Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2022/0057

 

 

 

 

 

 

 

 

                   Б.О-Э-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Н.Долгорсүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гомдол гаргагч Б.О-Э

Гомдлын шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах зар сурталчилгааны газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч М.Б-ын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 0005674 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 717 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагч Б.О-Э

           Хариуцагч Б.Б

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө

           Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2021/0659/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч Б.О-Э нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах зар сурталчилгааны газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч М.Б-д холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах зар сурталчилгааны газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч М.Б-ын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 0005674 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 717 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4, Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.4, 7 дугаар зүйлийн 7.2.3-д тус тус заасныг баримтлан Б.О-Ээс гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах зар сурталчилгааны газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч М.Б-ын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 0005674 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагч Б.О-Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            3.1. Шүүх хэрэгт авагдсан үнэлбэл зохих нотлох баримт болон хэрэглэх ёстой байсан хуулийн зүйл заалтыг баримтлаагүй, дутуу үнэлж шүүхийн шийдвэр гаргасан.

3.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Өөрөөр хэлбэл, Б.О-Э нь хариуцагчийн тайлбарлаж буй зөрчил үйлдсэн гэх хугацаанд өөрийн борлуулж байсан бүтээгдэхүүндээ Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжилгээ хийлгэсэн байх боловч харьцуулсан шинжилгээ хийлгэж байсан талаарх баримтыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн ирүүлээгүй тул “A.W” бүтээгдэхүүн нь усыг хэрхэн эрдэсжүүлж байгаа нь тодорхойгүй байсан байхад тэрээр өөрийн борлуулж буй бүтээгдэхүүний талаарх тодорхой мэдээллийг хэрэглэгчид хүргээгүй, харьцуулсан шинжилгээ хийлгэлгүй худалдан борлуулсан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон гэж үзэхээр байх тул эрх бүхий албан тушаалтнаас Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-т заасан “Хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу торгууль ногдуулж шийдвэрлэсэн нь зөв байна” хэмээн үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Тодруулбал, Б.О-Э миний бие ямар нэгэн зар сурталчилгаа захиалаагүй, бүтээгээгүй мөн түгээгээгүй болно.

3.3. Буруутгаж буй 2 бичлэг байгаа бөгөөд үүний нэг нь н.Д эмчийн 2019 онд өөрийн www.facebook.com вэб сайтад амьдаар ярих /live/ хийсэн мөн дуучин С.С нарын яриа /live/ бичлэгийг хуваалцсан /share/ хийсэн байхад ямар үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-т заасныг зөрчсөн гэж үзсэн нь тодорхой бус байна. Учир нь дээрх хоёр бичлэгийг захиалсан тал нь “М.О.Т.Э.Д” ХХК гэдгийг гуравдагч этгээдээр оролцохдоо итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрдөг. Дээрх бичлэгийг бүтээсэн нь н.Д эмч, дуучин С.С нар бөгөөд Б.О-Э миний бие бүтээгээгүй, захиалаагүй. Хамгийн гол нь түгээх гэдэг нь дээрх 2 хүний яриа бичлэгийг www.facebook.com вэб сайтад 4,000 /дөрвөн мянган/ хүн хуваалцсан байхад би хуваалцангуут хуулиар хориглосон зар сурталчилгаа түгээсэн болоод торгуулж байгаад миний бие туйлын их гомдолтой байна. Хэрэв би хууль бус зар сурталчилгаа түгээсэн бол н.Д эмч, дуучин С.С нар яагаад бүтээсэн гэдгээр зөрчлийн арга хэмжээ авахуулахгүй байгаа юм. Ийнхүү торгосон нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим, мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмуудыг ноцтой зөрчиж байна.

3.4.  Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөөн хэлэлцэх хугацааг огт бодоогүй бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хэрэг нээсэн. Гэтэл Б.О-Э надаас асуулт асуухдаа 2020 оны 05 дугаар сараас эхлэн худалдан борлуулж байсан гэж шууд тулгаж асуусан. Тухайн үед миний бие яг хэдий үеэс эхэлж эрдэсжүүлэгч савхыг худалдан борлуулж эхэлснээ мэдэхгүй байсан тул байцаагчийн асуусны дагуу хариулсан. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг зөрчсөн, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэсэн байна.

