээд тавьчихсан байсан, толгой нь харагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 хуу/

Гэрч Б.Чулуун-Эрдэний өгсөн:..Оюунтуяа эгч надад утсаар адуу ажиллаад өгөөч гэж хэлсэн би хөдөөнөөс ирэх гэсээр байтал оройтоод үээс хойш 15 цагийн үед Биндэр сумын төвд Оюунтуяа эгчийн хашаанд очсон. Намайг тэнд очиход Оюунтуяа эгч байгаагүй, Соёлоо ах, Энхболд ах, Мөнгөнбүүвэй нар байж байсан. Энхболд ах 3 адуу ажилласан одоо болоо гээд яваад өгсөн. Соёлоо ах 7 адуу ажилласан байсан. Би очоод 2 адуу ажилласан, надтай зэрэгцээд Соёлоо ах мөн хоёр адуу ажилласан...гэх мэдүүлэг /хх-ийн 92 хуу/

Гэрч П.Соёлсүрэнгийн өгсөн:...2020 оны 02 сарын 11-ний орой гэртээ байж байтал 18-19 цагийн үед Оюунтуяа над руу утсаар маргааш хэдэн адуу ажиллаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 02 сарын 12-ны өглөө 09-10 цагийн үед Биндэр сумын төвд хашаанд нь ганцаараа очсон. Намайг тэнд очиход Мөнгөнбүүвэй, Оюунтуяа эгч2 байсан, ажиллуулах адуу нь гээд 20 гаран тооны адуу хашаатай байж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 95 хуу/

Гэрч Г.Мөнхзулын өгсөн:...Би Улаанбаатар хотод амьдардаг юм.  2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр манай ээж Оюунтуяа, дүү Мөнгөнбүүвэй 2 над руу утсаар ярьж Биндэр сумаас адууны мах явууллаа тосоод ченжид зарчих гэж хэлсэн. Манай ээж өөрөө адуу малтай хүн учраас би тухайн үед өөрийнхөө адууг ажилсан юм байх гэж бодсон. Тэгээд Биндэр сумаас Мандах гэдэг жолоочоор  12 тооны  адуу мах ачуулж явуулсан байсан, тэр жолооч нь 2020 оны 02 сарын 14-ний  өглөө үүрээр Улаанбаатар хотод  орж ирлээ гээд  над руу утсаар залгасан. Тэгээд  Хүчит  шонхор  зах дээр  уулзалдаад  махыг нь би ченжид зарсан мөнгө 4 сая  гаран төгрөг болсон түүнээс жолооч  нь зардалаа  600.000 төгрөг  авахаар тохирсон  гэхээр нь  би мөнгөнөөс нь  600.000 төгрөг  бэлнээр өгөөд  үлдсэн 3.400.000 орчим  төгрөгийг  нь би  дансандаа  хийлгүүлсэн. Тэгээд дөнгөж мах зараад  байж байтал ээж дүү  2-н явуулсан 12 адуу нь хулгайн адуу  байсан гэх асуудлаар  Биндэр сумын цагдаагийн тасагт шалгагдаж  байна гэж  дүү нараасаа  сонссон...гэх мэдүүлэг/хх-ийн 101-102 хуу/

Гэрч А.Батмөнхийн өгсөн:...би тухайн үед Л.Огийн хөдөө гэр нь оччихсон байсан юм тэгсэн Оюунтуяагийн хүү нь бой хийхээр боллоо хурдан хүрээд ир гэж утсаар яриад байсан. Тэгээд би машинаараа Биндэр сумын төвд шөнө нилээн орой орж ирсэн. Тэгээд байшинд нь орж унтсан, хүү нь хажуу монгол гэрт нь байгаа гэж байсан. Маргааш нь босоод хашаанд олон адуу хашаатай байхыг нь харсан. Тэгээд хэдэн залуучууд ирээд адууг нь ажилласан...Мөнгөнбүүвэй ээжийгээ малын бичиг авч өг гээд уурлаад байсан, тэгээд загнасаар байгаад Оюунтуягаар малын бичиг авахуулж байх шиг байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 104 хуу/

