Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 299

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааныг 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: “Х” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3 Засгийн газрын XII байр, баруун жигүүр

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаар шийдвэрийн “Х” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгох, “Х” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн NE-******* дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах, “Х” ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын Тариат нэртэй 2395.03 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “З”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Б”, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Д.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаар шийдвэрийг “Х” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Х” ХХК-ийн NE******* дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, “Х” ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт Тариат нэртэй газарт 2390,03 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, хамгийн түрүүнд өргөдөл гаргасан. Хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд хэмээн үзэж, эрх зүйн харилцааг тогтоолгох гэсэн гурван шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан.        

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д заасан хуулийн заалтад 2017 оны 11 дүгээр сард өөрчлөлт орсон. Өөрчлөлт орохоос өмнө буюу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 407 дугаар шийдвэр гарах үед хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгэх, шийдвэрлэх гэх ийм агуулга бүхий заалт байсан. Энэ хайгуулын тусгай зөвшөөрөл олгох уу, үгүй юу гэдэг эцсийн шийдвэрийг Ашигт малтмал, газрын тосны газар гаргана гэж заасан байсан.

Ашигт малтмал, газрын тосны газар нь манай компанийн өргөдлийг бүртгэж аваад хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Дархан-Уул аймгийн Засаг даргаас санал авахаар албан тоот хүргүүлсэн байдаг. Дархан-Уул аймгийн Засаг даргын зүгээс манай компаний гаргасан өргөдөлд 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр санал ирүүлэхдээ дэмжихгүй гэсэн санал ирүүлсэн. Ингээд дэмжихгүй гэдэг хариуг 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээж аваад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 407 дугаар шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн 1 дэх хэсэгт: “Дараах аж ахуйн нэгжүүдээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан өргөдөлд Дархан-Уул аймгийн Засаг даргын зүгээс дэмжихгүй санал ирүүлсэн тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсугай” гэж шийдвэрлэн уг шийдвэрийн 24 дэх дугаарт манай компанийн багтсан нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж манай компаний зүгээс үзэж байна.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бүрэн эрх нь Ашигт малтмал, газрын тосны газарт байгаа. Нэгэнт шийдвэр гаргах гэж байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасанчлан шийдвэр нь хуульд үндэслэсэн байх ёстой. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 407 дугаар шийдвэр нь Дархан-Уул аймгийн Засаг дарга татгалзсан санал ирүүлэхдээ Дархан-Уул аймгийн Хонгор сумын газар тариалангийн талбай дээр давхцалтай гэдэг үндэслэлээр татгалзсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар аймгийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзана гэж заасан. Үүнийг Улсын Дээд шүүхийн 2010 оны 09 дүгээр тогтоолын 10-д зааснаар хуульд зааснаар татгалзана гэдэг нь ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, тусгай хэрэгцээний нөөцөд авсныг үндэслэнэ гэж заасан.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газар анх манай компаний өргөдлийг хүлээж аваад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-д зааснаар анхан шатны шүүлт хийсэн ба ашигт малтмал хайхыг хориглосон хязгаарласан, тусгай хэрэгцээний нөөцөд авсан, өмнө нь олгосон тусгай зөвшөөрөлтэй давхцалтай байна уу, үгүй юу гэдгийг шалгадаг. Энэ шалгалтыг хийгээд ямар нэгэн давхцалгүй гэдэг шүүлтийг 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хийсэн байдаг. Ашигт малтмалыг хайхыг хориглосон, хязгаарласан талбайтай давхцалгүй байтал аймгийн Засаг даргаас татгалзсан санал ирсэн учраас үндэслэл бүхий байна уу гэдгийг мөн л шалгах үүрэгтэй байсан. Мөн Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн шүүхээр хянан хэлэлцээд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 57 дугаар шийдвэрээр аймгийн Засаг даргын санал хууль зүйн үндэслэлгүй байсан гэдгийг тогтоож хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байгаа.