3.5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Өөрөөр хэлбэл, Б.О-Э нь хариуцагчийн тайлбарлаж буй зөрчил үйлдсэн гэх хугацаанд өөрийн борлуулж байсан бүтээгдэхүүндээ Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжилгээ хийлгэсэн байх боловч харьцуулсан шинжилгээ хийлгэж байсан талаарх баримтыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн ирүүлээгүй тул “A.W” бүтээгдэхүүн нь усыг хэрхэн эрдэсжүүлж байгаа нь тодорхойгүй байсан байхад тэрээр өөрийн борлуулж буй бүтээгдэхүүний талаарх худалдан борлуулсан тодорхой мэдээллийг хэрэглэгчид хүргээгүй, харьцуулсан шинжилгээ хийлгэлгүй нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон” гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

3.6. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх явцад гомдол гаргагч “М.О.Т.Э.Д” ХХК нь ямар нэгэн лабораторийн дүгнэлт байхгүй байсан бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хүсэлтийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлт л байдаг. Гэтэл гомдол гаргагч талын үндэслэл нь иргэн Б.О-Э манай “М.О.Т.Э.Д” ХХК-тай ижил нэр төрлийн бүтээгдэхүүн худалдан борлуулж манай компанийн зар сурталчилгааг ашиглаж ашиг олсон, хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулсан гэдэг. Энэ гомдлын дагуу шалган шийдвэрлэж Б.О-Э ганцхан Улсын мал эмнэлгийн төв лабораторийн шинжилгээний дүгнэлттэй харьцуулсан шинжилгээ байхгүй тул Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар 500 /таван зуун/ нэгжээр торгосон. Ийнхүү торгож байгаа үйлдэл нь шийдвэр хууль ёсны бөгөөд тэгш эрхийн үндсэн дээр байх ёстой зарчмыг ноцтой зөрчсөн. Гомдол гаргагч “М.О.Т.Э.Д” ХХК тэгэхээр тухайн цаг хугацаанд ямар ч шинжилгээ хийлгээгүй хүнсний бараа бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан бөгөөд тэдний хууль бус зар сурталчилгаа захиалж, бүтээсэн мөн түгээсэн байхад Б.О-Э миний бие хууль зөрчсөн гэдгийг мэдэхгүй www.facebook.com вэб сайтад хуваалцсаны төлөө торгуулсанд гомдолтой байна.

3.7.  Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 717 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дээрх гомдлыг гаргаж байна гэжээ.

4. Хариуцагч Б.Б гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. Үүнд:

4.1. “М.О.Т.Э.Д” ХХК-иас гаргасан “К.A, М.s, O.B гэх ID хаяг, пэйж хуудсыг ажиллуулдаг иргэн Б О-Э нь манай компанийн бараа бүтээгдэхүүний лого, дизайн, постеруудыг ашиглан чанар, стандартын шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүнийг манай бараатай ижилсгэн худалдан борлуулж, хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчиж байна” гэх гомдлын дагуу хянан шалгаад иргэн Б.О-Э нь өөрийн ажиллуулдаг “O.B” гэх ID хаяг, “М.s” пэйж хуудсандаа “М.О.Т.Э.Д” ХХК-ийн постер, логог ашиглан зар сурталчилгаа явуулсан нь Зар сурталчилгааны тухай хуульд заасан “өөрийн барааг бусдынхтай ижилсгэн сурталчилсан. Дараах зүйлийн талаар хэрэглэгчийг төөрөгдүүлсэн зар сурталчилгааг бодит байдалд үл нийцсэнд тооцно. Үүнд “бүтээгдэхүүний зориулалт, бүтэц, найрлага, үйлдвэрлэсэн apгa, огноо, шинж чанар, хэрэглэх арга, хугацаа, чанарын гэрчилгээ, тохирлын тэмдэг, чанарын баталгаажуулалт, тоо, хэмжээ, гарал үүсэл” гэсэн байна.

4.2. Дээр заасан зөрчлийн шинжтэй байсан тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон Б.О-Эд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгаж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийг оногдуулсан.