 

Хохирогч Ю.Б-ийн алдсан  2 тооны адууны үнэлгээг нийтэд нь 1.700.000  төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний ФЭЙР ВАЛУЭШН ХХК-ий шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний  өдрийн 122 дугаартай дүгнэлт /хх-ийн 109 хуу/

Хохирогч Д.Б-н алдсан 47 тооны адууны үнэлгээг нийтэд нь 58.700.000  төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний ФЭЙР ВАЛУЭШН ХХК-ий шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний  өдрийн 123 дугаартай дүгнэлт /хх-112-115 хуу/

 

Д.Бат-Эрдэний яллагдагчаар өгсөн:... Би эхнэр Ишдорж  хүү  Цогттэмүжин /6 настай/ охин Оюунболор /2 настай/  хүү Мэндбаяр /4 сартай/ нарынхаа хамт  Өвөрхангай аймгийн  Хархорин сумын  төвд  амьдардаг юм.  Эхнэр маань эрхэлсэн тодорхой ажилгүй, одоо  хүүхдүүдээ  харж  байгаа, ер нь ажил төрөл хийдэггүй, би барилга дээр өрлөг  шавар, заслын  ажил хийдэг юм.  Барилгын  ажил хийж  амьдарлаа залгуулдаг. Тэгээд  2020 оны 01 дүгээр сарын 04-ний  өдөр Өвөрхангай  аймгаас Хэнтий аймагт овог нэр солигдсон асуудлаар  улсын бүртгэлийн  хэлтсээр  шийдвэрлүүлэхээр ирсэн юм. Уг нь би  Оюунчимэг   гэж  ээжээрээ  овоглож байсан юм, тэгээд 2014 онд хорихоос суллагдаад  шинэ иргэний үнэмлэх  авах үед  миний овгийг аав  Пүрэвсүрэнгээс  овоглосон байсан. Энэ овог нэр солигдсон асуудлаасаа болоод хорих байгууллагаас суллагдсан амьдралын түвшин доогуур иргэдэд халамжаас олгодог 1.200.000 төгрөгийг авч чадахгүй байсан. Тэгээд энэ асуудлаа шийдэхээр ирсэн. Хэнтий аймагт ирээд Мөнгөнбүүвэйтэй Эвт худалдааны төв дээр таарсан, тэр үед Мөнгөнбүүвэй жолооны курст сууж байгаа гэсэн, тэгээд ажил төрөл маань ч бүтэхгүй нэг хэсэг болсон, энэ хугацаанд Мөнгөнбүүвэйтэй хааяа нэг уулздаг байсан, тэгээд энд ажил төрөл байхгүй болохоор мөнгө хэрэгтэй болохоороо Мөнгөнбүүвэйгээс зээлдэг байсан. Тэгээд зээлсэн мөнгө маань ч 3-4 сая төгрөг болсон байх. Тэгсэн харин Мөнгөбүүвэй надаас мөнгөө нэхэж эхэлсэн. Тэгээд ээжтэй нь очиж уулзая гэж бодоод Мөнгөнбүүвэйг  Биндэр лүү  явах гэж  байгаа гэхээр нь хамт Биндэр сум руу явсан. Тэгээд Биндэрт очоод  тэнд 2020 оны  02 дугаар сарын 07-ны орой очсон.  Тэгээд  Мөнгөнбүүвэйгийн мотоциклийг унаад  2020 оны 02 дугаар сарын  08-ны орой  адуу хулгайлахаар  гарсан.  Би Биндэрээс гараад  Баян-Адрага Батноров  сумын заагаар нилээн явсан. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 10-ны орой  Баян-Адрага  Батноров сумын зааг  жоншны уурхайтай  газрын орчмоос  тэдгээр   адууг Биндэр  лүү туусан.  Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 11-ний өглөө үүрээр  Биндэр сум руу орсон, сум руу  дөхөөд  тууж явсан адуугаа   2 тасдан тэндээ  үлдсэн 20 гаран адууг нь орхиод  20 гаран адууг нь шууд  сумын төв рүү Мөнгөнбүүвэйгийн  хашаа руу тууж оруулж  хашаанд  нь хашсан.  Тэгээд Мөнгөнбүүвэйд үлдээгээд гэрт  унтаж байгаад  өдөр нь шуудангаар аймаг руу ирсэн. Би урьд нь өөрийн буруугаас  алдаж  онож  зовж явсан. Надад  хулгай хийж  мөнгө  төгрөг   олох санаа зорилго бол  байгаагүй...Мөнгөнбүүвэй  гадагшаа  явах  гэж байгаа гээд  мөнгөө  нэхээд байсан. Тэгэхээр нь арга  буюу  хулгай хийсэн... хулгай хийгээд адуугаа  туугаад ирж  хашсан хойноо  Мөнгөнбүүвэйд  буруу гарын  адуу шүү  өглөг авлага дууссан шүү гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 163-164 хуу/