Түүнчлэн Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/07 дугаар тушаалын 4.3-д хэрвээ хууль зүйн үндэслэлтэй дэмжээгүй санал ирвэл яах вэ гэдгийг заасан. Тус тушаалын 4.5-д үндэслэлгүй дэмжээгүй санал ирсэн бол яах вэ гэдгийг мөн л зохицуулсан байдаг. Аймаг, нийслэлийн Засаг даргаас үндэслэлгүй дэмжээгүй санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажлын 3 хоногт багтаан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийн төслийг боловсруулж, хяналтын хуудаст тэмдэглэнэ гэж заасан. Аймгийн Засаг даргаас хэрэв үндэслэлгүйгээр дэмжээгүй санал ирсэн байвал хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болно гэж заасан. Эдгээр үндэслэлээр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 407 дугаар шийдвэр бол хууль зүйн үндэслэлгүй болсон. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-ыг зөрчсөн шийдвэр болсон.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар аймаг, нийслэлийн Засаг даргаас санал ирснээс хойш 3 хоногт шийдвэр гаргасан байх ёстой байхад 2015 оны 09 дүгээр сарын 20-ны шийдвэр гарсан байх ёстой. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нэг жил арван сарын хугацаанд шийдвэр гаргаагүй удаасан байдаг. Хугацаа алдсантай холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд өөрчлөлт оруулаад өргөдлөөр хянан шийдвэрлэх ажиллагаа байхгүй болсон. Хэрвээ энэ асуудал цаг хугацаандаа шийдвэрлэгдээд түүний дараа маргаан үүсээд явсан бол 2017 оны 11 дүгээр сараас өмнө асуудал шийдэгдсэн байх ёстой байсан.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс 407 дугаар шийдвэрийг гаргахдаа сонсох ажиллагааг хийсэн гэдэг боловч сонсох ажиллагааг хийхдээ 293 аж ахуйн нэгжийн дунд зарласан байдаг. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээд сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлнэ гэж заасан. Эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдүүд нь 20 буюу түүнээс доош байх юм бол нэг бүрчлэн мэдэгдэл хүргүүлнэ. 20 буюу түүнээс дээш байх юм бол өдөр тутмын сониноор дамжуулан мэдэгдэнэ гэж заасан.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 407 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, үндэслэлгүй санал ирсэн учраас Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ёстой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоол, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 511 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тус тус тогтоож баталсан байдаг. Үүний дагуу Ашигт малтмал газрын тосны газар нь өргөдлийн талбайг шинээр олгох ажлыг зохион байгуулж хэрэгжүүлж, эхэлсэн. “Хойд од кредит” ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Тариат нэртэй газарт 2395.03 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргаад, өргөдлийн бүртгэлийн 26155 дугаарт бүртгүүлсэн. Тухайн өргөдлийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс хүлээж аваад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-д заасны дагуу шүүлт хийж тусгай зөвшөөрөл олгох боломжтой юм байна гэж үзэн Дархан-Уул аймгийн Засаг дарга руу 2015 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 6/6977 тоотоор санал авахаар хүргүүлсэн байдаг. Дархан-Уул аймгийн Засаг дарга нь 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 07 тоотоор “Х” ХХК-ийн 26155 дугаартай өргөдлийг дэмжих боломжгүй гэдэг санал ирүүлсэн.

Дэмжихгүй санал ирүүлсэн нь Ашигт малтмал газрын тосны газрын буруутай үйл ажиллагаанаас хамааралтай биш нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын гаргасан захиргааны актаас бүрэн хамааралтай. Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн шүүх Дархан-Уул аймгийн Засаг даргын дэмжихгүй саналыг хууль бус гэж тогтоосон ч нэхэмжлэгчийн эрхийг сэргээх, нэхэмжлэгч тусгай зөвшөөрөл олгохыг даалгах үр дагавар үүсдэг учраас тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байгаа.