4.3. Б.О-Э нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “A.w” нэрийн бүтээгдэхүүнийг тухайн компанийн сайтаас харж, захиалж авчран, “М.s” гэх фэйсбүүк пэйж хуудас болон “O.B”  гэх фэйсбүүк аккаунтаар “цайрын савх” гэдэг нэрээр зар сурталчилгаа хийж 2020 оны 5 дугаар сараас эхлэн худалдан борлуулсан. 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “К.A” пэйж хуудас нээж мөн борлуулалтаа хийсэн. Тухайн компанитай албан ёсоор худалдан борлуулах гэрээ хийгээгүй. Одоо энэ бүтээгдэхүүнээ худалдахаа больсон. 2021 оны 01 дүгээр сараас мөн тухайн компанийн “Alkaline stick water” буюу ус эрдэсжүүлэгч шүлтлэгжүүлэгч савх нэрийн усыг эрдэсжүүлэх, шүлтлэгжүүлэх зориулалттай бүтээгдэхүүнийг оруулж ирж худалдан борлуулж байна. Патент, шинжилгээ, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар зэргээ надад өгсөн байгаа” гэж тайлбар, мэдүүлэг өгсөн.

4.4. Тухайн бүтээгдэхүүндээ 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид 20-1161 дугаартай шинжилгээг хийлгэсэн. 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид 21-374 бүртгэлийн дугаартай “К.A” усыг шугамын устай харьцуулсан шинжилгээг хийлгэсэн. 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01-03-1146/93 дугаартай дүгнэлт, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Геологийн төв лабораторид ЦЛ 2021/0066 дугаартай шинжилгээг тус тус хийлгэсэн байна.

4.5. Б.О-Э нь хувь хүнээр захиулж авчруулсан, мэргэжлийн байгууллагын буюу Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, шинжилгээгүй бүтээгдэхүүнийг “М.s” фэйсбүүк пэйж хуудас болон “O.B” фэйсбүүк аккаунт, “К.A” пэйж хуудсаар зар сурталчилгаа хийн, хэрэглэгчдэд сурталчилж, худалдан борлуулсан. Тухайн худалдан борлуулж байсан бүтээгдэхүүндээ “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжилгээ хийлгэсэн” гэх боловч харьцуулсан шинжилгээ байхгүй, хэрэглэгчид хүнсэнд хэрэглэж болох талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн дүгнэлт байхгүй байна. Нөгөө талаар хүн хүний бие махбодийн онцлог, эрүүл мэндийн байдал өөр өөр байхад харьцуулсан шинжилгээ хийлгээгүй, тухайн эрдэсжүүлэх усанд өөр төрлийн эрдэс бодис байгаа эсэх нь тодорхойгүй байхад цайр хэрэглэвэл олон төрлийн өвчинд сайн хэмээн сурталчилж байгаа нь хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулах сурталчилгаа болох юм.

4.6. Энэ нь Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “Зар сурталчилгаа бүтээх, түгээхэд дараах зүйлийг хориглоно”, 6.5.4-т “Хуульд заасны дагуу чанар, стандарт, эрүүл ахуйн баталгаажуулалтад заавал хамруулах бүтээгдэхүүнийг ийнхүү баталгаажуулаагүй бол сурталчлах” гэж, 7 дугаар зүйлийн 7.2-т “Дараахь зар сурталчилгааг зүй бус зар сурталчилгаанд тооцно” гэж, 7.2.3-д “Хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” гэж , 7.3-д “Дараах зүйлийн талаар хэрэглэгчийг төөрөгдүүлсэн зар сурталчилгааг бодит байдалд үл нийцсэнд тооцно”, 7.3.1-д “Бүтээгдэхүүний зориулалт, бүтэц, найрлага, үйлдвэрлэсэн арга, огноо, шинж чанар, хэрэглэх арга, хугацаа, чанарын гэрчилгээ, тохирлын тэмдэг, чанарын баталгаажуулалт, тоо, хэмжээ, гарал үүсэл” гэж заасныг тус тус зөрчсөн үйлдэл юм. Энэ нь зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

4.7. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй” гэж, 1.1-д “Энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” гэж заасан.

4.8. Б.О-Эд холбогдох зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааг хуулийн хүрээнд явуулсан. Энэ нь Б.О-Э-ийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн тайлбар, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “A.w” нэрийн бүтээгдэхүүнийг тухайн компанийн сайтаас харж, захиалж авчран, “М.s” фэйсбүүк пэйж хуудас болон “O.B” фэйсбүүк аккаунтаар “цайрын савх” гэдэг нэрээр зар сурталчилгаа хийж, 2020 оны 05 дугаар сараас эхлэн худалдан борлуулсан. 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Кhan aqua” пэйж хуудас нээж мөн борлуулалтаа хийсэн. Тухайн компанитай албан ёсоор худалдан борлуулах гэрээ хийгээгүй. Одоо энэ бүтээгдэхүүнээ худалдахаа больсон 2021 оны 01 дүгээр сараас мөн тухайн компанийн “Alkaline stick water” буюу ус эрдэсжүүлэгч шүлтлэгжүүлэгч савх нэрийн усыг эрдэсжүүлэх, шүлтлэгжүүлэх зориулалттай бүтээгдэхүүнийг оруулж ирж худалдан борлуулж байна. Патент, шинжилгээ, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар зэргээ надад өгсөн байгаа” гэж тайлбар, мэдүүлэг өгсөн.