 Л.О-ийн яллагдагчаар өгсөн:... Намайг хөдөө гэртээ  Батмөнхийн  хамт байж  байхад манай  хүү Мөнгөнбүүвэй  надад утсаар бой хийх гэж байна  алдсан адууныхаа  орыг  авчихлаа  хурдан хүрээд ир  замдаа Соёлоо, Чулуун-Эрдэнэ ах 2-г  дуудчих  гээд утсаар  дуудаад байсан, тэгээд би  хүүг уурлаад  байхаар нь  сумын төв рүү ирсэн. Суманд  ирээд гэртээ  ирсэн, орой  ирсэн болохоор  хашаанд адуу байгааг  анзаараагүй, Мөнгөнбүүвэй бол гэртээ байсан. Би байшиндаа орж амарсан. Хүүтэйгээ уулзаагүй.  Маргааш нь хүү надад  тэр үед хэлэхдээ  Б ах адуу авч ирсэн гэж хэлсэн яг  тухайн үед бол  би Мөнгөнбүүвэй  Б 2-н хооронд  өглөг авлага байгаа юм байх л гэж бодсон, гэхдээ би  Бат-Эрдэнийг  адуу мал хүнд  өгөх адуу малтай хүн биш  ямар учиртай адуу аваад ирэв гэж  дотроо бол хардсан. Тэгээд хүүгээс чи  юун адуу яагаад байгаа юм бэ  гэхэд манай хүү  би малаа зараад дууссан малын бичиг авах боломжгүй байна гээд уурлаад  байхаар нь би  сумын захиргаа  руу явж  малын бичиг  авч өгсөн нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...Эхний өдөр  12 адууг  нь ажиллаад  Улаанбаатар хот руу  ачуулсан.  Мөнгийг нь Мөнгөнбүүвэй л авах  байсан...Манай нөхөр 2015 оны 01 сарын 04-ний өдөр  гэрээсээ гараад  сураггүй алга болсон, өдийг хүртэл амьд үхсэн нь  мэдэгдэхгүй байгаа. Одоо миний асаргаанд  10 настай бага  охин Саранхөхөө  маань байдаг. Хүү Мөнгөнбүүвэй, охин Мөнхзул нар маань тусдаа гарцгаасан. Би тусдаа гарахад нь 10-аад адуу 50 үхэр таслаж  өгсөн. Мөнгөнбүүвэй Солонгос явна гээд  адуу малаа зарж үрээд  мөнгөө залилуулаад явсан ч юмгүй  дуусгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 169-170 хуу/

