| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00755/И |
| Дугаар | 49 |
| Огноо | 2017-01-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 49
2017 оны 01 дүгээр сарын 19 Дугаар156/ШШ2017/00049 Хэрлэн сум
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00755/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
Нэхэмжлэгч: “Хаан банк” ХХК-ны Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сумын 3 дугаар багт оршин суух, Тулганы Болор-Эрдэнэ /РД:СБ92032539/, Хатагин овогт Амгалангийн Золжаргал /РД: СЗ91040604/ нарт холбогдох,
Зээл, зээлийн хүү, нотариатчийн үйлчилгээний хөлсөнд 11 604 920 /арван нэгэн сая зургаан зуун дөрвөн мянга есөн зуун хорь/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Т.Болор-Эрдэнэ, А.Золжаргал нар нь 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хэрлэн суман дахь Хаан банкны Хэрлэн тооцооны төвөөс 7 800 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1,3 хувийн хүүтэй хувийн хэрэглээний зориулалтаар авсан,2014 оны 11 дүгээр сарын 19-нд 1 500 000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 1,3 хувийн хүүтэй хэрэглээний зориулалтаар нэмж авсан, 2015 оны 01 дүгээр сарын 21-нд 2 500 000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 1,3 хувийн хүүтэй өрхийн хэрэгцээний зориулалтаар нэмж авсан, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 1 400 000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 1,3 хувийн хүүтэй өрхийн хэрэгцээний зориулалтар нэмж авсан, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр, 3 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай сарын 1,3 хувийн хүүтэй тус тус нэмж зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд 47 инчийн зурагт, Угаалгын машин, хөргөгч зэрэг зүйлсийг барьцаалсан.
Т.Болор-Эрдэнэ, А.Золжаргал нар нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 5 439 618,65 төгрөг, зээлийн хүүд 3 421 433,65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 734 ,87 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөүгй байна. зээлдэгч нар зээлийн гэрээнд заагдсан үүргээ зөрчин гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.
Иймд банк зээлийн гэрээг цуцлан зээлдэгч Т.Болор-Эрдэнэ, А.Золжаргал нараас 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар дараахь хэмжээний төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 11 593 420 төгрөгийг нотариатын үйлчилгээний төлбөр 11 500 төгрөг нийт 11 604 920 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Болор-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Миний бие Т.Болор-Эрдэнэ нь Хаан банкнаас гаргасан 11 604 490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие А.Золжаргалтай хамтран амьдарч байгаад тусдаа амьдардаг болсон тул миний бие 11 604 920 төгрөгийг хариуцаж өөрийн биеэр төлж барагдуулна гэжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ .
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хаан банкны Хэнтий аймаг дахь салбар нь хариуцагч Т.Болор-Эрдэнээс Зээл, зээлийн хүү, нотариатчийн үйлчилгээний хөлсөнд нийт 11 604 920 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч Т.Болор-Эрдэнэ нь ХААН банкны Хэнтий салбараас авсан зээлүүдийн үлдэгдэл дээрх 11 604 920 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хаан банкны Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Болор-Эрдэнэ, А. Золжаргал нараас зээл, зээлийн хүү, нотариатчийн үйлчилгээний хөлсөнд 11 604 920 /арван нэгэн сая зургаан зуун дөрвөн мянга есөн зуун хорь/ төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Т.Болор-Эрдэнэ нь 11 604 920 төгрөгийг төлөхөөр дангаараа хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Хэнтий аймаг дахь салбараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 200 444 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 100 222 төгрөгийг улсын орлогод үлдээж, 100 222 төгрөгийг улсын орлогоос /Төрийн сангийн 180000941 тоот данснаас/ буцаан гаргуулж нэхэмжлэгч байгууллагад, хариуцагч Т.Болор-Эрдэнээс 100 222 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Хэнтий аймаг дахь салбарт тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захирамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж. БОЛДБААТАР