4.9. Мөн гомдол гаргагч “М.О.Т.Э.Д” ХХК-иас нотлох баримтаар гаргаж өгсөн Б.О-Э-ийн ажиллуулдаг “М.s” фэйсбүүк пэйж хуудас болон “O.B” фэйсбүүк аккаунт, “К.A” пэйж хуудсууд дээр тавигдсан зар сурталчилгааны нийтлэл постууд, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн бичлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдоно.

4.10. Нөгөө талаар Б.О-Э нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тулгасан асуулт тавьсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад мэдүүлэг авсан бол прокурорт гомдол гаргах боломжтой байсан бөгөөд эрх үүрэгтэйгээ танилцаж, мэдүүлэгт гарын үсэг зурсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдох тул “тулгаж асуусан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэсэн” гэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй.

4.11. Б.О-Э нь өөрийн “Х.И.М” ХХК-ийн нэрээр “М.О.Т.Э.Д” ХХК-ийг шалгуулахаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “ “М.О.Т.Э.Д” ХХК-ийн өөрийн фэйсбүүк хуудсанд нийтэлсэн “Та сонголтоо зөв хийж хуурамч бүтээгдэхүүнээс болгоомжлоорой”, Arslan.mn, Tac.mn, Time.mn мэдээ, мэдээллийн сайтуудад нийтлэгдсэн “Цайрын агууламжгүй хуурамч савх зарж байсан бүлэг этгээдийг шалгаж эхэллээ” гэх мэдээллүүд нь “К.A” ус эрдэсжүүлэгч савх болон тус бүтээгдэхүүнийг худалдан борлуулдаг “Х.И.М” ХХК-ийн нэр хүндийг гутаах, худал зөрүүтэй мэдээлэл тараасан” гэх гомдлыг гаргасан.

4.12. Тухайн гомдлын дагуу Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын байцаагч Л.А нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.1-д заасан зөрчилд холбогдуулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 2102000114 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.1-д заасан “зөрчлийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн. Иймд Б.О-Э-ийн гаргаж буй “М.О.Т.Э.Д” ХХК-д мөн хариуцлага тооцоогүй гэж буй нь үндэслэлгүй.

4.13. Иймд иргэн Б.О-Э-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

            5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. Үүнд:

                        5.1. Гомдол гаргагч нь Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.4-т “Хуульд заасны дагуу чанар, стандарт, эрүүл ахуйн баталгаажуулалтад заавал хамруулах бүтээгдэхүүнийг ийнхүү баталгаажуулаагүй бол сурталчлах” гэж заасныг зөрчсөн. Тухайлбал, гомдол гаргагч нь эрүүл мэндийн бүтээгдэхүүн худалдах тохиолдолд заавал шинжилгээнд хамруулах шаардлагатай. Гэтэл шинжилгээнд хамруулаагүй. Учир нь гомдол гаргагч үйлдвэрлэгчтэй гэрээтэй, албан ёсны борлуулагч бол тухайн бүтээгдэхүүний баталгаат байдлыг үйлдвэрлэгч хариуцна. Мөн худалдаж буй бүх бүтээгдэхүүнүүд нь адил чанартай гэж үзнэ.