Г.М-ийн яллагдагчаар өгсөн:.. Биндэрт Б ахтай 2020 оны 02 сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн төвөөс Биндэрт ирсэн.  Анх ирэхдээ бол  Б ах надад   юу ч ярилгүй хэд хоног манайхаар байсан.  Тэгээд 2020 оны  02 сарын  09-ний орой гараад 2020 оны 02 сарын 11-ний өглөө үүрээр ирсэн, ирэхдээ 20 гаран тооны адуу тууж ирээд манай хашаанд  хашсан би хашилцсан.Тэгээд Б ах "50 саяын зээл  хөөцөлдөж  байгаа, урьдчилгаа мөнгө нь хэрэг болоод байна, энийг зарж мөнгө болгоно, чи зараад өгчих гэж надад хэлсэн.  Би Солонгос гарах гээд малаа зараад дансандаа 4-5 сая төгрөг үлдсэн байсан, тэгээд  аймгийн төвд жолооны курст сууж байхад Б ах 50.000, 100.000 зээлсээр байгаад нилээд   хэдэн төгрөг  зээлсэн байсан. Тэгээд тэр адуу тууж ирэхдээ мөн Б ах “ чамаас авсан мөнгөө ч өгье" гэхээр би мөнгөө  олж авах санаатай адууг ажиллаж зарж өгөхөөр шийдсэн. Тэр адуу тууж ирсэн өдрөө Б ах манайд орж унтаж байгаад надаар хоол хийлгэж идчихээд шууданд сууж явсан. Би бол Б ахыг адуу туугаад ирэхэд л хулгай хийсэн юм байна гэдгийг мэдсэн. Тэгээд ээжтэй утсаар яриад " бой хийх гэж байна, Б ахаас өрөндөө адуу мал авлаа, А дансандаа малгүй болчихсон болохоор малын бичиг аваад өгчих" гэж дуудсан...Тэгээд  2020 оны 02 дугаар сарын 12-ны  өдөр 12 адууг нь ажилаад  хот руу ачуулсан.  Хот руу явуулахдаа  төрсөн эгч  Мөнхзулд тосож аваад  зараад мөнгийг явуулаарай гэж  хэлсэн. Эгчид бол өөрийн  хэдэн адуу   ажилаад явууллаа гэж хэлсэн.  Тэгээд маргааш нь  үлдсэн 14 адууг  ажиллаад  машинд  ачуулчихсан байж байгаад  цагдаад баригдсан. Манай ээж хөдөөнөөс ирээд Б ахыг адуу авч  ирсэн гэдгийг надаас сонсоод " Чи юун адуу яах гээд байгаа гэж надад уурласан. Би өөрөө малын бичиг авах  гэхээр  А дансандаа малгүй  болчихсон  болохоор ээжээр авахуулсан. Ээж  бол  бол хулгайн адуу  байна гэдгийг  шууд ойлгоод  намайг загнаад байсан  би тэр үед ээжид танд хамаагүй гэж уурлаж байгаа малын бичиг авахуулсан...малын бичиг авахдаа би гар утсаараа хажуу айлынхаа тэжээж байсан адууны зургийг дарж малын бичиг авахдаа ашигласан...гэх мэдүүлэг /хх-ийн 175-176 хуу/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 3-9, 16-18 хуу/

 

 31-49  хэа  улсын дугаартай  “HYUNDAI GRACE”  микробус маркийн машинд үзлэг хийж, уг автомашинд хаа гуяар нь салгаж эвдсэн 14 адууны, 1 тн 720 кг мах ачсан байсныг тэмдэглэж авсан тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 8-10 хуу/

Хэргийн газрын үзлэгээр  хураан  авсан 26 тооны  адууны  арьсанд үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 11-15 хуу/

 

 

Хохирогч Д.Б-д  24 тооны адууны  арьсыг  хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 19-20 хуу/ 

Хохирогч Д.Б-д 16 тооны адууг   хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 21 хуу/ 

Гэрч Г.Мөнхзулаас 3.405.697 төгрөгийг хураан авч хохирогч Д.Б-д   хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 26 хуу/

Хохирогч Ю.Б-ийн  алдсан 2 тооны адууны  арьсыг  хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 22-26 хуу/ 

Хохирогч Ю.Бэд 2 тооны адууны арьсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 27 хуу/

Л.О-ийн өөрийн нэр дээр авсан Мал эмнэлгийн гэрчилгээний дагалдах, мал эмнэлэгийн гэрчилгээ /ХХ-ийн 32-33 хуу/

П.Б, Л.О, Л.М нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 177, 210, 226 хуу/

П.Б, Л.О, Л.М нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 180, 211, 228 хуу/