Захиргааны ерөнхий хуулийн дагуу 27 дугаар зүйлийн 27.2.2-д заасны дагуу 21 буюу түүнээс тээш тооны этгээдийг сонсохоор бол шуудан болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдүүлнэ гэдэг заалтын хүрээнд “Өдрийн сонин”-ны 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 041 дугаарт нийтэлж, тусгай зөвшөөрлийн талбайд дэмжээгүй санал ирүүлсэн учраас тусгай зөвшөөрөл олгох боломжгүй шийдвэр гаргаж буй тухай мэдэгдлийг олон нийтэд мэдээлсэн. Үүний дагуу “Х” компаниас сонсох ажиллагааны талаар ямар нэгэн тайлбар мэдэгдэл ирээгүй учраас 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 407 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. 2017 оны 11 дүгээр сарын 10 өдөр Улсын Их хурлаас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл үндсэндээ хүчингүй болсон.

Хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгох зарчим үйлчилж эхэлсэн учраас хамгийн түрүүнд өргөдөл гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох нэхэмжлэл нь үндэслэлгүй юм. Захиргааны байгууллагын үйл ажиллагааны журмаар тогтоосон хуулийг буцаан хэрэглэх боломжгүй учраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж шийдвэрлэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. “ гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 “Х” ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших 2395.03 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасныг Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтэс 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, өргөдлийн бүртгэлийн NE-******* дугаарт бүртгэсэн байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга “Х” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д заасны дагуу Дархан-Уул аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 6/6977 дугаар мэдэгдлийг хүргүүлжээ.

Дээрх мэдэгдлүүдийн дагуу Дархан-Уул аймгийн Засаг дарга 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн № 07 дугаар саналаар тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн № 407 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заажээ.

Дээрх хуулийн дагуу “Өдрийн сонин”-ы 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 041 (5608) дугаарт Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасныг үндэслэн шийдвэр гаргахтай холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулахыг аж ахуйн нэгж, байгууллагуудад мэдэгдсэний дотор нэхэмжлэгч компани багтсан ба тогтоосон хугацаанд тайлбарыг хүргүүлээгүй байна.

Ийнхүү мэдэгдсэний дагуу шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан санал гаргах боломж олгох, 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан хүргүүлэх зэрэгт нийцжээ.

Харин нэхэмжлэгч нь Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Дархан-Уул аймгийн Засаг дарга 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн № 07 дугаар “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх саналыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 57 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Дархан-Уул аймгийн Засаг дарга 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн № 07 дугаар саналыг хүчингүй болгожээ.

Хэдийгээр дэмжээгүй санал шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хүчингүй болсон хэдий ч 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдан 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд тус хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 11.1.25 дахь хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулж, 17, 18, 20 дугаар зүйлүүдийг өөрчлөн найруулан, 19 дүгээр зүйлийг хүчингүй болгожээ.

Ингэснээр геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авч шийдвэрлэхгүй болсон бөгөөд харин ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авч бүртгэн, сонгон шалгаруулалт зохион байгуулж, тусгай зөвшөөрөл олгохоор болсон тул аймгийн Засаг даргын саналыг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №407 дугаар шийдвэрийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон ч нэхэмжлэгч компанийн зөрчигдсөн эрх сэргэхгүй юм.

Мөн хууль буюу хуулийн зарим зүйл заалт хүчингүй болж зохицуулалт өөрчлөгдсөн тул нэгэнт хүчингүй болсон зүйл заалтыг буцаан хэрэглэж хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохыг даалгах нь хууль буцаан хэрэглэх зохицуулалтад хамаарахгүйг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.     Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 17, 18 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаар шийдвэрийн “Х” ХХК -д холбогдох хэсгийг хүчингүй болгох, “Х” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн NE-******* дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах, “Х” ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын Тариат нэртэй 2395.03 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                     Б.МӨНХ-ЭРДЭНЭ.