5.2. Харин гомдол гаргагчийн хувьд хувь хүн бөгөөд үйлдвэрлэгчийн талаарх мэдээллийг авсан (худалдан авагч хэн ч мэдээллийг нь авч болно) болохоос албан ёсны гэрээ, зөвшөөрөл байхгүй. Тиймээс түүний бусдад худалдсан бараа бүтээгдэхүүн стандартын шаардлага хангасан эсэх, баталгаажуулалтад хамруулсан эсэх нь үйлдвэрлэгчид хамааралгүй бөгөөд сөрөг үр дагавар гарсан тохиолдолд хохирол, гэм хорыг нь хариуцахгүй. Өөрөөр хэлбэл, гомдол гаргагч нь сайтууд дээрээс захиалан худалдан авч байгаа нь тэрээр хэрэглэгч гэсэн үг. Мөн түүний худалдан авсан бараа бүтээгдэхүүн нь яг нэг адил чанартай гэж үзэх боломжгүй. Тиймээс хувь хүн бусдад гуравдагч этгээдийн бүтээгдэхүүнийг худалдах тохиолдолд бүх барааг адилхан чанартай гэж үзэх боломжгүй, баталгаагүй учраас аль нэг барааны шинжилгээний бичгийг бүх бараанд хамаатуулан ойлгох боломжгүй байдаг. Гэтэл гомдол гаргагч нь Улсын мал эмнэлгийн бичиг гэх баримтыг худалдсан бүх бүтээгдэхүүнийхээ баталгаа болгох гэж оролддог. Мөн “Амазон, Алибаба, Таобао болон бусад сайтууд дээр нээлттэй худалддаг” гэж тайлбарладаг. Гомдол гаргагчийн тайлбараар үйлдвэрлэгчээс бус өөр бусад этгээдээс авдаг гэдэг нь нотлогддог. Хувь хүн худалдан авах асуудал бол өөр хэрэг, харин иргэн Б.О-Э-ийн хувьд бол эсрэгээрээ уг бүтээгдэхүүнийг худалддаг.

5.3. Нэхэмжлэлд “ус эрдэсжүүлэгч савхыг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр захиалан 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Хан акуа” брэнд нэрээр худалдан борлуулж эхэлсэн” гэдэг, мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт “Монгол Улсын иргэн Б овогтой О-Э миний бие ус эрдэсжүүлэгч савхыг 2020 оны 03 сараас эхлэн ... худалдан борлуулж эхэлсэн” гэж бичсэн байдаг. Тэгэхээр 2020 оны 03 дугаар сар гэхэд аль хэдийн худалдан борлуулж байсан гэсэн үг. Гэтэл Усны хяналтын төв лабораторийн “Сорилтын дүнгийн хуудас”-наас харвал 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шинжилгээний хариу нь гарсан байна. Мөн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 01-03-146/93 тоот дүгнэлт 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гарсан. Өөрөөр хэлбэл, шинжилгээний хариунууд нь гарч, уг хариу стандартад нийцэж байгаа эсэхийг мэргэжлийн байгууллага дүгнэхээс 1 жилийн өмнө худалдаад эхэлсэн.

5.4. Анхнаасаа л ус эрдэсжүүлэгч савхыг худалдаж байсан гэж ойлгогдож байгаа. Гэтэл нэхэмжлэлийн үндэслэлд өөр савх байсан гэсэн. Үнэхээр өөр савх байсан бол түүнийгээ өөрсдөө нотлох ёстой. Мөн гомдол гаргагч нь цайрын савхаа зарж дуусгасан талаараа нэхэмжлэлдээ бичдэг, шүүх хуралдаан дээр ярьдаг. Энэ нь эрүүл ахуйн баталгаажуулалтад хамруулаагүй, баталгаагүй, стандартын шаардлага хангасан эсэх нь тодорхойгүй маш олон бүтээгдэхүүнийг худалдан борлуулсныг нотолдог. Ийнхүү хууль зөрчин худалдан борлуулахын тулд гомдол гаргагч нь олон удаа пост оруулах, н.Д эмч, дуучин С.С нарын лайвыг шэйр хийж өөрийн мэт сурталчилсан. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан заалтыг зөрчсөн. Постуудаа устгасан байдаг боловч гуравдагч этгээдийн эрх бүхий этгээдүүдийн зүгээс цаг тухайд нь бичлэг хийж, мөн анхдагч эх сурвалжаас нь хуулбарлах байдлаар бүгдийг нь баримтжуулж ирсэн. Гэтэл одоо хүртэл сурталчлаагүй гээд л худлаа хэлээд байдаг.

5.5. Гомдол гаргагч нь Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-д “Хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” гэж заасныг зөрчсөн. Тодруулбал, хэрэглэгчдийн зүгээс туршлага дутуу, мэдлэг дутмаг байдлыг ашиглаж цайрын савх гэж итгүүлж, худалдсан. Хэргийн материалд байх лабораторуудын шинжилгээ болгонд “тухайн дээжид хамаарах” талаар бичсэн байдаг. Тиймээс гомдол гаргагч нь лабораторид шинжлүүлсэн тухайн 1 эсхүл 2 бүтээгдэхүүнийг л бусдад зарж борлуулах эрхтэй. Түүнээс 10 ширхгийг нь захиалчхаад нэгийг нь лабораторид шинжлүүлээд бусдыг нь шинжлүүлэхгүй зарж болно гэсэн үг биш.

