| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00780/И |
| Дугаар | 48 |
| Огноо | 2017-01-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 48
2017 оны 01 дүгээр сарын 19 Дугаар156/ШШ2017/00048 Хэрлэн сум
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00780/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 2 дугаар баг, Овоотын 7-17 тоотод оршин суух, иргэн Сүхбаатарын Дамдин /РД:ТГ88021518/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 1 дүгээр багт оршин суух, иргэн Сумъяагийн Сэргэлэн /РД:СЮ90032175/-д холбогдох
Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд тооцож 5 000 000 /таван сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.Дамдин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Сүхбаатар овогтой Дамдин миний бие нь 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр С.Сэргэлэнтэй тоглож байгаад миний нүдрүү хатгаснаар нүдний салст бүрхүүлээ хоёр хэсэг газар уруулж гэмтээсэн. Гэвч Сэргэлэн нь өдий хүртэл уучлалт гуйж ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. иймд миний бие хараанд өөрчлөлт орж байнга толгой өвддөг, нүд аргаж зовиур ихтэй цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул сэтгэл санааны хохирол, эрүүл мэндийн хохирол, өвчтэй байсан хугацааны цалингийн хохиролыг барагдуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч С. Сэргэлэн нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2016.07.28-ний 19 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал болон Баянгол сумдын нутагт орших “Тод Ундрага” ХХК-ийн хашаанд орших гадаа талбайд сагсан бөмбөг тоглож байгаад болгоомжгүйгээр Дамдингийн зүүн нүд рүү гараараа хатгаж гэмтээсэн нь үнэн. Тухайн үед эмнэлгийн болон эмчилгээний зардалд нийт 120 000 төгрөг төлсөн бөгөөд мөн өөрийн зүгээс 250 000 төгрөг өгсөн. Үүнээс хойш гарсан зайлшгүй зардлыг нотлох баримтыг үндэслэн хууль журамд заасны дагуу төлөхөд татгалзах зүйлгүй байна гэжээ.
Нэхэмжлэгч С.Дамдин, хариуцагч С.Сэргэлэн нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч С. Дамдин нь С. Сэргэлэнд холбогдуулан гаргасан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд тооцож нэхэмжилсэн 5 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг багасгаж, хариуцагч С. Сэргэлэнгээс 3 500 000 төгрөгийг авахаар болсон ба хариуцагч С.Сэргэлэн нь нэхэмжлэлийн шаардлага 3 500 000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2017 оны 08 дугаар сарын 30-ны дотор гэхэд сар бүр 500 000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
Шүүх талуудын тайлбар болон тэдний хооронд бичгээр байгуулсан Эвлэрлийн гэрээ болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.Дамдин нь хариуцагч С.Сэргэлэнд холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд тооцож 5 000 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С. Дамдин нь хариуцагч С. Сэргэлэнд холбогдуулан гаргасан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд тооцож нэхэмжилсэн 5 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг багасгаж, хариуцагч С. Сэргэлэнгээс 3 500 000 төгрөгийг авахаар болсон ба хариуцагч С.Сэргэлэн нь нэхэмжлэлийн шаардлага 3 500 000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2017 оны 08 дугаар сарын 30-ны дотор гэхэд сар бүр 500 000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. С.Дамдингийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Сэргэлэнгээс эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 5 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар нэхэмжлэгч С.Дамдин нь улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 95 500 төгрөгийг хариуцагч С. Сэргэлэнтэй эвлэрэн хэлэлцэж, тохиролцсон 3 500 000 төгрөгтөө багтаан хариуцагчаас нэхэмжлэхгүй гэсэн тул уг 95 500 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захмрамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж. БОЛДБААТАР