Хохирогч Д.Б нь гэмт хэргийн хохиролд тооцож  24 адуу, 5 үхэр хүлээн авсан Г.Мд гомдолгүй тухай нотариатаар батлуулсан тодорхойлолт /хх-ийн 242 хуу/

Хохирогч Ю.Б нь Г.М-с гэмт хэргийн хохиролд тооцож авсан 2 адууг 1.700.000 төгрөгөнд бодож авсан,  гомдол байхгүй тухай нотариатаар батлуулсан тодорхойлолт /2-хх-ийн ....хуу/

Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 234-238  хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч П.Б, Л.О, Л.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

   Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч П.Б нь 2020 оны 02 дугаар сарын 09-11-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багийн нутгаас хохирогч Д.Б-ийн 47 тооны адуу, мөн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын иргэн хохирогч Ю.Б-ийн 2 тооны адуу нийт 49 тооны адууг мотоцикль ашиглан хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч Д.Б-д 58.700.000 төгрөгийн, Ю.Б-д 1.700.000 төгрөгийн нийт 60.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Л.О, Г.М нар нь бүлэглэн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж шүүгдэгч П.Б-с 26 тооны адууг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр авсан, худалдан борлуулах зорилгоор хүн хөлсөлж, нядлуулсан, шүүгдэгч Г.М нь мал эмнэлэгийн гэрчилгээ гаргуулахдаа  хажуу айлынхаа адуунуудын зургийг авч ашигласан, шүүгдэгч Л.О нь өөрийн нэр дээр мал эмнэлэгийн гэрчилгээ гаргуулсан нөхцөл байдлууд тогтоогдсон бөгөөд эдгээр нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.   

Шүүгдэгч П.Б, Л.О, Л.М нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг  өгсөн бөгөөд тэдгээрийн үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Д.Б, Ю.Б гэрч  У.Б, Д.Мандах, Г.Мөнхзул нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтууд болон хэрэгт цуглуулсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа, шүүгдэгч  П.Б. Л.О, Л.М болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заажээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг өөрчлөн найруулж /2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс дагаж мөрдсөн/  олон тооны мал хулгайлах гэсэн хүндрүүлэх шинжээс гадна  2.2.бүлэглэж, 2.3. улсын хилээр нэвтрүүлж, 2.4. машин механизм ашиглаж, 2.5. ноцтой хохирол, хор уршиг учруулж, 2.6. гойд ашиг шимт малыг хулгайлж  үйлдсэн бол гэсэн хүндрүүлэх шинжүүдийг нэмсэн бөгөөд  П.Б-н үйлдлийн хувьд одоо дагаж мөрдөж байгаа өөрчлөн найруулсан хуулийг хэрэглэсэн тохиолдолд машин механизм ашигласан гэх хүндрүүлэх шинж нэмж тогтоогдож байгаа нь түүний эрхзүйн байдлыг дордуулж байх тул шүүгдэгч П.Б-н 2020 оны 02 дугаар сарын 09-11-ны өдрийн хооронд үйлдсэн гэмт хэргийг  2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт орохоос өмнөх  Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч П.Б нь хохирогч Д.Б-ийн 47 тооны адуу, хохирогч Ю.Б-ийн 2 тооны адуу нийт 49 тооны адууг хулгайлсан болох нь тогтоогдсон бөгөөд  энэ нь 8 бодоос дээш мал байх тул  /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “олон тооны мал” гэж...8 бодоос дээш малыг ойлгоно гэж заасан/  шүүгдэгчийг бусдын олон тооны малыг хулгайлсан гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас өөрийнх нь эзэмшилд орсон адуунуудыг мэдсээр байж худалдан борлуулах зорилгоор хүн хөлсөлж нядлуулсан, шүүгдэгч Г.М нь мал эмнэлэгийн гэрчилгээ гаргуулахдаа  хажуу айлынхаа адуунуудын зургийг авч ашигласан, шүүгдэгч Л.О нь өөрийн нэр дээр мал эмнэлэгийн гэрчилгээ гаргуулсан үйлдэл нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг зарж борлуулах үйл ажиллагааг хууль ёсны мэт харагдуулахад чиглэгдсэн байх бөгөөд энэ нь  гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг авсан буюу  мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэв.