5.6. Гэтэл гомдол гаргагч нь бүгдийг нь шинжлүүлсэн мэт бусдад зар сурталчилгаа хийдэг. Ганцхан борлуулагч байгаа тохиолдолд л шинжилгээний бичиггүй зарж болно. Энэ бол тухайн үйлчлүүлэгчийн албан ёсны борлуулагч байгаа тохиолдолд. Гэтэл гомдол гаргагч албан ёсны борлуулагч биш, энэ тохиолдолд дээж болгонд шинжилгээ хийлгэх шаардлагатай бөгөөд энэхүү нөхцөл байдлыг сурталчилгаандаа орхигдуулсан.

5.7. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын үйлдвэрээс нь худалдан авах эрхийг авсан мэт сэтгэгдэл төрүүлэхээр постууд байдаг боловч уг тайлбар нь худлаа байсан. Үйлдвэрлэгчтэй байгуулсан гэрээ, бүтээгдэхүүн борлуулах зөвшөөрлийг нь гаргуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 1 хүсэлт гаргаж шүүх шийдсэн. Гэтэл гаргаж өгч чадаагүй. Мөн гомдол гаргагч нь энэхүү хавтаст хэргийн 57 дугаар талд мэдүүлэг өгөхдөө “албан ёсны эрхээр худалдан борлуулах гэрээ бол байгуулаагүй” гэж хэлсэн. Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1-д “Экспортлогч улсын үйлдвэртэй шууд, эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай худалдааны гэрээ байгуулсан байх” гэх заалтыг зөрчсөнөө нийтэд мэдээлээгүй. Өөрөөр хэлбэл, түүхий эд, бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхдээ гэрээ байгуулсан байх шаардлагыг зөрчсөнөө хэрэглэгчдээс нуусан, мэдээлэхгүй зориуд орхигдуулсан. Бидний зүгээс тайлбар хийхдээ гомдол гаргагч нь Хүнсний тухай хууль зөрчсөн үйлдэлд нь хариуцлага оногдуулах тухай яриагүй. Харин Хүнсний тухай хууль зөрчсөнөө зөрчөөгүй мэт, үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулсан мэт, бүх бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулсан мэтээр иргэдийг төөрөгдүүлсэн буюу хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулсан гэдгийг л онцлоод байгаа юм.

5.8.  Мөн Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д “Хүнсийг зөвхөн хуулийн этгээд экспортолж, импортлоно” гэж заасныг зөрчсөнөө мэдээлэлдээ орхигдуулсан. Мөн Хүнсний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16-1-д “Баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, өсгөврийн хөрөнгө, органик болон шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасныг зөрчсөн. Уг үйлдлээ мөн нуусан.

5.9. Гомдол гаргагч нь үйлдвэрлэгчээс өөрийн хэрэглээнд авч байгаа мэт захиалж авчхаад, бусдад худалддаг. Худалдан авах эрх, худалдах эрх гэдэг нь тусдаа ойлголт. Хэрвээ худалдаа эрхлэх гэж байгаа бол тухайн байгууллагаас зөвшөөрөл авсан байх ёстой. Зөвшөөрөлгүй гэдгээ хэрэглэгчдээс нуусан. Энэ бол жинхэнэ хэрэглэгчдэд хүргэх хангалттай тодорхой мэдээлэл. Үйлдвэрлэгчтэй гэрээгүй, зөвшөөрөлгүй байж зөвшөөрөлтэй мэт итгэл төгс худалдах боломжгүй. Цайрын агууламж нь хавтаст хэргийн 110 дугаар талд байгаа шинжилгээний хариугаар 0,002 мг/л, 111 дүгээр талд байгаа шинжилгээний хариугаар 0,2, 112 дугаар талд байх шинжилгээний хариугаар 0,07 мг/л, зарим шинжилгээнд бүр цайр илрээгүй харагддаг. Тиймээс л шинжилгээний хувьд зөвхөн тухайн дээжид л хамаатай. Худалдаж буй буй бүтээгдэхүүний цайрын агууламж өөр учраас эрдсийнх ч мөн өөр гарна. Гэтэл энэ талаарх мэдээллийг орхигдуулсан. Хэрэгт авагдсан  материалаас харвал цайрын савх гэж худалдаалж байсан. Энэ нь иргэд “цайрын савх” гэж ойлгоход хүргэсэн. Хавтаст хэргийн 125, 126, 129 дүгээр талуудад байгаа баримтуудаас харвал ус эрдэсжүүлэгч хэмээх хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулж, зөвхөн цайрын савх мэтээр төөрөгдүүлсэн.

5.10. Гомдол гаргагч нь Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.3.1 дэх заалтыг зөрчсөн. Тухайлбал, 2021 оны 06 дугаар сарын 24-ний зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийн 5 дугаар нүүр буюу хавтаст хэргийн 206 дугаар талд байх хэсэгт Зар сурталчилгааны тухай хуулийн 7.3 бус 7.3.1 дэх заалтыг үндэслэж буйгаа бичсэн байдаг. Дээр дурдсанаар чанарын гэрчилгээ, чанарын баталгаажуулалт, тоо хэмжээний талаарх мэдээллийг хэрэглэгчдэд өгөлгүй төөрөгдүүлсэн сурталчилгаа хийсэн. Гомдол гаргагч нь мал эмнэлэгт шинжлүүлсэн гээд л тайлбарлаад байдаг. Хүнд зарах гэж байгаа бол арай өөр лабораторид хандах ёстой. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хавтаст хэргийн 165 дугаар талд байх баримтад үзлэг хийлгэхээр хүсэлт гаргасан, түүнээс бусад постуудын тухайд ямар нэг байдлаар маргаагүй. Тиймээс гомдол гаргагчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Шүүх дараах үндэслэлээр гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Үүнд:

            2.1. Гомдол гаргагч нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах зар сурталчилгааны газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч М.Б-ын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 0005674 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж гомдлын шаардлагаа тодорхойлсон.

           2.2. Маргаан бүхий 0005674 дугаар шийтгэлийн хуудсаар “Б.О-Э нь Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 6.5.4, 7 дугаар зүйлийн 7.2.3, 7.3-д тус тус заасныг зөрчсөн” гэж үзээд түүнд Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-т заасны дагуу 500,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан байна.

            2.3. Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.4-т хуульд заасны дагуу чанар, стандарт, эрүүл ахуйн баталгаажуулалтад заавал хамруулах бүтээгдэхүүнийг ийнхүү баталгаажуулаагүй сурталчлахыг хориглохоор заасан, 7 дугаар зүйлийн 7.2.3-д зааснаар хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан бол зүй бус зар сурталчилгаанд тооцохоор байна. Мөн 7.3.1-д зааснаар бүтээгдэхүүний зориулалт, бүтэц, найрлага, үйлдвэрлэсэн арга, огноо, шинж чанар, хэрэглэх арга, хугацаа, чанарын гэрчилгээ, тохирлын тэмдэг, чанарын баталгаажуулалт, тоо, хэмжээ, гарал үүслийн талаар хэрэглэгчийг төөрөгдүүлсэн зар сурталчилгааг бодит байдалд үл нийцсэнд тооцохоор хуульчилсан.

            2.4. Гомдол гаргагч нь дээр дурдсан хуулийн шаардлагыг биелүүлэлгүйгээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “A.w” савхыг цахимаар худалдан борлуулж байсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч энэхүү зөрчилд шийтгэл ногдуулсан нь холбогдох хуулийг зөрчөөгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ. 

            2.5. Тодруулбал, гомдол гаргагчаас “...миний бие ямар нэгэн зар сурталчилгаа түгээгээгүй, мөн захиалаагүй, ... зөвхөн н.Д, С.С нарын бүтээсэн бичлэгийг хуваалцсан, “М.О.Т.Э.Д” ХХК тухайн цаг хугацаанд ямар ч шинжилгээ хийлгээгүй, хүнсний бараа бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан бөгөөд тэд хууль бус зар сурталчилгаа захиалж, бүтээсэн байхад миний бие уг сурталчилгааг хуваалцсаны төлөө торгуулсанд гомдолтой байна” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан.