Аймгийн Прокурорын газраас П.Б-н үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.О, Л.М нарын  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хохирогч Ю.Б нь шүүгдэгч Г.Мөнгөнбүүвээгээс гэмт хэргийн хохиролд 2 адууг 1.700.000 төгрөгт бодож авсан, гомдол байхгүй тухай нотариатаар батлуулсан тодорхойлолт /2 хх-ийн ....хуу/ гаргасан байх тул шүүгдэгч нарыг хохирогч Ю.Б-д  төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хохирогч Д.Б нь гэмт хэргийн хохиролд тооцож 24 толгой адуу,  5 үхэр хүлээн авсан, тодорхой хэмжээгээр хохирол барагдуулсан тул Г.М-д гомдолгүй тухай  нотариатаар батлуулсан тодорхойлолт /хх-ийн 242 хуу/ гаргаж өгчээ.    Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-д 58.700.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд нийт 9.000.000 төгрөгийн үнэ бүхий 16 тооны адуугаа буцааж хүлээн авсан байна.  Хохирогч Д.Б нь  шүүгдэгч Г.М-ээс хохиролд тооцож авсан 24 адуу, 5 үхэрийг хичнээн төгрөгөнд тооцож авсан нь тодорхойгүй, мөн адуу ачсан болон замын зардал бусад зардалд нийт 1.490.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ талаар нотлох баримтгүй, шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэн шүүгдэгч нарыг хохирогч Д.Б-д төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч П.Б, Л.О нарын хувьд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч Г.М-ийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  учруулсан хохирлыг төлсөнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2  дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын  хувийн байдал зэргийг харгалзан  П.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Даюун маркийн мотоциклийн үнэ болох 400.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх,  шүүгдэгч Л.О, Г.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр Л.О-г  3 жилийн хугацаагаар тэнсэж, Г.М-г 2 жилийн хугацаагаар тэнссэж,  шүүгдэгч Г.М-д тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох  албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Л.О, Г.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч Л.О, Г.М, П.Б нар нь бусдад төлөх  төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Г.М-ийн эзэмшлийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаартай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Бат-Эрдэний 2020 оны 02 дугаар сарын 18-20-ны өдөр хүртэл баривчлагдсан 2 хоног, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс одоог хүртэл цагдан хоригдсон нийт 43 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П.Б-г бусдын олон тооны  малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан  гэмт хэрэг  үйлдсэн, Г.М, Л.О нарыг мөнгө угаах  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийг журамлан  шүүгдэгч Л.О, Г.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр  Л.О-г 3 жилийн, Г.Мг 2 жилийн хугацаагаар  тэнсэж , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  1.9 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч П.Б-г 4 /дөрөв/ жил  8 /найм/  сарын хугацаагаар  хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч П.Б-д оногдуулсан 4 /дөрөв/ жил 8 /найм/ сарын  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэг  заасны дагуу согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ, шүүгдэгч П.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ болох 400.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

5. Шүүгдэгч Л.О, Г.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч Л.О, Г.М, П.Б нар нь бусдад төлөх  төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Г.М-ийн эзэмшлийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч П.Б-н цагдан хоригдсон 43 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.10  дугаар  зүйлд заасны дагуу эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Хохирогч Д.Б-н гэмт хэргийн  улмаас  учирсан хохирол болон бусад зардалд тооцож нэхэмжилсэн нэхэмжлэл нь шүүх хуралдааны үед тодорхой  тооцоо гаргах  бололцоогүй байх тул  хэлэлцэхгүй орхиж,  хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  нэхэмжлэх эрхтэй  болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсантай холбоотойгоор өмнө авсан Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Л.О, Г.М нартай уулзах, харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ талаар хяналт тавих байгууллагад мэдэгдэхийг прокурорт даалгаж, шүүгдэгч Л.О,  Г.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