            2.6. 2021 оны 05 дугаар сарын 03, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрүүдэд гомдол гаргагч Б.О-Э нь “... “A.Ws” буюу “Цайрын савх” гэх ус эрдэсжүүлдэг, шүлтлэг болгодог бүтээгдэхүүнийг албан ёсны эрхээр худалдан борлуулах гэрээ хийгээгүй, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “К.A” пэйж хуудсыг нээж бараа бүтээгдэхүүнийг зарж байгаа, мөн 2020 оны 05 дугаар сараас эхэлж оруулж ирж, худалдан борлуулж эхэлсэн, “Bonoshop” гэх фэйсбүүк пэйж хуудас, “O.B” гэх фэйсбүүк аккаунтаар зар сурталчилгаа хийж борлуулдаг байсан” гэж мэдүүлсэн, гуравдагч этгээдээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлсэн баримтууд, шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэргээс үзвэл гомдол гаргагч нь дээрх фэйсбүүк хаягуудаар дамжуулан “Цайрын савх” бүтээгдэхүүний сугалаа явуулж, худалдан борлуулсан, “O.M компанийн постеруудыг зөвшөөрөлгүй авч хэрэглэсэн, зурагт хуудсуудыг ашиглаж пост хийсэн, бүтээгдэхүүнийг хуулбарласандаа хүлцэл өчье” гэх зэргээр мэдээлэл оруулж байжээ.

          2.7. Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “ “Зар сурталчилгаа түгээгч” гэж мэдээлэх хэрэгслийг ашиглах, эсхүл бусдад ашиглуулах замаар зар сурталчилгааг байрлуулж, нийтэд сурталчилж байгаа этгээдийг”, 3.1.5-д “ “Мэдээлэх хэрэгсэл” гэж телевиз, радио, холбооны шугам сүлжээ, компьютерын сүлжээ, тусгай программ, хэвлэл болон бусад арга хэрэгслийг” гэж ойлгохоор тус тус зааснаас үзвэл Б.О-Э нь “A.Ws” буюу “Цайрын савх” бүтээгдэхүүнийг мэдээлэх хэрэгслийг ашиглаж зар сурталчилгааг байрлуулж, нийтэд сурталчилсан гэж үзэхээр байна.

2.8. “М.О.Т.Э.Д” ХХК нь цайрын агууламжтай ус шүүгч, эрдэсжүүлэгч барааг албан ёсоор Монгол Улсад импортоор оруулж ирдэг болох нь Гаалийн ерөнхий газрын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 03-2/1270 дугаар албан бичгийн хавсралтаар тогтоогдсон, тус компани нь дуучин С.С, эмч н.Д нартай гэрээ байгуулж “цайрын хүч” бүтээгдэхүүнийг сурталчлах бичлэгүүдийг хийлгэсэн тухайд талууд маргаагүй.

2.9. Гомдол гаргагч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “... харьцуулсан шинжилгээг хийлгэхээр 06 дугаар сарын 23-ны өдөр дээжийг өгсөн боловч хариу нь 06 дугаар сарын 25-ны өдөр зөрчлийн хэргийг хаахаас өмнө гараагүй тул шинжилгээний хариуг гаргаж өгч чадаагүй” гэх агуулгаар тайлбарлах боловч тэрээр энэ талаарх болон маргааны үйл баримтад холбогдох бусад нотлох баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 32 дугаар зүйлийн 32.3-т тус тус зааснаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөх боломжтой байсан, энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй, хэрэгт авагдсан баримтуудаар гомдол гаргагчийн худалдан борлуулж байсан “A.w” савх нь зөвхөн цайрын агууламжтай эсэх, эсхүл өөр бусад эрдсийн агууламжтай эсэхийг бүрэн тогтоож, усыг хэрхэн эрдэсжүүлж байгаа талаарх мэдээллийг хэрэглэгчдэд бүрэн хүргэсэн болох нь тогтоогдохгүй, эрдэсжүүлэх усанд өөр төрлийн эрдэс бодис байгаа эсэх нь тодорхойгүй байхад “цайр хэрэглэвэл олон төрлийн өвчинд сайн” хэмээн сурталчилж байгаа нь хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулах сурталчилгааг хийж тухайн бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан гэж үзэх үндэслэлтэй. 

2.10. Мөн хариуцагч нь 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зөрчлийн хэргийг нээж, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 14 хоногоор,  2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 30 хоногоор сунгасан байх бөгөөд маргаан бүхий шийтгэлийн хуудсыг  2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр үйлдэхдээ Б.О-Э нь 2020 оны 05 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд мэргэжлийн байгууллагын дүгнэлт, шинжилгээгүйгээр бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулсан зөрчлийг илрүүлсэн гэж үзэх тул “...Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т “Энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж заасныг зөрчиж хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад хэргийг шийдвэрлэсэн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна. 

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 717 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР        

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН